Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Б.Эрдэнэбаяр /цахимаар/

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан

             Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал /цахимаар/

             Шүүгдэгч Д.Д /цахимаар/

                                                Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Халзан, Б.Ариунжаргал нарын гомдлыг үндэслэн Д.Дд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Д.Дд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан.

Д.Д нь 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэр ******* оршин суух Ё.Н-ын эд хөрөнгийг Д.Х, Г.Б, Ц.Д нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэмт хэргийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Д.Д-г зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8-н /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөн өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс Д.Д нь Г.Б, Д.Х, Ц.Д нарын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд гэмт хэргийг санаачилж зохион байгуулж гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож зэвсэг тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж найман жилийн хорих ялаар шийтгэсэн. 2022 оны 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би Д.Х, Г.Б нарыг танихгүй. Би өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж бодож байна. Надаас нэхэмжилсэн хохирол, гомдол байхгүй. Д.Х, Г.Б нарыг огт танихгүй, харин Ц.Д-тэй 2008 оноос хойш танил болсон юм. 2019 оны 06 дугаар сард Ц.Д бид хоёр Хэнтий аймгийн Норовлин сум руу алтанд явсан юм. Очсон газраа хоноглож амарч байхдаа Ц.Д надад Өмнөговьд нэг агуу дотор нэг том бурхан байдаг айхтар догшин түүнийг тэндээс авч болдоггүй юм гэнэ лээ гээд домог шиг юм ярихаар нь яриандаа холиод манай хамаатныд жинхэнэ догшин эртний алтан бурхан байдаг гээд хэлсэн. Гэтэл Ц.Д тэр бурхан чинь хаана байдаг юм гэж асуухад нь Хархоринд гэж хэлсэн. Тэр үед Ц.Д-д бурхны тухай ярьсандаа харамсаж явдаг. Ц.Д-г гэмт хэрэгтнүүдтэй очоод дээрэмдэнэ гэж даанч бодсонгүй. Д.Х, Г.Б, Ц.Д нартай тусгайлан уулзаж зааж, зурж өгсөн зүйл огт байхгүй. Ц.Д батлан даалтад байхдаа над руу хааяа залгаад уулзах хэрэг байна гээд байн байн яриад байсан. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын үеэр манайд хүрээд ирсэн. Чи хохирогч нартай яриад гомдолгүй гэж хэлүүлээд өгөөч гээд гуйгаад байсан. Хохирогч гомдолгүй гэвэл найз нь бага ял аваад өршөөлөөр гарчихна. Энэ бурхныг Д.Х өмнө нь төлөвлөсөн байсан юм байна билээ. Тэгэхээр надад хөнгөн тусна гэж байсан. Би хохирогч Гантөгс рүү нэг удаа ярьсан нь үнэн. Манай найз байгаа юм. Танайх бурханаа олоод авсан юм чинь гомдолгүй гээд хэлж болдоггүй юм уу гэхэд Гантөгс би мэдэхгүй ******* мэднэ гэсэн. Дахиж би яриагүй. Ц.Д над руу байн байн залгаад мөнгө зээлээ ч гэдэг болсон. Эхнэр нь хүртэл ярина. Би сүүлдээ чамд өр байхгүй гэж хэлсэн чинь чи намайг анх цагдаад барьж өгсөн би мэдэж байгаа. Чамайг мөнгө өгөхгүй бол Д.Х тэй ярьж хэрэгт татуулна гэж байсан. Энэ хулгайч нар худал яриад л хэнийг хэрэгтэн болгох үгүйгээ мэддэг бол хэцүү юм байна, шүүх үнэн зөвийг ялгах байлгүй гэж би Ц.Д-д хэлсэн. Хохирогч ******* надаас нэхэмжилсэн хохирол, гомдол саналгүй гэсэн байдаг. Би хохирогч *******ийг шүүх хуралдаанд суугаад үнэн учраа хэлээд өг гэдэг. Гэтэл надтай уулздаггүй зугтдаг болсон. Хохирогч ******* гэрч нарын нөлөөлд автсан гэж үзэж байна. Ц.Дтэй эхнэр нь Хурц-Эрдэнийн дүү хоёр нэг бус удаа хохирогч *******тэй уулзахаар ирсэн гэдгийг манай хамаатан ах дүү нарын хооронд яригдаж байгаа. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. Ц.Д-г би даан ч ийм муу хүн гэж бодоогүй. Өмнө нь шоронд явж байсан гэдгийг мэднэ. Энэ нөхөд тухайн үед яагаад хэлээгүй, өнгөрсөн хойно шоронгоос өргөдөл бичих болов. Д.Х гэдэг нөхөр бол хүнийг юу ч гэж хэлж мэдэх аймар хүн байна. Нэг бус удаа бурхан хулгайлж дээрэмдэж байсан хүн юм байна. Би өөрийнхөө задгай амнаас болж  Ц.Д-д дэмий юм ярьсандаа харамсаж байна. Би энэ аймар гэмт хэрэгтнүүдийн золиос болсондоо маш их харамсаж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдож 8-н жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид шүүгдэгч Д.Дд ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Д.Д-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг огт үнэлэлгүйгээр зөвхөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд тухайлбал ялтан Ц.Д, Д.Х, Г.Б нарын мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Д.Д-д 8-н жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх нь Д.Дд ял шийтгэл оногдуулахдаа зөвхөн ялтан Ц.Д, Д.Х, Г.Б, хохирогч Б.Д, гэрч Э нарын мэдүүлгээр хорих ял оногдуулсан. Энэ хэргийн хамгийн гол гэрч У.Ц.Дгийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт анхнаасаа авагдсан. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хархорин сум дундын шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.Д мэдүүлэхдээ Д.Д нь энэ хэрэгт ямар хамааралгүй гэсэн мэдүүлэг байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.Д мэдүүлэхдээ Д.Д гэж захиалагч байхгүй. Энэ талаар мэдээгүй гэж мэдүүлдэг. Энэ 3-н шүүгдэгч нь шүүхээс ял авсны дараа Д.Дг энэ хэрэгт гүтгэж энэ хэргийг зохион байгуулсан гэж удаа дараа прокурорт гомдол гаргасан. Прокурор гомдлыг хүлээн авч хэргийг сэргээсэн. Д.Д уг хэрэгт холбогдолгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Шүүгдэгч Д.Д-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 8-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн байдаг. Шүүгдэгч Д.Дг тухайн айлын эд зүйлийг унтаж байхад нь хулгайлаад аваад ир хэмээн зааж өгсөн гэж Д.Х, Г.Б, Ц.Д нар мэдүүлдэг. Гэмт хэрэг болсон айлд нэг дүлий эмгэн, нэг хүүхэд байгаа шөнө утсаа оролдож байгаад шөнө 1-ээс 2 цагийн үед унтчихна тэгээд та нар үүрээр 4-өөс 5 цагийн үед нам унтаж байхад нь тус бурханыг хулгайлахад тохиромжтой шүү гэсэн мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд Зөрж гүйцэтгэх талаар хуульчилсан байдаг. Мөн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй байхаар хуульчилсан. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй байхаар хуульчилсан.

Д.Х, Г.Б, Ц.Д нар мэдүүлгийг үнэлэхэд анх тус гэмт хэрэгт нь дээрэмдэх биш хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн байдаг нь тодорхой харагддаг. Тухайн гэмт хэрэг үйлдэх явцад гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдүүд тохиролцсон өөр гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд гэмт хэргийн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн арга, тохиролцсон тохиролцоо, санаа сэдэлтийг анхааран зөв дүгнэн, гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог харгалзан зөв зүйлчлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Д.Д нь тухайн айлаас бурханыг дээрэмдээд аваад ирэх талаар Д.Х, Г.Б, Ц.Д нар мэдүүлэг өгөөгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх талаар хуульчилсан байдаг.

Д.Д хэлэхдээ би Д.Х, Г.Б нарыг танихгүй, харж байгаагүй, Ц.Д-г таньдаг. Хамаатныхаа хүнтэй хамт явж байхдаа тэр бурхны талаар санаандгүй ярьж байх явцад Ц.Д сонсоод Д.Х, Г.Б нартай хамтраад тэр дээрмийн хэргийг үйлдсэн байна гэдгийг Д.Д хэлж байна. Д.Х, Г.Б нар анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад мэдүүлэг өгөхдөө Д.Д гэх хүнийг танихгүй. Ц.Дгийн найз гэж хэлдэг хэрнээ Д.Д гэдэг хүн байгаа гэдэг талаар байнга хэлж байсан. Д.Х Д.Д-г гэж мэдүүлж байгаа нь хэргийг удаашруулах хэргээс мултрах, хэргийг шүүх хуралдаанаар прокурорт буцаах зорилготойгоор ашиглаж байсан. Хэрэг нь эцэслэгдээд шийдэгдсэний дараа Д.Х нь Д.Д-г танихгүй, уулзаж байгаагүй, хүмүүс уулзаж байсан мэтээр яриад эхэлдэг. Худал мэдүүлэг өгч байгаа хүмүүсийн сүрдүүлгээр холбогдуулан шүүж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэж хуульчилсан. Д.Х, Г.Б, Ц.Д нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн нь тодорхой харагдаж байдаг. Ц.Д нь Д.Д-гаас тухайн бурхны мэдээллийг авсан болох нь хавтаст хэргээс харагддаг. Харин ямар нэгэн байдлаар хулгай хийгээд ир гэдэг байдлаар мэдээлэл өгөөгүй гэдэг нь нотлогдож байдаг. Магадгүй хулгай хийгээд ир гэдэг мэдээлэл өгсөн гэж бодоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй байхаар хуульчилсан. Тийм учраас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул эрүүгийн хуулийг зөв хэрэглэж өгөхийг хүсэж байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдлуудад гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Боржигон овгийн Д.Д-гийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр нэмэгдэн оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Д-гийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гомдолтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Д-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар гэм буруутайд тооцож 8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х, Г.Б, Ц.Д нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг ******* оршин суух иргэн Е.Намжимын гэрт нэвтэрч “Ямандаг” “Дамдинчойжоо” нэртэй 2 ширхэг бурханыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 31 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхээс Д.Х, Г.Б, Ц.Д нарын үйлдлийг шүүгдэгч нар энэхүү хэрэгт Д.Д гэх хүнийг хамтран оролцсон талаар гомдолдоо дурдсан байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан, түүнчлэн шүүх хуралдааны шинжлэн судалсан баримтууд, үүнтэй холбоотой баримт авагдаагүй байх бөгөөд хяналтын шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь Д.Д-гийн үйлдэл оролцоо байхгүй талаар дүгнэлт хийсэн байдаг.

Мөн хохирогч Б.Д нь Д.Х, Г.Б, Ц.Д нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний ээжийн “Ямандаг, Дамдинчойжоо” бурхадыг дээрэмдсэн хэргийг зохион байгуулсан хүнийг олж өгнө үү гэх өргөдлийг гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 21.5 дугаар зүйлд заасан “Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан байж болзошгүй байна. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Тайвангийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх-33-34/ талд “...би Д.Хурц-Эрдэнийг таньдаг. Ц.Д, Д.Г.Б нарыг танихгүй. 2019 оны сүүлээр миний шоронд гал хам байсан Д.Х Хархорин сумаас нэг айлаас бурхан дээрэмдсэн хэрэгт орооцолдсон талаар надад хэлсэн”, “.... Тийм болохоор тэр Ц.Д, Д.Х нар хаанаас найз гэдгийг нь олж мэдсэн юм бүү мэд, *******ийг найзаар нь гуйлгах гэж байгаа санаа юм байсан. Би Норовоог эчнээ таньдаг болохоор надаар дамжуулж Норовоотой уулзуулж *******ээс ялыг нь хөнгөрүүлэх талын юм гуйлгасан. Би Норовоотой ******* дээр 2019 оны сүүлээр очиж Д.Х, Ц.Д, Г.Б нарын хэрэгт ялыг нь хөнгөрүүлэх арга тал юу байна гэж гуйсан”, “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би хүүхэдтэйгээ ******* гэдэг эмэгтэй дээр очсон. Учир нь урд өдөр нь Д.Х над руу яриад 2 сая төгрөг, машин өг гээд хэлээд гуйгаадах гэж надад хэлсэн. Би Б.Д дээр очоод тэрийг нь хэлсэн”, “...би Ц.Д-г танихгүй, би Д.Хтэй найз байгаа юм. Миний найз Д.Х-тэй хамт хэрэгт орооцолдсон хүн нь Ц.Д юм байна лээ. Хотод сүүлд Ц.Д-тэй нэг уулзаж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.А-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “...тэгээд энэ хэд хүн хэрэг хийсэн гээд яриад байсан”, “тэгээд нэг эмэгтэйгээс хэрэг хөнгөрүүлэх талаар гуйж байсан. Би гараад явчихсан. Тийм л юм болсон” гэх мэдүүлэг, /1 хх-33-34/, гэрч О.Н-гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн “...ирж уулзаад миний найз Б.Д ээжийнх нь гэрт байсан бурхадыг дээрэмдсэн хүмүүсийг яриад тэд нарын хэргийг хөнгөрүүлэх, ялыг багасгах зорилготой гуйлт байна гэсэн. За ямар юм яриад байна гэсэн чинь та Б.Дтэй сүрхий найз гэсэн. Мөн тэр дээрэмдэх гэмт хэргийг хийсэн хүнийг хутга бариагүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. Тэр хүмүүс нэг архитай ирсэн 0,75 граммтай архи байсан. Нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид архийг нь хувааж уучихаад Хархорин сум руу Б.Д-тэй уулзахаар явцгаасан. Очоод уулзуулж өгсөн. Б.Тайван гэдэг залуу Б.Дтэй уулзсан”, “...тухайн үед Б.Т 2 сая төгрөг өгье, машин өгье гээд байсан” гэх мэдүүлэг /1 хх-37-38/ гэх мэдүүлэг зэргээс үзэхэд ялтан Д.Х, Г.Б, Ц.Д нарын зүгээс бусдаар дамжуулан хохирогчид нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэдэг. Гэтэл /1хх-162-164/ талд яллагдагч Д.Х анхан шатны шүүхэд хандаж Д.Д-г тухайн хэрэгт захиалагч хэмээн өргөдлийг гаргаж эхэлж, уг өргөдлөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ялтан Г.Бэс /1хх-203/, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д.Хэс /1хх-204/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.Бэс /1хх-243/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.Хурц-Эрдэнийн /2хх-49/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Бэс /2хх-52/, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Бэс, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Бэс, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.Бэс, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Г.Бэс, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.Хэс тус тус удаа дараа хэрэг шүүхийн шатанд очсон цагаас хойш хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, Д.Д-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах зорилготой байсан нь илтэд харагддаг. Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад ялтан Д.Х, Г.Б, Ц.Д нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан нь Д.Д-гийн талаар худал мэдүүлгүүдийг өгсөн. Үүнд: жишээ дурдвал:

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Хэс гэрчээр мэдүүлэг авахад “...би Д.Д гэх хүнийг танихгүй” /1хх-51-52/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Хэс дахин мэдүүлэг авсан “...хэрэг учрал гарсан цагаас 2 гаруй сарын өмнө Д.Х, Ц.Д, бид 2 Д.Х байгаагүй Д.Д-тай Улаанбаатар хотын 1-р хорооллын Сонгино Хайрхан дүүргийн Замын Цагдаагийн зогсоол дээр уулзсан”, “анх хэрэгт холбогдсон шалгагдах үед Ц.Д нь Д.Д гэх хүнийг хэлж болохгүй шүү, олон нялх хүүхэдтэй хүн учир гээд мөрдөнд хоригдож байх үед хэлж гуйсан юм” гэх мэдүүлгийг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.Хэс “...Ц.Д хэлээд яах юм, хүн нэмэгдвэл хэрэг хүндэрнэ гээд байсан юм. Мөн захиалагч гэж хүн гараад ирвэл ял их авна гээд байсан учир хэлээгүй юм” “...хэрэг гарах үеэс 2 сарын өмнө Хархорин явах талаар ярилцаж байх үед Мөнхбаатар хамт явна гэж ярилцаж байсан юм” гэх 3 удаагийн мэдүүлэг тус тус зөрүүтэй.

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Н.Г.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...би Д.Дг огт хараагүй", “...Д.Д гэдэг хүнийг бурхан дээрэмдсэн 1927001990065 дугаартай хэрэгт хамтран шалгуулмаар байна” гэх, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Н.Г.Б дахин гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...хэрэг учрал гарсан цагаас 2 гаруй сарын өмнө Д.Х, Ц.Д, бид 2 Д.Х байгаагүй Д.Д-тай Улаанбаатар хотын 1-р хорооллын Сонгино Хайран дүүргийн Замын Цагдаагийн зогсоол дээр уулзсан” “...анх хэрэгт холбогдсон шалгагдах үед Ц.Д нь Д.Д гэх хүнийг хэлж болохгүй шүү, олон нялх хүүхэдтэй хүн учир гээд мөрдөнд хоригдож байх үед хэлж гуйсан юм” “...Мөнхбаатар Хархорин сум руу явна гэж ярьж байгаад 2019 оны 08 дугаар сарын 10-ны үеэр цагдаад баригдаж 461 дүгээр хорих ангид хоригдсон” гэх 2 удаагийн мэдүүлгүүд зөрүүтэй.

2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ц.Д-гийн гэрчээр өгсөн “...бид нар Ё.Н-ын бурхадыг хулгай хийж авах гээд үйлдэл хийх үедээ ямар нэг байдлаар гар утсаараа холбогдож тусламж авч байгаагүй, би Д.Д-тай огт яриагүй, ямар нэг байдлаар холбогдоогүй. Би сайн санаж байна ...би энэ бурхадыг Д.Х, Г.Б нарт ярьж байсан”,/1хх-57-58/ 2021.09.08-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...одоо миний санаж байгаагаар 2019 оны 06 дугаар сарын үед хэрэг үйлдэх өдрөөс 2 сарын өмнө Г.Б бид 2 Д.Д-тай УБ хотод 1-р хороололд уулзсан”, ...Ё.Нын гэрт нэг 10 настай охин байсан, “...Г.Б бид 2 Д.Дтай Драгон дээр уулзаж, Д.Х, Г.Б нарын амьдарч байсан нийтийн байранд очсон. Ё.Н гэх айлын гэрийн хаягийг цагаан бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар зураад схем зураглал хийж надад өгсөн” гэх 2 удаагийн мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажилагааны явцад мөрдөгч болон прокурорын зүгээс Д.Х, Г.Б, Ц.Д нараас мэдүүлэг авч, түүнийг шүүх үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” нөхцөл байдлыг харгалзахгүйгээр зөвхөн өөрсдийнхөө хэргийн нөхцөл байдлыг сөрөг байдлаар ашиглаж хуульд заасан нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах санаа зорилгыг анхааралгүйгээр гэрчээр мэдүүлэг авч, бусдын эрх ашгийг хөндөх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүх яагаад Д.Х-ийн 3-н удаагийн Ц.Д болон Г.Б-ийн зөрүүтэй мэдүүлгийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлгийг үнэлэх болсон талаараа бодитой тайлбар хийгээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021.02.17-ны өдөр хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс 05 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор Б.Дээс гаргасан өргөдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэж хэргийг хааж шийдвэрлэсэн байтал ялтан Г.Б /хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн/ этгээд Хорих-423 дугаар ангиас гомдол бичсэнээр Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурор н.Эрхэмбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Д-ийн зүгээс гомдол гаргаагүй байхад өөртөө давуу бий болгохоор байсан гэрч Г.Б-ийн гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь ихээхэн анхаарал татаж байна /1хх-214-246/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон бусад хөрөнгийн бус хохирол хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан. Гэтэл тухайн үйл баримт Ё.Н-ын гэрт болж байгаа бөгөөд яагаад Ё.Н гэх хүнийг хохирогчоор тогтоогоогүй нь ойлгомжгүй байгааг анхаарах зэрэг нөхцөл байдлууд байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал заасан байдаг. Үүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр болсон үйл явдлыг сэргээн дүрслэх замаар гэм буруугийн асуудал яригддаг. Энэ үйл явдал юунаас эхлэлтэй вэ гэхээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анх шийтгэх тогтоол гардаг. 2020 оны 03 дугаар сард Д.Х, Г.Б, Ц.Д гэх гурван хүн яллагдагч статусаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ордог. Хэрэг 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан. Үүнээс хойш 2020 оны 03 дугаар сар гээд тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаад 2020 оны 09 дүгээр сараас Г.Б цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Дээд Шүүхээс дүгнэлт хийсэн. Энэ хэрэгт Д.Д гэдэг хүний оролцоог шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын гаргаад байгаа гомдол нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Д.Д-гийн оролцоо байхгүй байна гэдэг нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Гэтэл 2020 оны 04 дүгээр сард захиалагч байна гэсэн зүйл яригддаг. Хэрэгт авагдсан баримтаар яагаад захиалагч гэдэг нөхцөл байдал үүсэх болов гэхэд гэрч Тайван, Амгаланбаатар, Норовсамбуу нар хохирогч Б.Д дээр очиж нөлөөлдөг. 2000000 төгрөг, тээврийн хэрэгсэл машин өгье гэж хэлдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хохирогчийн эрхэд халдаж хохирогчид нөлөөлж байна. Хохирогчид нөлөөлөөд хохирогч гомдол гаргасан нөхцөл байдал хэрэгт харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д гэдэг хүн анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө би шүүх хуралдаанд сууна гэж ярьж байснаа гэм буруугийн шүүх хуралдаан буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд суухаа больчихдог. Энэ нь талуудын мэтгэлцээн буюу асуулт, хариулт тодорхой нөхцөл байдлыг асуух гэхээр хохирогч нь байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 зүйлд заасан мэдүүлгийн эх сурвалжаа заах этгээд байхгүй болчихсон. Яагаад нөлөөлөх болсон бэ гэвэл Д.Х гэдэг хүний гал хам болох Тайван гэдэг хүнээр нөлөөлүүлээд байгаа. Дээрх гурван этгээд маань 3 сар орчим хоригдчихсон. Тэр гурван этгээд гараад мэдүүлгээ нийлүүлэх боломж үүссэн байдаг. Шүүхээс нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд нотолгооны ач холбогдолтой хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан цэгнэж, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлыг ухамсрын удирдлага болгон үнэлж шийдвэрлэдэг. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол дээрээ зөвхөн гэрч хохирогч нарын мэдүүлгээр Д.Дг гэм буруутай гэж тогтоодог. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон баримт нь хохирогч Б.Дийн мэдүүлэг, гэрч Эрдэнэцэцэг, Энхжаргал, Г.Б, Д.Х, Ц.Д, Бямбасүрэн нарын мэдүүлгүүдийг эх сурвалжаа болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрч гэдэг нь хэргийн бусад оролцогч гэж заасан. Гэтэл Г.Б, Ц.Д, Д.Х нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагч гэдэг статустай байж байгаад шүүгдэгч болоод хэргээ шийдүүлсэн хүмүүс юм. Нэг нь өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй этгээдүүд, нэг нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэйгээ танилцаад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлээд хэргийн үйл баримтыг мэдэх этгээдүүд мэдүүлэг өгч байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэрэгт Д.Х анх мэдүүлэг өгч байгаа. Д.Хэс мэдүүлэг авахад би Д.Д гэх хүнийг танихгүй гэдэг. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2 дахь удаагаа хорих 415 дугаар ангиас  мэдүүлэг авахад Д.Х, Г.Б хоёр нэг хорих ангид ял эдлээд байгаа. Хархорин суманд шилжүүлж аваачаад гэрчийн мэдүүлэг авахад хэрэг учрал гарсан цагаас 2 сар гаруй хугацааны дараа Д.Д-тай Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол Замын цагдаагийн зогсоол дээр уулзсан гэж мэдүүлдэг. Анх уулзаж байгаагүй гэж мэдүүлсэн байж 2020 оны 04 дүгээр сард өгч байсан мэдүүлэг нь 1 жил 4 сарын дараа уулзсан болоод мэдүүлсэн. Ялтан хүмүүст хууль сануулж гэрчийн мэдүүлэг авч байгаа нь хэрэгт саад учруулж байгааг олж хараагүй. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.Хэс Ц.Д-г яах юм бэ, хүн нэмэгдвэл хүндэрнэ. Мөн захиалагч гэж хүн гараад ирвэл ял их авна гээд байсан гэсэн мэдүүлэг өгдөг. Гурван удаагийн мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй болж байна. Мөн ялтан Г.Б гэрчээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэг өгөхдөө Д.Дг хэрэгт огт хамаагүй гэж мэдүүлдэг. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.Х-тэй нэг өдөр мэдүүлгээ дахиад өгөхдөө хэрэг учрал гарсан цагаа 2 сарын өмнө Д.Х, Ц.Д бид хоёр Д.Х байгаагүй Д.Дтай Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаа дээр уулзсан. Анх энэ хэрэгт шалгахдаа үедээ  Ц.Д гэдэг хүн нь Д.Д гэдэг хүнийг хэлж болохгүй шүү олон  нялх хүүхэдтэй хүн шүү гэж мөрдөнд хоригдож байхдаа хэлж гуйсан гэдэг. Г.Б чинь дахиад Мөнхбаатар гэдэг хүнийг оруулж ирнэ. Мөнхбаатар Хархорин сум руу явна гэж байгаад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цагдаад баригдаад 461 хорих ангид хоригдсон гэх мэдүүлгийг өгдөг. Б-ийн мэдүүлгээр анх бурхан хулгайлахдаа гурвуулаа биш дөрвүүлээ явахаар төлөвлөж байсан гэж ярьж байсан. Мөнхбаатар 425 дугаар хорих ангид байхдаа гэрчээр мэдүүлэг өгч байсан. Би Д.Х, Г.Б гэх хүмүүсийг огт мэдэхгүй гэсэн мэдүүлгийг хавтаст хэрэгт мэдүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ц.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө Бид нар бурхныг хулгай хийхдээ ямар нэгэн байдлаар гар утсаараа холбогдож тусламж авч байгаагүй. Би Д.Д-тай огт яриагүй, холбогдоогүй сайн санаж байна гэж мэдүүлдэг. Би бурхныг Д.Х, Г.Б нарт ярьж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу нөгөө хоёр нь 08 дугаар сарын 23-ны өдөр  гэж мэдүүлдэг. Мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 08 дугаар сарын 03-наас 9 сард мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг нь адилхан байдаг. Г.Б бид хоёр Д.Д-тай “Драгон” дээр уулзаж Д.Х, Г.Б нарын хамт амьдарч байсан нийтийн байранд очсон. Намжил гэх айлын гэрийн хаягийг нь цаасан дээр цэнхэр өнгийн балаар схем зураг хийж өгсөн гэж ярьсан байдаг. 2020 оны 08, 09 сард өгөөд байгаа дээрх гэрч нарын мэдүүлэг  дээр дээрэм хийх газар зүйн байршлаа схем хийгээд зураад байгаа. Цэнхэр балаар гэдгийг гурвуулаа тод хэлдэг. Мөн нэг нь урж хаясан, нэг нь машинаас алга болсон гэж мэдүүлгийн эх сурвалжаа үгүйсгэж ярьдаг. Д.Д  Намжилын гэрт 10 настай охин байдаг гэж яриад байдаг. Харин хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн гэрт байсан охин 18 настай гэж мэдүүлгийн эх сурвалж зөрдөг. Хэрэг гарсан цаг хугацаанд 16 настай байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын зүгээс Д.Х, Г.Б, Ц.Д нараас мэдүүлэг авч түүнийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй нөхцөл байдал харгалзахгүйгээр зөвхөн хэргийн нөхцөл байдлыг сөрөг байдлаар ашиглаж хуульд заасан нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах санаа зорилгыг анхааралгүйгээр гэрчээр мэдүүлэг авч бусдын эрх ашгийг хөндөх боломжгүй. Мөн анхан шатны шүүх яагаад Хурц-Эрдэнийг 3-н удаагийн болон Ц.Д, Г.Б нарын хамгийн сүүлд өгсөн мэдүүлгийг үнэлэх болсон талаар бодитой тайлбар хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт Д.Х, Ц.Д, Г.Б, Эрдэнэцэцэг, Энхжаргал Б.Д нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг няцаасан баримт байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл 2, 3-н удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байгаа. Хэргийн бодит байдлыг тогтоох ямар нэгэн тайлбар хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны  02 дугаар сарын 17-ны өдөр хяналт тавьж буй прокурорын зүгээс 05 дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоос *******ээс гаргасан өргөдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэж хааж шийдвэрлэсэн байтал гэрчээр оролцсон ялтан Г.Б хорих 423 дугаар хорих ангиас гомдол бичсэнээр Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурор Эрхэмбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг зөрчиж  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь хохирогчоор тогтоогдсон *******ийн зүгээс гомдол гаргаагүй байхад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гэрч Б-ийн гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь эрх ашиг нь хөндөгдөөд байгаа хүний эрх хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг зөрчөөд ялтан Бат-Эрдэнийн гомдлыг хүлээж аваад хэрэг бүртгэлтийн ажиллагаа дахин нээгээд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг нь гэрчээс гомдол гаргасныг шаардахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ хуульчилсан. Д.Х, Г.Б нарын хэрэгт ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэргийн үйл баримтыг ярихад Намжил гэдэг хүний гэрт ороод байгаа. Н-ын эрх ашиг хөндөгдөөд байгаа яагаад ******* гэдэг хүнийг хохирогчоор тооцоод байгаа юм. *******ийн мэдүүлэгт би ээжийндээ хонох гэж ирэхэд хэрэг гарсан гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох тодорхой зохицуулалт байгаа үүнийг зөрчсөн... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хохирол хор уршгийг тооцоогүй байна. Энэ дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд огт нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгдэгч Д.Д-гийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзангийн зүгээс яллах дүгнэлт үйлдэгдсэн Д.Х, Г.Б, Ц.Д нарын мэдүүлгээр хэргийг шийдсэн нь үндэслэлгүй байна. Хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Шүүгдэгч Д.Д-гийн гэм бурууг баталж байгаа гэрч гээд гурван хүн байдаг. Зөвхөн энэ гурван хүний мэдүүлгээр буруутгасан зүйл байхгүй. Энэ гурван хүний мэдүүлж байгаа үйл баримтыг бусад гэрчүүдийн үйл баримттай нийцүүлээд гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Өмгөөлөгч Ариунжаргалын гаргасан шүүгдэгч Д.Д нь Д.Х, Г.Б, Ц.Д нарыг хулгай хийлгэхээр явуулсан. Зөрж үйлдэхдээ дээрмийн гэмт хэрэг хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд заасан зөрж гүйцэтгэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Анх Д.Д нь зохион байгуулсан. Д.Х, Г.Б, Ц.Д нар  тухайн бурхныг авахаар очсон. Тухайн үед хүн байж таараад дээрмийн хэрэг рүү шилжээд бурхныг аваад явсан. Зөрж гүйцэтгэх гэдэг нь тухайн объектоос өөр гэмт хэргийг үйлдсэн буюу тухайн үед хүнийг нь цохиж унагаасан, алсан, ийм гэмт хэрэг үйлдээд гэм буруутайд тооцогдох юм бол зөрж гүйцэтгэсэн байна гэж ойлгоно. Д.Х, Г.Б, Ц.Д нарын үйлдэл бол тухайн бурхныг авахаар очоод сүүлдээ тэр нь дээрмийн гэмт хэрэг болсон байна. Д.Дгийн оролцоог зөрж гүйцэтгэсэн байна гэж хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. О.Санчирбал өмгөөлөгчийн хувьд мэдүүлгийн зөрүүтэй, яллагдагчаар хамт шалгагдаж байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч Д.Дгийн гэм бурууг нотолсон байна гэсэн гомдол гаргасан. Анх Д.Х, Г.Б, Ц.Д нарын хэрэг анх дээрмийн хэргээр шалгагдаад явж байхад Д.Д гэдэг хүний хамтарсан оролцоог шалгуулъя гээд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргасан. Яллагдагчийн мэдүүлгээр хүнийг буруутгаж болохгүй, харин Д.Дгийн үйлдлийг тусад нь шалгаад 2020 оны 04 дүгээр сард 202700070 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мэдүүлгүүдийг нь шалгасан. Д.Х, Г.Б, Ц.Д нарын үндсэн мэдүүлгээс гадна хохирогч ******* болон гэрч Эрдэнэцэцэг, Энхжаргал, Тунгалаг нарын өгсөн мэдүүлэг дээр энэ гурван хүний хэлсэн үйл баримтаар Д.Дг тухайн үед Хархорин суманд байсан, мэдээлсэн, урьд нь ямар зорилготой ирсэн, Намжим гэдэг айлд ороод Бямбасүрэн гэх хүүхдийнд нь очиж хоносон зэрэг нь гэрч Энхжаргалын мэдүүлгээр тогтоогддог. Мөн Д.Д-гийн хүүхэд нь сургуульд орох болсон учир мөнгө хэрэг болоод тухайн бурхныг хулгайлаад хувааж авна гэсэн санал санаагаа хуваалцсан асуудал нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцсон.  Ийм учраас шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Д.Халзан, Б.Ариунжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Д.Халзан, Б.Ариунжаргал нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-г 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* багийн нутаг дэвсгэр ******* оршин суух Ё.Н-ын эд хөрөнгийг Д.Х, Г.Б, Ц.Д нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэгт оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх түүнийг зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8-н /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалтын алийг нь журамласан эсэх нь тодорхойгүй байдлаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1-д заасан яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Д-г зохион байгуулагчаар хамтран оролцож бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Д “миний ээжийн Ямандаг, Дамдинчойжоо бурхадыг дээрэмдсэн хэргийг зохион байгуулсан хүнийг олж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна. /1 хх-22/

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Дийг уг хэрэгт хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан бөгөөд “миний ээж *******ын гэрээс дээрэмдүүлсэн Ямандаг, Дамдинчойжоо бурхад бол Тогооч гэж байсан хүний бурхад биш. Манай ээжийн талын аав, ээжээс нь өвлөгдөж ирсэн бурхад байгаа юм” /1 хх-26-27/ гэж мэдүүлсэн байдаг ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолтой Д.Х, Г.Б, У.Ц.Д нарт холбогдох хэрэгт Ё.Н-ыг хохирогчоор тогтоосон байхад энэ хэрэгт гомдол, мэдээлэл гаргасан Б.Д-ийг хохирогчоор тогтоосон нь буруу болжээ.  

Иймд Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Д болон түүний өмгөөлөгч Д.Халзан, Б.Ариунжаргал нараас гаргасан давж заалдах гомдлуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Д-д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.