| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01536/И |
| Дугаар | 138/ШШ2017/00063 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2017/00063
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулж
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******-******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ЖЮ86121473 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., гуравдагч этгээд О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О. нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгддэг. Зөрчил нь гэр орон болон бусдын амгалан тайван байдал алдагдуулсан байдаг. Удаа дараалан шүүхээр баривчлагдсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 423 дугаар шийтгэврээр 21 хоногийн баривчлах шийтгэл авсан байна. Эмчилгээнд явж эрүүл болох ёстой. Гэртээ байсан эд хогшлоо зараад архи уудаг. Түүний архи уудаг хүрээлэл өргөн болсон. Их хэцүү хүмүүстэй нийлж архи уудаг, гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байгаа. Эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр, архинд донтох өвчтэй гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Иймд зайлшгүй архины албадан эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж бодож байна гэв.
Гуравдагч этгээд О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд их архи уудаг байсан. Залуу хүн болохоор эмчилгээнд явмааргүй байна. Архи уухаараа догшин болдог нь үнэн гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь О.ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Гуравдагч этгээд О. нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван алдагдуулан нийгмийн хэв журмыг зөрчдөг болох нь ******* сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эх н.*******ийн өргөдөл, О.ын удаа дараалан албадан саатуулагдсан бүртгэл, тэмдэглэл, Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн цахим бүртгэл зэрэг бичмэл баримтуудаар нотлогдож байна.
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын 2016 оны 9 сарын 6-ны өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд О.ыг архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байна.
Иймд О.ыг согтуурах донтой өвчтэй болохыг нотолсон эмнэлгийн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн байдал зэргийг үндэслэн Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ыг /ЖЮ86121473/ албадан эмчлүүлсүгэй.
2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар О.ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ