Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/05126

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 22

101/ШШ2023/05126

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* байрны ******* тоотод түр оршин суух, ******* овогт Т*******ын С******* /иргэний бүртгэлийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 5 дугаар багт оршин суух, ******* овогт Жийн Б /иргэний бүртгэлийн дугаар /-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.С*******,

Хариуцагч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.С******* миний бие 2016 онд Ж.Бтай үерхэж 2020 оны 5 дугаар сарын 11-нд хүү Б овогтой Хыг төрүүлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Ж.Б нь нэг байгууллагад хамт ажилладаг эмэгтэйтэй амрагийн харилцаатай болж хүү бид хоёрыг хажуудаа авч амьдраагүй болно. Хүү Б.Х нь ээж Т.С******* миний асрамжинд өсч, торниж байна. Цаашид Ж.Бтай хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Хт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1556 дугаартай тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, Т.С*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Т.С*******ын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолтыг тус тус нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа ирүүлж, бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.С******* нь хариуцагч Ж.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. Нэхэмжлэгч Т.С*******, хариуцагч Ж.Б нар нь 2016 оноос эхлэн үерхэж, дотно харьцаанд орсон ба тэдний дундаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Х төрсөн, зохигчид нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдийг төрөхөд эцэг Ж.Баар овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж зааснаар хүүхэд эцгээрээ овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн нь хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

 

4. Хүү Б.Х нь насанд хүрээгүй хүүхэд ба одоо эх Т.С*******ын асрамжид бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд эцэг Ж.Б нь хүүхдийн тэтгэлгийн хувьд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийг сар бүр эцгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний статистикийн газар тодорхойлно, 5.5-д Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг жилд 1-ээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлно гэж зааснаар хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг бүс нутаг бүрээр жил бүр Үндэсний статистикийн хорооноос шинэчилэн тогтоодог бөгөөд хүүхдийн тэтгэлгийг төлөхдөө тэтгэлэг төлөгч нь шинэчилэн тогтоосон хэмжээний 50 болон 100 хувиар төлөх учиртай.

 

5. Гэр бүлийн тухай хуульд хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Ж.Б нь хүүхдийг эх Т.С*******ын асрамжид байдаг эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй бөгөөд Т.С******* нь Ж.Бын хүүхэдтэйгээ уулзах зэрэг өөрийн хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.С*******ын асрамжид буй 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Хыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдээ тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр төрсөн эцэг Ж.Баар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас улсын тэмдэгтийн хураамж 45,040 /дөчин таван мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ