Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ2023/0038

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Л.Э-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, нэхэмжлэлтэй Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох“Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч бид эвлэрч маргаанаа дуусгавар болгож байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Л.Э-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаарлагаа нэмэгдүүлсэн.

 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Л.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудыг өөрт холбогдох хсэгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ