Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 47

 

Д.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 11-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалтай, Д.З-д холбогдох 1821000000183 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2003 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 584 дүгээр шүүгчийн захирамжаар 3 сар 18 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.З-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Шүүгдэгч Д.З, талийгаач нар хөзөр тоглож байгаад маргалдаж, талийгаач гадагшаа гарч эргээд ороод ирэхэд шүүгдэгч хаалганы ард зогсож байгаад нүдэн тус газарт нь хутгалж, хөмсгийг нь сэтэлж нүдээ дараад доош тонгойсон байхад ар нуруун хэсэгт нь хоёр удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.З нь талийгаачийн ар нуруу руу 2 удаа хутгалаад, хутга нь авагдахгүй байхад эргүүлж байж салгаж авсан нь тогтоогдсон болно. Гэтэл дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд шүүгдэгч Д.З-ын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон хуулийн зүйл, заалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” худалдааны төвийн нийтийн байрны В11 тоот өрөөнд Х.Б-ын цээж руу хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн юм.

Хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоогоогүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Д.З нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийнхээ хор хөнөөлийг ухамсарлан гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, Х.Х нарт учруулсан хохирлын үлдэгдэл болох 93,000 төгрөгийг төлсөн болно” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.З нь хохирогчийн ар нуруун хэсэгт нь хоёр удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймээс шүүгдэгч Д.З-ын үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон хуулийн зүйл, заалтыг хэрэглэж, ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.З-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх Д.З-д 6 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх 1 жил хорих ял болгон хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул гэм хор арилаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.З-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хэрлэн номин” төвийн нийтийн байрны В11 тоот өрөөнд амь хохирогч А.Б-ийн цээж руу 2 удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.З-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар шүүгдэгч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял хүндрүүлэхийг хүссэн бол шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайханы зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан тул ял хасаж хөнгөрүүлэх тухай агуулгатай гомдлыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.З нь амь хохирогч А.Б-ийн цээжний зүүн хэсэгт хоёр удаа хутгалж зүүн уушигны доод дэлбэн, гол судсыг гэмтээж хурц цус алдахад хүргэсэн хүнд гэмтэл шарх болон баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхинд гүн зүсэгдсэн хөнгөн зэргийн гэмтэл шарх учруулсныг онц харгис хэрцгий аргад хамааруулж үзэх боломжгүй юм.

Учир нь цээжний хөндийд нэвтэрсэн хүнд гэмтлийн тоо олон бус байгаагаас гадна хохирогчтой маргалдаж тэмцэлдэх явцдаа урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн сэдэлтээр дээрх гэмтлийг учруулахдаа хохирогчийг тарчлаан зовоох, шаналган зүдрээхийг тусгайлан зорьсон хүсэл зорилго, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 72 дугаар дүгнэлтээр амь хохирогч Х.Б-ийн цусанд 1.6 промилли спиртийн алкохол илэрч, дунд зэргийн согтолттой байсан нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх хууль зүйн ойлголтод хамааруулан үзэх боломжгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох учиртай тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 11-ний өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН