Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/245

 

 

Х.Г, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Х.Г, Г.Г нарын өмгөөлөгч Н.Батцэнгэл, Н.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2445 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.Г, Г.Г нарт холбогдох 1809003070094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. тоотод оршин суух хаягтай,

2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Х.Г, Г.Г нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 44 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК нь “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах, ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна...” гэж цахим хэрэгсэл, хуурамч бариг бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визны урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч, Н.Э, Л.О, 3.Э, С.Н, Э.Э, Д.Т нараар дамжуулан нэр бүхий 128 хохирогчоос бэлнээр болон дансаар нийт 761.554.000 төгрөгийг авч буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Г, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаао зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Нэг: Прокуророос Н.Э, З.Э, С.Н, Э.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 32.5 дугаар 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон мөн өдөртөө тэдгээрийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд нийт 128 хохирогчоос 88 хохирогчийн 578.254.000 төгрөгийг иргэний хариуцагч нарт бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. 

Зөвхөн шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ө.Э нь “...Нямсүрэн нь надад хэлэхдээ “ХГ” компани нь гадаадад ажиллах хүчин гаргах зөвшөөрлөө зохих байгууллагаас авсан гэж намайг итгүүлэн 4500.000 төгрөгийг авсан...”, хохирогч Б.Амарбат,  хохирогч С.Батбаяр нар нь “...Туяа нь удахгүй гадагшаа гаргахаар болчихлоо, 10 хоногийн дараа явуулна, Солонгос улс руу явуулах боломжгүй бол Япон явуулна гэж хэлээд мөнгийг авсан. Манай дүү Г Солонгос улс руу хамтран ажиллах компанитайгаа гэрээ хийх гээд явсан...”, хохирогч Д.О нь “...Энхсаруул нь 10 хонохгүй хугацааны дараа явуулна, ажил хийдэг бол ажлаасаа гар гэж хэлээд 2500.000 төгрөгийг шилжүүлэн авсан...”, хохирогч Мөнх-Учралт нь  “...Туяа нь манай дүү Г 3 жилийн гэрээгээр Солонгос улс руу хүн явуулдаг. Монгол Солонгосын зөвшөөрөлтэй компани. Эцсийн хугацаа 10 дугаар сарын 15-нд явуулна гэж 6 сая төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх зэргээр “ХГ” ХХК-ийг гадаадад ажиллах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн атлаа хохирогч нарт зөвшөөрөлтэй, захирал Г Солонгос улс руу гэрээ хийх гээд явсан мэтээр итгүүлэн, одоо тэд хоногийн дараа виз нь гарна, гарсан гэх мэтээр хуурч хохирогч нараас мөнгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр, дээрх мөнгийг бусдад шилжүүлэх, их хэмжээний мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. 

Харин прокуророос иргэний хариуцагч нарын бусдыг өөрсдийн үг хэллэгтээ итгэн үнэмшүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч байгаа үйлдлийг хэрхэн  хууль ёсны гэж үзсэн талаар тодорхой дүгнэлт хийхгүйгээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “...хэргийг хэрэгсэхгүй болгосон ...прокурорын шийдвэрийг яллагдагч хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна...” гэж заасан байна. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14, 15, 16, 17 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолуудын хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт гардуулах танилцуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс хохирогч нар дээрх нэр бүхий иргэний хариуцагч нарын үйлдэлд гомдолтой байгаагаа шүүхийн шатанд илэрхийлж байгааг анхаарах нь зүйтэй.

Прокуророос дээрх нэр бүхий иргэний хариуцагч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байгаа бол үндэслэл бүхий тогтоол үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулж танилцуулах ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

 Хоёр: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээг шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч нарын мэдүүлэг тайлбарт үндэслэн 764.554.000 төгрөгөөр тогтоон яллаж байна.

Прокуророос шүүгдэгч Х.Г, Г.Г нарыг нэр бүхий 128 хохирогчоос бэлнээр болон дансаар нийт 761.554.000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн хохирогч, иргэний хариуцагч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн хохирлын хэмжээг нэмэгдүүлэн яллаж байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаас гадна яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг эргэлзээгүй тогтоож ирүүлэх зэрэг ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж...” шийдвэрлэжээ.    

Прокурор Н.Булганчимэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэг: Прокуророос Н.Э, З.Э, С.Н, Э.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан. ...яллагдагч Д.Т, Н.Э, С.Н, Э.Э нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэн зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байхад шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийг 2018 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгт нотолбол зохих бүхий л байдпыг хангалттай тогтоосны эцэст хянаптын прокурор Г.Цогтгэрэл нь Д.Т, Н.Э, С.Н, Э.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 32.5 дугаар 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй бопгон шийдвэрлэж тогтоолдоо энэ талаар дурдсан байдаг.

Тухайн хэрэгт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд 2020 оны 4 дугээр сарын 3-ны өдөр зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан.

Хэргийг прокурор хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад хүргүүлэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэн улмаар оролцогч нарт хэргийн материал танилцуулах ажилпагааг хийж гүйцэтгэсэн.

Мөрдөгчөөс нийт 128 хохирогч нартай холбогдон хэргийн материал танилцуулах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэх явцад 2018 онд ашиглаж байсан утасны дугаар өөрчлөгдсөн, оршин суугаа газраа өөрчилсөн зэрэг нөхцөл байдлын улмаас нэр бүхий хохирогч нарт танилцуулаагүй.

Гэвч 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 14, 15, 16, 17 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол гарснаас хойш дахин мөрдөн шалгах ажиглагаа явуулсан, хохирогч нар хэргийн материалтай танилцсанаар дээрх зөрчил арилсан гэж үзэж байна.

Хоёр: Шүүх хуралдааны үед хохирогч Ц.А, Б.М нар нийт 12.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд 3 дугаар хавтас хэргийн 51, 52 дугаар хуудсанд авагдсан баримтаар нийт 12.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар зөрүүтэй нөхцөл байдалд дүгнэлт хийж Х.Г, Г.Г нарыг нийт 164.554.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцохоор улсын яллагч гэм буруугийн дүгнэлтэндээ дурдсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зуйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Улсын яллагч дүгнэлтэд хохирлын хэмжээг 164.554.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Х.Г, Г.Г нарын зүйлчлэлд нөлөөлөхгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нийт учирсан хохиролд дүгнэлт хийн хохирлыг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2445 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, тус хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаад улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Х.Г, Г.Г нарын өмгөөлөгч Н.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдаар Номтойбаяр ажиллаж байхад, гадаадад ажиллах хүч гаргах асуудлаар компани сонгон шалгаруулан. “ХГ” ХХК шалгарсан бөгөөд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд зөвшөөрөл нь гарах гэж байхад Засгийн газар болон сайд өөрчлөгдсөн. Тухайн яаманд ажиллаж байсан Эрдэнэчимэг гэх хүн дээр материал нь байсан. Хий хоосон зүйл ярьж хүмүүсээс мөнгө аваагүй.

Г, Г нарыг яллагдагчаар татаад, зарим хүмүүсийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар татсан хүмүүс нь өөртөө мөнгө авч ашигласан байдаг. Т, Б, М нар нь 128 хохирогчийн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр өөрсдөдөө авсан байдаг. Прокуророос Г, Г, Т, Б, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байсан. Дээд шатны прокуророос Т, Б, М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яллах дүгнэлт гарснаас 3 хоногийн дотор уг өөрчлөлт орсон ба тогтоолыг танилцуулаагүй учраас прокурорын шатанд гомдол гаргаж чадаагүй. Иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс нь яллагдагчаар татагдвал зохих этгээдүүд байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолтой танилцаад Мөнхбаяр нь “...яллагдагч Түмээ намайг залилан мэхэлж, төөрөгдөлд оруулж 75.000.000 төгрөг авч, өнөөг хүртэл өгөөгүй, хохирол төлөөгүй байхад түүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. 14 хоногийн дотор гомдол гаргана. Түмээ нь Г, Г нарын гарын үсгийг хуурамчаар зурсан...” гэсэн байдаг.

14 дүгээр хавтасны 3 дугаар талд “2010 оны 6 дугаар сарын 8-ны өдөр, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Түмээ нь Г, Г нарын үсгийг хуурамчаар зураад 76.100.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэж бичээд, өөрийнхөө хэргийг хэрэгсэхгүй болгуулсан баримт авагдсан. Энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоосон Б, Э, Э, О, Т, Э нар нь хохирогч нараас авсан 146.104.000 төгрөгийг огт төлөөгүй байдаг. Хохирогч нарын мөнгийг авч залилсан гэдэг нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын мэдүүлэгт тодорхой байхад Г, Г нарын нийт хохиролд оруулж тооцсон. Анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Хохирлын тооцоог бүрэн гүйцэд, давхардуулалгүй, үнэн, зөв, зөрүүгүй гаргах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасан маш олон зөрчил энэ хэрэгт байгаа тул тус хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Г, Г.Г нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын тогтоолоор 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зарим яллагдагч нарын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт огт хэрэгжээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцсон 20 гаруй хохирогч нар уг тогтоолтой танилцаагүй гэдгээ хэлсэн. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн хавсралт дахь хохирлын тооцооноос харахад 128 хохирогчийн 88 хохирогчоос иргэний хариуцагч нар 160.000.000 төгрөг авсан байдаг. Уг мөнгийг бүгдийг нь Г, Г нарт өгөөгүй, уг хохирол төлөгдөөгүй байгаа. Иргэний хариуцагч нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байгаа хүмүүстэй тооцоо нийлж байсан. Иргэний хариуцагч нар хэдэн төгрөгийг авсан, хэдийг өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Хохирлын тооцоог нарийвчлан тогтоож чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд хохирлын тооцоог бүрэн тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хохирлыг шүүх тогтоох боломжтой гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос Х.Г, Г.Г нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 44 тоот байранд үйл ажиллагаа явуулдаг “ХГ” ХХК ны нэрээр “...гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй тул БНСУ-д гэрээгээр ажиллах, ажиллах хүч гаргана, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна...” гэж цахим хэрэгсэл, хуурамч бариг бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “...визний урьдчилгаа, сургалтын төлбөр, шинжилгээний төлбөр...” гэж хуурч, Н.Э, Л.О, 3.Э, С.Н, Э.Э, Д.Т нараар дамжуулан нэр бүхий 128 хохирогчоос бэлнээр болон дансаар нийт 761.554.000 төгрөгийг авч буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Анхан шатны шүүхийн:

- нэр бүхий иргэний хариуцагч нарын үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэрлэх,

- хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан этгээдүүдийг үйлдлийг шийдвэрлэсэн байдлаа /тогтоол/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт гардуулж танилцуулах ажиллагааг хийх,

- хохирогч, иргэний хариуцагч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг эргэлзээгүй тогтоох ажиллагааг хийлгэхээр Х.Г, Г.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд:

- хэрэгт авагдсан яллагдагч Х.Г, Г.Г, хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр иргэний хариуцагчаар татан шүүхэд ирүүлсэн Н.Э, З.Э, С.Н, Э.Э, Д.Т нараас гадна Л.О, Б.Б, С.Т, Н.М нарын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагааг бүрэн хийж, үйлдлийг нь шалган тогтоож хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх,

- 5 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3/1843 дугаартай албан бичиг гэх хуулбар бичгийг хэнээс гаргаж өгч, хавтаст хэрэгт хавсаргуулсан болох нь тодорхой бус, уг албан бичиг нь эх хувиасаа зөрүүтэй, албан бичиг дээрх үг яагаад өөрчлөгдсөн /6 хх 180, 14 хх 15-16/, хэн өөрчилсөн, ямар зорилгоор, юунд ашигласан болох талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь тус гэмт хэргийн үйл баримт, оролцогчдын үйлдлийг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.  

 Иймд прокурор Н.Булганчимэгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийж, хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2445 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ