| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | Э/204/2022/0004 |
| Дугаар | 2022/ДШМ/14 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/14
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж,
Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан
Иргэний хариуцагч Б.Т /цахимаар/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал /цахимаар/
Шүүгдэгч Т.Б
Нарийн бичгийн дарга М.Отгонхишиг нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдарын гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Б.Т-гийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Prius” маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэснийг, мөн дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог зам гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг, мөн дүрмийн 12.2-т заасан харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Арвайн тал” 2 дугаар багийн нутаг дэвсгэр *******ий баруун талд хот хоорондын засмал замд Ш.Д-ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Т-ын биед баруун гарын долоовор хурууны угийн шивнүүр ясны хугарал, баруун тохойн шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,
Б.О-ийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие, сээрний 2-5 дугаар нугалмын хугарал, баруун зүүн дал ясны хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн ******* улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Ж-гийн биед баруун хөлийн шилбэний шаант яс, баруун хөлийн шилбэний тахилзуур яс, зүүн хөлийн дунд чөмөг, зүүн хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарлууд гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Д.Н-ын биед гавлын дух, суурь ясны хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт /СААК/, духны дунд хэсэг ил шарх, хамар ясны хугарал, дээд эрүү, тагнай дунд хэсгийн хугарал, баруун хөлийн дунд чөмөгний далд хугарал, дух хамрын нуруу баруун хөмсөг дээд уруул, доод эрүү, баруун зүүн хацрын төвгөр хэсгийн зулгаралт, баруун хөлийн тавхайн ар хэсгийн зулгаралт гэмтэл үүсгэж авто ослын хавсарсан гэмтэл болох гавал тархины гэмтлийн улмаас Ш.Д-ын зүүн богтос, шуу ясны дунд 1/3 хэсгээр далд, баруун дунд чөмөг доод 1/3 хэсэг, баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, зүүн дунд чөмөг доод 1/3 хэсгээрээ бяцарсан зөрүүтэй, үе рүү орсон ил, зүүн шаант, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн хоёрлосон зөрүүтэй далд хугарал, баруун талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганууд өвчүүний хажуугийн шугамаар далд хугаралтай, орчны эдэд цус хуралт, хэвлий баруун ташаа, умдаг хуухнаг, шодой 2 талын цавь баруун гуяны дотор хэсгийн тархмал, зүүн гуяны ар хэсгийн тархмал цус хуралт, 2 шилбэ баруун гуяны тархмал зулгаралт гэмтэл үүсгэж чөмөгт ясны хугарал гэмтлийн улмаас уушигны артерийн тромбо, өөхөн эмболоор хүндэрч амьсгалын цочмог дутагдалд орж 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон холбогджээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Б.Тгээс 19 759 990 төгрөг гаргуулж хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж-д олгохоор, иргэний нэхэмжлэлээс баримтгүй нотлох баримтын шаардлага хангахгүй нийт 31 671 025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.У-гийн сургалтын төлбөрийн зөрүү 1 285 000 төгрөг, мал хариулуулсны хөлс 8 000 000 төгрөг, нийт 9 285 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж-д 32 400 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Т-д 8 800 000 төгрөг тус тус төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Т, хохирогч Б.О нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний хариуцагч Б.Т нь хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж-д 8 800 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн гуперийн тасархай 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуйны саарал өнгийн хагархай обуд 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн арын гупер 1 ширхэг, ******* улсын дугаартай цагаан өнгийн гупер ширхэг, тээврийн хэрэгслийн дугуй 1 ширхэг, тээврийн хэрэгслийн их гэрэл 1 ширхэг, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн урд гупер 1 ширхэг, гуперийн хөөсөн жийрэг 1 ширхгийг устгахаар, ******* тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг, 02296468 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Т-д, 01405929 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж-д, хохирогч Б.О-ээс гаргаж өгсөн цагаан өнгийн 5242 Б.О 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, хохирогч Б.О С-“Spine west” 2020.10.26 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхгийг хохирогч Б.О, хохирогч А.Тоос гаргаж өгсөн 5245 Т 2020.10.18 гэсэн бичиглэл бүхий DVD 1 ширхэг, ******* 10.21 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, А.Т 3490 2020.10.19 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн DVD 1 ширхэг, ******* Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг хохирогч А.Тт, иргэний нэхэмжлэгч Б.Т-гээс гаргаж өгсөн ******* Brain 2020.10.21 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхэг, ******* L-spine 2020.10.23 гэсэн бичиглэл бүхий ногоон цагаан өнгийн DVD 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Б.Тд тус тус олгохоор, мөрдөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт хавсаргах зорилгоор хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж-гаас гарган өгсөн 217 ширхэг, 48 хуудас хохирлын 12 164 280 төгрөгийн баримт гэх цэнхэр өнгийн дэвтэр, мөн 77 ширхэг, 15 хуудас баримт бүхий 3 439 305 төгрөгийн баримт гэх саарал өнгийн дэвтэр зэрэг нийт 2 дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, хэрэгт битүүмжилсэн ******* улсын дугаартай Цагаан өнгийн Тоёота Приус маркын, ******* улсын дугаартай Huindai Porter маркын тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Б.Т-гээс 28 559 990 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 8 800 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, үлдэгдэл 19 759 990 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх хэрэг учрал гарахаас өмнөх үеийн 2020 онд авсан зээлийн асуудал, мөн уг хэрэг учралтай ямар ч хамааралгүй 2021 оны хүүхдийн сургалтын төлбөр зэргийг шууд хохиролд тооцож хариуцагчаас гаргуулж байгаа, шүүх ямар хуулийн заалтаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх дотоод итгэлээр шийдэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэдэг. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 зааснаар хариуцагчаас хохирол барагдуулах үндэслэлтэй байна гэж үзжээ. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн гэм хорыг арилгах хэмжээг авч хэлэлцсэнгүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан байна. Б.Т нь шүүгдэгч Т.Б-ийг жолооны үнэмлэхтэй гэж итгэн жолоогоо шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Т.Б-ийн учруулсан хохирол төлбөрийг Б.Т-гээс тэнцүү гаргуулж байгаа нь үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан иргэний хариуцагч Б.Т-гээс 19 759 990 төгрөг гаргуулах гэснийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Д.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд анхан шатны шүүхээс иргэний харицагч Б.Т-гээс 19 750 990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Зээлийн гэрээ, оюутны сургалтын төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн баримтууд хавтас хэрэгт байсан. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг анхан шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлаж гаргуулсан бөгөөд цаашид хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг орхиж шийдвэрлэсэн. Нэмж хэлэхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж нь хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Иймд Өвөрхангай аймгийн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гаргасан. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй. Энэ хэргээс болж гэр бүлийнхээ эрдэнэт 2 сайхан хүнийхээ амь насыг алдсан. Миний хувьд эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч чадваргүй болсон. Цаашид эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол арилаагүй байгаа тул төлбөрийг буруутай хүмүүсээс адил тэнцүү гаргуулна гэв.
Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хариуцагч, шүүгдэгч нараас гомдол гаргасан. Шүүгдэгч Т.Б гомдлоосоо татгалзжээ. Ч.Алдар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Энэ заалтаар иргэний хариуцагч Б.Т хохирол, өр төлбөрийг төлөх үүрэг хүлээж байна. Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан. Хохирогчийн ашиг сонирхлын хувьд гэм буруутай жолооч, түүнийг томилсон тээврийн хэрэгсэлийг шилжүүлж өгсөн Б.Т нараас адил тэнцүү хэмжээгээр хохирлыг гаргуулж авна гэсэн байр суурь дээрээ хэвээрээ байна. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Ж, хохирогч А.Т, Б.О, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Т, гэрч Э.А, Б.Ж, А.Э, Ш.Ч,Т.Л, Т.Б, Б.Т, шинжээч *******,*******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээ Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2264 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 100, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээ Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 630, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 632 дугаартай дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5954, 5950, 5953 дугаартай дүгнэлтүүд, Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн яамны харьяа Өвөрхангай аймаг дахь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/32, 01/14 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Б-ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заалтыг баримтлан эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээ, хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон иргэний хариуцагч Б.Тгээс 19.759.990 төгрөг гаргуулж Д.Ж-д олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдараас гаргасан “...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн гэм хорын арилгах хэмжээг авч хэлэлцсэнгүй, шүүгдэгч Т.Б-ийн учруулсан хохирлыг Б.Т-гээс тэнцүү гаргуулж байгаа нь үндэслэлгүй тул иргэний хариуцагчаас 19.759.990 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.