Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/329

 

 

 

 

 

  2022             03            24                                        2022/ДШМ/329

 

Э.Б-, А.У-,

Б.Б-, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

яллагдагч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх,

яллагдагч А.У-ийн өмгөөлөгч Н.Золжаргал, Б.Гэрэлт-Очир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Э.Б-, А.У-, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1902004552684 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

 

2. У-,

 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2003 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;

 

3. Б-,

 

4. Б-,

2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Э.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу олгодог Трамадол болон Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин, Алпразолам бодисын агууламжтай Алпрам зэрэг сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өөртөө олж авах зорилгоор MNS5376:2014 Монгол Улсын стандартад заасан загварын дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэвлүүлэн, дугаарлаж харъяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагад түгээдэг “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт"-ын баримтыг 11263265 индексийн дугаартайгаар “39x38 мм хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй, дотор талдаа бүдэг үзэгдэх уйгаржин бичиглэл бүхий тэмдэг"-ний, мөн “Энх-Мэнд өрхийн эрүүл мэндийн төв” болон “хүний их эмч Ганзоригийн Хүрэлмаа” гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардсуудыг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан 12 хувь хэвлэсэн, тухайн маягтуудын 8 ширхэгт нь дээрх сэтгэцэд нөлөөт эмнүүдийг өвчтөн Майдарын Бархас, Баттөрийн Болормаа, Дагвадоржийн Энхмаа, Майдарын Бурмаа зэрэг хүмүүст олгохоор “Энх-Мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Хүрэлмаа зөвшөөрсөн мэтээр хуурамч бичилт хийх зэргээр эрх олгосон баримт бичиг болгож хуурамчаар үйлдсэн,

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соманг плаза” төв дэх Ази фарм эмийн сангаас дээрх эрх олгосон 11263265 индексийн дугаартай “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-уудыг хуурамч болохыг мэдсээр байж 3 ширхэг маягтыг ашиглаж Трамадол эмнээс 80 ширхэгийг, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 210 ширхэгийг тус тус өөртөө хэрэглэх зорилгоор худалдан авч ашигласан,

мөн өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соманг плаза” төв дэх Ази фарм эмийн сангаас 11263265 индексийн дугаартай хуурамч “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 210 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КН Апартмент” орон сууцны барилгын гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар ууттай 79 грамм жинтэй болон 2 литрийн хуванцар савтай, дотроо ахуйн газын хий шахсан шингэнтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Э.Тэмүүгэйд өгсөн,

мөн өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дүгээр жагсаалтад багтсан Диазепам бодисын агууламжтай Апаурин эмнээс 75 ширхэгийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

2021 оны 03 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36/5 дугаар байрны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан 10 ширхэг “Морфин” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар А.У-ээс худалдан олж авч хадгалсан,

А.У- нь 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айвико” эмийн сангаас эмийн жорын дагуу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 80 ширхэг “Морфин” худалдан авч, иргэн С.Б-ад 14 ширхэгийг худалдсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр мөн өдрөө Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах 36/5 дугаар байрны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 10 ширхэг Морфиныг Э.Б-д худалдсан,

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц"-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг “Морфин” тариаг Б.Б-эд худалдаж, өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны 34109800096299 дугаартай дансаар нийт 23 удаагийн шилжүүлгээр 2.469.900 төгрөг авсан,

2021 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 5 ширхэг “Морфин” тариаг С.Б-ад худалдаж, өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны 34109800096299 дугаартай дансаар нийт 2 удаагийн шилжүүлгээр 67.000 төгрөг авсан,

2021 оны 03 дугаар сарын 05-ы өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Айвико” эмийн сангаас эмчийн жороор 84 ширхэг Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох “Морфин” 84 ширхэгийг авч 30 ширхэгийг нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Ганзаяад өгсөн,

Б.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 164 ширхэг “Морфин” тариаг Б.Б-ээс 2.469.900 төгрөгөөр  худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар,

А.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч нарт холбогдох хэргийг яллагдагч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүхийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаснаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг нотолно гэж тус тус заажээ. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчлүүд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.

Тодруулбал, яллагдагч Э.Б- нарт холбогдох хэргийг тус шүүх 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 865 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч Э.Б-ий сэтгэцийн байдлыг эргэлзээгүй тогтоолгохоор прокурорт буцааж шийдвэрлэсэн. Улмаар мөрдөгч, прокуророос хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 237 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд яллагдагч Э.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй байна гэх боловч сэтгэцийн ямар нэгэн өвчин байгаа эсэхийг тодорхой дүгнээгүй. Мөн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /7хх 27-28/ үйлдсэн бөгөөд уг тогтоолд “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 726 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэсэн байх бөгөөд шинжээчид тавих асуулт хэсэгт “...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын урьд гаргасан 726, 812, 1263 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх. ...Э.Б- нь анх мэдүүлэг өгөх үед хэрэг хариуцах чадвартай байсан эсэх” гэж бичигдсэн хэдий ч хавтас хэрэгт 726, 812,1263 дугаартай дүгнэлтүүд авагдаагүй байна.

Гэтэл дээрх прокурорын тогтоолын дагуу 5 эмчийн бүрэлдэхүүнтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 569 дугаартай дүгнэлт гаргаж, уг дүгнэлтэд “...Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын урьд гаргасан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 726 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Харин 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 812, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1263 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаагүй, хэнд холбогдох, ямар дүгнэлтүүдийг харьцуулж үндэслэлтэй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх бүрэлдэхүүнтэй гаргасан 569 дугаартай дүгнэлт хууль ёсны эсэхэд эргэлзээ төрөхөөр байгааг анхаарах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Э.Б-ий сэтгэцийг шалгуулахаар хавтас хэрэгт 3 удаагийн дүгнэлт авагдсан байх ба тус дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй буюу Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй, урьд сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж байсан эсэх нь тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна гэж үзлээ. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх нь мөрдөгч, прокурорын зүгээс шинжээч томилох шийдвэрийг танилцуулаагүй талаараа мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан бөгөөд өмгөөлөгчийн дээрх эрхийг мөрдөгч, прокурорын зүгээс эдлүүлэх үүрэгтэй. Хавтас хэрэгт шинжээч томилсон прокурорын тогтоолыг танилцуулсан талаарх баримт байхгүй, өмгөөлөгч танилцуулаагүй гэж мэдүүлж байх тул хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй байна.

2. Яллах дүгнэлтэд “...яллагдагч А.У- нь 2021 оны 3 дугаар 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айвико” эмийн сангийн гадаа эмийн жорын дагуу НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 80 ширхэг “Морфин” худалдан авч, иргэн С.Б-ад 14 ширхэгийг худалдсан. ...”,

яллагдагч Б.Б- нь “...2021 оны 02 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд НҮБ- ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм болох 5 ширхэг Морфин тариаг С.Б-ад худалдаж, өөрийн хүү Б.Г-ийн Төрийн банкны 34109800096299 дугаартай дансаар нийт 2 удаагийн шилжүүлгээр 67.000 төгрөг авсан. ...” гэж бичсэн буюу дээрх үйлдлүүдэд прокурор А.У-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. Харин 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор яллагдагч С.Б-ыг Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, А.У- нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. Гэтэл хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байхад прокурор хэргийг тусгаарлаж хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч А.У-, Б.Б- нараас С.Б-а нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис авсан хоорондоо уялдаа холбоо бүхий үйл баримт байх бөгөөд яллагдагч нар дээрх бодисыг үнэхээр өгсөн, авсан эсэх нөхцөл байдлыг тогтоох, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд яллагдагч С.Б-ын үйлдэл холбогдол, оролцоог тодруулах нь чухал ач холбогдолтой байх тул прокурорын С.Б-ад холбогдох хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй гэж үзлээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгогдсон эрхээр хангах, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитой тогтоосноор гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгааныг тогтоох, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх тул дээрх зөрчлийг арилгаж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Э.Б- нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болон яллагдагч А.Урангэрэл, Б.Б-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжид заасан яллагдагч Э.Б-ий сэтгэцийн байдлыг эргэлзээгүй тогтоолгохоор прокурорт буцааж шийдвэрлэсэн. ...Дүгнэлтэд яллагдагч Э.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй байна гэх боловч сэтгэцийн ямар нэгэн өвчин байгаа эсэхийг тодорхой дүгнээгүй, ...дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолд “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 726 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй ” гэсэн, ...асуулт хэсэгт “...сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын урьд гаргасан 726, 812, 1263 дугаартай дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх. ...Э.Б- нь анх мэдүүлэг өгөх үед хэрэг хариуцах чадвартай байсан эсэх” гэж бичигдсэн хэдий ч хавтас хэрэгт 726, 812, 1263 дугаартай дүгнэлтүүд авагдаагүй байна, ...хэрэгт авагдаагүй, хэнд холбогдох ямар дүгнэлтүүдийг харьцуулж үндэслэлтэй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь дээрх бүрэлдэхүүнтэй эмч нарын 569 дугаартай дүгнэлт хууль ёсны эсэхэд эргэлзээтэй, 3 удаагийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй буюу Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтэй, урьд сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж байсан эсэх нь тодорхойгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй гэсэн заалтын тухайд; дахин шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолд 726, 812, 1263 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 569 дугаартай дүгнэлтэд тогтоолд дурдсан дүгнэлтийн дугаараар бичиж гаргасан нь техникийн шинжтэй алдаа гэж үзнэ. Учир нь, тус дүгнэлтэд 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахдаа хэргийн материал, Э.Б-ий хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх болон Э.Б-ийг биечлэн үзэж дүгнэлт гаргасан зэргээс үзэхэд огт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болох буюу шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа бөгөөд шүүхийн эрх хэмжээнд тусгагдаж хуульчлагдсан байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа бол дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлыг тусгасан. Гэтэл хавтас хэрэгт тусгагдсан баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны явц зэргээс заавал шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах нөхцөл байдал үүсээгүй байсныг дурдах нь зүйтэй.

2. Шүүгчийн захирамжид “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолоор яллагдагч С.Б-ыг Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, А.У- нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэж заасан. Гэтэл хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байхад прокурор хэргийг тусгаарлаж хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн заалтын тухайд, яллагдагч С.Б-а нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцоор Монгол Улсын хилээр гарч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан болох нь тогтоогдсон тул 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгаарлаж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт тусгагдсан, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтууд, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааны хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллагдагч А.У- нарт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхийг үнэлж дүгнэхэд яллагдагч А.У- Б.Б-, С.Б-а нарын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад өгсөн, олж авсан, худалдсан үйл баримтууд нь хангалттай тогтоогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж, нотлох баримтуудыг шинжлэн судлахгүйгээр хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч Э.Б-ий өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, миний хэргийн материалтай танилцах эрхийг ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад хойшлуулсан. Хэргийн материалтай танилцахад өмнө нь яг энэ шинжилгээтэй холбоотой асуудлаар шинжилгээг дахин хийлгэхээр өнгөрсөн оны 5 дугаар сарын 3-ны өдөр шүүгчийн захирамжаар хэрэг прокурорт буцсан. Ингээд нэг мөр шинжилгээтэй холбоотой асуудлыг засаад хэргийг шүүхэд шилжүүлэх байх гэсэн чинь одоо техникийн шинжтэй алдаа гаргасан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэрэгт 4 дүгнэлт байгаа. 2019 оны 860, 2020 оны 820, 2021 оны 237, прокурорын дахин томилсон 569 гэсэн дүгнэлтүүд гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзэхэд заавал шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах нөхцөл байдал үүсээгүй гэж прокурор хэлж байна. Сэтгэцэт нөлөөт бодис хууль бусаар хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдсон хүний сэтгэцийг яагаад шалгах шаардлагагүй гэж үзээд байна вэ. Ийм байдлаар хайнга хандсан. Зөвхөн шинжээчийн дүгнэлтүүдийн дугаарууд зөрдөггүй, дүгнэлтүүдийн он, сар, өдөр зөрүүтэй байдаг. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 860 тоот дүгнэлтэд яллагдагч Э.Б-ийг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүл гэж дүгнэсэн. 2020 онд гарсан дүгнэлтэд “... сэтгэцийн эмгэгтэй байна” гэсэн. 2021 оны 3 сарын шинжээчийн дүгнэлтэд “... сэтгэцийн эмгэгтэй байна” гэсэн. Ийм эргэлзээтэй байдал үүссэн тул дахин шинжилгээ хийлгэхэд сэтгэцийн талаар дүгнэлт гараагүй, мэдүүлэг өгөх чадвар, хэрэг хариуцах чадварын талаар дүгнэсэн. Өмнөх дүгнэлтүүдтэй хамааралгүй дүгнэлтүүдийг хийсэн. Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлын зөв, бурууг ялгаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч А.У-ийн өмгөөлөгч Н.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурор техникийн шинжтэй алдаа гарсан гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн С.Б-ын хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч А.У-ийн өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.У-т нарт холбогдох хэргээс С.Б-а нь оргон зайлсан гэх үндэслэлээр тусгаарласан нь буруу гэдэг дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэн. Анхан шатны шүүхийн уг дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд саад болохгүй бол гэх хуулийн агуулгыг прокурор илт зөрчсөн. С.Б-ын хэргийг тусгаарлаж байгаад А.У-т холбогдох хэргийг шийдвэрлэхээр С.Б-ыг урьдчилсан байдлаар гэм буруутайд тооцох шийдвэр гарах болно. Иймд хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоож шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байгаа прокурорын эсэргүүцэл хуульд нийцэхгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Э.Б-ийг хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар, А.У-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, худалдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...Хэргийг буруу тусгаарласан” үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Э.Б-ий сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахаар дөрвөн удаа шинжээч томилсон байх бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 860 дугаартай дүгнэлтэд “...Э.Б- нь сэтгэцийн эмгэггүй байна. ...” гэсэн /1хх 156-157/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтэд “..Э.Б- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Э.Б- нь одоо F11 буюу Опиоидын хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...” гэсэн /2хх 148-152/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.Б- нь сэтгэц идэвхит бодисоос хамааралгүй боловч F19 олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй байна. ...Э.Б- нь ТНC /трагидроканнабинол/, benzodiazepine зэрэг бодисын хэрэглээтэй байна. ...” гэжээ /4хх 142-128/

Гэтэл прокурорын тогтоолын дагуу Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 569 дугаартай /5/ шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд “...Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын урьд гаргасан 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 726 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Харин 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 812 тоот, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1263 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...” гэсэн /7хх 27-34/ байх бөгөөд дээрх дүгнэлтэд тусгагдсан 726, 812, 1263 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдаагүй байна.

Прокурор үүнийг техникийн шинжтэй алдаа гэж эсэргүүцэлдээ дурдсан байгаа хэдий ч 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 569 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 812, 1263 дугаартай дүгнэлтийн огноо, дугаар болон доторх агуулга нь хэрэгт байгаа 860, 820, 237 дугаарын дүгнэлтүүдтэй зөрүүтэй байгаагаас гадна сэтгэцийн байдлыг тогтоолгох шинжээч томилсон шийдвэрийг хэргийн оролцогчдод танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин, шүүгчийн захирамжид заасан “...яллагдагч С.Б-ад холбогдох хэргийг тусгаарласан нь буруу байна. ...” гэсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно”, 8 дахь хэсэгт “Прокурор нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай нотолсон, тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчид холбогдох зарим хэргийг тусгаарлан шүүхэд шилжүүлж болно.” гэж тус тус заасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч С.Б-ыг Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Э.Б- нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шижлүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийн “...хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЗ/106 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН