Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708001020054 дүгээр хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт О-н М /РД: ХБ.../.

О.М нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн 4 дүгээр давхрын ажилчдын өрөөнд нэвтэрч, иргэн Д.Ш-н өмчлөлийн “Фужицу” маркийн 17 инчийн Ай-5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед “...” төвийн 4 давхарт байдаг шүдний эмнэлэг орж хиймэл шүдээ янзлуулах гээд очтол хүн ихтэй байсан. Тэгээд коридороор алхаж байтал хүнгүй өрөөнүүд байсан. Өөрийн мэдэлгүй авчихсан. Буцаагаад тавьчихъя гэтэл хохирогч Ш ороод ирсэн, тэгээд чадаагүй. Ийм муухай зүйл хийсэндээ харамсаж байна. Биеийн болоод ар гэрийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708001020054 дүгээр хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:

Хохирогч Д.Ш-н: “Би 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ...амралтын өрөөнд орж нөүтбүкний цэнэг дуусч байхаар цэнэглээд орхисон. Тэгээд байж байтал хаалгаар нэг эмэгтэй шагайж хараад “жаахан хүүхэд энд орж ирсэн үү” гэж асууж орж ирэхээр нь би “хараагүй, доошоо буусан байх” гэж хэлтэл нөгөө эмэгтэй буцаад явсан. Би амралтын өрөөнөөс гарч оффисийн өрөөнд орж ажлаа хийж байгаад 10-аад минут болоод эргээд амралтын өрөөнд ортол ширээн дээр цэнэглэж байсан нөүтбүүк байхгүй болсон байхаар нь камерын бичлэг шүүж үзсэн. Гэтэл надаас юм асууж байсан эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан. ...21 цагийн үед дуудлага өгсөн. Амралтын болон оффисийн өрөө өөд өөдөөсөө харсан хаалгатай, хоорондоо 1м гаруй зайтай учраас түгжээгүй. Манай үйлчлэгч, худалдагч нар камерын бичлэг үзээд “манайхаар өмнө нь үйлчлүүлж байсан, хааяа орж ирдэг” гэж байсан. Туранхай биетэй, бөөрөнхий царай, хар плажтай, 150-160 см өндөртэй, 40-45 орчим насны эмэгтэй байсан. Хар өнгийн 16-17 инчийн дэлгэцтэй, “Фужицу” гэсэн бичигтэй.

 ...Миний алдагдсан гэх нөүтбүүкийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Номин” их дэлгүүрээс 1.294.990 төгрөгөөр худалдаж авч байсан юм байна. Одоо уг нөүтбүкээ 700000 төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна. Би уг компьютер дээр эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байсан. Миний бүх хэрэгтэй файлууд хадгалагдсан байсан. Энэ явдал болсноос хойш би ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Компьютерээ алдсанаас хойш миний насаараа ажиллаж цуглуулсан файл, эрдэм шинжилгээний эх бэлтгэл зэрэг миний ажлын маш чухал мэдээ, мэдээллүүд алдагдсан учраас маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-23, 72/,

Гэрч Ш.Ц-ий: “Би 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “...” төвийн Б-1 давхарт буюу подволд ажлаа хийгээд байж байтал аав залгаад “би 4 давхарт байна, зөөврийн компьютерээ алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би дээшээ 4 давхарт гараад хяналтын камераа шүүж үзтэл камерын дүрс бичлэг дээр хар өнгийн хувцастай, 50 орчим насны нэг эмэгтэй амралтын өрөөний ширээн дээр байсан “Фүжицү” маркийн i-5 үзүүлэлттэй хар өнгийн гадаргуутай зөөврийн компьютерыг зүүн гарын сугандаа хавчуулаад хулгай хийгээд шатаар буугаад, хойд хаалгаар гараад явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байсан. Тэгээд аав бид хоёр аавын 88118885 дугаарын утсаар 102 руу залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч Б.Т-н: “...2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би ломбардандаа байж байтал орой яг хэдэн цаг байсныг санахгүй байна, ямар ч байсан харанхуй болох гэж байх үед М гэх хүн орж ирээд хар өнгийн том инчтэй, i-5 үзүүлэлттэй нөүтбүүк барьж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь “мөнгө байхгүй, авахгүй” гэж хэлсэн. Гэтэл манайхаас хугацаа нь дууссан бараа авдаг ченж залуу орж ирээд “наад нөүтбүкээ зарах юм уу” гэтэл М “хэдээр авах юм” гэсэн чинь “100000 төгрөгөнд зарна” гээд нөгөө ченж залуу үзэж байгаад 120000 төгрөгөөр худалдаж авсан. Уг М эгч тэгээд гараад явчихсан. ...Уг нөүтбүүкийг зарахдаа хулгайн эд зүйл гэж ярьж байгаагүй. Манай хүүхдийн нөүтбүүк, мөнгөний хэрэг гараад байна гэж ярьж байсан. Нилээн согтуу байсан. Ер нь бол манайхаар орж ирэхдээ дандаа согтуу байдаг...” гэх мэдүүлэг /хх-26-27, 73/,

Шүүгдэгч О.М-гийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... төвийн 4 давхарт байдаг шүдний эмнэлэгт шүдээ наалгах гээд ортол дотор нь 2 хүн үйлчлүүлж байсан. Эмч нь намайг үүдэнд хүлээж бай гэсэн. Би тэр коридорт нилээн явсан. Тэгтэл нэг өрөө эзэнгүй, хаалга нь дэлгээтэй онгорхой, ширээн дээр нөүтбүүк байсан. Би өрөөнд ороод нөүтбүүкийг аваад коридорт гараад 2-3 гишгүүр шатаар дээш гараад шкаф байхаар нь дээр нь тавьчихсан. Доошоо буугаад буцаж дээшээ өгсөөд шкаф дээрээс нөүтбүүкийг нь аваад буцааж өгөх гэтэл нөүтбүүк авсан өрөөнд нөүтбүүкний эзэн бололтой нэг эрэгтэй ирчихсэн байхаар нь гараад ирсэн. Нөүтбүүкээ өмсөж байсан хар цамцны дотор талд хийгээд гараад явсан. Би шууд гэртээ харьсан. Гэртээ байж байтал 21 дүгээр хороололд байдаг ломбарднаас “таны барьцаанд тавьсан гар утас, зурагт чинь зарагдах гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би хулгайлсан нөүтбүүкээ аваад ломбарданд очсон. Ломбарданд нөүтбүүкээ тавих гэтэл “мөнгө байхгүй” гэсэн. Ломбард дотор ченж гээд залуу зогсож байсан. Тэр надаас “120000 төгрөгөөр нөүтбүүкийг авая” гэхээр нь өгчихсөн. Тэр мөнгөөр нь барьцаанд тавьсан гар утас, зурагтаа сунгуулсан. Үлдэгдлийг нь хэрэглээд дуусгасан. Дараа нь ломбард руу буцаж очоод ченж залуугийн утасны дугаарийг ломбардны ажилчин Т авсан. Би тэр дугаарыг нь гээчихсэн байна. Т дахиж асуухад мэдэхгүй гэсэн. Би гар утас, зурагтыг ломбарданд тавьчихсан, мөнгөний хэрэг гараад байсан болохоор хулгай хийчихсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хар өнгөтэй л зөөврийн компьютер байсан...” гэх мэдүүлэг /хх-68-69/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17/, гэрч Ч.Н-н мэдүүлэг /хх-28-29/, гэрч Ч.Э-ын мэдүүлэг /хх-30-31/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, “АСАП” сангийн лавлагаа /хх-44-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч О.М-гийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.    

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл тухайн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “нэвтэрч үйлдсэн” гэдгийг шүүгдэгч О.М нь хүүхэд хайгаад өрөө рүү орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа төрсөн байгааг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлт,

улсын яллагч “Хэргийн газрын үзлэг, камерийн бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нэвтэрсэн үйлдэл тогтоогддог. Хэргийн зүйлчлэл зөв” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.  

 Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар буюу хохирогчийн “...хаалгаар нэг эмэгтэй шагайж хараад “жаахан хүүхэд энд орж ирсэн үү” гэж асууж орж ирэхээр нь би “хараагүй, доошоо буусан байх” гэж хэлтэл нөгөө эмэгтэй буцаад явсан. ...Камерийн бичлэг үзэхэд ...надаас юм асууж байсан эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, шүүгдэгч О.М-гийн “...Тэгтэл нэг өрөө эзэнгүй, хаалга нь дэлгээтэй онгорхой, ширээн дээр нөүтбүүк байсан. Би өрөөнд ороод нөүтбүүкийг аваад коридорт гараад 2-3 гишгүүр шатаар дээш гараад шкаф байхаар нь дээр нь тавьчихсан. Нөүтбүүкээ өмсөж байсан хар цамцны дотор талд хийгээд гараад явсан...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-68-69/ зэргээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогджээ.

Мөн онгорхой байхад нь сэм орохыг нэвтэрч үйлдсэн гэж ойлгох бөгөөд шүүгдэгч О.М-гийн өмгөөлөгчийн “Хүүхэд хайж орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа төрсөн тул нэвтэрч үйлдсэн гэж шинжгүй байна” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч О.М нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “...” төвийн 4 дүгээр давхрын ажилчдын өрөөнд нэвтэрч, иргэн Д.Ш-н өмчлөлийн “Фужицу” маркийн 17 инчийн Ай5 үзүүлэлттэй зөөврийн компьютерийг хулгайлж буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ш-н “...ширээн дээр цэнэглэж байсан нөүтбүүк байхгүй болсон байхаар нь камерын бичлэг шүүж үзсэн. Гэтэл надаас юм асууж байсан эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан. ...Туранхай биетэй, бөөрөнхий царай, хар плажтай, 150-160 см өндөртэй, 40-45 орчим насны эмэгтэй байсан. Хар өнгийн 16-17 инчийн дэлгэцтэй, “Фужицу” гэсэн бичигтэй...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-23, 72/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, гэрч Б.Т-н “...М гэх хүн орж ирээд хар өнгийн том инчтэй, Ай5 үзүүлэлттэй нөүтбүүк барьж ирээд “барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь “мөнгө байхгүй, авахгүй” гэж хэлсэн. Гэтэл манайхаас хугацаа нь дууссан бараа авдаг ченж залуу орж ирээд “наад нөүтбүкээ зарах юм уу” гэтэл М “хэдээр авах юм” гэсэн чинь “100000 төгрөгөнд зарна” гээд нөгөө ченж залуу үзэж байгаад 120000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-26-27, 73/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-68-69/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч О.М-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш-д 700000 төгрөгийн /хх-13/ эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Ш-н “О.М нь надад 700000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан болно...” гэх хүсэлт шүүхэд гаргасныг үндэслэн шүүгдэгч О.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт О-н М-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар О.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.М урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР