| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/03702/И |
| Дугаар | 183/ШШ2024/01476 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/01476
| 2024 оны 4 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2024/01476 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,196,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,196,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зарлагдсан .. тендер шалгаруулалтын дугаартай Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл арга хэмжээ/ .../-д 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шалгарсан байдаг. Манай А ХХК-тай Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... дугаартай ахуйн бохир ус цэвэрлэх станцуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөр болох 758,450,000 төгрөгийг, мөн гэрээний Хавсралт №2 дах хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... тоот ахуйн бохир ус цэвэрлэх станцуудыг худалдах, худалдан авах гэрээний анхны үнийн дүн нь 758,450,000 төгрөг байсан ба одоогоор манай А ХХК-ны талаас Б ХХК-д ... 10м3 (4745), ... 6м3 (4264), ... 3м3 (5721), ... 9 (211618), ... 8м3 (9166), ... 8м3 (9167), ... 6м3 (9163), ... 6м3 (9161) гэх нийт 8 төхөөрөмжийг Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулан холболт угсралтыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн болно. Тухайн тоног төхөөрөмжийн загвар болон багтаамжаас шалтгаалан анхны гэрээний үнийн дүнд өөрчлөлт орж 295,545,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Үүнээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны .., ..данс руу 85,349,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 10-р сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 215,349,000 төгрөгийг манай байгууллагын данс руу 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Иймд 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... дугаартай ахуйн бохир ус цэвэрлэх станцуудыг худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 болон 4.2.3 дах хэсгийг үндэслэн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний нөхцөлийг зөрчиж байх тул үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 80,196,000 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-ийн шүүхэд хандаж Б ХХК-иаас 80,196,000 төгрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 80,196,000 төгрөг Б ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох ёстой ямар хэлбэрээр яаж нотлох гэдгээ гэрээний шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч Б ХХК-тай гэрээ байгуулсан нэгдүгээр асуудал юм. Гэрээ байгуулсан ч гэсэн үүргийн харилцаа үүссэн, ажил хүлээлцсэн, төлбөр тооцоо хийгдсэн эсэх нь хоёрдугаар асуудал. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой. Хариуцагчийн зүгээс А ХХК-тай ямар нэгэн гэрээний үүргийн харилцаа үүсгээгүй харилцан гэрээ хийж гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн зүйл байхгүй. Гэрээний үүргийн харилцаа үүсгэж ажил эрхэлсэн зүйл байхгүй байна. Тэгэхээр бидний хооронд ажил хүлээлцэх ойлголт яригдахгүй. Гэрээний үүргийн харилцаа харилцаа үүсгээгүй, ажил хүлээлцээгүй Б ХХК-аас албан ёсны санхүүгийн гүйлгээ А ХХК-руу хийсэн зүйл байхгүй. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлжээ.
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэргийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,196,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай А ХХК-тай Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... дугаартай ахуйн бохир ус цэвэрлэх станцуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийн дүн 758,450,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч анхны гэрээний үнийн дүн өөрчлөгдөж 295,545,000 төгрөгийн үнэ бүхий нийт 8 төхөөрөмжийг Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд суурилуулан холболт угсралтыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн болно. Харин Б ХХК нь гэрээний төлбөрт 215,349,000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 80,196,000 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох ёстой. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Тийм учраас ажил хүлээлцсэн, төлбөр тооцоо хийгдсэн зүйл байхгүй. Гэрээний ажил эрхэлсэн зүйл байхгүй. Тэгэхээр бидний хооронд ажил хүлээлцэх ойлголт яригдахгүй. Б ХХК-иас А ХХК-руу гүйлгээ хийсэн зүйл байхгүй. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... дугаартай ахуйн бохир ус цэвэрлэх станцуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийн дүн 758,450,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч анхны гэрээний үнийн 295,545,000 төгрөг болж өөрчлөгдсөн гэж тайлбар гаргаж байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ байгуулагдаагүй гэж няцаасан.
5.Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, тооцоо нийлсэн эсэх, ажил хүлээлцсэн эсэх, гэрээний дагуу гүйлгээ хийгдсэн талаар маргаж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан эсэхийг дүгнэх шаардлагатай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж,38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.
Харин талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу тооцоо нийлсэн эсэх, гүйлгээ хийгдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.
7.Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актаар талуудын хоорондын гэрээний үлдэгдэл төлбөр тогтоогдоно гэж тайлбарлах боловч А ХХК болон Б ХХК нарын хооронд үйлдсэн тооцоо нийлсэн актыг шүүхэд ирүүлээгүй. Харин А ХХК болон .... ХХК нарын хооронд үйлдсэн тооцоо нийлсэн актыг шүүхэд ирүүлснийг хэрэгт хамааралтай гэж үзэх боломжгүй байна.
Мөн .... ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга дахь 2021 оны 9 сарын 3-ны өдрийн 85,349,000 төгрөгийн гүйлгээний утгыг .... ХХК-с цэвэрлэх байгууламж урьдчилгаа гэж бичсэн байх тул хэрэгт хамааралтай гэж үзэхгүй.
8..... ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга дахь 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 10,000,000 төгрөгийн гүйлгээний утга ЕХХК станц гэрээний урьдчилгаа төлбөр гэх, 2022 оны 9 сарын 20-ны өдрийн гүйлгээний утга ЕХХК цэвэрлэх байгууламжийн төлбөр гэж байх боловч талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр болох нь тодорхойгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан хариуцагч Б ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 80,196,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА