Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01694

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01694

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .... тоот хаягтай, рд:0, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ....тоот хаягтай, рд:  Б холбогдох,

 

хохирол 21 477 612 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 0 тоот Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

хариуцагчийн өмгөөлөгч О нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.С хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хохирол 21 477 612 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 0 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...манай компани нь Б-тэй 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 0 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Дорнод аймгийн ... боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд 6 ширхэг өөрөө буулгагч 0УАТ, 0УАТ, 0УБУ, 0УАТ, 0УНК, 0УАХ автомашинаар ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Талууд ажлын талбай дээр ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатайгаар гэрээ байгуулж, техник тус бүр дээр урьдчилгаа 4,000,000 төгрөг буюу нийт 24,000,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн 15 хоногоор тасалбар болгон ажилласан хоног цагаар тооцож, тооцоо нийлж баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэлийн төлбөрийг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч Б нь 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 18 цагаас ажлын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг хүртэл буюу 15 хоног ажиллаж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж Улаанбаатар хотод ирсэн нь манай компанид маш их хэмжээний хохирол учруулж дээрх төслийн ажлыг зогсоход хүргэсэн. Бид уулзаж төлбөр тооцоогоо дуусгахыг эсвэл буцаж очиж ажиллахыг шаардсан боловч танайхтай уулзахгүй шүүхээрээ шийдвэрлүүл гэдэг хариу өгсөн. Гэрээний дагуу доорх хохирол учирсан. Хариуцагч нь тус ажиллах хугацаанд нийт 31,548,387.10 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Манай компани гэрээний дагуу урьдчилгаа нийт 24,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Нийт 8,369,200 төгрөгийн шатахууны зардал гаргасан. Мөн Жи Пи Эс суурилуулалтын зардал 6,256,800 төгрөгийн зардал гарсан. Ингээд нийт 38,626,000 төгрөгийн зардал гаргасан. Иймд гаргасан зардал 38,626,000 төгрөгөөс гүйцэтгэсэн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 31,548,387 төгрөг 10 мөнгийг хасаж тооцон зөрүү 7,077,612 төгрөг 9 мөнгө дээр гэрээний 4.2.2-т заасан 20%-ийн торгууль болох 14,400,000 төгрөгийг нэмж тооцон нийт 21,477,612 төгрөг 9 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Хүсэлтийг хангаагүй тул шүүгчээс татгалзаж байна. Маргаантай хэрэг учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулах шаардлагатай байна. Мөн гэрчүүд гадаа ирсэн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч Б нь манай 6 машин хөдөө байгаа учраас миний бие төлөөлж 6 машинаар ажил гүйцэтгэнэ гэж хэлээд манайхтай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэж байсан. Мөн урьдчилгаа төлбөр 24,000,000 төгрөгийг Б өөрийн дансаар хүлээж авсан. Иймд гэрээ хүчин төгөлдөр гэх үндэслэлтэй.. гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа: ... М ХХК нь Б гэдэг хүнтэй гэрээ байгуулсан ба өөрийн эзэмшлийн автомашинаар үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл яг үнэн чанартаа энэ автомашинууд нь Бын өөрийнх нь автомашин биш нэг машинаас бусад нь өөр хүмүүсийн автомашин байсан. Б өөрөө бол дангаараа энэ 6 машинаар үүрэг гүйцэтгээгүй. Тухайн автомашины эзэмшигч нар үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр машинууд нь одоо банк бус байгууллагын барьцаанд байгаа. Дээр нь хариуцагч тал авсан урьдчилгаандаа тохирох ажлуудыг бүгдийг нь хийсэн. Нэхэмжлэгч талаас ажиллах нөхцөл, хоол, орон байраар хангана гэсэн боловч хангаж өгөөгүй. Байрлах байр нь хүйтэн учраас бид машиндаа байрлаж, урьдчилгааны ажлаа хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг. Үүнээс гадна нэхэмжлэгч тал бензин тос авч явсан гэдэг ярьдаг ч хэчнээн литр бензин тос авч явсан гэх баримт байдаггүй. Жи Пи Эс нь нэхэмжлэгчийн хөрөнгө биш харин өөр эзэмшигчтэй гэдэг нь нотлогддог. Тийм учраас тухайн байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Мөн гүйцэтгээгүй ажлыг юуг үндэслэж энэ үнийн дүнг гаргаж ирсэн нь тодорхой биш. Ажлыг гүйцэтгээгүй алданги 21,477,612 төгрөгийг Баас нэхэмжлэх нь үндэслэлгүй. Манайх бол урьдчилгаандаа тохирсон ажлаа хийсэн. Харин үлдэх ажлыг нэхэмжлэгч талаас шалтгаалж гүйцэтгээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б нь энэ автомашинууд нь миний өмчлөлийн хөрөнгө биш бусдын өмч гэдэг. Өөрөөр хэлбэл бусдын өмнөөс гэрээ байгуулсан, мөн бусдын өмч гэдгийг мэдэж байсан боловч гэрээ байгуулсан. Тийм учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

М ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/

2023.10.25-ны өдрийн №001/23-203 нэхэмжлэгчээс Бод олгосон итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

2023.09.29-ний өдрийн №0 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /хэргийн 6-8 дугаар тал/

М ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 9 дүгээр тал/

2023.09.30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 10 дугаар тал/

2023.10.23-ны өдрийн Г ХХК-ийн нэхэмжлэх /хэргийн 11 дүгээр тал/

2023.10.23-ны өдрийн 0 тоот Г ХХК-ийн Жи пи эс хяналтын төхөөрөмжийн тухай тодорхойлолт /хэргийн 12 дугаар тал/

2023 оны 10 сарын түрээсийн техникийн Улаанбаатар-Дорнод чиглэлд олгосон шатахууны суутгал баримт /хэргийн 13 дугаар тал/

2023 оны 10 сарын түрээсийн техникийн ажиллаж эхлэх болон дуусах үеийн шатахууны суутгал баримт /хэргийн 14 дүгээр тал/

2023 оны 10-р сард ажилласан өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн тооцоо /хэргийн 15-16 дугаар тал/

Авлага өглөгийн тооцоо /хэргийн 17 дугаар тал/

Машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас /хэргийн 18-23 дугаар тал/

Г ХХК-ий түлшний тайлан 2023.10.2-2023.10.17-ны өдрийн 13 цаг 48 минут хүртэлх хугацааны түлшний тайлан /хэргийн 24-38 дугаар тал/

сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хэргийн 70 дугаар тал/ баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 45 дугаар тал/

2023.11.21-ны өдрийн дугаар 1443 итгэмжлэл /хэргийн 46 дугаар тал/

Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 66-67 дугаар тал/

2024.03.22-ны өдрийн хариуцагчаас Лт олгосон итгэмжлэл /хэргийн 105 дугаар тал/

2024.03.22-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оээс татгалзсан тухай хүсэлт /хэргийн 103 дугаар тал/

Оийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай төлөөлөгчийн хүсэлт /хэргийн 111 дүгээр тал/ баримтууд,

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 86-92 дугаар тал/баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч ...21 477 612 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас орхин явж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хохирол учруулсан... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...ажиллах орчин нөхцөл орон байр хоолоор хангах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажиллах аюулгүй байдлаар хангаагүй, 6 ширхэг автомашинууд миний техник биш гэдгийг мэдэж байсан атлаа хууль зөрчиж гэрээ байгуулсан учир хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2023 оны 09 сарын 29-ны өдөр №0 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчтай бичгээр байгуулан, Дорнод аймгийн хэрлэн сумын Хавиргын боомтод хэрэгжиж буй авто замын төслийн ажилд хариуцагчийн эзэмшлийн 0УАТ, 0УАХ, 0УБУ, 0УАА, 0УНК, 40-81УАХ өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслээр хариуцагч төслийн багаас тавьж буй шаардлагын дагуу чулуу хайрга шороо тээвэрлэх ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс нэг сарын төлбөр тус бүр 12 000 000 төгрөг төлөх, гэрээний хугацаа хариуцагчийн техник тээврийн хэрэгсэл ажлын талбайд ирж ажлыг бодитоор гүйцэтгэж эхэлсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд үргэлжлэхээр тохирсон нь талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

4. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

5. Хариуцагч ...гэрээнд заасан 6ш тээврийн хэрэгсэл хөрөнгө миний хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж гэрээ хийсэн, өмчлөгч тус бүртэй гэрээ хийх байсан, техник тус бүрийн эздээр ажлаа гүйцэтгүүлсэн атлаа надаас хийгээгүй үлдсэн ажлын төлбөр хохирол нэхэж буй нь хууль зөрчиж байх тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

 

6. Гэрээнд заасан 6ш тээврийн хэрэгсэл хөрөнгө бүгд хариуцагчийн өмчлөлийнх биш гэдгийг хэлцэл хийх үед хэн аль нь мэдэж байсан болох нь нэхэмжлэгчийн ...тухайн үед яагаад таны нэр байхгүй байгаа бэ гэж асуухад ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан гэж хэлж байсан... гэх тайлбар, хариуцагчийн ...миний өмчлөлийн машин биш гэдгээ нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан... гэх тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна.

 

7. Хариуцагчийн ...гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээж аваад автомашины эзэмшигч нарт шилжүүлсэн, ...миний биетэй гэрээ хийсэн атлаа техник тус бүрийн эздээр ажлаа гүйцэтгүүлчхээд надаас хийгээгүй үлдсэн ажлын төлбөр хохирол нэхэж буй нь хууль зөрчиж байна... гэх тайлбараас төлөөлөх эрхгүй, эрх олгогдоогүй этгээд болох хариуцагчийн хийсэн үйлдэл гуравдагч этгээд буюу тээврийн хэрэгсэл өмчлөгч нар хариуцагчийн шилжүүлсэн мөнгийг хүлээн авч, техник тээврийн хэрэгслээрээ ажлыг гүйцэтгэж хариуцагчийн үйлдлийг дэмжин хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        

 9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

10. Хариуцагч 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл нийт 15 хоногийн хугацаанд ажиллаж, ажиллах нөхцөл, орон байр хоолоор хангах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй шалтгаанаар гэрээнээс татгалзаж талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон, гэрээ дуусгавар болсон талаар талууд маргаагүй.

 

11. Хариуцагч 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл нийт 15 хоногийн хугацаанд 31 548 387 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаа орхиж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны 10-р сард ажилласан өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн тооцоо-2хуудас, авлага өглөгийн тооцоо, машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас, 2023.10.02-10.16-ны өдрийн 16 цаг хүртэлх хугацааны Гайхан ХХК-ийн түлшний тайлан жи пи эс тооцоолол баримтуудаар тогтоогдож байна.

 

12. Харин нэхэмжлэгч гэрээний дагуу ажлын хөлс урьдчилгаа 24 000 000 төгрөг, шатахууны зардал 8 369 200 төгрөг, хариуцагчийн 6ш техник тээврийн хэрэгсэлд 6 256 800 төгрөгийн үнэ бүхий GPS хяналтын төхөөрөмж, холболтын кабель түлш хэмжигч төхөөрөмж суурилуулж нийт 38 626 000 төгрөгийн зардал төлбөр гаргасан нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, шатахууны суутгал баримтууд, түрээсийн техникт олгосон шатахууны суутгал болон ажиллаж эхлэх болон дуусах үеийн шатахууны суутгал баримт, өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн тооцоо-2хуудас, авлага өглөгийн тооцоо, машин механизмаар гүйцэтгэсэн ажлын замын хуудас, 2023.10.02-10.16-ны өдрийн 16 цаг хүртэлх хугацааны Гайхан ХХК-ийн түлшний тайлан жи пи эс тооцоолол баримтуудаар тогтоогдож байна.

 

13. Хариуцагч өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан хоног, ажлын хөлс болон шатахууны төлбөр урьдчилан авсан, хяналтын төхөөрөмж түлш хэмжигч суурилуулсан үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

 

17. Хариуцагч ...ажиллах нөхцөл, хоол орон байраар хангах үүргээ биелүүлээгүй гадаа хүйтэнд машиндаа хонож ажиллаж байсан, суурилуулсан хяналтын төхөөрөмж нэхэмжлэгчийн хөрөнгө болох нь баримтаар тогтоогдоогүй, мөн хичнээн литр бензин шатахуун авч явсан талаар нэхэмжлэгч өөрийн баримт байдаггүй, шатахууны төлбөрийг жи пи эсийн тооцооллыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй, гэрээний дагуу хийсэн ажил, хийж гүйцэтгээгүй ажлын тооцоог гаргах ёстой байсан... гэх өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй.

 

18. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.2 гэрээний төлбөрийг явсан өдөр сараар нь баталгаажуулсан Замын хуудас болон жи пи эсийг үндэслэж тооцож олгоно, 2.9 гэрээний хугацаанаас өмнө захиалагч талаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэгч тал тээврийн хэрэгслийг буцаасан тохиолдолд захиалагч тал гэрээний 2.8-д заасан шатахууныг хариуцахгүй ба урьдчилан олгосон шатахууныг гүйцэтгэлийн төлбөрөөс хасаж тооцно, 2.13 захиалагч тал гүйцэтгэгчийн техникт жи пи эс суурилуулах ба гэрээт ажил дуусмагц жи пи эсийг буцаан авна гэх талуудын тохиролцоогоор хариуцагчийн тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна.

 

19. Хариуцагч гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзаж гэрээг дуусгавар болгосон үйлдэлд буруугүй болохоо нотлоогүй.

 

20. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5, 232.7, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нийт 10 616 418 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 861 194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

21. Хохирол төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцов.

 

Нэхэмжлэгчийн гарсан нийт зардал 38 626 000 төгрөг.

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ 31 548 387 төгрөг.

38 626 000 - 31 548 387 = 7 077 612 төгрөг хохирол төлбөрийн хэмжээ.

7 077 612 : 2 = 3 538 806 торгууль. 7 077 612+3 538 806 = 10 616 418 төгрөг.

 

22. Хариуцагч гэрээний хугацаанд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчсөн тул нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.2-т заасан хариуцлага буюу торгууль төлөхийг шаардах эрх үүссэн. Хуульд заасны дагуу торгуулийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн журамтай.

 

Нэхэмжлэгч торгууль нэхэмжлэхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаарх тоцооллоо тодорхой зааж ирүүлээгүй тул шүүх хохирлын үнийн дүнгийн тал хувиар торгуулийн хэмжээг тооцсныг тайлбарлах нь зүйтэй.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 340 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184 812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

24. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Баас хохирол төлбөр нийт 10 616 418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 861 194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Бын нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан гаргасан 2023.09.23-ны өдрийн №0 тоот Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлд бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 340 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 184 812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ