Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

          Ж.С-д холбогдох эрүүгийн
            хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                                  С.Б 
Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Э
 Нарийн бичгийн дарга              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Сд холбогдох 2112000000251 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны  03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт  төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ............... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.С

Шүүгдэгч Ж.С нь 2021 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Чулуут гэх газраас Б.Бы эзэмшлийн 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж.С-г бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Завхан аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 5 /тав/  сарын хугацаагаар хориглож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.200.000/ таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Сгээс гаргуулж хураан авч улсын орлого болгож, уг автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э гаргасан давж заалдах гомдолд: Өмгөөлөгч Б.Э миний бие Ж.Сд холбогдох эрүүгийн хэрэгт Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Ж.Сд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хорих ялыг оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсон байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд болох хохирогч Б.Бы мэдүүлэг, гэрч Д.Б, Ш.Ө, Д.Ө, Б.С, З.Б, З.Б нарын мэдүүлгээр Ж.С нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг байхад Ж.Сгийн үйлдэл нь мэдэгдэхгүйгээр, нууцаар авсан үйлдэл байхгүй. Харин Ж.Сгийн үйлдэл нь бусдын алдуул малыг завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Мөн шүүхээс түүнд 2 жил 5 сарын хорих ял оногдуулсан нь хохирлоо нөхөн төлсөн байдал болон хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцолгүй ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч Ж.Сгийн зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Ж.Сд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байгаа. Хохирогчийн хувьд өөрийн малаа алдсан нөхцөл байдал байгаа боловч ганцхан хохирогчийн тэр үйлдлээр бус гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, санаа зорилго дээр дүгнэлт хийгээд анхан шатны шүүхээс Ж.Сг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж,  Ж.Сг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд давж заалдах гомдлоо дэмжиж байна. Прокурорын зүгээс идэвхтэй үйлдэл хийсэн гэж хэлж байна. Харин Ж.Сгийн хувьд өөрөө алдсан малаа хайж явсан байдаг. Тэгээд танайд алдуул мал байна уу гэж асуухад тухайн хүмүүс мал байгаа талаар хэлэхэд манай мал байна гээд аваад явсан байдаг. Энэ нь сэдэлтийн хувьд мал хулгайлах шинжээс ялгаатай гэж үзэж байна. Ж.Сгийн хувьд анхнаасаа хулгай хийх зорилготой явсан зүйл байхгүй байдаг. Ж.Сгийн хувьд тухайн малыг завшсан болохоос биш, харин хулгай хийгээд нууц далд аргаар авсан зүйл байхгүй. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд Ж.Сгийн үйлдэлд энэ шинж байдаггүй. Иймээс анхан шатын шүүхийн шийдвэр нь хуульд нийцэж гараагүй гэж үзэж байна. Тийм болохоор миний  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Сд холбогдох 2021 оны 06 дугаар сарын 05-ны шөнө Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Чулуут гэх газраас Б.Бы эзэмшлийн 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
     
Мөн шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгч Ж.Сгийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, түүнд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Шүүгдэгч Ж.Сд  холбогдох хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял тохирсон, шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Б-ийн эзэмшлийн АРХ 90-21 дугаартай портер маркийн автомашины үнэ 5.200.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн дээрх машиныг иргэний нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүгдэгч Ж.Сд холбогдох хэргийн  зүйлчлэл тохироогүй, зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан.
 
 Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, шууд санаатай үйлдэл юм.

            Харин алдуул мал завших гэмт хэргийн тухайд гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр эзэмшил, хараа хяналтад нь орж ирсэн малыг хууль бусаар, өөрийн хувийн хэрэглээнд үнэ төлбөргүй ашиглах, эсхүл захиран зарцуулж, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон үйлдлийг ойлгоно.
    Шүүгдэгч Ж.Сгийн үйлдсэн хэргийн тухайд хохирогч Б.Бы 2 тооны үхэр Ж.Сгийн эзэмшилд орж ирээгүй,  гэрч З.Б-ийн хотны үхэрт нийлээд 20 гаруй хонож байсан, гэрч  Д.Б, Б.С, З.Б, З.Б нарт тухайн 2 үхрийг өөрийн үхэр гэж ойлгуулж, машин механизм ашиглан авч явсныг алдуул мал завшсан гэж үзэх үндэслэлгүй юм.      
 Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Сд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон болно.
                Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                   ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Т.ДАВААСҮРЭН

             ШҮҮГЧИД                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

                              Н.ЭНХМАА