Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч: Б.*******,

Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 1728000000022 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

Н.******* нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 2-19 тоот гудамжинд эхнэр Б.*******ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Н.******* нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 2-19 тоот гудамжинд эхнэр Б.*******ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч Н.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 2-19 тоот гудамжинд эхнэр Б.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч Б.*******ийн...  “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ ирэхэд нөхөр Н.******* согтуу байсан. Намайг харчихаад гэрээс гараад явсан. Орой нь архи нэмж уугаад ирэхээр нь загнасан чинь хэрүүл болсон. Маргалдаж байгаад би гэрээс гарсан. Хашааны гадна намайг 3 удаад өшиглөсөн. Архи уугаад ирэхээр нь би уурласан, түүнээс болоод маргаан болж намайг цохиж авсан. Урьд нь цохиж зодож байгаагүй. Тухайн үед миний зүүн гар жоохон өвчин орсон байсан. Манай нөхөр их хэмжээний согтолттой байсан.  Одоо нөхөртэйгээ хэвийн харилцаатай байгаа. Тухайн үед би нөхрийгөө зүгээр л хашраах гэж цагдаа дуудсан юм. Гэтэл бөөн асуудал болчихлоо. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.*******гийн... “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манайд найз Адъяадорж хөдөөнөөс ирээд надад архи авч өгсөн. Түүнийг нь уусан байсан юм. Эхнэр гаднаас орж ирээд намайг загнахаар нь би гэрээс гарч яваад Наранбаатар гэх айлд очоод 1 шил архи авч уусан. Ер нь яаснаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эхнэртэйгээ муудалцаж байсан санагдаж байна. Тэр хооронд цагдаа ирээд аваад явсан. Би эхнэр Б.*******ийн хөл гар дээр нь бага зэрэг хөхруулсэн байна лээ. Тухайн үед би согтоод тасарсан байсан. Их хэмжээний согтолтой байсан. Бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа.” гэх мэдүүлэг  /хх-ийн 23 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Б.*******ийн биед зүүн сарвуу, бугуйд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Н.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Эрүүгийн 1728000000022 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэлийн тэмдэглэлд “Н.******* урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №129 тоот тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 28-35 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг

 

бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Н.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ