Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2024/00050/И |
Дугаар | 102/ШШ2024/01656 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/01656
2024 оны сарын өдөр | Дугаар 102/ШШ2024/0000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
гомдол гаргагч: Баянгол дүүрэг, ........тоот хаягтай, рд:, Х овог Дийн Нгийн ирүүлсэн,
хариуцагч: Баянгол дүүрэг, ......... тоот хаягтай, рд:, Үд /цаашид Ү гэх/ холбогдох,
ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 9000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.С хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Гомдол гаргагч Д.Н хариуцагч Ү , Н.С нар холбогдуулан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 9000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай гомдол гаргажээ.
2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .. Нэхэмжлэгч Д.Н нь Ү их сургуульд багшаар ажиллаж байсан. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Ү их сургуулийн дотор үйл ажиллагаа явуулдаг Ж дэлгүүрт үйлчлүүлж байхад тус дэлгүүрийн худалдагч Б.С нь зүй бусаар харьцаж, маргаж, хууль бусаар бичлэг хийж, олон нийтийн сүлжээгээр нэр төрд халдсан байдаг. Энэ үйл явдал болсны дараа 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ү их сургуулийн захирал Н.С нь ажлаас халах тушаал гаргасан байдаг. Уг тушаал нь Ж сүлжээ дэлгүүрийн ажилчдыг зодож, үг хэлээр доромжилж, цахим орчинд багшийн ёс зүйгүй үйлдэл гарган хараал хэлж, хүн зодож байгаа бичлэгээ гаргаж, сургуулийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан үндэслэлээр халсан байдаг. Гэтэл энэ тушаалыг нэхэмжлэгч Д.Н нь мэдээгүй 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа аваад явсан. Ингээд амралтын хугацаа дуусаад ажилдаа очтол таныг ажлаас халсан гээд тушаал танилцуулсан байдаг. Уг тушаал нь дараах хэд хэдэн үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дэх хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан байхад нэхэмжлэгч Д.Нд мэдэгдэлгүйгээр ажлаас халсан тушаалыг гаргасан. Өөрөөр хэлбэл уг үйлдэл болсноос 2 өдрийн дараа уг тушаалыг гаргасан. Хоёрдугаарт нэхэмжлэгч Д.Нгийн Хаан банкны тоот дансанд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчоос цалин орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажлаас халсан тушаал гарсны дараа цалин олгосон. Энэ нь уг тушаалыг хуурамч гэдгийг баталж байна. Гуравдугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт ээлжийн амралттай байгаа бол ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэж зааснаас үзэхэд ээлжийн амралттай байгаа тохиолдолд ажлын байрыг хадгалах үүрэгтэй. Эндээс үзвэл Ү их сургууль уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 9,000,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... уг маргаан 2023 оны 3 дугаар сард эхэлсэн байдаг. Миний бие 2 дугаар сард сургалтын албаны даргаар томилогдож байх үед ирц бүртгэдэг багшаас Д.Н багш хичээл таслаад байна хэлэхээр тоохгүй байна гэсэн гомдол ирсэн. Тухайн үед Д.Н багштай уулзаад учир байдлыг хэлсэн боловч түгжрэл ихтэй байна гээд над руу уурлаж дайрсан. Би тэр үед дөнгөж ажлаа аваад удаагүй байсан учраас маргаагүй. Мөн оюутнуудаас багшийн онлайн хичээл өөр сургуулиудын хичээлийг тавиад байна гэдэг гомдол ирсэн. Бид гомдлын дагуу шалгаж үзэхэд бусад сургуулийн хичээлийг тавьсан байсан. Энэ байдлыг нь өөрт нь хэлэхээр мөн л адил уурлаж, хэрүүл маргаан болсон. Ингээд захиргааны хурлаар оруулахад хүлээн зөвшөөрөхгүй, маргалдаж захиралтай уулзсан. Захирал хоёулаа хамтарч ажиллах боломжгүй байна гэдэг шийдвэр хэлсэн. Тэгээд Д.Н нь Б яам руу хандсан боловч Б яамнаас та хэд наад хүнээ ав, асуудлаа дотооддоо шийдвэрлэ гэсэн байдаг. Ажлаас халъя гэхээр Д.Н нь би 5 сар хүртэл ажиллана гээд тэр хүртэл намайг ажиллуул гэж ажил олгогчид дарамт үүсгэдэг. Урьд нь манай сургуульд оюутан, багш нарын хооронд маргаан гарч байгаагүй. Сургалтын алба руу орж ирээд хэл амаар доромжилдог, дайрдаг, хэрүүл хийдэг. Өрөөнийх нь багш нар хүртэл Д.Н багш ирж байна гээд айдаг. Тэрнээс хойш захирал болон багш нартай удаа дараа маргалдсан. Мөн хичээлээ тарсны дараа Ж дэлгүүр лүү ороод маргалдсан байсан. Тэр бол хувь хүний харилцааны асуудал болсон. Сургуулийн орчинд хэрүүл маргаан хийхгүй байх багшийн ёс зүй байдаг. Энэ байдлыг хэлсэн чинь та нар дэмжлээ барилаа гэсэн зүйл хэлсэн. Сургалтын албаны өрөөнд оруулж ирээд ингэж болохгүй гэж хэлэхэд захирлын өрөө рүү дайрч орсон. Захирал тантай хамтарч ажиллах боломжгүй гээд өрөөнөөсөө гараад явсан. Нөгөө хүүхэд нь нүүрээ маажуулсан гээд танай сургуульд гомдолтой байна гээд ороод ирсэн. Д.Н багшид ажлаа хүлээлгэж өг гээд сануулга өгөөд ажлаас халах тушаалыг өгсөн боловч авахгүй гээд аваагүй. Ямар ч байсан та тушаалтайгаа танилцсан шүү гэсэн чинь үгүй би танилцаагүй гээд шидээд явсан. Сүүлдээ цалингийн хэрүүл хийгээд цалин, амралтын мөнгөө бодуулна гээд хэрүүл хийж, одоо би ирэхгүй гээд мөнгөө аваад явсан. 2023 оны 5 дугаар сарын 20-д гаргаад өрөөндөө нэг өдөр ирсэн байсан. Та юу хийж яваан гэж асуухад би юм аа авах гэж ирсэн гэж хэлж байсан. Ажлаас халсан тушаалыг хуулийн дагуу үндэслэлтэйгээр гаргасан... гэв.
4. Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ...нэхэмжлэл, 2023.05.19-ны өдрийн №2/30 Монголын Боловсрол судлаачдын холбооны Ү их сургуульд хүргүүлсэн бичгийн баримт, Д.Нгийн иргэний үнэмлэх, ..... өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ..... өдрийн дугаар 00 тоот Ү их сургуулийн захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ..... өдрийн №00 тоот А өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, ходоодны дурангийн зураг, ......-ны өдрийн №00 Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр,......-ны өдрийн Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан Д.Нгийн гомдол, Бүнэмлэх диплом, .........-ний өдрийн 00 тоот МУ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Д.Нд хүргүүлсэн хариу,.......-ны өдрийн 00 тоот тус шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаасан захирамж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэл, .......-ны өдрийн 00 тоот Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, Д.Нгийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1-12, 15-27, 54-56, 88-91 дугаар тал/ баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023.10.31-ний өдрийн итгэмжлэл, Ү их сургууль боловсрол сургалтын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 0000-ний өдрийн №00 Ү их сургуулийн захирлын Д.Нг нягтлан бодох бүртгэлийн гэрээт цагийн багшаар ажиллуулах тухай тушаал, ...-ны өдрийн дугаар 49 тоот Ү их сургуулийн захирлын багш Д.Нд сануулах арга хэмжээ авсан тухай тушаал, ...-ны өдрийн дугаар 53 тоот Ү их сургуулийн захирлын Д.Нг ажлаас чөлөөлөх тухай тушаал, ... оны хичээлийн жилд багш Д.Нгийн цалин хөлс авсан тухай дэлгэрэнгүй тооцоо, .... оны хичээлийн жилд багш Д.Нгийн заасан цагийн тооцоо, хариу тайлбар /хэргийн 30-31, 36-41 дүгээр тал/ баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
хариуцагч Ү их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Ү их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм /хэргийн 73-82 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. 2022 оны 11 сарын 21-ны өдрөөс Ү их сургуульд нягтлан бодох бүртгэлийн багшийн ажилд орж ажиллаж байсан нь.....-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022.11.21-ний өдрийн 00 тоот Ү их сургуулийн захирлын багшаар ажиллуулах тухай тушаал, цалин хөлсний дэлгэрэнгүй тооцоо, хичээл заасан цагийн тооцоо, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-9, 37-43 дугаар тал/
3. Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.
4. 2...-ны өдөр № тоот Ү их сургуулийн захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Ү -ийн дотоод журмын 2.12.1, Ү -ийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3, 3.4 дэх заалтуудыг үндэслэн ...Д.Н удаа дараа хичээл тасалдуулсан, хоцорсон, харилцааны ёс зүйн алдаа гаргасан гомдлууд удаа дараа оюутан, багш ажилчдаас ирсэнтэй холбогдуулан 2023 оны 03 сарын 20-ны өдөр сануулах арга хэмжээ авсан боловч дахин 2023 оны 05 сарын 16-ны өдөр Ж дэлгүүрийн ажилчдыг зодож, үг хэллэгээр доромжилж, цахим орчинд багшийн ёс зүйгүй үйлдэл гарган, хараал хэлж зодож байгаа бичлэгээ тарааж сургуулийн нэр хүндэд ноцтой халдаж, сургуулийн банш нар болон захиргааны туслах ажилтныг зүй бусаар доромжлон, хүчирхийлж байгаа үйлдэлд хариуцлага тооцож... ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хэргийн 10 дугаар тал/
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шуудангаар хүргүүлснийг тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэжээ.
6.Нэхэмжлэгч ...2023.05.15-ны өдрөөс ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлснийг 2023.08.25-ны өдөр ажилдаа орох үеэр мэдсэн, надад ажлаас халсан тушаал шийдвэр өгөөгүй танилцуулаагүй... гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж ... 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ирж тушаалаа ав гэж утсаар мэдэгдэхэд би хүлээж авахгүй, зөвшөөрөхгүй гээд ирээгүй... гэж үгүйсгэж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
7. Д.Н Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154 дүгээр зүйлийн 154.5, 154.6-д заасны дагуу Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хороо 2023 оны 10 сарын 19-ний өдөр ...маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж чадаагүй... дуусгавар болгосон байна. / хэргийн 15-20 дугаар тал/
8. Дээрх хариуг хүлээн авсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гомдлоо гаргажээ.
9. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэгт сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
12. Гомдол гаргагч ажил олгогчийн ажлаас чөлөөлөх шийдвэрийг эс зөвшөөрч ...ажил эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор 9 000 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ ...ээлжийн амралттай хугацаанд хөдөлмөрлөх эрхийг зөрчиж үндэслэлгүй ажлаас халсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... харилцааны ёс зүйн зөрчил, сургуулийн удирдлага руу өөрийн зөв хэмээн давшлах, удирдлага багш ажилчдыг хэл амаар доромжлох, оюутан суралцагчдаа дарамтлах үйлдлүүд гаргасан, мөн сургуулийн байрны 1 дүгээр давхарт байрлах Ж дэлгүүрийн худалдагчтай зүй бусаар харилцаж, худалдагч гомдол гаргасан, Д.Н багштай хамтарч ажиллах боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь энэ хүн харилцааны соёлгүй, ёс бус үгээр хүн доромжилдог, харьцахад төвөгтэй хүн. Тийм учраас манайх энэ хүнийг хүлээж авах боломжгүй Ажлаас халсан тушаалыг хуулийн дагуу үндэслэлтэйгээр гаргасан... гэж маргаж байна.
13. Ажил олгогчийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан ... дахин 2023 оны 05 сарын 16-ны өдөр Ж дэлгүүрийн ажилчдыг зодож, үг хэлээр доромжилж, цахим орчинд багшийн ёс зүйгүй үйлдэл гаргаж, хараал хэлж хүн зодож байгаа бичлэгээ тарааж сургуулийн нэр хүндэд ноцтой халдаж, сургуулийн багш нар болон захиргааны туслах ажилтныг зүй бусаар доромжлон, хүчирхийлж байгаа... зэрэг үйлдэл хэзээ хаана гаргасан, сургуулийн багш, захиргааны ажилтныг доромжилж хүчирхийлж байгаа үйлдэл хэрхэн тогтоогдсон нь ойлгомжгүй тодорхойгүй энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй.
Мөн хариуцагчийн ...өмнө гаргаж байсан алдаа дутагдлаа сайжруулах, засах талаар ямар ч арга хэмжээ авалгүй зөрчлүүд гарсаар байсан, улмаар хичээлээ дутуу заах, өөрийн сэдвийн хүрээнд хичээлээ баяжуулан заах, онлайн хичээлээ бусад сургуулийн мэдээллийг хуулан тавих, хоцрох, тасалдуулах, харилцааны ёс зүйн зөрчил, сургуулийн удирдлага руу өөрийн зөв хэмээн давшлах, удирдлага багш ажилчдыг хэл амаар доромжлох, оюутан суралцагчдаа дарамтлах үйлдлүүд гаргасан, мөн сургуулийн байрны 1 дүгээр давхарт байрлах Ж дэлгүүрийн худалдагчтай зүй бусаар харилцаж, худалдагч гомдол гаргасан... гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй.
Тодруулбал хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.12.1-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш өдөр ажилдаа ирээгүй буюу ажлын цагийн тасалдалтын нийлбэр нэг улиралд 24 цаг хэтэрсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл заасан боловч багш Д.Н улиралд хэдэн цагийн хичээл орохоос хэдэн цагийн хичээл тасалсан нь ойлгомжгүй, багшийн ёс зүйн дүрмийн 3.3.3, 3.3.4-т заасан хэм хэмжээг хэзээ хэрхэн зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн хуулийн аль шаардлагыг хангаагүй нь тодорхойгүй, мөн хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасны аль нь болох тэдгээр зөрчил үйлдлүүд ямар баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй.
14. Ийнхүү хариуцагчийн Д.Нг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болон хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй учир ажил олгогчийн Д.Нг ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.
15. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д.Нг Ү их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 297 175 төгрөгийг гаргуулан Д.Нд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цалин олговор 5 702 825 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Д.Схолбогдох гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
16. Д.Н цалин олговор 9000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний тооцоолол холбогдох баримтаа ирүүлээгүй ба хариуцагчийн ирүүлсэн хэргийн 42 дугаар талд авагдсан Цалин хөлс авсан дэлгэрэнгүй тооцоо баримтыг үндэслэн дараах байдлаар тооцов. Үүнд:
Д.Нгийн цалин орлого
2022 оны 12 сард 0 төгрөг,
2023 оны 01 сард 0 төгрөг,
2023 оны 03 сард 0 төгрөг,
2023 оны 04 сард 0 төгрөг нийт 0 төгрөг.
2 198 117: 4 сар = 0 төгрөг /1 сарын дундаж цалингийн хэмжээ/.
549 529 х 6с /ажилгүй байсан хугацаа/ = 0 төгрөг болно.
17. Хариуцагч Д.С, гомдол гаргагч Д.Н нарын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсээгүй тул түүнд холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 67 704 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
19. 2024.03.04-ний өдөр Д.Н өмгөөлөгч Чтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, 2023.10.31-ний өдрийн дугаар 1868 тоот хариуцагч Ү их сургууль БСБ, Н.С нараас А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 30, 54-55 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Д.Нг хариуцагч Үд нягтлан бодох бүртгэлийн багшийн ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч Н.Сд холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Үас ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 297 175 төгрөг гаргуулан гомдол гаргагч Д.Нд олгож, үлдэх 5 702 825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Д.Нгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 67 704 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ