Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1998

 

 

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч  А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02629 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-д  холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа                            нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б-э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-э 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 16А дугаар байрны 53 тоотод хаягт байрлах 50.68 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч болсон. Уг орон сууцыг Н.У-аас орон сууц худалдах худалдан авах гэрээгээр авсан. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийсэн хэдий ч өнөөдрийг хүртэл орон сууцаа чөлөөлөхгүй, өмчлөгчийн эрхийг хохироож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхэд саад учруулж байгаа үйлдлийг арилгаж, орон сууцыг Н.У-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дуаар сарын 16-ны өдөр 50.68 мкв байрыг 30.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ Ундрахжаргал нь анхнаасаа байрны өмчлөлийг А.Б-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. Энэ хэлцлийг Н.Ундрахбаяр болон Н.Ундрахзаяа нар буюу ахынхаа нэр дээр байдаг “Ю эн ти  си эн” ХХК-ийн нэр дээр авсан зээлийн барьцаанд түр шилжүүлж байна гэж бодож гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингээд өмчлөлд шилжсэн байдаг. Худалдан борлуулаад, 30.000.000 төгрөгөөр зараад тэр мөнгийг Н.У- өөрийнхөө өмчлөлд авсан зүйл байхгүй. Энэ байрыг нийтдээ 71.000.000 төгрөг төлж байж өөрийнхөө өмчлөлд авсан байдаг. Үүнээс харахад хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдан борлуулах байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Н.У- эзэмшлээсээ татгалзсан бол А.Б-э өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих боломжтой байсан. Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болгож, түр хийж байгаа шүү гэдэг үүднээс энэ гэрээг хийсэн. Н.Ундрахбаяр, Н.Ундрахзаяа нар нь Н.У-ын төрсөн ах нь юм. Энэ 2 ах нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Алтан эг” ББСБ-аас зээл авсан байдаг. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ хийгээд нэмж 30.000.000 төгрөг авсан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хийж энэ маргаан бүхий орон сууцыг барьцаалсан. Түүнээс биш өмчлөх эрхийг нэг мөсөн шилжүүлж, өмчлөх эрхээ шилжүүлж, байрыг худалдан борлуулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд Н.У- нь өөрийн байрандаа эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. Н.У- нь энэ байрыг анх 2011 онд худалдаж аваад уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хэрвээ 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхээ бүр мөсөн шилжүүлээд өмчлөх эрхээсээ татгалзчихсан байсан бол А.Б-э тухай байрны эзэмшлийг шилжүүлээд авчих байсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байхгүй. Үүнээс юу харагдаж байна гэхээр анхнаасаа энэ байрыг худалдах зорилго байгаагүй. Зээлийн гэрээний барьцаа болгосон тохиролцоо явагдсан нь харагдаж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 56.1.4 дэх хэсэгт заасны дагуу худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл талууд фидуцийн гэрээ хийгээгүй. Фидуцийн гэрээний зохицуулалт бол хөдлөх эд хөрөнгөн дээр хийдэг бол үүнтэй ижил фидуцийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгө дээр хийчихсэн тийм л асуудал байгаа. Н.У-ын хувьд өмчлөх эрхээсээ татгалзсан зүйл байхгүй юм. Тиймээс нэгэнт Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа учраас өгсөн авсан зүйлээ буцаах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Б-э шүүхэд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Н.У-ын гэр бүлийн гишүүд болох Н.Ундрахбаяр, Н.Ундрахзаяа нар өөрсдийн эзэмшилд байдаг "Юу Эн Ти Эн" ХХК-ийн нэрээр 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-2015040 дугаар зээлийн гэрээгээр 17.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай "Алтан-Эг ББСБ" ХХК-наас зээлсэн улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн БГ-2015040 дугаартай барьцааны гэрээ байгуулж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 16А дугаар байрны 53 тоотод хаягт байрлах 50.68 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх гэрээнүүдийг байгуулахад өмчлөгч Н.У- нь өөрийн төрсөн ах, "Юу Эн Ти Эн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ундрахбаярт дээрх барьцаанд бариулсан орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгож, улмаар "Юу Эн Ти Эн" ХХК-ийн Ерөнхий захирал Н.Ундрахзаяагаас гүйцэтгэх захирал Н.Ундрахбаярыг компанийн өмнөөс зээлийн гэрээг байгуулах эрхийг олгосон тодорхойлолтыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/430 дугаар албан бичгээр тус тус олгосон байсан. Улмаар "Юу Эн Ти Эн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ундрахбаяр компанид нэмэлт санхүүжилт шаардлагатай байна гээд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-2015040 дугаар зээлийн гэрээн дээр нэмж 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт зээлийн НГ-2015012 дугаар гэрээг байгуулж зээлийн нийт үлдэгдэл 47.000.000 төгрөг болсон. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө хийх боломжгүй байна гээд "Алтан-Эг ББСБ" ХХК-д хүсэлт тавьсанаар талууд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ХС-2015017 дугаартай гэрээгээр зээл эргүүлэн төлөх хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгчээс гэрээгээр тохирсон төлбөрөө төлөөгүй тул бидний байгуулсан гэрээнд зааснаар 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 47.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 36.190.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.956.000 төгрөг, нийт 90.146.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байхад зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж орон сууцны өмчлөгч болсон. Хариуцагч нь Н.У- болон түүний гэр бүлийн гишүүн Н.Ундрахзаяа, Н.Ундрахбаяр нараас "Алтан-Эг ББСБ" ХХК-тай байгуулсан 47.000.000 төгрөгний зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр 107.316.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.165.667 төгрөг, нийт 175.482.333 төгрөгийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг нь шилжүүлж болохоор байна. Харин зээлдэгч нар хууль болон зээлийн гэрээгээр тохирсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд "Алтан-Эг ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-э миний өмчлөлд байгаа орон сууцыг бусдын хууль бус өмчлөлөөс чөлөөлж, худалдан борлуулах замаар "Алтан-Эг ББСБ" ХХК-ийн гэрээний үүргийг дуусгавар болгох болно гэжээ.

 Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан зааснаар Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 16 А дугаар байрны 53 тоот хаягт байрлах, 000154374 тоот гэрчилгээний дугаартай, Y-2205026930 улсын бүртгэлийн дугаартай, 50,68 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг хариуцагч Н.У-д даалгаж, 2017 оны 02 сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Н.У-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дээр дурьдсан үйл баримт. нотлох баримтуудаар 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан болох нь нотлогддог. Гэтэл шүүгч нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэн шийдвэр гаргасан. Гэрээнд гэрээний төлбөрийг шилжүүлж дууссан гэж бичиж болох боловч үүргийн эрх зүй, өмчийн эрх зүйн салангид байдлын зарчмын үүднээс бодож үзвэл Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу талуудад зөвхөн үүрэг үүсэх бөгөөд өмчийн эрх зүйн гэрээ буюу байрны өмчлөх эрхийг шилжүүлэх бодит үйлдэл, орон сууцны үнийг шилжүүлэх 30.000.000 төгрөгийн өмчлөх эрхийг бодит үйлдэл хийгдэж байж өмчлөх эрх шилждэг билээ. Шүүгч хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг өөрийн дур зоргоор хассан алдаатай дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүгч нотлох баримтыг хасдаггүйг хэн бүхэн мэдэх биз ээ. Н.У- нь анхнаасаа байраа 30.000.000 тогрөгөөр зарах хусэл зориг байгаагүй гэдгээ нотлохоор, хуульд заасны .дагуу нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ипотекийн гэрээ, зээл эргэн төлсөн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Гэтэл энэ хэрэгт хамааралгүй баримт болж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүгчийн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг харуулж байгаа юм. Шүүх хуралдааны үед гэрчээр дуудагдсан Н.Ундрахзаяа, Н.Ундрахбаяр нарт хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой болохыг тайлбарлаж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч нарын мэдүүлгийн нотлох баримтаас хасах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг агуулаагүй байх тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, талуудын гаргасан шаардлагын хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч А.Б-э нь хариуцагч Н.У-д холбогдуулан Баянгол дүүрэг 1-р хороо 2 хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 16 А дугаар байрны 53 тоот хаягт байрлах, Y-2205026930 улсын бүртгэлийн дугаартай, 50,68 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр  худалдагч Н.У-  нь Баянгол дүүрэг 1 дугаар хороо, 2 хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 16 А дугаар байрны 53 тоот хаягт байрлах 000154374 тоот гэрчилгээний дугаартай, Y-2205026930 улсын бүртгэлийн дугаартай, 50,68 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч А.Б-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэд 30.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ худалдан авагчид шилжсэн, гэрээнд төлбөр тооцоо дууссан гэж тэмдэглэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 4/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог ба нэхэмжлэгч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч өмчлөх эрх шилжих үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэх учиртай.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.У-ын төрсөн ах Н.Ундрахбаяр, Н.Ундрахзаяа нар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Алтан эг” ББСБ-аас 17.000.000 төгрөг зээлж авсан байдаг. Мөн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ хийгээд нэмж 30.000.000 төгрөг авсан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хийж, орон сууцыг барьцаалсан. Түүнээс биш өмчлөх эрхийг нэг мөсөн шилжүүлж, байрыг худалдан борлуулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус...” гэж тодорхойлж,  Н.Ундрахбаяр, Н.Ундрахзаяа нарыг гэрчээр асуулгасан, маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтууд, хорооны бүртгэл, СӨХ-ийн тодорхойлолт болон  “Алтан эг” ББСБ болон “Юу Эн Ти Эн” ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргасан  байна. /хх-ийн 20-82/

Нэхэмжлэгч А.Б-э сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, “...Н.Ундрахбаяр, Н.Ундрахзаяа нарын Юу Эн Ти Эн” ХХК-ийн зээлийн нийт үлдэгдэл 47.000.000 төгрөг болсон. 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 90.146.000 төгрөгийн төлбөртэй байхад зээлдэгчийн хүсэлтээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны өмчлөгч болсон...” гэсэн тайлбар гарган, зээлдэгч “Юу Эн Ти Эн” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг бусад бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 91-107/

Зохигчдын хэн алины тайлбараар худалдах, худалдан авах гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлээгүй нь тогтоогдсон, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ А.Б-ийн нэр дээр шилжсэн боловч уг байранд хариуцагч, гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна. Хэлбэрийн хувьд орон сууц худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдэж, бүртгэлийн байгууллагад нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, үр дагаврыг харьцуулан үзэхэд “Алтан эг” ББСБ болон “Юу Эн Ти Эн”      ХХК-ийн хоорондох зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхдээ барьцааны агуулгаар, харин хариуцагч нь уг орон сууцыг фидуцийн шинжтэйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэж үзэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцнэ.

Гэтэл Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсгийн агуулгаас үзэхэд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор Банк бус санхүүгийн байгууллага өмчлөлдөө шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй харин хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд барьцааны агуулгаар шилжүүлсэн байх тул А.Б-э, Н.У- нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд  дурдсан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн” хэлцэл биш харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, түүний гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, тухайн маргаанд шаардлагагүй Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу болсон байхаас гадна Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргээс нотлох баримтыг шүүхийн шийдвэрээр хасч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчсөн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02629 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.У-д холбогдох орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан А.Б-э, Н.У- нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай” гэж, 2 дах заалтын  “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Н.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО        

                                                          ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ     

                                                                                                      Н.БАТЗОРИГ