Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэдийн төлөөлөгч Б.Пунсал,

хохирогч Б.О,

шинжээч Ш.Цэцэгмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726011136 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Б.О-н хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах нийтийн байранд амьдардаг гэх, ял шийтгэлгүй, Б овогт Д-н Г /РД:.../.

Яллагдагч Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамтран амьдрагч Б.О-г “чи өөр газар очиж хоносон байна” гэж хардаж маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих энэ асуудал болсон. Урд өдөр нь эхнэр гэртээ ирж хоноогүй. Хүүхдийндээ хонохоор бол над уруу яриулдаг боловч яриулаагүй. Эхнэр ирэхдээ 0,75 литрийн архи авчирсныг хоёулаа хувааж уусан. Тэгээд муудалцаад барилцаад авсан. Б.О намайг зоддог. Миний хамар уруу цохиод цус гаргасан. Намайг үсдээд дарсан байсан. Намайг халуун тогоо авангуут булааж аваад өөрөө түүн дээрээ унасан. Намайг учруулсан гээд байгааг зөвшөөрөхгүй. Би түүний булчинтай газар ганц нэг цохисон нь үнэн. Намайг уучлаарай. Ийм зүйл болно гэж үнэхээр бодоогүй” гэв.         

Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө би гэртээ ирэхдээ нэг шил архи авчирсан. Тэгээд Д.Г-тэй хувааж уусан. Урд шөнө нь гэртээ ирж хоноогүй байсан. Түүнээс болж маргалдсан. Халуун тогоо бариад дайрахаар нь булааж аваад хойш нь тависан. Тэгээд хөл алдаад нөгөө халуун тогоон дээрээ унаад гэмтсэн. Хавирга зөрөөтэй хугарсан, авчийлт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надаас болж хэрэг болсон. Гэмтлийн эмч нар зөрөөтэй хугарал алга гэж байсан. Миний буруутай үйлдлээс ийм асуудал боллоо. Д.Г-т ял өгөөд явуулчихмааргүй байна” гэв.  

Шинжээч Ш.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч Б.О-г өөрийн биеэр үзсэн. Тийм ч учраас дүгнэлтдээ бичсэн. Гаднаас нь хараад уушгины няцрал, хавирганы хугарлыг мэдэх боломжгүй. Бусад байгууллагын томографийн зураг уншсан эмчийн дүгнэлтийг бид харж бичдэг, зургийг үндэслэдэг. Нэг удаагийн үйлчлэлээр унах үед ямар хэмжээтэй тогоон дээр хэрхэн, ямар байрлалаар унасан талаар баримт хэрэгт байхгүй тул хэлж мэдэхгүй” гэв.  

Эрүүгийн 201726011136 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.О-н: “2017 оны 5 дугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэртээ ирээд хамтран амьдрагч Д.Г бид хоёр 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэлгүй шууд охиныхоо гэрт нь очоод хоночихсон байсан учир Г надаас “чи урд шөнө хаана очиж хоносон” гээд хардаад асуухаар нь “би охиныхоо гэрт хоносон” гэж хэлсэн чинь “чи охиныхоо гэрт очихоор бол заавал над руу өөрөө юм уу, эсвэл охиноороо хэлүүлдэг биз дээ, чи өөр газар очиж хоносон байна” гээд хардаад байхаар нь би согтуу байсан учир урдаас нь хэрэлдэж хэл амаар доромжилсон. Тэгсэн чинь Г уурлаад миний зүүн гарын шууны хэсэгт гараараа цохиод авахаар нь би уурлаад улам өөдөөс нь хэрэлдээд байсан чинь гэрт байсан халуун тогоо авч над руу шидэх гээд далайхаар нь нөгөөдөхийг нь булааж авах гэж давхралдаж унасан. Босож ирээд дахин хоёр гар руу цохиод байсан. Би хэрэлдээд байсан чинь урдаас хэрэлдлээ гээд индүү аваад над руу шидсэн боловч оноогүй. Миний зүүн талын хавиргын доод хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Хэсэг ноцолдож байгаад Г гэрээс гарч яваад нэлээн удсан. Би энэ үед нь унтчихсан байсан. ...Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа энэ дүгнэлттэй санал нийлэхгүй. Учир нь гэмтлийн эмч миний тухайн үеийн хавирганы гэмтлийн зургийг үзээд тэгж хэлсэн. Мөн уушигны бяцралттай гэж хэлээгүй, бага зэрэг хий хуралттай гэж хэлсэн. Бусад зүйл дээр ямар нэгэн санал хүсэлт алга. ...Өөрөөр бусад гэмтлийг Г учруулсан. Миний бие гайгүй болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10, 45/,

Гэрч Ж.Д-н: “2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...04 цагийн орчим унтаж байтал ээж О залгаад “Г архи уугаад агсам тавиад байна” гэсэн. Утсаар ярьж байхад цаана нь Г орилоод байсан. Надтай утсаар ярьж байтал гэнэт утас нь холбогдох боломжгүй болсон. Дараа нь ээж О-с яагаад утас гэнэт тасарсан талаар асуухад Г утсыг нь аваад шидчихсэн гэсэн. Тэгээд би утас тасарчихаар нь унтаад өгсөн. ...2017 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим очсон ...гэр доторх байдлыг харахад үүдний коридор хэсэгт цус дусалсан байдалтай, ус буцалгагч, цахилгаан тогоо хоёр эвдэрсэн, хэрэглэх аргагүй болсон байсан. Тэр хоёрыг сэрээгээд ээжийн биеийг хартал энд тэндээ хөхөрсөн, баруун гарын алга зүсэгдсэн мэт шархтай байсан. Ээжээс болсон явдлыг талаар асуутал нүүрээ хамгаалж байсан учир нүүрэндээ гэмтэл бэртэл аваагүй гэж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ээжийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч ээжийг 8 болон 9 дүгээр хавирга хугаралтай, уушиг няцралттай, битүү гэмтлүүдтэй байна гэж байсан. ...Ус буцалгагч болон цахилгаан тогоо хоёроор ээжийг Г зодсон гэж ээж О надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-47-48/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.02-ны өдрийн 7086 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-н биед зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн хацар, шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. ...журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт гэмтэл нь ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 9, 10-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-17/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.07-ны өдрийн 898 дугаар шинжилгээнд: “...2/. Цээж, уушигны КТГ зургаар: зүүн 9, 10-р хавирганы суганы ар шугамаар хугарч бага зэрэг зөрсөн, зүүн талын плеврийн хөндийд бага хэмжээний агаар /пгевмоторакс/ тодорхойлогдоно. Зүүн уушигны дээд дэлбэнгийн доод өмнөд сигментийн өмнөд зах хэсэгт голомтот нэвчдэст өөрчлөлттэй /няцрал. Баруун уушгинд голомтот өөрчлөлтгүй, синусууд чөлөөтэй. Зүүн уушгинд шугаман атлектазтай. Цээжний баруун хажуу ар хэсгээр булчин, зөөлөн эдийн завсраар хийтэй. Эмч О.Оюунбаясгалан 2017.08.04 гэжээ. Дүгнэлтэд: 1.Б.О-н биед зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10-р хавирга хавирганы зөрөөтэй хугарал, уушигны авчийлт, зүүн хацар шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3....журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, уушигны авчийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 9, 10-р хавирга хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-51-52/,

Шүүгдэгч Д.Г-н яллагдагчаар өгсөн: “...Миний хэлсэн үгийг хүлээн авдаггүй, сүүлийн үед гэртээ оройтож ирдэг болсон. О бид хоёр хамт архи уусан, харилцан зодолдсон. Зодолдож байгаад хивсний буланд хөл тээглээд бие биен дээрээ давхаралдаж унасан. О-н дээрээс би дарж унасан. Надад хүнд хохирол санаатай учруулсан гэх зүйл ангиар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би О-д ямар нэгэн байдлаар санаатай хүнд гэмтэл учруулаагүй. Би Оийн хавирга руу цохисон асуудал байхгүй. ...Би О-с өнгөрсөн шөнө хаана хоносон талаар асуухад уурлаж хэрүүл маргаан үүссэн. Бид хоёр хэрэлдэж байгаад барьцалдаад зууралдсан. Тэгэхэд О миний үснээс зулгаагаад арагшаа татаад байсан. Тэгэж байгаад О бүдрээд цахилгаан тогоон дээр дараад унасан. Би дээрээс нь дараад унасан. Тэгээд О-г босгож ирээд юу болсон талаар асуугаад дахин зодоон маргаан хийлгүй унтаж амарсан. Өөр зүйл болоогүй. ...2017 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө О-н баруун, зүүн гарын шуу руу нь гараараа тус бүр нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Миний зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийн зүүн талын 9, 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-38-40/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-31/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-32/, хохирогч Б.О-н хүсэлт /хх-41-42/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-54/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-56/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Харин гэрч Д.О, Д.Э нарын мэдүүлэг /хх-11-12, 13-14/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлаагүй хууль зөрчсөн байх тул шүүх эдгээр мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байсан байна. Тухайн зүйл хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэж шинээр батлагдсан хуульд нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хууль буруу хэрэглэсэн байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл үндэслэлгүй. Хүнд гэмтэл санаатай учруулсан гэх байдал тогтоогдсонгүй, болгоомжгүй учруулсан болох нь тогтоогдож байна. Гэмтлийн эмчийн латин үсгээр бичигдсэн оношийг шинжээч эмч монгол болгож бичсэн нь эргэлзээтэй. Хохирогчийн хүүхдийн өргөдөл, мэдүүлгийг дан ганц нотлох баримт болгож байгаа нь нэг талыг барьжээ. Хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн. Шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү” гэж,

шүүгдэгч “Би санаатай хүнд гэмтэл учруулаагүй” гэж,

хохирогч “9, 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, авчийлт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний буруутай үйлдлээс болж хэрэг гарсан. Би өөрөө халуун тогоон дээр унаад гэмтэл авсан” гэж тус тус тайлбарлав.

Шүүх хуралдаанаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө шүүгдэгч, хохирогч нарын хооронд “хохирогчийг гадуур буюу гэртээ хоносонгүй гэх шалтгаанаас гэр бүлийн маргаан өрнөсөн. Улмаар шүүгдэгч Д.Гийн зүгээс идэвхтэй үйлдэл хийж хохирогч Б.О-н биед нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх олон тооны гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.О-н “...Г уурлаад миний зүүн гарын шууны хэсэгт гараараа цохиод...босож ирээд дахин хоёр гар руу цохиод байсан. Миний зүүн талын хавиргын доод хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-9-10, 45/, гэрч Ж.Д-н: “...Ээжээс болсон явдлыг талаар асуутал нүүрээ хамгаалж байсан учир нүүрэндээ гэмтэл бэртэл аваагүй гэж байсан. Ээжийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч ээжийг 8 болон 9 дүгээр хавирга хугаралтай, уушиг няцралттай, битүү гэмтлүүдтэй байна гэж байсан. ...Ус буцалгагч болон цахилгаан тогоо хоёроор ээжийг Г зодсон гэж ээж О надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-47-48/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.02-ны өдрийн 7086 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-н биед зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн хацар, шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. ...журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт гэмтэл нь ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 9, 10-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-17/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.07-ны өдрийн 898 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.О-н биед зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, зүүн талын 9, 10-р хавирга хавирганы зөрөөтэй хугарал, уушигны авчийлт, зүүн хацар шанаа, зүүн чих, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, хоёр бугалга, зүүн суганы ар, зүүн дал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3....журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн уушигны дээд дэлбэнгийн доод хэсгийн няцрал, цээжний зүүн хөндийд хий хуралт, уушигны авчийлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 9, 10-р хавирга хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-51-52/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... тоотод хамтран амьдрагч Б.О-г “чи өөр газар очиж хоносон байна” гэж хардан маргалдан зодож хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-н эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан хэдий ч тэрээр “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Д.Г-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Д-н Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                      ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР

                          ШҮҮГЧИД                                        Б.БАТАА

                    Г.МӨНХЗУЛ