Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/322

 

      2022             3              24                                       2022/ДШМ/322                                 

 

      А.Мид холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр А.Мид холбогдох эрүүгийн 2206000000036 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

             Шүүгдэгч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9 дүгээр гудамжны 394 тоотод Б.Отай маргалдан улмаар түүний нүүр болон толгойн ар дагз хэсэг рүү гараараа цохиж биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагз, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Мид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэх шаардлагыг болон тус хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг тус тус хангахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.8, ...-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэснийг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн.“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.М нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 9 дүгээр гудамжны 394 тоотод Б.Отай маргалдан улмаар түүний нүүр болон толгойн ар дагз хэсэг рүү гараараа цохиж биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагз, зүүн нүдний зөөлөн дэийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Оын “... Хашааны хаалга дуугарахаар нь би гэрээсээ гарахад хашааны хаалгаар нэг эрэгтэй Ааяа эгчийн гэрт орсон. Тэгэхээр нь би араас нь Ааяа эгчийн гэрт ороход хүүхдүүд нь байсан ба нэг эрэгтэй гэрт нь орчихсон байсан. Тэр эрэгтэй “би гурван найздаа зодуулчихлаа” гэж хэлээд суугаад байсан. Би түүнд “танихгүй айлд байж болохгүй, гараарай” гэж хэлэхэд гарахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд бид хоёр Ааяа эгчийн гэрээс гарахад намайг “утсаа өгчихөөч” гэхэд нь би “надад утас байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү цохисон бөгөөд намайг газар унахад миний нуруу руу өшиглөсөн. ...Миний зүүн нүдний дээд зовхи язарч, нүд болон зүүн хацар хөхөрч хавдсан. ...Эхлээд тэр залуу хашааны гадна миний зүүн талын нүд рүү нэг удаа цохихоор нь би хойшоо ухарсан чинь над руу дөхөж ирээд дахиад миний зүүн нүд, хөмсөг хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуугаас зугтах гэж байгаад тавчиктай байсан тул цасан дээр халтираад унаад доошоо хараад нүүрээ гараараа дараад унасан чинь тэр залуу миний толгойн ар дагз хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон. Дараа нь нуруу руу 3-4 удаа өшиглөсөн. Тэр залуу манай хашаанд ирэх үед цамц нь цус болчихсон, толгой хэсгээс нь цус гарсан байсан. Тухайн үед “би найзуудаа хайгаад явж байна, найзууддаа зодуулчихлаа” гэж ярьж байсан. Тухайн залуу маргааш нь ирээд надад хохирлын мөнгө гэж 300.000 төгрөг бэлнээр өгсөн.” /хх 10-11/,

 

гэрч Л.Бийн “... М нөгөө танихгүй залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би буугаад тэр хоёр дээр очиход нөгөө танихгүй залуу “энэ нөхөр чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. ...” /хх 21-22/,

 

А.Мийн яллагдагчаар өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын шинэ жил циркийн ойролцоо байдаг “Тайпэй" гэх нэртэй ресторанд болсон. Тэгээд би архи уугаад тасарчихсан байна лээ. Тэндээс хэдэн цагийн үед хэн хэнтэй хамт гарснаа санахгүй байна. Тэндээс гараад хэнтэй хаашаа явснаа санахгүй байна. Сүүлд хоорондоо ярьж байхад би тэнд ажлын газрын нэг залуутай хамт тухайн үед өмсөж явсан цамц цус болчихсон байсан гэсэн. Би тухайн үед цэнхэр өнгийн костюм хослол, дотуур нь цагаан өнгийн цамц, гадуураа хар өнгийн куртик өмссөн явж байсан. Тэр газраас гараад хаашаа явсан, юу болсныг би санахгүй байна. Тэгээд би нэг ухаан орсон чинь цагдаагийн газрын ариун цэврийн өрөөнд бөөлжиж байсан. Тэрнээс хойш би сэргэсэн. Тухайн үед найз Батжаргал цагдаагийн газарт хамт байсан болохоор би тэрнээс юу болсон талаар асуухад “чи дөнгөж сая шинэ жилээс гараад Бтой хамт манай гэрт ирэх гэж ирж яваад замдаа айл андуурч ороод нэг ахыг цохичихсон байна. Тэгээд тэр хүн цагдаа дуудаад чи цагдаагийн газар баригдаад ирсэн байна” гэж надад ярьсан. Би тухайн үед тэр ахыг хараагүй. Маргааш нь би О ахтай уулзаад уучлалт гуйгаад бас эмчилгээний зардал гэж тэр хүнд бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Би тэр хүнтэй уулзахад зүүн талын нүд нь жоохон хөхрөөд хавдчихсан байсан. Тухайн өдөр тэр хүн намайг цохиж зодоогүй. ...” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 614 дугаартай “Б.Оын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дууд доод зовхинд цус хуралт, дагз, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” дүгнэлт /хх 23-24/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

 

Анхан шатны шүүхээс А.Мийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Мийн хохирогч Б.Отай маргалдан түүний нүүр болон толгойн ар дагз хэсэг рүү гараараа цохиж биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дагз, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Прокурор Э.Ариунболдын бичсэн “...А.Мид дээрх торгох ял шийтгэлийг оногдуулахдаа ямар хугацаанд төлөхийг тодорхой заахгүйгээр ялыг гүйцэтгэхийг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч А.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

 

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Мийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасанд нийцнэ.

 

Иймд прокурор Э.Ариунболдын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсугай.

 

  1. Прокурор Э.Ариунболдын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ