Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 


                                       Н.А, Ж.С нарт холбогдох
                                        эрүүгийн хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
                                      Прокурор                                 Ж.Сатсүх
                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч          С.П
                                      Шүүгдэгч                                  Н.А, Ж.С
                                     Нарийн бичгийн дарга              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.А, Ж.С нарт холбогдох 201603000226  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.


Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, 3 хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Н.А

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, криминалистикийн шинжилгээ, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаар ..................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.С

Шүүгдэгч  Н.А, Ж.С нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Бгаас “Нэргүй даргын байрнаас орон сууц захиалж өгнө, орон сууцыг томруулж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11.625.900 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр 1.300.000 төгрөгийг буюу нийт 24.925.900 төгрөгийг, 
2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Эоос “зээл хаагаад буцаагаад өгнө, миний дансанд бэлэн 7.000.000 төгрөг байна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөгийг, 
2013 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.От “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байрлах газрыг зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.300.000 төгрөгийг тус тус залилсан, 
2013 оны 12 дугаар сарын 03-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн   Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 9.430.000 төгрөгийн хохирол учруулсан, 
шүүгдэгч Н.А нь ганцаараа 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан, 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Н“Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2016 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сард 600.000 төгрөгийг, мөн 9 дүгээр сард 158.250 төгрөгийг буюу нийт 2.258.250 төгрөгийг, 
2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн В.Цаас “орон сууц зарна" гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.700.000 төгрөгийг, 
2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Оаас “банкнаас зээл авах гэсэн чинь өртэй гээд байна зээл хаах гэсэн юм” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг, 
2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Мгаас “зээл хаагаад буцааж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.700.000 төгрөгийг, 
2016 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сд “найдвартай зээл байвал надад хэлээрэй, хүүг нь хувааж авдаг ёстой найдвартай, чи надад мөнгө зээлүүлээч” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.900.000 төгрөгийг, 
2017 оны 09 дүгээр сарын 13-ны үеэр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Бд “61-68 АРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг хямдхан зарна” гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.700.000 төгрөгийг, 
2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Наран ресторанд иргэн Б.Цгаас “хүүхдийг чинь группт оруулж өгнө” гэж 400.000 төгрөгийг, мөн дахин 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй утсаар холбогдож “зээл хаагаад өгье” гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 2.400.000 төгрөгийг, 
Хаан банкны 5156112224 дугаартай дансыг ашиглан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Цэаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “жолооны Е ангилал даруулж өгнө” гэж нийт 205.000 төгрөгийг, 
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Ө.Өд “нөхрийн хамт Канад улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2.500.000 төгрөгийг, 
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 30-20 тоотод оршин суух хаягтай иргэн Д.М-ыг “өөрийн Хаан банкны зээлийг хааж, 4 хоногийн хугацаатай 2 хувийн хүүгийн хамт буцааж өгнө” гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг, мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-ийн зээлийн материал хөөцөлдөж буй бичиг баримтыг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дахин 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 4.500.000 төгрөгийг,
            Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар Д.Г, Д.А, Н.Д, У.Г нарт “мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө, Хос финанс ББСБ-ын барьцаанд хураагдсан Приус-20 маркийн автомашин 6.800.000 төгрөгөөр зарна” гэж нийт 2,863,000 төгрөгийн төөрөгдөлд оруулж тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,
 Ж.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.А-г бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.С-ыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж; Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 8-р хороо, 25-3-1-402 тоотод оршин суух Ө.Ө-д, шүүгдэгч Ж.Саас 12.462.950/арван хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хорооллын 109- 01 тоотод оршин суух Б.Б-д, 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 18-р хороо, ХД-ийн 42-р байрны 10 тоотод оршин суух хаягтай, Н.Э-д, 4.295.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 2-р 36-р байрны 30 тоотод оршин суух Ж.Н-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Ш.О, Б.М нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж; Шүүгдэгч Н.А, Ж.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А, Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Жадамбаагийн Сайнбаяр миний бие 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл эрүүгийн 201603000226 дугаартай хэрэгт холбогдуулан шалгагдаж... 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд үүнийг миний бие эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан шалгасан хэргийн талаар:
1. Хохирогч Б.Б, шүүгдэгч Н.А нар нь иргэн хоорондын гэрээ байгуулан мөнгө зээлсэн үйлдэл байхад дээрх хоёр оролцогч нь ялангуяа хохирогч Б.Б нь удаа дараа худал мэдүүлэг өгч, Ж.С намайг гүтгэн гүжирдэж, бодит үнэнийг гуйвуулан хэргийг чинь үнэнээр шийдвэрлэхэд саад учруулсан. Мөн хохирогч Б.Б, Ж.С нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн хооронд байгуулсан гэрээг шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шинэ нотлох баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Н.А нар нь шүүх хуралдааны үеэр үүнийг нотолж мэдүүлсэн нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй шинээр илэрсэн нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй. 
2. Мөн хохирогч Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.Агийн бусдын 5135657773 тоот дансанд 5.900.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Агийн төрсөн ах Н.Анхбаярын 5067047457 тоот дансанд 1.300.000 төгрөгийг шилжүүлж, тэдгээр хүмүүс нь тухайн мөнгөнөөс зарцуулалт хийсэн. Тэдгээр хүмүүсийг тухайн хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. 
3. Хохирогч Н.Э, шүүгдэгч Н.А нар нь мөн иргэн хоорондын гэрээ байгуулан мөнгө зээлж, зээлийн хүүгээ авч байсан атлаа намайг энэ ажиллагаанд байсан мэт мөрдөн шалгах ажиллагааны шатанд эхнэрийн хамт худал мэдүүлэг өгч, Ж.Сыг өөрөө ирж авсан мэт Н.Атай үгсэн хуйвалдаж мэдүүлсэн. Н.Э, түүний эхнэрийг огт танихгүйгээр барахгүйгээр нэг ч удаа уулзаагүй. 
4. Хохирогч Ц.О нь мөн шүүгдэгч Н.Атай харилцан тохиролцож үхэр болон бэлэн мөнгө авсан атлаа Ж.С хамт байсан мэт удаа дараагийн худал мэдүүлгүүд өгсөн нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн. Ц.О нь мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. 
5. Дээрх үйлдлүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Сыг 2 удаа хэрэгсэхгүй болгосон. Н.А нь хохирогч нартай тохиролцож, Ж.Ст өс санаж /ажил төрөлгүй болгоно гэж удаа дараа мессеж бичдэг байсан/ мэдүүлгээ өөрчлөн Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаж, хэргийг сэргээлгэх хүсэлт гарган хэргийг сэргээж шалгуулсан. 
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт холбогдуулан шалгасан хэргийн талаар: 
1. Хохирогч Ж.Нийн гэрт хулгайн хэрэг гарах өдөр Ж.С намайг орон байранд нэвтэрсэн гэж үзсэн. Шүүгдэгч Н.А нь шүүхэд анхнаасаа мэдэж байсан гэж худал мэдүүлсэн. Тухайн өдөр хохирогчийн гэрийн үүдийг эвдсэн этгээд болон Н.А нартай тэдний гэрт хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийг тухайн хэрэгт холбогдуулан шалгаагүй бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед тухайн орон байранд нэвтэрсэн хүмүүс нь Н.А болон түүний хоёр ажилчин юм. Тэр үед тэр байранд засвар хийж байсан цахилгаанчин нар болно. 2014 онд гэмт хэргийг үл мэдээлсэн гэж шалгуулж байсан. 
2. Тухайн хохирол болон эд зүйлс зарж борлуулсан бүх зүйлийн мөнгийг зарцуулсан байдаг. 
Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн баримтууд:
1. Ж.Сыг яллагдагчаар татсан тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн яллах дүгнэлтэд заасан хэргийн утгын хугацаа хоорондоо зөрүүтэй. Улсын яллагч мөрдөгчийн шалгасан материалаас өөр хэргийн он, сар хугацааг буруу бичиж шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ байдлыг авч хэлэлцээгүй. 
2. Хэргийн үйлдлийг дутуу шалгаж хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй атлаа хохирогч нарт учирсан хохирлыг тэнцүү хоёр хувааж шүүгдэгч нар төлөхөөр шийдвэрлэсэн. 
Дээрх хууль бус нөхцөл байдлууд, хэргийн үйл баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад намайг хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан материалууд нь процессын зөрчлүүд маш их, хэргийн нөхцөл байдлуудыг бодитой тогтоогоогүй, нотлох баримтууд нь хангалттай бус зэрэг асуудлууд үүссэн ба хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтаар намайг гэм буруутай хэмээн үзэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. 
Иймд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/04 тоот шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж дахин шалган шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. Хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлынхоо үндэслэл, агуулгыг дэлгэрэнгүй ярих болно гэжээ.  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Ж.Сын тухайд бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан холбогдох дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн. Түрүү миний дурдсан нотлох баримтууд бүгд хавтаст хэрэгт бүрэн тусгагдсан байгаа. Энэ хүрээнд анхан  шатны шүүх шийдвэрээ гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Н.Агийн хувийн нөхцөл байдлын тухайд бол эдгээр хүмүүсийн дундаас гарсан хүүхдүүдийг өөр дээрээ асрамжлан харж байгаа гэж би ойлгож байгаа. Мөн Н.А нь өмнөх шүүх хуралдаан дээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд харагдсан учраас анхан шатны шүүхээс түүнд торгуулийн ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдал зэрэгт нь тохирсон шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
 Шүүгдэгч Н.А, Ж.С нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлсэн байна.
           
 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Аг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Сыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
    Шүүгдэгч Н.А, Ж.С нарт  холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг  зөв хэрэглэн, шүүгдэгч Ж.Ст холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Н.Ад холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт нь 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эх зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.С давж заалдах гомдол гаргасан байна.
Шүүгдэгч  Ж С нь Н.Атай бүлэглэн, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Бгаас “Н даргын байрнаас орон сууц захиалж өгнө, орон сууцыг томруулж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 24.925.900 төгрөгийг авсан болох нь хохирогч Ж.Б /1-р хх-ийн 15-18/, гэрч Б.Б 1-р хх-ийн 28-29/, Ш.О /1-р хх-ийн 36-39/, Ж.Н /1-р хх-ийн 42-43/ нарын мэдүүлэг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Эоос “зээл хаагаад буцаагаад өгнө, миний дансанд бэлэн 7.000.000 төгрөг байна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөгийг авсан болох нь хохирогч Н.Э /1-р хх-ийн 85-88/, гэрч Т.Ц /1-р хх-ийн 94-95/ нарын мэдүүлэг,  2013 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.От “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байрлах газрыг зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.300.000 төгрөгийг авсан болох нь хохирогч Ц.О /3-р хх-ийн 137-138/-ын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 03-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн   Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 9.430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Н //2-р хх-ийн 234-235/,  яллагдагч Н.А /5-р хх-ийн 208-210/ нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч Ж.Сын дээрх гэмт хэргүүдэд оролцоогүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.
    Мөн гомдолд дурдсан яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хэргийн утгын хугацаа хоорондоо зөрүүтэй /яллах дүгнэлтэд хохирогч Б.Бгаас мөнгө авсан хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн/ гэсэн нь үнэн хэдий ч үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй, зөвхөн энэ үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаах үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг зөвтгөж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч Ж.Сын холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байдлаар зөв үнэлэн, түүнийг Н.Атай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн учир гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараар хуваан хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                                         Г.УЛАМБАЯР