Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ2023/0032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ ” ХХК,

Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Д.Э нарын хооронд үүссэн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О-ийн өмгөөлөгч Н.Очирбат,  хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , аудитор Д.Э нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.Э , аудитын менежер А.Ц  нарт холбогдуулан “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сард зарлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “.............................”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож шалгарч, ажлыг 2020 оны 11 дүгээр сарын сарын 03-ны өдрөөс   эхлэн гүйцэтгэж 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар захиалагчтай гэрээ байгуулжээ.

2.2. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/725 дугаар захирамжаар гэрээний ажлыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн мөн өдрийн БЗА/69/2020 дугаартай дүгнэлтээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан.

2.3. Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас орон нутгийн төсвийн 2019-2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийж, илэрсэн зөрчилд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил хамрагдаж Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дугаартай актаар нэхэмжлэгч компанид 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөрийн акт тогтоосон.

2.4. Нэхэмжлэгчээс Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дугаартай актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.5. Уг хугацаанд хариуцагч шинээр 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай акт гаргаж, нэхэмжлэгч компанид 2322585 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун наян таван/ төгрөгийн төлбөр тогтоосон.  

2.6. Нэхэмжлэгчээс уг актыг хүчингүй болгуулахаар 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, Үндэсний аудитын газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/1189 дугаартай албан бичгээр хариу өгснөөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

        

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

 3.1. Нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн захирал Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь  2020 онд ........................... нэртэй тендер шалгаруулалтанд оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.7.4-д заасан “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер”-ээр шалгарч захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхантай гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэн эхэлсэн. Уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гүйцэтгэлийн ажлаа хийж байх хугацаанд захиалагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 дугаар албан бичгээр “... 30 айлын урд талбайн тохижилтын ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах иргэдийн өргөдөл гомдлын дагуу 432 метр кв талбай бүхий шороог бетон болгон өөрчлөх, ингэхдээ 80 метр кв резинен хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх ажлын зориулалтыг хасаж, 80 метр кв резинен хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт хийхийг үүгээр мэдэгдье...” гэсэн ба уг албан бичгийн хавсралтанд иргэн Ч.Гантулга, Б.Болдоо, Ю.Дуламсүрэн нарын өргөдлийг хавсарган ирүүлсэн.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д зааснаар захиалагч нь “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” эрхтэй ба уг эрхийнхээ дагуу 80 метр кв резинен хавтангаар хүүхдийн талбайн шалыг бүрэх мөнгөөр 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт оруулахаар албан мэдэгдэл ирүүлсэн байдаг.

Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.Э нь Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийж манай компанид 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А 2170429 дүгээр актаар 2091800 төгрөгийг акт тогтоосныг эс зөвшөөрч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр маргаан бүхий 94/А 2170429 дүгээр актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шүүх дээрх шийдвэр гаргахдаа “...маргаан бүхий актаар 2091800 төгрөгийн төлбөр тогтоосон нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй, учир нь хариуцагчаас төлбөрийн акт тогтоох үндэслэлийг нотлох ажиллагаа бүрэн хэрэгжүүлээгүй, актын төлбөрийг бүрэн зөв тооцоолоогүй.... хариуцагч акт тогтоохдоо энэ талаар холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулж нягталж шалгаагүй, хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр төлбөр тогтоосон нь илрүүлсэн зөрчил, тогтоосон төлбөрийн дүн тохирохгүй, өөрөөр хэлбэл, хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн гэх ажил бүрийн өртөг зардлын тооцоолол хийхгүйгээр зөвхөн хийгдээгүй ажлын материалын өртгөөр төлбөр тогтоосон нь буруу...” гэж дүгнэсэн.

Гэтэл аудиор Д.Э нь шүүхийн шийдвэр заасны дагуу хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоолохгүйгээр 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар дахин 2322585 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь нэгдүгээр хувийн өш хонзонгийн гэж ойлгохоор, хоёрдугаарт Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “...төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах...” зарчмыг зөрчсөн санаатай үйлдэл гэж ойлгогдохоор байна. Тухайлбал Ховд аймаг дахь Төрийн аудитын 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай актад саравчны 25.9 м2 шалыг 05 мм зузаан банзаар шахах,  шалны дэр мод тавих, шалыг тосон будгаар будах ажил хийгээгүй, ажлын хөлстэй нийлээд 731675 төгрөгийн зөрчил илрүүлсэн,... 27 мод суулгаагүй, мод суулгах ажлын хөлс нийт 175500 төгрөг,.... резинэн шалыг тэгш бетон хольцтой гадаргуу дээр наах байсан гэж үзэж ажлын хөлс 960000 төгрөг, тээврийн хөлс 257028 төгрөг, нийлээд 1217028 төгрөгийн зөрчил...” гэжээ.

Шүүхийн шийдвэрт “...хийх ёстой ажлын тоо хэмжээ, дүйцүүлж хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцоол...” гээд байхад дахин тооцоолсонгүй акт тогтоосон. Захиалагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Т.Жаргалсайханы 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 дугаар албан бичгээр “....432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчлөлт хийхийг үүгээр мэдэгдье...” гэсний дагуу 432 метр кв шороон талбайг бетон болгон өөрчилсөн ба аудитор Д.Э-ийн актад дурдсан “...саравчны 25.9 м2 шал..., 27 ширхэг тод тарих газар болох 30 м2 талбай”-г 15 см зузаантай бетоноор цутгаж хийснийг яагаад тооцоолж актын төлбөрөөс хасаагүй вэ? Мөн дээр нь ажлын хөлс, тээврийн зардал нэмж акт тогтоосон ба бид дээрх бетон зуурмагийн хольц болох хайрга, цементийн үнэ, түүнийг ачиж ирэх тээврийн хөлс, цутгалт хийсэн ажлын хөлс, бетон зуурмагийн машиныг цахилгаанаар ажиллуулсан цахилгааны мөнгийг яагаад нарийвчлан тооцоолж төлбөр тогтоосон актын дүнгээс хасаагүй вэ гэдэг нь хувийн сонирхол байгаа гэдэг нь илэрхий харагдаж байна. 

Манай компани Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг  хүчингүй болгуулахаар Үндэсний аудитын газарт 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан ба Үндэсний аудитын газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/1189 дугаар албан бичгээр төлбөрийн актыг үндэслэлтэй гэж үзсэн хариу ирүүлснийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн Төрийн аудитын 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц , шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах Монгол улсын стандарт MNS567512019 гэх стандарт бий. Уг стандартын 8.5-д тоглоомын талбайг хиймэл зүлэг, хөвсгөр резин, дахин боловсруулсан резин, элс хайрга, резинэн хавтангаар хийхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн стандартын 8.6-д тоглоомын талбайн гадаргууг бетон асфальт зэрэг хатуу ирмэгтэй арзгар гадаргуугаар хийхийг хориглоно, түүнчлэн хромоор хэвшүүлсэн мод, модны зомгол хүүхэд амархан бохирдох гадаргуугаар хийхийг хориглох бөгөөд зүлгээр хийхийг олон улсад зөвлөдөггүй гэж энэ стандартад тус тус заасан байдаг. Уг ажлын даалгавар нь дээрх стандартаар хийгдсэн байсан.Гэтэл хүүхдийн тоглоомын талбайг цемент бетон хавтангаар хийсэн нь дээрх стандартыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн “Т ” ХХК-аас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын даалгавар өөрчлөх хүсэлтээ Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаас хариу хүргүүлсэн байдаг. Гэтэл үүнээс өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тендерийн гүйцэтгэлийн ажлыг улсын комисс хүлээгээд авчихсан байсан юм. Өөрөөр хэлбэл захиалагчийн зөвшөөрөлгүй ажлын зориулалтыг дур мэдэн өөрчилж гүйцэтгэсний дараа зөвшөөрөл олгосон албан бичиг бүрдүүлэн авсан байна.

Түүнчлэн ажлын даалгаврыг өөрчлөх үндэслэл болсон хүсэлт гаргасан гэх 3 иргэний 2 иргэн нь Жаргалант сумын тус багт оршин суудаггүй болох нь баримт хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасан. “Т ” ХХК-нийн захиалагчтай байгуулсан гэрээний 4.1-д гүйцэтгэгч нь ажлыг захиалагчийн өгсөн ажлын зураг, төсөв, даалгавар, тоо хэмжээ, техникийн нөхцөлийн дагуу заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэнэ” гэж зааснаар батлагдсан ажлын зургийн дагуу хийж гүйцэтгээгүй, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй, хэрвээ гэрээнд өөрчлөлт орж байгаа тохиолдолд шинээр гэрээ байгуулах ёстой байсан.

Ажлын даалгаварт тоглоомын талбайн шалыг резинэн шалаар хийнэ гэсэн байсан. Резинэн шалаар хийгээгүй байсан учраас акт тогтоосноос гадна мод тарих ёстой байсан боловч мод тариагүй байсан тул сүүлд нь мод тарих ажлын даалгавар гүйцэтгээгүй гэж үзэж актын төлбөр нэмэгдсэн гэв.

 

3.3 Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын аудитор Д.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бидний гаргасан төлбөрийн акт үндэслэлтэй гэж үзэж байна. 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай акт нь өмнө гаргасан 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дугаартай акт дээр үндэслэн гарсан юм. Бид сүүлд акт гаргахдаа газар дээр нь очиж үзсэн. Ингэхдээ хүүхдийн тоглоомын талбай ямар стандарттай байх ёстой вэ тэр стандартаар ажил гүйцэтгэсэн эсэхийг үзсэн юм.

Гэтэл хүүхдийн тоглоомын талбайн стандартаар нэг ч ажил хийгээгүй, дүйцүүлж хийсэн гэх ажилтай холбоотой нотлох баримтыг ирүүлээч гэсэн боловч нэхэмжлэгчээс нэг ч баримт ирүүлээгүй учраас бид газар дээр нь очиж үзэхэд нэмж ямар ч ажил хийгдээгүй байсан. Газар дээр нь очихоосоо өмнө нэхэмжлэгчтэй утсаар яриад хамт очъё гэхэд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байна гэсэн. Ингээд дахин акт гаргахаасаа өмнө дахин утсаар холбогдоход Улаанбаатар хотод байна гэсэн.

Тендерийн ажлын төсөв батлагдсаны дараа ажлын даалгавар гардаг. Хэрвээ төсөвтөө багтаж ажлын даалгавар гүйцэтгэх боломжгүй бол нэмэлт гэрээ байгуулж төсвийн асуудлаа шийддэг. Бид батлагдсан төсвийн дагуу ажлаа гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Өмгөөлөгч Очирбат миний бие Т  ХХК-ийн  өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хариуцагч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...“Т ” ХХК-нийн гүйцэтгэсэн “30 айлын орон сууцны урд талбайн тохижилтын ажилтай холбогдуулан өмнөх буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 дугаар актыг үндэслэсэн ба мод тариагүй зардлыг нэмж тусган нийт 2322585 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон...” гэж байна.

 Үүнээс үзэхэд маргаан бүхий Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 78/А2160429 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” акт нь хууль бус, нотлох баримтад үндэслээгүй акт гэж үзэж байна. Тухайлбал шалыг модоор хийх, тосон будгаар будах ажлууд хийгдээгүй гэж үзэж 563000 төгрөг, шал шахах ажлын хөлс 6500-9000 төгрөгийн хооронд байна гэсэн хэрнээ хамгийн бага үнэлгээгээр тооцсон, мөн 27 мод суулгах ёстойгоос суулгаагүй, ажлын хөлс 3500-6000 төгрөгийн үнэлгээтэй хийснээр тооцсон байна. Юуг үндэслэн ингэж хамгийн бага үнэлгээгээр тооцсон нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч нар тайлбарлаж чадахгүй байна.

Мөн маргаан бүхий актад “хүүхдийн тоглоомын талбайн шалыг бүрэхэд 2 янзын стандарттай өртөг байх бөгөөд тухайн ажлын өртгөөс харахад цемент болон хатуу гадаргуу дээр наах байсан” гэж өөрсдөө таамгаар үзэж 1876000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй байна. Нэмж ажлын хөлс, тээврийн хөлсийг тооцохдоо барилгын ажлын хөлс тооцох нормоор тооцчихсон, норм нь 12.000 төгрөгийн үнэлгээтэй, нийт 80 кв метр талбайд ноогдох ажлын хөлс 960.000 төгрөг, тээврийн хөлс 257028 төгрөгөөр тооцож акт тогтоосон байна. Энэ нь нэхэмжлэгчийн мэргэшсэн төсөвчнөөр хийлгэсэн төсөвтэй таарахгүй, мөн хариуцагч нар өөрийн санаачилгаар хийсэн мэт харагдаж байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед захиалагч буюу Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан даалгаврыг өөрчлөхийг зөвшөөрсөн байдаг. Үүнийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлсэн байдаг.

Нэхэмжлэгч Т  ХХК нь тухайн цементэн шалыг цутгахад хэдэн төгрөгийн зардал гарсан, үүнийг маргаан бүхий актаас хасах ёстой байтал яагаад хасаж тооцоогүй вэ. Хариуцагчаас акт тогтоохдоо энэ талаарх холбогдох мэдээлэл, нотлох баримтыг цуглуулж нягтлаагүй, хийх ёстой ажлын тоо хэмжээ, хийсэн ажлын тоо хэмжээ, өртгийг нарийвчлан тооцохгүйгээр төлбөрийн акт тогтоосон. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажил, хийгдээгүй ажил, дүйцүүлэн хийсэн ажил бүрийн өртөг зардлын тооцоолол хийхгүйгээр зөвхөн хийгдээгүй ажлын материалын өртөгөөр төлбөрийн акт тогтоосон нь буруу гэж дүгнэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчаас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Үндэсний аудитын газарт хандаж 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/1189 албан бичгээр “актыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн  хариуг 6 дугаар сарын 27-ны өдөр монгол шуудангаар хүлээн авснаар 7 дугаар 24-ний өдөр тус шүүхэд хандсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй. 

 3. Нэхэмжлэгчээс гэрээний ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн, зарим ажлыг захиалагчийн зөвшөөрлөөр өөрчилж хийсэн байхад төлбөрийн акт тогтоосонд гомдолтой гэж, хариуцагчаас ажлыг дутуу хийсэн, ажлын даалгаврыг зөрчиж гүйцэтгэсэн гэж тайлбарлан маргана.

4. Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй эсэхэд аудит хийнэ.”, 9.2-д “Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ.” гэж зааснаар Аймгийн тэргүүлэх аудитораас 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд орон нутгийн төсвийн 2019-2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийх төлөвлөгөөг баталж шалгагдагч этгээд болох аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэтсийн дарга нарт тус тус аудит хийх тухай мэдэгдлийг хүргүүлснээр хариуцагч нар гүйцэтгэлийн аудит хийжээ.

5. Гүйцэтгэлийн аудит нь шалгагдагч этгээдийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үйл явц, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийх зорилготой тул дээрх аудит хийх төлөвлөгөөний хамрах хүрээнд нэхэмжлэгчийн 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ..................... ажил хамаарч байна.

6. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлж  саналаа авах, шалгагдагч этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл аудитын тайланг нэмэлт нотлох баримтаар бататгах арга хэмжээ авах, заасан хугацаанд санал ирүүлээгүй бол саналгүйд тооцохоор зохицуулжээ. Төрийн аудитын байгууллагаас 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 218 тоот албан бичгээр гүйцэтгэлийн аудитын тайлангийн төслийг шалгагдагч байгууллагад хүргүүлсэн байх ба хариу санал ирүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 5/1421 тоот албан бичигт маргаан бүхий актын тухайд зөвшөөрсөн саналыг ирүүлсэн байна.

7. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар уг гүйцэтгэлийн аудитын тайланг баталгаажуулсан байх тул хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 94/А2170429 актаар Т ХХК-нийн “........................ ажлын гүйцэтгэлд 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөгийн төлбөрийн  акт тогтоожээ.   

8. Нэхэмжлэгчээс ажлыг бүрэн гүйцэтгэсэн, зарим ажлыг захиалагчийн зөвшөөрлөөр өөрчилж, дүйцүүлж хийсэн тул акт үндэслэлгүй маргаж шүүхэд хандсан.

9. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ /актын хавсралтад дурдсанаар/ нэгдүгээрт, ажлын даалгавраар ажлаа бүрэн хийгээгүй, хоёрдугаарт зарим ажлууд дутуу хийгдсэн, гуравдугаарт гүйцэтгэлийн дараах хяналт хэрэгжээгүй, дөрөвдүгээрт ажлын тоо хэмжээ өөрчилсөн, тавдугаарт резинэн талбай хийгдээгүй, нэг сандал, нэг хогийн сав дутуу, зургаадугаарт хийсэн ажил нь сайжруулах шаардлагатай, долоо дугаарт тендер өөр хүнд дамжуулсан гэж тодорхойлж, актын төлбөрийг хийгдээгүй резинэн талбайн материалын үнэ 1876800 /нэг сая найман зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөг, хогийн сав 80000 /наян мянган/ төгрөг, сандал 135000/нэг зуун гучин таван/ төгрөг нийт 2091800 /хоёр сая ерэн нэгэн мянга найман зуун/ төгрөг гэжээ.

10. Шүүхээс хариуцагчийг төлбөрийн акт тогтоох үндэслэлийг нотлох ажиллагаа бүрэн хэрэгжүүлээгүй, актын төлбөрийг бүрэн зөв тооцоолоогүй гэж дүгнэж, эдгээр нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад залруулах боломжгүй, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий актын биелэлтийг   түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

11. Хариуцагчаас актын биелэлтийг түдгэлзүүлсэн хугацааны дотор буюу 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 78/А2160429 дугаар акт гаргаж нэхэмжлэгчид 2322585 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга таван зуун наян таван/ төгрөгийн төлбөрийн  акт тогтоосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

12. Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-ээс 15.1.5-д заасан шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран цахим болон бусад хэлбэрээр шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах, шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч нь төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх, түүний үнэн зөв, бодитой байх байдлыг хариуцах, аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зэрэг үүрэгтэй.

13. Хариуцагчаас шинэ акт гаргахдаа ажлын гүйцэтгэлд өөрчлөлт орсон зүйлгүй, шалгагдагч байгууллага болон нэхэмжлэгчээс  нэмэлтээр баримт гаргаж өгөөгүй тул хийгдээгүй ажлын төсөвт тусгасан материал, тээврийн зардлын тооцоонд үндэслэн ажлын барилгын ажлын үнэлгээнээс дүйцүүлэн хамгийн бага дүнгээр бодож төлбөр тогтоосон гэж тайлбарлав.

14. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх ажлын тоо хэмжээний жагсаалтаас харвал нэгдүгээрт элсэн тоглоомын талбайн ажил, хоёрдугаарт явган замын ажил, гуравдугаарт тоглоомын талбайн ажил, дөрөвдүгээрт саравчны ажил 2ш, тавдугаарт тоноглолын ажил, зургаадугаарт ногоон байгууламж гэсэн 6 багц ажил хийхээр төлөвлөсөн байна.

15. Эдгээр ажлаас элсэн талбайн ажил, ногоон байгууламжийн ажил огт хийгдээгүй, тоглоомын талбайн ажлаас хүүхдийн тоглоомын талбайн 80м.кв шалыг резинен хавтангаар бүрэх ажил, саравчны ажлаас 25.9м.кв банзан шал шахах, шалны дэр мод тавих, шалыг тосон будгаар будах ажлууд тус тус хийгдээгүй болох хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаангүй.

16. Нэхэмжлэгчээс дээрх ажлуудыг яагаад хийгээгүй талаар тайлбарлахдаа “...захиалагчаас ажлын зориулалтыг өөрчилснөөр нийт 432м2 шороон талбайг бетон болгох ажлаар дүйцүүлж гүйцэтгэсэн” гэж тайлбарласан.

17. Нэхэмжлэгчээс ногоон байгууламж хийх 20м.кв талбай, саравчны банзан шал шахах 25.9 м.кв талбай, хүүхдийн тоглоомын талбайн 80м.кв шалыг резинэн хавтангаар бүрэх ажлыг 432 м.кв шороон талбайг цемент бетон хольцоор цутгах ажлаар дүйцүүлэн хийх хүсэлтийг захиалагч буюу аймгийн дэд бүтэц хариуцсан орлогч даргад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 тоот албан бичгээр хүргүүлсэн ба  хариуг орлогч даргын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1886 тоот албан бичгээр “...иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хүүхдийн тоглоомын талбайн 80м.кв шалыг резинэн хавтангаар бүрэх ажлын зориулалтыг хасч, ажлын мөнгөөр 432 м.кв шороон талбайг бетон болгон өөрчилж хийхийг мэдэгдье.”  гэжээ.

18. Эндээс үзвэл захиалагч нь хүүхдийн тоглоомын талбайн 80м.кв шалыг резинэн хавтангаар бүрэх ажлыг 432 м.кв шороон талбайг бетон болгож өөрчилж хийхийн зөвшөөрч, харин саравч болон ногоон байгууламжийн ажлыг өөрчилж хийх талаар хариу өгөөгүй байна гэж үзэхээр байна.

19. Мөн зарим ажлыг өөрчилж хийх талаар захиалагч хариу өгөхөөс өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус ажлыг хүлээн авах ажил хэсэг хуралдаж, 11 дугаартай тэмдэглэлээр дутуу ажлуудыг гүйцээх талаар үүрэг өгсөн байхад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БЗА/69/2020 дугаартай дүгнэлт 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан байгаа нь ойлгомжгүй, үйл баримтуудын он цагийн дараалал алдаатай буюу зөрчилтэй байх тул нэхэмжлэгчийн захиалагчийн зөвшөөрлөөр зарим ажлыг өөрчилж гүйцэтгэсэн гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна.

20. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, ажлыг өөрчилж хийсний дараа захиалагчид мэдэгдэж зөвшөөрөл авсан, мөн ажлын даалгаврыг өөрчилж хийсэн байхад ажлын хэсэг хүлээн авч ашиглалтад оруулсан гэж үзэхэээр байх ба ажлыг хүлээж авсан үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй учир дүгнэлт хийхээс татгалзав. 

21. Нэхэмжлэгчээс төлбөрийн акт тогтоох үндэслэлгүй гэж маргаж байгаа бөгөөд хариуцагчаас хийгдээгүй ажлын төсөвт өртөгт үндэслэж тооцоолсон байх тул төлбөрийн мөнгөн дүнгийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

22. Харин нэхэмжлэгч нь 432 м.кв шороон талбайг бетон болгож цутгах ажилд   5.819.276 /таван сая найман зуун арван есөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийн төсвийг зарцуулсан байх ба энэ нь дүйцүүлэн хийсэн гэх ногоон байгууламж, саравч, тоглоомын талбайн ажилд төсөвлөсөн үнийн дүнгээс илт зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

 23. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална.”, 5 дугаар зүйийн 5.1-д “Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж зааснаар хариуцагч нар төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн Ховд аймаг дахь Төрийн аудитын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 78/А2160429 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна., 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200/ далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр үйлийн 4.2.5 дахь хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ” ХХК-нийн “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 4 сарын 27-ны өдрийн 78/А2160429 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ