Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/00833

 

 

 

 

 

 

2024 02 08

101/ШШ2024/00833

 

 

 

       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н-гийн гаргасан,

 

Хариуцагч: А-д холбогдох 550,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Т.*******, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Т.*******гийн орон сууц түрээслүүлнэ гэсэн зарын дагуу байрыг нь очиж үзээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Бид тэгээд нэг сарын түрээсийн төлбөрийг 900,000.00 төгрөгөөр тохироод 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт гурван сарын төлбөрт 2,700,000.00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

 

Ингээд би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс орон сууцыг түрээслэхээр байсан хэдий ч тухайн орон сууц хэт хүйтэн, цонхноос нь салхи сийгээд байсан учир маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээслэхээ болилоо гээд хариуцагчид утсаар хэлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн надад түрээслүүлэхээр тохирсон орон сууц нь бариа заслын үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байсан тул мөнгөө авахаар залгахад тэрээр хөдөө явж байна гээд 2023 оны 12 дугаар сарын 08-н ы өдөр надад 2,150,000.00 төгрөгийг буцааж өгсөн боловч үлдэх 550,000.00 төгрөгийг өгөхгүй байна.

Бид хоёр бичгээр гэрээ байгуулаагүй, мөн ямар нэгэн хохирол төлнө гэж ярилцаагүй. Хэрэв надаас хохирол суутгах гээд байгаад бол 100,000.00 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж болох юм. Иймд, хариуцагчаас 550,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би, 2023 оны 11 дүгээр сард байраа түрээсэлж *******ны зээлээ төлөх зорилгоор зар өгч, үүний дагуу нэлээд хүмүүс үзсэний дотор хэд, хэдэн хүн орно гэсэн. Эдгээр хүмүүсээс нэхэмжлэгч С.*******тай маш сайн ярилцаад дахин, дахин асууж тодруулж байж бид хоёр тохирсон. Ингээд тэрээр надад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд түрээсийн төлбөр гэж 2,700,000.00 төгрөгийг хувааж шилжүүлээд байрны түлхүүр хүлээн аваад аваад явсан. Тийм учир миний бие өөр хүмүүст байраа түрээслэхээс татгалзлаа хөдөө чухал ажилтай байсан тул явсан. Гэтэл нэхэмжлэгч энэ хүн тоглоомтой юм шиг гэнэт болилоо гэж хэлсэн бөгөөд өөрийн биеэр байрыг маань 2 удаа үзээд болно, бүтнэ, найдвартай түрээслэнэ зараа зогсоо гэж надад хэлсэн.

 

Би, маш өндөр байрны зээлтэй тул тухайн мөнгөө зээлэндээ төлсөн байсан. нэхэмжлэгч нь надад маш бүдүүлгээр ажил, санхүүгийн дарамт учруулж, дахин ажил удсан ба тухайн үед мөнгөө өгөөд орох байсан бусад хүмүүсийг болиулж асар том саад төвөг, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тул үлдэгдэл мөнгийг хохиролд тооцож өгөх боломжгүй. Миний байр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд орлого олох байсан ч тус иргэнээс болоод олоогүй тул мөнгийг төлж барагдуулах боломжгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 17,150.00 төгрөг төлсөн баримт,

2.     Иргэний үнэмлэхийн хуулбар,

3.     ******* ******* ХК дахь дансны хуулга,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.     Иргэний үнэмлэхийн хуулбар,

2.     Хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******гаас хариуцагч Т.*******д холбогдуулан 550,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Т.******* нь орон сууц хөлслөх тухай зарыг олон нийтэд хандаж цахим орчинд түгээсэн байсантай нэхэмжлэгч С.******* нь танилцаад зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж, улмаар тухайн орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000.00 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500,000.00 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,700,000.00 төгрөг, нийт 2,700,000.00 төгрөгийг шилжүүлж, тус өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, мөн 195.4-т Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хариуцагч Т.******* нь өөрийн өмчлөл, эзэмшлийн орон сууцыг хөлслүүлэхээр нийтэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч С.******* нь хүлээн авч, тэрээр хариуцагчид гэрээ байгуулах санал гаргаснаар талууд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулжээ.

 

2.            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд бариа заслын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байсан гэсэн боловч энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримтын хамт өгөөгүй тул эд хөрөнгө түрээслэх гэрээ гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна. Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 1 /нэг/ сарын хөлсийг 900,000.00 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгч нь хариуцагчид 3 /гурав/-н сарын төлбөрт 2,700,000.00 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг няцаагаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар талуудыг энэ талаар маргаагүй гэж үзнэ.

 

3.            Гэтэл нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Т.*******тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэнэт уг орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон талаар мэдэгдэж, хариуцагчид шилжүүлсэн 2,700,000.00 төгрөгийг буцаан авахыг хүсчээ.

 

Ингээд хариуцагч нь нэхэмжлэгчийн саналыг хүлээн авч, нэхэмжлэгчид 2023 оны 12 дугаар 08-ны өдөр 2,150,000.00 төгрөгийг буцааж шилжүүлсэн боловч одоо үлдэх 550,000.00 төгрөгийг хохиролд тооцож өгөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч С.******* нь нэгэнт байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж байгаагаа хариуцагч Т.*******д мэдэгдсэнээр хариуцагчийг тус мэдэгдлийг хүлээн авсанд тооцох, мөн хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зохигчдын гэрээнээс татгалзахтай холбоотой хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж тооцно.

 

Энэ талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Иймд, нэхэмжлэгчийг хариуцагчийн олон нийтэд санал болгосон саналын дуудлагын дагуу түүнд орон сууц хөлслөх гэрээ байгуулах санал (гэрээ байгуулахаас өмнө)-аа буцаан дуудсан гэж үзэхгүй, харин зохигчид Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан боловч харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан байна.

 

4.            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тодруулбал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай тул гэрээний талуудад өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан 2,700,000.00 төгрөгийг буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ. Гэхдээ гэрээнээс татгалзсанаар аль нэг тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй тул нэхэмжлэгч нь орон сууцыг ашигласан хугацааны хөлсийг хариуцагчид төлөх ёстой боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж ашиглаагүй байх тул хөлс төлөх үүрэг үүсээгүй байна.

 

5.            Гэтэл хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******гаас авсан 2,700,000.00 төгрөгөөс 2,150,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлсэн хэдий ч үлдэх 550,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийг гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан болон орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бусдад хөлслүүлэх хүртэлх хугацаанд учирсан хохирол гэж өгөхөөс татгалзаж байна

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж зааснаар хариуцагч нь өөрт хохирол учирсан гэдгийг баримтаар нотлох шаардлагагүйгээр нэхэмжлэгчийг гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж хариуцлага ногдуулж болно.

 

Гэтэл талууд энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчид 550,000.00 төгрөгийг үлдээх хууль зүйн үндэслэл алга байна. Мөн тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар гэрээний аль нэг үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах, тийнхүү татгалзсантай холбоотойгоор учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогыг шаардаж болох хэдий ч хариуцагч нь үүнийг баримтаар нотлоогүй. Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 100,000.00 төгрөгийг хохиролд тооцох боломжтой гэсэн тул хариуцагчаас 450,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т.*******гаас 450,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 14,150.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР