| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/04717/И |
| Дугаар | 183/ШШ2024/01596 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/01596
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2024/01596 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р ХХК-д холбогдох,
74,135,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг "Л" ХХК нь үйлчлүүлэгч "С" ХХК-ийн тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх зорилгоор "Р" ХХК-тай 2022 оны 01 сарын 20-ны өдрийн .. дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэвч .... боомтоор 40тн 2 контейнероор төмөр замаар оруулж ирэх "С" ХХК-ийн 487 багц барилгын модон хаалгыг тээвэр зуучлагч манай талд мэдэгдэлгүйгээр ..-ын ... боомтоор нүүрсний машинаар тээвэрлэсний улмаас 142 багц хаалганы гэмтэл үүсч уг гэмтлийг 2022 оны 02 сарын 17-ны өдөр хохирлын хэмжээг ...-ын шинжээч 73,609,492 төгрөг гэж үнэлсэн. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 393.1-д заасан "Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тэвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна." гэх заалт болон гэрээний 2.1-д заасан "гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд нөхцөлөөр чингэлэг захиалах, хангах, ачаанд гэмтэл дутагдал гаргахгүй, бүрэн бүтэн аюулгүй осолгүй тээвэрлэлт хийх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон. "С" ХХК нь "Л ХХК-иас хохирлын төлбөрөө нэхэмжилж, Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2022 оны 12 сарын 05- ны өдрийн .. дугаартай шийдвэр болон 00253 дугаартай магадлалаар "С" ХХК-д 73,609,492 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 525,997 төгрөг нийт 74,135,489 төгрөгийг тээвэр зуучлагч Л" ХХК төлөхөөр шийдвэрлэгдсэн. Иргэний хуулийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд хариуцагч "Р" ХХК -иас нийт 74,135,489 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Сшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.Сби Л ХХК-ийн 74,135,489 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан 74,135,489 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 74,135,489 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л ХХК-ийн гаргасан хариуцагч Р ХХК-д холбогдох 74,135,489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,630 төгрөгийн 264,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 264,315 төгрөгийг, төрийн сангийн ... данснаас 264,315 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА