Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/00404

 

 

 

 

2024 01******* 101/ШШ2024/00404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: . ..............................тоот хаягт оршин суух Б.Б /РД: ..................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, тоот хаягт байрлах Г ХХК /РД: ................-д холбогдох

55,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* нь ХХК-тай 2020 оны 05 сарын 18-ны өдөр 020/05/20 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө захиалах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Талын сондор 80 айлын хотхоны 80 тоот, 41.9 м.кв талбай бүхий дотроо ариун цэврийн өрөө, халуун, хүйтэн устай, 4 улирлын зориулалттай байшинг 0,05 га газар эзэмших эрхийн хамт 39,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу Б.******* төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж 39,000,000 төгрөгийг ХХК-д төлсөн. ХХК нь 2020 оны 06 сарын 05-ны өдөр байшинг ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй ба 2020 оны 07 сард Б.******* байшинд нүүж орсон.

Нүүж орсноос хойш байшингийн хана нь хазайж, цуурсан. Ийм доголдол тус хотхоны нэг биш айлд үүссэн байсан. Иймд ХХК-ийг доголдлыг засаж өгөх хүртэл байшинг албан ёсоор хүлээн аваагүй ба 2020 оны 08 сар хүртэл доголдлыг засаж өгөхгүй байсан тул Б.******* бага насны хүүхдүүдийн хамт байшинд амьдрах боломжгүй учраас буцаад нүүсэн.

Б.******* хүүхдүүдийн хичээл эхэлсэнтэй холбоотой болон коронавирус халдвараас шалтгаалан тогтоосон хөл хорионы улмаас зуслан руу очих боломжгүй байсаар 2021 оны 03 сард зуслангийн байшиндаа очиход хотхон бүхэлдээ усанд автсан, орох боломжгүй, байшингийн суурь хөрсөндөө сууж, 2 өрөөний болон ариун цэврийн өрөөний хана нь газраасаа хөндийрсөн, гадна тал нь энд тэндгүй цуурч нурсан байсан.

Түүнчлэн газар эзэмших эрхээ өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэтэл газар нь ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн хооронд төлбөрийн асуудалтай гэх мэдээлэл өгсөн.

ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тул Б.******* гэрээнээс татгалзах хүсэлтийг гарган ХХК хүсэлтийг хүлээн авч байшинг буцаан авч цааш өөр этгээдэд худалдсан.

ХХК 39,000,000 төгрөгийг хуваан төлөх хүсэлт гаргасан бөгөөд Б.******* хүсэлтийг хүлээн авч 2021 оны 03 сарын 15-ны өдөр төлбөр буцаан шилжүүлэх гэрээ байгуулсан ба 39,000,000 төгрөгийг 2021 оны 05 сарын 25-ны өдрийн дотор 2 хуваан төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохирсон.

Гэтэл ХХК нь тохирсон хугацаандаа төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтрүүлж, бага багаар цувуулан 30,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд 9,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа.

Б.******* ХХК-ийн эд хөрөнгийн болон эрхийн доголдолтой байшин худалдсан буруугаас цаг хугацаа, мөнгөө алдаж өнөөдрийн байдлаар 4 улирлын байшингүй, төлбөрөө бүрэн эргүүлж авч чадахгүй байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ маш их өссөн үед дахин өөр байшин захиалах, худалдан авахад маш их хохиролтой байгаа.

Түүнчлэн Б.******* байшинд гал тогооны тавилга захиалан хийлгэж тавилгаа машин хөлсөлж зөөлгөх, нүүлгэлтийн байгууллагад мөнгө төлж нүүх, өвөлжиж чадалгүй буцаж нүүх, ХХК-ийн захирал утсаа авахгүй байсан тул олон удаа шатахуун зарцуулан Ар гүнт рүү очиж мөнгөө нэхэх зэрэг маш их зардал гаргасан.

2021 оны 03 сарын 15-ны өдөр байгуулсан төлбөр буцаан шилжүүлэх гэрээгээр төлбөрөө хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу алданги тооцохоор тохиролцсон ба өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 9,000,000 төгрөг, Иргэний хуульд зааснаар алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алдангид 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч ХХК-иас 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч "" ХХК-иас нийт 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч шүүхээс дуудахад сайн дураар ирэхгүй, албадан ирүүлж, улмаар хариу тайлбараа хугацаандаа өгөхгүй, байр сууриа илэрхийлэхгүй, төлбөрөө төлөхгүй цаг хугацаа хожиж чирэгдүүлсээр 3 жил болж байна.

Мөнгөө авч дуусгах талаар олон удаа уулзахдаа хэлж байсан ч өнөөдөр хүртэл төлөөгүй, мөнгөний ханш унаж, наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Иймд учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэлийн үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөг гаргуулах шаардлага болон үндэслэл нь хэвээр.

Гэрээний зүйл доголдолтой байсан тул Б.******* гэрээнээс татгалзсан, хариуцагч хүлээн зөвшөөрч төлбөрийн зарим хэсэг 30,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Хариуцагчийн буруугаас Б.******* зуслангийн байшингүй үлдсэн тул өөрт учирсан хохиролд 42,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэл гаргаж өмгөөлөгчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. Өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, Ар гүнт зуслан руу бид хотоос нүүж очиж, гэрээ бүрэн тохижуулан /фото зураг хавсаргав/ амьдарч байсныг захирал С. мэдэж байгаа.

Хариуцагч тал ямар доголдолтой /фото зураг хавсаргав/ байгааг дотор талаас үзэж байх үед Б.******* нүүж очоод тохижсон байсан. Хариуцагч "байшингаа чөлөөлж өгвөл зараад мөнгийг чинь өгнө гэхээр нь буцаж нүүсэн.

Мөн байшинг бусдад зарсан ч утсаа авахгүй, мөнгийг бүрэн өгөхгүй байсан тул 2 жилийн турш хотын төвөөс Ар гүнт рүү олон ч удаа мөнгөө нэхэж ирж очиж байсан ба байшинд тааруулан гал тогооны тавилга захиалан хийлгэсэн /фото зураг хавсаргав/ тул тээврийн зардал нь мөн тусдаа гарсан.

Иймд мөнгөө авах гэж ирж очиход зарцуулсан шатахуун, 2 талын нүүлгэлтийн зардал, гал тогооны тавилгын тээврийн зардалд нийт 500,000 төгрөг шаардаж байна.

Гэрийн тавилгаа үлдээсэн байсан бөгөөд байшин усанд автаж тавилгууд хөгцөрсөн ч үүнтэй холбоотой гарсан хохирлыг нэхэмжлээгүй.

Хариуцагчийн буруугаас болж гэрээ биелэгдээгүй бөгөөд байшингаа буцааж аваад засварлан бусдад худалдаж мөнгийг чинь бүрэн өгнө гэж гаргасан тул тухайн үед байшингаа авч үлдэх буюу барьцаалах боломжоо алдсан. Байшин байсан бол засуулаад өөрөө бусдад худалдаж эртхэн хохиролгүй болох боломжтой байсан.

Мөн байшинг буцааж авсан хэр нь мөнгийг бүрэн өгөөгүй, цувуулж өгсөн зэргээс шинээр байшин захиалах боломж хязгаарлагдаж, үнэ ханш нэмэгдэж, одоо хүртэл зуслангийн байшингүй байгаа ба одоо зуслангийн байшин хэд дахин үнэд орсон.

Б.******* 42 кв.м хэмжээтэй, өвөл зуны, дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун, хүйтэн устай байшинг эзэмшил газартай нь захиалахад гарах хэмжээний мөнгөөр өнөөдрийн байдлаар хохироод байгаа тул энэ хохирлоо шаардаж байна.

Судалж үзвэл одоогийн ханшаар дээрх байшинг /эзэмшил газрын үнэ ороогүй/ дунджаар 70,000,000-100,000,000 төгрөгөөр захиалахаар ба хамгийн бага үнээр тооцоод 70,000,000 төгрөгөөс буцааж авсан 30,000,000 төгрөгөө хасч үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Ийнхүү гэрээний үлдэгдэл 9,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас болж учирсан хохирол 42,000,000 төгрөг нийт 55,500,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл, 2020 оны 05 сарын 18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах гэрээ,

Захиалсан байшингийн чанар байдлыг харуулсан гэрэл зургууд, 2021 оны 03 сарын 15-ны өдрийн төлбөр буцаан шилжүүлэх тухай гэрээ,

Б.*******ийн нэхэмжлэлтэй "" ХХК-д холбогдох 24,845,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 10856 дугаар захирамж,

"" ХХК-ийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 2388 дугаар шийдвэр,

"" ХХК-ийн хаягийг олж тогтоосон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийг албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч "" ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн ба хариуцагч талд 2023 оны 06 сарын 13, 2023 оны 12 сарын 26-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч "" ХХК-д холбогдуулан 55,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2020.06.18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу төлсөн 39,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөг,

Алданги 4,500,000 төгрөг,

Өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг,

2 талын нүүлгэлтийн зардал 500,000 төгрөг,

42 м.кв талбай бүхий өвөл, зуны, ариун цэврийн өрөөтэй байшин /эзэмшил газрын үнэ ороогүй/ захиалах 70,000,000 төгрөг-30,000,000 төгрөг=40,000,000 төгрөг,

9,000,000+4,500,000+1,500,000+500,000+40,000,000 төгрөг/

 

Захиалагч Б.******* нь гүйцэтгэгч "" ХХК-тай 2020 оны 05 сарын 18-ны өдөр 020/05/20 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө захиалах, худалдан авах гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч " ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Талын сондор 80 айлын хотхоны 80 тоотын 41,9 м.кв талбайтай, 0.05 га эзэмшил газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 сарын 05-ны өдөр батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч нь гэрээ байгуулсан 2020 оны 05 сарын 18-ны өдөр гэрээний төлбөр 39,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд бүрэн төлж талууд харилцан тохиролцжээ.

/ХХ-ийн 4-8 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2020 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээнд талууд буюу захиалагч Б.*******, гүйцэтгэгч "" ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Гүйцэтгэгч "" ХХК нь 2020 оны 06 сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг барьж дуусган захиалагч Б.*******өд хүлээлгэн өгөх байсан хэдий боловч уг хугацаанд үүргээ биелүүлээгүй бөгөөд захиалагч тал 2020 оны 07 сараас захиалсан байшиндаа амьдарч эхэлсэн тухайгаа тайлбарласан бөгөөд гүйцэтгэгч үүнийг эсэргүүцээгүй.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээний 7.1-т гүйцэтгэгчийн үүргийн талаар заасан ба 7.1.1-т Барилга угсралтын ажлыг батлагдсан барилгын зураг төсөл, нарийвчилсан тооцооллын дагуу мөрдөгдөж байгаа барилгын хууль тогтоомж болон норм дүрэм, стандартад нийцүүөндөр түвшинд хийж гүйцэтгэж эзэмшил газрын хамт гэрээнд заагдсан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгнө гэж,

Гэрээний 8 дугаар зүйлд захиалагчийн санаачлагаар гэрээ цуцлах талаар заасан бөгөөд 8.1-т Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг дутуу буюу буруу, зураг төслөөс өөрөөр хийсэн, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, ажлын дутагдлыг засан сайжруулах шаардлагын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй,

10 дугаар зүйлийн 10.1-т Барилгыг захиалагчдын комисс хүлээн авч байнгын ашиглалтанд өгөх актаар баталгаажсан өдрөөс эхлэн 3 жилийн баталгаат хугацаатай байна гэж заажээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ,

мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байна.

Хариуцагч "" ХХК нь гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасан үүргээ биелүүлээгүй ба гүйцэтгэсэн барилгын ажил чанарын шаардлага хангаагүй бөгөөд захиалагч Б.******* нь байшинд нүүн орсон 2020 оны 07 сараас барилгын хана хазайн, цуурсан бөгөөд тэрээр 2020 оны 08 сар хүртэл хугацаанд доголдлоо арилгахыг гүйцэтгэгч талд мэдэгдсэн хэдий боловч үр дүн гараагүй тул захиалагч тал гэрээнээс татгалзсаныг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрчээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 сарын 21-ний өдрийн төлбөр буцаан шилжүүлэх тухай гэрээнд:

Б.******* нь 2020 оны 05 сарын 18-ны өдөр "" ХХК-тай үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах гэрээ байгуулж 41,9 м.кв, 0.5мга эзэмшил газартай 80 тоот үл хөдлөхийг 39,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэвч тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т заасан баталгаат хугацааны үед гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийн хана, шал хагарч сууриараар хөндийрсөн тул гэрээг худалдан авагч талын хүсэлтээр цуцалж гэрээний төлбөр 39,000,000 төгрөгийг 2021 оны 05 сарын 25-ны дотор төлбөр шилжүүлсэн данс руу буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцов.

04 сард 15,000,000 төгрөг,

05 сард 24,000,000 төгрөг төлнө. Хэрэв хугацаа хэтэрвэл хуулийн дагуу алданги тооцно гэж заасан байна.

/ХХ-ийн 9, 34-52 дугаар тал/

 

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан ба талууд төлбөр буцаан шилжүүлэх гэрээ байгуулан захиалагч тал үл хөдлөх хөрөнгийг гүйцэтгэгчид шилжүүлэн өгсөн бөгөөд гүйцэтгэгч 39,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээс 30,000,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.

Гүйцэтгэгч " ХХК нь захиалагч Б.*******өд 2021 оны 04 сард 15,000,000 төгрөг, 05 сард 24,000,000 төгрөг төлж төлбөрийг 2021 оны 05 сарын 25-ны дотор төлөхөөр, ийнхүү төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу алданги төлөхөө зөвшөөрсөн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд төлбөрийг 2021 оны 05 сарын 25-ны дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй " ХХК алданги төлөх үүрэгтэй.

-39,000,000 төгрөг-30,000,000 төгрөг /төлсөн/=9,000,000 төгрөг /үлдэгдэл төлбөр/,

-Алданги 4,500,000 төгрөг /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

Захиалагч Б.******* 2020 оны 07 сард байшинд нүүн орсноос хойш барилгын хана, шал хагарч, барилга сууриараараа хөндийрсөн тул тэрээр 2020 оны 08 сард Сонгинохайрхан дүүргийн 21-р хороон дах уг үл хөдлөх хөрөнгөөсөө нүүж, гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээнээс татгалзсан тул ийнхүү нүүлгэлтийн зардалд нэхэмжилсэн 500,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагч "" ХХК төлөх үүрэгтэй.

 

Мөн захиалагч буюу нэхэмжлэгч Б.******* нь гүйцэтгэгч "" ХХК гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гарган эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулан эрх зүйн туслалцаа авч байх тул өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөгийг мөн хариуцагч тал төлөх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Б.******* нь 42 м.кв талбай бүхий өвөл, зуны, ариун цэврийн өрөөтэй байшин /эзэмшил газрын үнэ ороогүй/ захиалахад 70,000,000 төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс гүйцэтгэгч талын буцаан шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хасч 40,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ хэмээн тайлбарласан бөгөөд энэ нь баримтаар нотлогдоогүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

Хариуцагч " ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

9,000,000+4,500,000+1,500,000+500,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч "" ХХК-иас 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч "" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 13, 2023 оны 12 сарын 26-ны өдрүүдэд тус тус гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 24-28, 70-74 дүгээр тал/

 

Хариуцагч "" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.д 2024 оны 01 сарын*******-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 21 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч "" ХХК-ийн эзгүйд, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч "" ХХК-иас 15,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 593,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "" ХХК-иас 235,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******өд олгосугай.

 

3. Тус шүүхийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 25877 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан хариуцагч "" ХХК-ийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 55,500,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН