| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/06801/И |
| Дугаар | 101/ШШ2024/01906 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/01906
2024 04 10 101/ШШ2024/01906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, , тоот хаягт оршин суух, гийн д /РД: / холбогдох
38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 08 сард Т. нь Б.*******тэй уулзан онгоцны билет бичих гэсэн юм, найздаа 5,000,000 төгрөг зээлээч, удахгүй өгнө гэж хэлсэн.
Т. тухайн үед Наран трэвел ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүний хүсэлтийн дагуу Б.******* 5,000,000 төгрөгийг Наран тревел ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд шилжүүлэн зээлдүүлсэн ба удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй.
Б.******* нь Т.тай дотно найз гэж бодож 5,000,000 төгрөгийг төлөхийг шахаж шаардаагүй бөгөөд найздаа итгэж байсан. Т. удахгүй өгнө, эсвэл манайхаас онгоцны билет авчих гэсээр 2019 оны 12 сар хүрсэн.
Хариуцагч Т. нь 2019 оны 12 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Б.*******тэй уулзаад Наран трэвел ХХК-ийг дан ганц өөрийнхөө нэр дээр авч, өөрийн компани болгох гэж байна. Яаралтай 25,000,000 төгрөг зээлээч, өмнө авсан 5,000,000 төгрөгтэй нийлүүлээд 30,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа төлнө гэж гуйсан.
Ингээд Б.******* нь Наран трэвел ХХК-йн Голомт банк дахь 1601201720 тоот дансанд 25,000,000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлэн зээлдүүлсэн.
Т. нь Б.*******ээс дахин зээлж авсан 25,000,000 төгрөгөөр Наран тревел ХХК-ийг өөртөө шилжүүлэн авах, өмчлөгч болох зорилгодоо хүрсэн боловч хэлэлцэн тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй ба өнөө маргаашгүй Хөгжлийн банкнаас мөнгө орж ирнэ, Хэнтий аймгаас хүнээс мөнгө авна, Солонгос руу ажиллах хүч гаргадаг компани байгуулж байгаа тул удахгүй хөрөнгө орж ирэхээр өгнө, грашаа зараад өгнө гэж ярих болсон.
Грашаа зээлийн төлбөртөө өгчих гэсэн чинь ээжийнх нь учир боломжгүй гэсэн. Мөн Т. хүнээс авлагадаа баригдаж байгаа орон сууц авахаар боллоо гэхээр нь зөрүү мөнгийг нь өгөөд орон сууцыг нь авья гэхэд бичиг баримт нь бүтэхээ болилоо гэсэн.
Мөн хятадуудаас нүүрсний мөнгө орж ирэхээр нь өгнө гэх мэтээр олон удаа худлаа ярьсан тул Т.д холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.
Т. нь Б.*******тэй 2023 оны 03 сарын 12-ны өдөр уулзаж зээлэн авсан 30,000,000 төгрөгийг удаалаа. Уучлаарай. Мөнгийг эргүүлэн төлөхдөө зээл, зээлийн хүүнд нийт 45,000,000 төгрөгийг төлнө гэж өөрөө санаачлан бичиж өгсөн.
Ингэхдээ үндсэн зээл 30,000,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор, зээлийн хүү 15,000,000 төгрөгийг 2023 оны 04 сарын 30-ны дотор төлнө гэсэн. Т. шаардуулан байж 7,000,000 төгрөг өгсөн ба үлдэх 38,000,000 төгрөгийг өгөөгүй.
Иймд хариуцагч Т.аас зээлийн үлдэгдэл 38,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгч Б.******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.д мөнгө шилжүүлсэн баримтууд, Т.ын 2023 оны 03 сарын 12-ны өдөр гаргасан 45,000,000 төгрөгийг Б.*******т төлөх тухай тайлбар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 3463 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгазах тухай тогтоолын хуулбар,
Цагдаагийн байгууллага 2023 оны 05 сарын 23-ны өдөр хохирогч Б.ээс авсан мэдүүлэг, 2023 оны 06 сарын 06-ны өдөр гэрч Т.аас авсан мэдүүлэг,
Наран трэвел ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Б.*******ийн Т.д мөнгө шилжүүлсэн баримтууд зэргийг ирүүлжээ.
Хариуцагч Т. шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Т.ыг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэсэн ба түүнд 2023 оны 12 сарын 12-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.д 2019 оны 08 сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 03-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэжээ.
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь Худалдаа хөгжлийн банк дахь тоот данснаасаа Наран трэвел ХХК-ийн мөн банк дахь тоот дансанд 2019 оны 08 сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг ******* зээл,
2019 оны 08 сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг ******* зээл,
2019 оны 08 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг ******* зээл,
2019 оны 12 сарын 03-ны өдөр Наран трэвел ХХК-ийн Голомт банк дахь 1601201720 тоот дансанд 5,000,000 төгрөг, *******ээс Наран трэвел зээл,
2019 оны 12 сарын 03-ны өдөр 10,700,000 төгрөг, *******ээс Наран трэвел зээл,
2019 оны 12 сарын 03-ны өдөр 9,700,000 төгрөг *******ээс Наран трэвел зээл гэсэн гүйлгээний утгуудтай нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
/ХХ-ийн 14-17 дугаар тал/
Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлдэгч буюу хариуцагч Т. нь 2019 оны 08 сарын 26, 2019 оны 12 сарын 03-ны өдрүүдэд Наран трэвел ХХК-ийн дансаар нийт 30,000,000 төгрөгийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.*******ээс хүлээн авсан болохоо болон уг мөнгөнд 2023 оны 03 сарын байдлаар 15,000,000 төгрөгийн хүү төлөхөө зөвшөөрч, нийт 45,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 31-ний дотор, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2023 ны 04 сарын 30-ны дотор төлөх болохоо зээлдүүлэгч Б.*******т 2023 оны 03 сарын 12-ны өдөр бичгээр илэрхийлж байсан байна.
ХХ-ийн 5 дугаар тал/
Хариуцагч Т. нь Наран трэвел ХХК-ийн дансаар нийт 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс хүлээн авсан талаараа маргаагүй болно.
Хариуцагч Т. нь төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан 45,000,000 төгрөгөөсөө 7,000,000 төгрөгийг төлсөн хэмээн нэхэмжлэгч Б.******* тайлбарлан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгч Б.*******ээс 2019 оны 08 сарын 26, 2019 оны 12 сарын 03-ны өдөр тус тус зээлэн авсан мөнгөө болон уг мөнгөний хүү хэмээн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн мөнгөө буцаан өгөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.******* гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.аас 38,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч 2023 оны 10 сарын 2-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Т. шүүхийн дуудсан цагт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2023 оны 11 сарын 17-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.ыг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
Цагдаагийн байгууллага хариуцагч Т.ыг шүүхэд албадан ирүүлж түүнд 2023 оны 12 сарын 12-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, нөлөөллийн мэдүүлэг болно хэргийн материалыг танилцуулсан байна.
/ХХ-ийн 1-2, 18, 20-26 дугаар тал/
Хариуцагч Т.д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 сарын 12-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 23-26 дугаар тал/
2024 оны 04 сарын 03-ны өдрийн 11 цаг 30 минутанд хуралдаан болохыг хариуцагч Т.д шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө 2024 оны 03 сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч Т. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
2024 оны 04 сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутанд хуралдаан болохыг хариуцагч Т.д 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 11:57 минутад түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 90900003 дугаарын утсанд мессэж илгээн мэдэгдэхэд тэрээр 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 12:03 цагт За хэмээн хариу илгээсэн байна.
Мөн хариуцагч Т. нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршн суугаа хаягийг *******, *******, , 801-р , тоот хэмээн тодорхойлсон бөгөөд уг хаягаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудас хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй хэмээн харьяалах хорооны засаг дарга нь тодорхойлолт ирүүлсэн болно.
/ХХ-ийн 24, 27-38, 40 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Т. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Т.ын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Т.аас 38,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 347,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН