Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                            Прокурор Б.Эрдэнэбаяр /цахим/

                                            Шүүгдэгч Б.Ү /цахим/

                                            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахим/

                                            Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ү-д холбогдох эрүүгийн 2127000000122 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан.

Шүүгдэгч Б.Ү нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын бургаст гэх газраас иргэн Н.Эрдэнэтогтохын 1 тооны сувай хар зүсмийн үнээг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ү-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Тайж овгийн Б.Ү-г бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сувай үнээний ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох шүүгдэгчийн эзэмшлийн, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй зээрд зүсмийн нас гүйцсэн морийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлогод оруулахаар, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн нэг тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөн өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, анхнаасаа хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, хохирол төлбөрт 1.250.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид бүрэн төлж барагдуулсан. Өндөр настай ээжийн хамт хоёулаа мал маллаж амьдардаг зэргийг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч өөрийн малтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба өрөө төлөх зорилгоор шунахайн сэдэлттэй шууд санаатай үйлдлээр мал хулгайлж байгаа үйлдэл, гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан атлаа үүндээ дүгнэлт хийгээгүй дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцнэ... гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх, Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй байх зарчмуудыг зөрчиж хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хэт яллах талын чиг үүргийг баримтлан шийдвэрлэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан нөхцөлд заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульд заасан байдаг. Урьд нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нь хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж тайлбарлаж байгааг нь зөвшөөрөхгүй. Эрүүгийн хариуцлага өмнө нь хүлээж байгаад дуусгавар болсон нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэснийг ноцтой зөрчиж байна. Б.Ү-гийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж заавал нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Б.Ү-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Б.Ү-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж гэж өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй. Би мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан. Миний хөл хадаастай, мөн ээжтэйгээ хамт байдаг учир хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв. 

Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан. Дээрх 2 нөхцлийг харгалзаж заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзана гэсэн ойлголт байхгүй.

Шүүхээс энэ хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж тэнсэн харгалзах ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулсан. Шийтгэх тогтоолдоо дурдахдаа шүүгдэгч нь өөрөө малтай байж бусдын малыг шунахайн сэдэлтэйгээр хулгайлсан. Б.Ү өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж байсан. Тухайн хүний хувийн байдлыг харахад засарч хүмүүжээгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Иймд шүүхээс шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч  Б.Ү нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шарын бургаст гэх газраас иргэн Н.Эрдэнэтогтохын 1 тооны сувай хар зүсмийн үнээг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Н.Э-ын ...Би үхрээ 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн чинь буруу чихэндээ ээмэгтэй хар үнээ алга байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан үхэр буруу чихэндээ ээмэгтэй хар зүсмийн сарлагийн сувай үнээ байсан... гэх мэдүүлэг/хх 41/,

гэрч О.Н-гийн ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны 17:00 цагийн үед ээжийн утсаар Эрээнээ ярьсан. Найз нь адуугаа өгч чадахгүй нь үхэр өгье, ээжийн чинь гадаа авч ирээд уячихлаа гэж хэлсэн. Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13:00 цаг өнгөрч байхад ах Мөнхбаяр, эгч Норжмаа нартай хамт сумын төвөөс Тээл рүү явах үхрээ гаргаж ирэхээр явах гэж байтал Алтанчимэг, Мөнхөө таарч хамт явсан. Тээлд 15-н цагийн үед очиход малын саравч дотор сарлагийн хар сувай үнээ уяатай байсан. Үхрээ төхөөрч дуусаад 20 цагийн үед сумандаа ирсэн... гэх мэдүүлэг /хх 47/,

гэрч У.М-ын ...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ...Нямсүрэн, Мөнхөө ах, Алтанчимэг эгч, манай эхнэр болох Норжмаа бид хэд Нямсүрэнгийн автомашинтай Хужирт сумын 2 дугаар баг Тээлийн Ходор гэх газарт байх Нямсүрэнгийн ээж Үүрцайх эгчийнх рүү үхэр гаргахаар явсан. Тэгээд 15 цаг өнгөрөөд тухайн газраа очиход хар зүсмийн сарлагийн үнээ хашаан дотор уяатай байсан тэрийг бид хэд гаргаад гэдэс махыг нь аваад Хужирт сум руу буцсан. ...Надад Нямсүрэн, Үүрцайх эгч хэлэхдээ Бат-Өлзий сумын нутагт байдаг Эрээнээ авчирч өгсөн гэж хэлсэн. Нямсүрэн болон манай дүү Мөнхбат нар тухайн Эрээнээгээс авлагатай байсан түүнийхээ оронд авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх 49/,

гэрч Г.Ү-ын ...Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс 15 цагийн үед ирсэн манай охин Нямсүрэн, нөхрийнх нь ах Баяраа, Норжмаа, Мөнхбат гэдэг хүн эхнэрийн хамт Нямсүрэнгийн автомашинтай ирсэн. Манай охин Нямсүрэн Бат-Өлзий сумын харьяат Эрээнээ буюу Үйзэнхорлоо гэх залуугаас наймааны оронд авсан хар зүсмийн сарлагийн үнээ хийгээд орой гэгээ тасарсан үед явсан. Тухайн үнээг Эрээнээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 уагийн үед тууж ирээд манай гадаа уяад явсан юм... гэх мэдүүлэг /хх 51-52/

яллагдагчаар Б.Ү-гийн ...тухайн үед Н.Эрдэнэтогтохын үхэр гэж мэдээгүй. 200-300 тооны үхэр байхаар нь дундаас нь ороод хар сувай үнээг туугаад Үүрцайхын гадаа очоод малынх нь хашааны гадаа уяад орхисон. Нямсүрэнтэй утсаар яриад адууны чинь оронд сарлагийн сувай үнээ авчраад уячихлаа чи өрөндөө авчих гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх 77/,

шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,250,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ21-31 дугаартай дүгнэлт /хх 13-14/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 /,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 /,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-6 /,

эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 7-9 / зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Ү-г мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ү-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Б.Ү-гийн өмгөөлөгч гомдолдоо шүүгдэгч нь анхнаасаа хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1 250 000 төгрөг төлсөн хохирол төлбөргүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаад дуусгавар болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байх хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ, дэглэм нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ү-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-гийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.