Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/323

 

      2022             3              24                                          2022/ДШМ/323                                 

 

      Ц.Оод холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106000001779 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

              Ц.О

              Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

              Дорноговь аймгийн сум дундын Нэгдүгээр шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

              Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

                 Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагар хорих ялаар,

              Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

                 Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ганцхудаг” гэх газрын задгай гудамжинд хохирогч Я.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар татаж унагаах, толгойн тус газар нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                 Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ооос 430.000 төгрөг гаргуулан хохирогч Я.Мод олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдолдоо: “...миний бие хохирогч болох Я.Мод эмчилгээний төлбөр болох 430.000 төгрөгийг нэхэмжилсний дагуу нөхөн төлж барагдуулсан. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг миний хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Сайнхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн асуудлыг харгалздаг. Уг хэргийн тухайд шүүгдэгч Ц.О нь урьд 4 удаа ял шийтгэл эдэлж байсан. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах заалттай. Шүүгдэгч Ц.Оод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

              Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Оыг 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ганцхудаг” гэх газрын задгай гудамжинд хохирогч Я.Мтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар татаж унагаах, толгойн тус газар нь өшиглөх зэргээр түүний эрүүл мэндэд баруун чамархай ясны хөхлөг сэртэнгийн сэлтэрсэн хугарал, эрүү ясны хүзүү, толгой хэсгийн хугарал, баруун талын толгойн мултрал, эрүү, орчимд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Анхан шатны шүүх Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрт зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Шүүгдэгч Ц.Оын хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, анхан шатны шүүх хурлаар хэрэг хэлэлцэх үед хохирогчид хохирол төлбөр огт төлөөгүй хор уршиг арилаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлийг хянахад гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн ямар шинж чанарыг харгалзсан, ямар нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2-8 жилийн сонгох санкцтай хорих ялаас хамгийн бага ял буюу 2 жил 6 сарын хорих ялыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болсон талаараа анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Оод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байх тул шүүгдэгч Ц.Оын ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Оод холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл Ц.Оод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН        

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ