Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/01562

 

 

 

 

 

2024 оны 4 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/01562 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

2,904,748,952 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бөд холбогдуулан 2,904,748,952 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Д.Б нь Ч ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр .... тоот Зээлийн гэрээ байгуулсны дагуу 540,000.00 ам.долларыг жилийн 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан. Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... дугаар Барьцааны гэрээг байгуулж, .... м.кв амины орон сууцыг барьцаалж, барьцааны бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч Д.Б нь авсан зээл, зээлийг ашигласны төлбөр болох хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна. Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, бичгээр мэдэгдэл хүргүүлдэг боловч энэ хугацаанд ямар ч үр дүн гарсангүй. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энэхүү маргаанаа эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлүүлэхээр Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид оргодлоо гаргасан. Өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үүсгэж, эвлэрэлд уригдагч талд бидний гаргасан өргөдлийг танилцуулж, эвлэрлийн уулзалт товлож, хариуцагчаас эвлэрлийн санал авсан. Гэвч тухайн саналыг нь банкны зүгээс хүлээн авах, харилцан тохиролцох боломжгүй байсан тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийхээс зээлийн гэрээнд заасан хувиар үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцоход 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд зээлийн хүү 466,383.90 ам доллар, зээлийн хүү 264,935.91 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 33,395.64 ам доллар, нийт 764,715.46 ам.доллар буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын албан ханш болох 3,517.05 төгрөгөөр хөрвүүлэхэд нийт 2,689,542,497.45 төгрөг төлбөр төлөх үүрэгтэй байна. Удаа дараа зээлдэгч Д.Бөөс зээл, зээлийн хүүг шаардахад тэрээр удахгуй төлнө, төлбөртөө хөрөнгө шилжүүлье гэх саналыг гаргадаг ч бодитоор хэрэгжүүлэхгүй, төлбөрт тооцон шилжүүлэх хөрөнгө нь зах зээлийн үнэлгээнд хүрэхгүй зэрэг асуудлууд удаа гарч байсан. Тиймээс аргагүй шүүхэд хандаж байна. Иймд иргэн Д.Бөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 764,715.46 ам.доллар буюу Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн ам.долларын албан ханш болох 3,517.05 төгрөгөөр тооцож нийт 2,689,542,497.45 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч ХХК нь Д.Бөд холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 2,689,542,497.45 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулах талаар бодитой үйлдэл гаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2023 оны 04 сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл 217 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй, хэрэг шийдвэрлэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь хэсэг, Д.Бтэй байгуулсан Зээлийн гэрээний 4, 6 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн дээрх 217 хоногийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилнэ. Гэрээнд заасан жилийн 12 хувь (сарын 1 хувь) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 466,383.90 ам.доллароос дээрх 217 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 39,927.00 ам.доллар буюу 2023.11 06-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 ам.доллар 3,445.80 төгрөгөөр 137,582,144.00 төгрөг болж байна. Задаргаа хэтэрсэн хугацааны үндсэн хүү: 33,273.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь буюу 33,273.00/20 хувь =6,655.00 ам.доллар, нийт 39,927.00 ам.доллар. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 137,582,144.00 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 2,827,124,642.00 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч ХХК нь Д.Бөд холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 2,689,542,497.45 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2023.04.05- 2023.11.07-ний өдрийг хүртэлх 217 хоногийн хугацаанд бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 137,582,144.00 төгрөгөөр нэмэгдүүлж 2,827,124,642.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулах талаар бодитой үйлдэл гаргаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэл 125 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй, хэрэг шийдвэрлэгдээгүй байх тул ИХШХШтХ-ийн 26.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь хэсэг, Д.Бтэй байгуулсан Зээлийн гэрээний 4, 6 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн дээрх 125 хоногийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилнэ. Гэрээнд заасан жилийн 12 хувь (сарын 1 хувь) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 466,383.90 ам.доллароос дээрх 125 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 23,000.00 ам.доллар буюу 2024.03.10-ны өдрийн Монгол банкны зарласан ханш (1 ам.доллар 3,374.97) төгрөг 77,624,310.00 төгрөг болж байна. Задаргаа хэтэрсэн хугацааны үндсэн хүү 19,166.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь буюу 19,166.00/20 хувь=3,834.00 ам.доллар нийт 23,000.00 ам.доллар. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 77,624,310.00 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 2,904,748,952.00 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б миний бие тус банкнаас 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр .... тоот Зээлийн гэрээ байгуулж 540,000.00 ам долларын зээл авсан ба зээлийн хөрөнгийг төлөвлөсөн төслийн дагуу уул уурхайн олборлолт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэлд зарцуулж, төслийн ажлыг эхлүүлсэн боловч титэмт цар тахлын тархалтын улмаас Монгол улс гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос удаа дараа авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмийн улмаас миний бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож, төлбөр төлөх чадваргүй болсон. Ийнхүү давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл бизнест шууд нөлөөлж, зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон нөхцөл, хугацаанд нь төлөх боломжгүй болсон боловч зээлийн төлбөрийг төлөх санал, санаачилгыг тус банканд удаа дараа гаргаж, санал солилцож ирсэн болно. Түүнчлэн 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр Чны зүгээс надад таны зээлийн барьцаа хөрөнгө хангалттай үнэлгээтэй учир өөр зээлдэгчийн барьцаа хөрөнгөд давхар тавья. Тэгээд яваандаа зээлийн төлбөрийг харилцан тохиролцож байгаад шийдвэрлэж болно. гэж хэлсний дагуу миний барьцаа хөрөнгийг ... ХХК болон Чны хооронд 2018.05.02-ны өдөр байгуулсан ... тоот зээлийн гэрээний барьцаанд бариулж 2018.05.02-ны өдөр .. тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж давхар барьцаалсан. Хэрэв банкны зүгээс миний барьцаа хөрөнгийг өөр зээлдэгчийн барьцаа хөрөнгөд давхар барьцаалаагүй байсан бол тухайн үед барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, эсвэл зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг төлөх боломжтой байсан. Миний бие зээл авсан бол төлөх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа төдийгүй өнөөдрийг хүртэл зээл төлөх асуудлаар идэвхтэй ажиллаж, харилцан зөвшилцөж, тодорхой санал, санаачилга гаргаж, хэлэлцээрүүдийг хийсээр ирсэн болно. Энэхүү давхар барьцааны асуудал нь зээлийн төлбөрийг төлөх, барьцаа хөрөнгөөр зээлийг хаах зэрэг төлбөр төлөх хэлэлцээр хийхэд саад болсоор өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр төлөх асуудлаар Чтай бодитой санал солилцож байгаа тул асуудлыг шийдэх буюу эвлэрэх хугацаа олгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч нь хариуцагч Д.Бтэй 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр нийт 540,000 ам долларыг нэг жилийн хугацаатай жилийн 12 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг харилцан тохиролцож зээл авах үйл ажиллагаа эрхэлсэн байгаа зээлд олгосноос хойш зээлийн гэрээний төлбөрт тодорхой хэмжээний төлбөрийг хариуцагчаас төлсөн. Тэр нь 2018 оны 04 дүгээр сард төлөлт хийгдсэн байдаг. Ингэж явсаар байгаад зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Зээлийн гэрээний хугацааг хуваарьт төлбөр төлөгдөхгүй зөрчигдөж эхэлснээс хойш Д.Бтэй удаа дараа биечлэн уулзсан бичгээр шаардлага хүргүүлсэн. Энэ талаарх мэдэгдэл баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ингэж явсаар байгаад зээл төлөгдөөгүй өнөөдрийг хүрч хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцоход үндсэн зээл төлөгдөөгүй зээл 466,393,090 ам доллар, хүү нь 317,974.91 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 43,884.64 ам доллар буюу нийтдээ төгрөгөөр тооцоход 2,904,748,951.45 төгрөг нэхэмжлэл бүрдсэн. Энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээгээр ... м.кв талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан уг барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцаалбар үйлдсэн. Тэгэхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааныг гэрээнд заасан барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлээр хангаж өгнө үү шаардлага гаргасан. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл барьцааны гэрээ дээр анхнаасаа хийгдсэн гэрээ дээр маргаан байхгүй. Ганц асуудал байна үүрэг гүйцэтгэх хугацааны асуудал өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн асуудал байгаа юм. Иргэний хуульд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэхээр зохицуулалт гаргасан 231.1-д хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийн үүрэг гүйцэтгэлийг хүлээж аваагүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Үүнийг яагаад гэвэл хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа вэ гэхээр 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Д.Бийн Чанд барьцаалсан барьцаа хөрөнгийг ... гэдэг компани давхар барьцаалсан. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр. Энэ өдрөөс хойш Д.Бийн зээл төлөлтийн асуудал ганцхан Д.Бөд хамааралтай биш болж байгаа юм. Яагаад гэхээр 2018 онд зээл аваад 2019 оноос зээл төлөх боломжгүй болж энэ талаар гомдол саналаа гаргасан байдаг. Гэтэл барьцаа хөрөнгөөр зээл хаах би цаашид ямар ч хэрэгжих боломжгүй боллоо манай бизнесийн үйл ажиллагаа цар тахал, хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогсож зээл төлөх ямар ч боломжгүй болсон. Тиймээс барьцаа хөрөнгөөр зээлийг хаах, нэмж мөнгө төлөх асуудал эсхүл илүү гарсан тохиолдол зөрүүг авах саналыг гаргасан. Тухайн үед энэ саналыг гаргахад Чны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Сандагдорж гэдэг хүн давхар барьцааны асуудлыг шийдээгүй байна. ... гэдэг компани зээлээ төлөөгүй байгаа учраас та бүхэн түр хүлээж байгаарай ерөнхийдөө танай барьцааг банкны өөрийн хүсэлтээр давхар барьцаалсан байгаа учраас энэ асуудлыг тодорхой хэмжээгээр харж үзээд шийднэ гэдэг асуудал яригдсан байдаг. Тэгэхээр миний зүгээс хугацаа хэтрүүлэх асуудал дээр үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хүүг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүү дээр ямар нэгэн маргаан байхгүй хэдийгээр үүрэг гүйцэтгэл хугацаа хэтрүүлсэн Чны захирал нарын гаргасан санал мөн хариуцагчийн хариу үйлдэл нь бичгэн хэлбэрээр нотлох баримтаар баталгаажаагүй боловч хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сарын 02-нд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ....гэсэн барьцааны гэрээ хэрэгт авагдсан. Тус гэрээ дээр барьцаа хөрөнгийг харвал Чингис банкны барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн дугаар м.кв хаягт бүх зүйл нь мөрдөж байгаа энэ юу вэ гэхээр талуудын хооронд буюу зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд барьцааны асуудал яригдсан буюу нотлогдоно. Нотлогдож байгаа учраас барьж байгаа байр худал биш, өөрөөр хэлбэл барьцааны асуудлаас болж зээлдүүлэх хугацаа алдсан гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Тиймээс үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа учраас 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээл зээлийн хүү үндсэн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

4.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар мэдэгдлийн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн .. дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллын баримт, зээлийн дансны хуулганы баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар ажиллагаа явуулахаас татгалзсан баримт, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ч ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл, зээлийн хүү тооцооллын баримт, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагааны хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн дансны хуулга, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээл, зээлийн хүү тооцооллын баримтын хуулбар, дансны хуулга, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудсын хуулбар, Д.Бийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтийн хуулбар, мемориалын баримт, харилцагчийн дансны хуулга,

4.2.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.  

4.3.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шугамын зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцааны баримтын хуулбар зэргийг гаргуулсан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Д.Бөд холбогдуулан 2,904,748,952 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгч шаардах үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ч ХХК нь хариуцагч Д.Бөд холбогдуулан 759,220,194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуула2,904,748,952 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Д.Б нь Ч ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр .... тоот Зээлийн гэрээ байгуулсны дагуу 540,000.00 ам.долларыг жилийн 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлж авсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр .... дугаар Барьцааны гэрээг байгуулж, .... м.кв амины орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 764,715.46 ам.доллар буюу Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн ам.долларын албан ханш болох 3,517.05 төгрөгөөр тооцож нийт 2,689,542,497.45 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ковид 19 өвчний улмаас зээлийн гэрээний төлбөрөө төлөхөд саад учирсан буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон. Банкны зүгээс санал гаргаж миний зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг өөр этгээд болох ... ХХК болон Чны хооронд байгуулсан зээлийн барьцаанд давхар барьцаалсан. Хэрэв банкны зүгээс миний барьцаа хөрөнгийг өөр зээлдэгчийн барьцаа хөрөнгөд давхар барьцаалаагүй бол тухайн үед барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, эсвэл зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг төлөх боломжтой байсан. Энэхүү давхар барьцааны асуудал нь зээлийн төлбөрийг төлөх, барьцаа хөрөнгөөр зээлийг хаах зэрэг төлбөр төлөхөд саад болсоор өнөөдрийг хүрлээ. Иймд тус гэрээний 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Ч ХК болон хариуцагч Д.Б нар нь 2018 оны 02 сарын 5-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг байгуулж, тус гэрээгээр 540,000 ам долларыг 12 сарын хугацаатай, нэг сарын 1 хувийн хүүтэй олгох, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч Ч ХК болон хариуцагч Д.Б нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 2018 оны 02 сарны 05-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээг байгуулж, тус гэрээгээр .... м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцсон байна.

5.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

6. Талууд 2018 оны 02 сарын 5-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 02 сарны 05-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний дагуу мөнгөн шилжүүлэг хийгдсэн, тус гэрээний дагуу тооцогдсон буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаагүй.

Харин ковид 19 өвчний улмаас буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон, барьцааны хөрөнгийг давхар барьцаалсан нь зээлийг төлөхөд хүндрэл учирсан, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж талууд маргаж байна.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ковид 19 өвчний дэгдэлтийн улмаас ашиг орлог зогссон, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

8.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барьцааны эд хөрөнгийг давхар барьцаалсан нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад саад учруулсан гэж тайлбарласан.

Ч ХК болон хариуцагч Д.Б нарын байгуулсан 2018 оны 02 сарны 05-ны өдөр ... дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан .... м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр Ч ХК болон ... ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 02-ны өдрийн ... дугаартай Шугамын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар давхар барьцаалсан болох нь Ч ХК болон ... ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 5 сарын 02-ны өдрийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

.... м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалагч этгээд нь нэг этгээд байх бөгөөд барьцааны хөрөнгийг дахин барьцаалсан нь ... дугаартай зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд саад болохгүй. Мөн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзах үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2018 оны 02 сарын 5-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

10.Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтаас үзэхэд зээлдэгч Д.Баятмөнх нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх ба зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,689,542,498 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 215,206,454 төгрөг нийт 2,904,748,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч Д.Бөөс 2,904,748,952 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бөөс гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,904,748,952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Бийн өмчлөлийн .... м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,067,795 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс 15,067,795 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА