Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2024/00594

 

 

 

 

 

 

 

 

2024 01 25 101/ШШ2024/00594

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, Очирбатын д /РД: / холбогдох

5,100,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О. нь 2022 оны 01 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар ХХК-ийн бүхээгийн хэсгийн агаарын хөлгийн үйлчлэгчээр туршилтын 3 сарын хугацаагаар томилогдсон. Улмаар ХХК нь О.тэй 2022 оны 05 сарын 30-ны өдөр 2022/1******* тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.7, 1.4 дэх заалтыг үндэслэн сургалтын нэмэлт нөхцлийг тусган хөдөлмөрийн гэрээний дагалдах сургалтын гэрээг О.тэй 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан.

Сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Компани өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын Turkish training center төвд А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion /2 өдрийн/ сургалтанд хамруулан түүний сургалтын нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулна гэж заасан.

Манай компани энэхүү гэрээний үүргийн дагуу 2022 оны 06 сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 222 тоот тушаал гарч тушаалын хавсралтаар О.Номин-Эрдэнийн сургалтын төлбөрт 445.77 ам доллар, тийзний төлбөрт 805 ам доллар, хоол, байр, унааны төлбөрт 3,028,830.77 төгрөг, нийт 7,418,030.15 төгрөгийг Turkish training center төвд төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар ажилтан тухайн компанид үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд гэрээгээр харилцан тохиролцсон.

Энэхүү хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зарддлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтаны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гарах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана гэж заасны дагуу талууд сургалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаны дараа /5 жил/ тус компанид ажиллаж, суралцаж олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна гэж харилцан тохиролцож сургалтанд хамрагдсанаас хойш ажилтан тус компанид ажиллах хугацааг 5 жил байхаар харилцан тохиролцсон байна.

Гэтэл О. нь сургалтанд хамрагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2023 оны 01 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Сургалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө ажилтан ажлаас халагдах хүсэлт гаргасан эсвэл компанийн санаачлагаар ажлаас халагдсан тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь эргүүлэн төлөх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.2-т Суралцагч нь энэхүү гэрээний 4.4 болон 5.1 дэх заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд сургалттай холбогдолтой бүх зардлуудыг компанид 100 хувь эргүүлэн төлнө хэмээн тус тус заасан.

О. нь хөдөлмөрийн гэрээ болон сургалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлын байраа орхин явж манай компанид 7,418,030.15 төгрөгийн хохирол учруулсан.

Хэрэв О. нь сургалтанд хамрагдсанаас хойш 5 сарын дараа ажлаас гарах байсан бол манай компанийн зүгээс тухайн ажилтанд хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөр ажилтныг сургаж бэлтгэх байсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.7, 1.4, сургалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.2 дох заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч О.эс 7,418,030.15 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан багасгасан. Турк улсын Истанбул хотын Turkish training center сургалтын төвөөс ирсэн төлбөрийн нэхэмжлэхээр О.Номин-Эрдэнийн А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалтанд хамрагдсан сургалтын төлбөр 319.26 ам доллар болсон.

Нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 3,496.04 төгрөг байх тул нийт 1,116,145 төгрөг болж байна.

О.Номин-Эрдэнийн 2022 оны 07 сарын 02-ны өдөр болон 07 сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос Турк улсын Истанбул хот, Истанбул хотоос Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдсэн тийзний төлбөр 4 хүний нислэгийн тийзний 9,802,920 төгрөг, 1 хүний нислэгийн тийз 2,450,730 төгрөг бөгөөд энэ нь 2 талын нислэгний тийзний үнэ болно.

Safety Emergency Procedure conversion сургалтанд нийт 12 хүн хамрагдсан бөгөөд компанийн зүгээс 2022 оны 07 сарын 01-ний өдөр 21,600,280 төгрөг, 2022 оны 07 сарын 05-ны өдөр 12,742,520 төгрөг, нийт 34,32,800 төгрөгийг байр, хоол, унааны зардалд шилжүүлсэн.

34,342,800 төгрөгийг сургалтанд хамрагдсан 13 ажилтанд хуваан тооцвол нэг хүнд ногдох төлбөр 2,641,753.85 төгрөг болж байна.

Ажил олгогчийн зүгээс гарсан нийт зардал нь 6,208,628,85 төгрөг болж байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасны дагуу О. 2022 оны 07 сараас 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан дүйцүүлэхэд тэрээр 1095 хоног ажиллахаас 195 хоног ажилласан.

Нийт ажиллах хугацааны 17,8 хувийг ажилласан гэж үзсэн ба уг хоногт ногдох төлбөр 1,105,135.94 төгрөг болсон ба үүнийг хасвал 5,103,492.91 төгрөг болсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцсон 5,100,495 төгрөгөөр тооцно. Иймд хариуцагч О.эс сургалтын гэрээний дагуу 5,100,495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие О. ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Би 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ХХК-д бүхээгийн ажилтанаар ажилд орсон бөгөөд туршилтын 3 сарын хугацаатайгаар гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Улмаар 2022 оны 05 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан.

Өөрийн хийж гүйцэтгэх ажлаа чин сэтгэллээсээ, гүйцэтгэл сайтай хийж байсны үр дүнд Турк улсын Истанбул хотын Turkish training center төвд Safety Emergency Procedure conversion 2 өдрийн сургалтанд хамрагдахаар болж компаниас сургалтын гэрээ байгуулсан.

Уг гэрээнд сургалттай холбоотой төлбөр мөнгөний талаар нэг ч заагаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын нэхэмжилсэн уг дүнг би гэрээ байгуулах үедээ мэдээгүй байсан.

Тодруулбал уг гэрээг компаниас урьдаас бэлтгэсэн, гэрээний бүх заалтуудыг нэг талын буюу компанийн эрх ашгийн үүднээс төлөвлөсөн, надад нэмэлтээр нэмж хасаж оруулах ямар ч боломжгүйгээр уг гэрээг байгуулсан.

Ингээд миний бие өөрийн хийх ёстой ажлуудаа хийж байгаад 2022 оны 12 сарын 12-ны өдрөөс 2023 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан. 2022 оны 12 сарын 11-ний өдөр бие өвдөж гэнэт гэдэс базалж Таны төлөө бид эмнэлэгт хэт авиан шинжилгээний эхо-д харуулахад жирэмсэн, эрт хугацаанд зулбахыг завдаж буй гэж оношлоод 7-10 хоногийн дараа дахин үзүүлэхээр болсон.

Ингээд эмчийн хяналтанд явж байгаад 2022 оны 12 сарын 14-ний өдөр хэлтсийн менежерт мэдэгдэхэд намайг нислэгээс бүрэн чөлөөлсөн. Биеийн байдлаа хэлж ажлаас гарахгүйгээр цалингүй хэдэн сарын чөлөө авья гэтэл боломжгүй гэсэн хариу өгсөн.

2022 оны 12 сарын 30-ны өдөр эмчдээ үзүүлэхэд хэвтрийн дэглэм барих, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гээд 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлж эмнэлгийн магадлагаа олгосон. Ингээд 1 сар дахин эмчлүүлсэн.

Биеийн байдлын улмаас эмнэлгийн магадлагаатай гэдгээ хэлээд ажлаасаа цалингүй чөлөө хүсэхэд чөлөө өгөх боломжгүй гэсэн.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай үед ажилтаны ажлын байрыг хэвээр хадгалахаар хуульчилсан байтал энэ байдлыг харгалзаагүй, боломжгүй гэж хэлсэн.

Ингээд миний бие аргагүй байдалд орж 2023 оны 01 сарын 20-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Миний өргөдлийг авсан боловч бичгээр хариу мэдэгдээгүй учир 2023 оны 03 сарын эхээр ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд дахин бичгээр хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө,

Сургалтын гэрээний 3.3-т Компани нь энэхүү гэрээний 5.1-т заасан заалтыг биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг суралцагчаас 100 хувь бүрэн төлүүлэх эрхтэй, 4.4-т Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаасаа өмнө суралцагч нь ажлаас халагдах хүсэлт гаргасан эсвэл компанийн санаачлагаар ажлаас халагдсан тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь эргүүлэн төөх үүрэгтэй,

5.1-т Гэрээг дараах нөхцлийн аль нэг нь илэрвэл компанийн санаачлагаар шууд цуцална, Үүнд: 1-т Суралцагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,

2-т Суралцагч өөрийн буруугаас сургалтаа бүрэн дүүрэн төгсөж чадаагүй, 3-т Сургалтаар олж авсан мэдлэгээ компанийн хөгжилд 100 хувь бүрэн зориулаагүй, бодитой хувь нэмэр оруулаагүй, компанийн эрх ашгийн төлөө зориулж ажиллаагүй, 4-т Компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн үндсэн ажлынхаа гадуур авиа компанид ажил албан тушаал хавсран гүйцэтгэх, 5-д Суралцагч нь хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй,

5.2-т Суралцагч энэхүү гэрээний 4.4 болон 5.1 дэх заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд сургалттай холбоотой бүх зардлуудыг компанид 100 хувь эргүүлэн төлнө гэж зааснаар 7,418,030.15 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Үүнийг сургалтын төлбөрт 445,77 ам доллар, тийзний төлбөрт 805 ам доллар, хоол, байр, унааны төлбөрт 3,028,830.77 төгрөг, нийт 7,418,030.15 төгрөг гэсэн.

Биднийг 2 өдрийн сургалтанд суулгасан атлаа компанийн зүгээс 7 хоног зочид буудалд 1 хүний өрөөнд 3-4 хүнийг байлгасан. Тиймээс хоол, байр, унааны төлбөрт 3,028,830.77 төгрөг гэж нэхэмжилсэн нь 3-4 хүний хоол, байрны төлбөр гэж бодож байна.

7 хоногийн хугацаанд биднийг байлгасан шалтгаан нь өөрөө ХХК нь өөрийнхөө онгоцоор ямар нэгэн тийзийн төлбөргүй явуулах зорилготой байсан гэж үзэж байна.

Иймд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие О. 5,100,495 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаартай О.Номин-Эрдэнийг ажилд түр томилсон тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт,

О.тэй 2022 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрйн гэрээний хуулбар, мөн 2022 оны 07 сарын 01-ний өдөр байгуулсан сургалтын гэрээний хуулбар, уг гэрээний хавсралт,

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 222 дугаартай сургалтанд хамруулах тухай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт,

Турк улсын Истанбул хотын Turkish training center-ийн А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалтын ТК6202200000627 дугаар төлбөрийн нэхэмжлэл, ТК6202200000627 дугаар нэхэмжлэхийн дагуу төлбөр төлсөн баримт,

О.Номин-Эрдэнийн 2022 оны 07 сарын 02-ны өдөр болон 2022 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос Турк улсын Истанбул хот, Истанбул хотоос Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдсэн тийзний төлбөрийн баримт,

2023 оны 07 сарын 01-ний өдөр Safety Emergency Procedure conversion сургалтын дагуу хоол, унаа, буудлын зардал төлбөрт 21,600,280 төгрөг шилжүүлсэн баримт,

2023 оны 07 сарын 01-ний өдөр Safety Emergency Procedure conversion сургалтын дагуу хоол, унаа, буудлын зардал төлбөрт 12,742,520 төгрөг шилжүүлсэн баримт, Safety Emergency Procedure conversion сургалтын төсвийн баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч О. гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар, хариу тайлбарууд зэргийг баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч О.д холбогдуулан 7,418,030.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,495 төгрөг болгон багасгажээ.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч О. хөдөлмөрийн гэрээ, сургалтын гэрээний дагуу 5 жил ажиллах үүргээ биелүүлэлгүй, сургалтанд хамрагдсанаас 5 сарын дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган ажлын байраа орхин явсан тул сургалтын зардалд төлсөн 5,100,495 төгрөгийг нэхэмжилнэ,

хариуцагч О. нь Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот Ажилд томилох тухай тушаалаар тус компанийн бүхээгийн хэсгийн агаарын хөлгийн үйлчлэгчээр хавсралтад заасан ажилтнуудыг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар түр томилон ажиллуулсан ба хавсралтын 10-т Очирбатын гэжээ. /ХХ-ийн 9-10 дугаар тал/

Ийнхүү О. нь ХХК-д 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс агаарын хөлгийн үйлчлэгчээр 3 сарын туршилтын хугацаагаар ажилласан бөгөөд ажил олгогч ХХК нь ажилтан О.тэй 2022 оны 05 сарын 30-ны өдөр 2022/1******* дугаар бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна. /ХХ-ийн 11-15 дугаар тал/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.7-д сургалтын гэрээ байгуулна, 1.4-т Ажилтаны ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцлийг харилцан тохиролцож эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлан нэмэлт гэрээг талууд харилцан тохиролцож байгуулж болно гэж заажээ.

Ажил олгогч ХХК нь ажилтан О.тэй 2022 оны 07 сарын 01-ний өдөр сургалтын гэрээ байгуулсан ба уг гэрээгээр суралцагчийн мэргэжилдээ мэргэших хүсэлтийг үндэслэн компани өөрийн зардлаар Турк улсын Истанбул хотын Turkish training center сургалтын төвд зохион байгуулагдах А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалтанд хамруулахтай холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна. /ХХ-ийн 16-17 дугаар тал/

ХХК-ийн гүйцэтгэх захирлын 202 оны 06 сарын 30-ны өдрийн 222 тоот Сургалтанд хамруулах тухай тушаалаар хавсралт 1-т багтсан бүхээгийн ажилтнуудад Турк улсын Истанбул хотын Turkish training center-ийн А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалтанд 2022 оны 07 сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийг хооронд хамруулахаар шийдвэрлэсэн ба нийт 13 ажилтан уг сургалтанд хамрагдахаар болсон бөгөөд хавсралтын 8-д О. гэжээ.

О. нь 2022 оны 07 сарын 02-ны өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд дээр дурдсан сургалтанд хамрагдсан талаараа маргаагүй болно. /ХХ-ийн 18-19 дүгээр тал/

Турк улсын Истанбул хотын Turkish training center-ийн А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалт төвөөс 2022 оны 07 сарын 29-ний өдөр ТК6202200000627 дугаар төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлсэн ба ажилтан О. суралцах хугацааны сургалтын төлбөр 319,26 ам доллар байсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч О. эсэргүүцээгүй.

Ажил олгогч ХХК нь дээр дурдсан ТК6202200000627 дугаар нэхэмжлэхийн дагуу болон бусад нэхэмжлэхийн дагуу нийт 25,026.28 ам долларыг төлжээ. /ХХ-ийн 41-42 дугаар тал/

төлбөр төлсөн баримт,

Ажилтан О. нь 2022 оны 07 сарын 02-ны өдөр болон 2022 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос Турк улсын Истанбул хот, Истанбул хотоос Улаанбаатар хотын чиглэлд зорчсон талаар болон нислэгийн тийзний үнийн талаар маргаагүй. /ХХ-ийн 43-47 дугаар тал/

Ажил олгогч ХХК нь 2022 оны 07 сарын 02-ны өдөр болон 2022 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд сургалтанд хамрагдах ажиллагсадын хоол, унаа, буудлын төлбөрт 2022 оны 07 сарын 01-ний өдөр 21,600,280 төгрөг, 2022 оны 07 сарын 05-ны өдөр 12,742,520 төгрөгийг суралцагсдын ахлаж буй ажилтан Мөнхзул Болд-од сургалтын төсөв гүйлгээний утгатай шилжүүлжээ.

21,600,280 төгрөг+12,742,520 төгрөг=34,342,800 төгрөг,

34,342,800 төгрөг/13 ажилтан=2,641,753.85 төгрөг нь 2022.07.01-2022.07.09-ний хооронд 1 суралцагчид зарцуулсан байр, хоол, унааны зардал хэмээн нэхэмжилсэн үнийн дүнтэй холбоотой хариуцагч О. маргаагүй бөгөөд тэрээр 1 хүний өрөөнд 3-4 хүн байлгасан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй. /ХХ-ийн 48-49 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээний 2.2-т Суралцагч нь дээрх сургалтанд хамрагдсаныхаа дараа 5 жил тус компанид ажиллаж, суралцан олж авсан мэдлэг боловсролыг компанийн эрх ашгийн төлөө бүрэн зориулна,

3.3-т Компани энэхүү гэрээний 5.1-д заасан заалтыг биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөрийг суралцагчаас 100 хувь бүрэн төлүүлэх эрхтэй,

4.4-т Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаасаа өмнө суралцагч нь ажлаас халагдах хүсэлт гаргасан эсвэл компанийн санаачилгаар ажлаас халагдсан тохиолдолд бүх сургалтын зардлыг компанид 100 хувь төлөх үүрэгтэй,

5.2-т Суралцагч нь энэхүү гэрээний 4.4 болон 5.1 дэх заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд сургалтын төлбөртэй холбоотой бүх зардлуудыг компанид 100 хувь эргүүлэн төлнө гэж тус тус заажээ.

Ажилтан О. нь ажил олгогч ХХК-иай байгуулсан сургалтын гэрээний дагуу 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 09-ний өдрийн хооронд Турк улсын Истанбул хотын Turkish training center-ийн А320 агаарын хөлгийн Safety Emergency Procedure conversion сургалт төвд суралцсанаас хойш 5 жил компанидаа ажиллахаар тухайн гэрээгээр тохиролцсон атлаа 2023 оны 01 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

О. 2023 оны 01 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байгаа ба ажилтан буюу хариуцагч О. нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй ба үүнийгээ нотлоогүй.

Нэхэмжлэгч ХХК нь сургалтын төлбөр 319,26 ам доллар буюу 1,116,145 төгрөг, нислэгийн тийзний үнэ 4 хүний 9,802,920 төгрөг, 1 хүний нислэгийн тийз 2 талдаа 2,450,730 төгрөг, байр, хоол, унааны зардал 2,641,753.85 төгрөг, нийт 6,120,595 төгрөг. Уг зардлуудын нийлбэр 6,208,628 төгрөг.

6,208,628 төгрөгөөс хариуцагч О.Номин-Эрдэнийн 2022 оны 07 сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан 195 хоногийг Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т нийцүүлэн 365 хоног*3 жил=1095 хоног ажиллахаас 195 хоног ажиллаж, нийт ажиллах хугацааны 17,8 хувьд ажилласан гэж 6,208,628 төгрөгөөс 1,105,135.94 төгрөгийг хасч тооцон нэхэмжилсэн бөгөөд 5,103,492.91 төгрөг гарч байх боловч шүүхэд нэхэмжилсэн 5,100,495 төгрөгийн хэмжээнд тооцно гэж тайбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно,

73.2-т Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана,

73.3-т Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна,

73.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Ажил олгогч буюу нэхэмжлэгч ХХК нь ажилтан буюу хариуцагч О.Номин-Эрдэнийг сургалтын гэрээгээр тохирсон хугацаанд ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүний ажилласан хугацаанд ногдох сургалтын зардлыг хасч ажиллаагүй хугацааны зардлыг нэхэмжилж байна.

 

Хариуцагч О.д сургалтын төлбөр 319,26 ам доллар буюу 1,116,145 төгрөг, нислэгийн тийзний үнэ 2 талдаа 2,450,730 төгрөг, байр, хоол, унааны зардал 2,641,753.85 төгрөг, нийт 6,208,628.85 төгрөгийг ажил олгогч зарцуулсан бөгөөд үүнээс түүний ажилласан хугацаанд ногдох зардал 1,105,135.94 төгрөгийг хасч 5,100,495 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч О. нь дээр дурдсан түүний сургалтанд зарцуулсан төлбөрийн тооцоотой холбоотой маргаагүй бөгөөд гагцхүү тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх ч үүнийгээ баримтаар нотлоогүй ба тухайн агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани нь өөрийн онгоцоор нислэг үйлдсэнийг ажил олгогчоос зардал гараагүй гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч О.эс 5,100,495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

2023 оны 04 сарын 14-ний өдөр Монгол банкнаас зарласан ам долларын ханш 3496,04 төгрөг байх бөгөөд ханшийн мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 сарын 24-ний өдрийн 10443 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн 2023 оны 05 сарын 01-ний өдөр хариуцагч О.д зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.

Мөн талуудын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулж байсан ба 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч О.д хуралдаан болохоос 13 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч О.Номин-Эрдэнийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

/ХХ-ийн 1-3, 20, 22-26, 24, 29-35, 60-65, 74-77, 82-89, 92-97 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасныг баримтлан хариуцагч О.эс 5,100,495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 133,638.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.эс 96,557 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН