Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 94

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч Б.Саранчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1730000980056 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн харьяат, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Эрдэнэцагаан сумын 2-р баг Цагаан - Овоогийн 4-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛМ87042009, Хатиган овгийн Б.С 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

           Шүүгдэгч Б.С нь 2017.04.10-ны өдөр 480 ширхэг GOLD MILK  нэртэй хуурай сүүг өөрийн багш Т.Сүндалайгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх “Өсөх-Ундрах” дэлгүүрээс зээлээр авахуулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 3.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  - Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би хилээр наймаа хийдэг. Багшаасаа юм аваад зараад буцаагаад мөнгийг нь өгдөг. Сүүлд 480 ширхэг сүү аваад зараад мөнгөөр нь борц ааруул аваад зарах гэж байгаад хятадын гаальд хураалгасан. Тэгээд эргүүлж өгөх мөнгөгүй болсон. Сая ах дүү нараасаа мөнгө цуглуулж хохирлыг бүрэн төлсөн... гэв. 

  - Хохирогч Т.Сүндалайгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Өсөх-Ундрах дэлгүүрээс сүү авч борлуулдаг юм. 2017 оны 04 сарын 10-ны өдөр над руу 99804251 дугаараас манай шавь Б.Саранчимэг залгаад багшаа надад Өсөх-Ундрах дэлгүүр сүү өгөхгүй байна. Та захиалаад аваад өгчих гэхээр нь амьдрах гэж зүтгэж яваа хүнд тус болох хэрэгтэй гэж бодоод 3.360.000 төгрөгийн 480 ширхэг сүүг Өсөх-Ундрах дэлгүүрээс захиалж авч өгсөн юм. Тэгээд 2017 оны 5 сард Өсөх-Ундрах дэлгүүр надаас сүүний мөнгөө нэхсэн. Тэгээд би Саранчимэгээс сүүний мөнгө асуухад дүү нь одоохондоо боломж муутай байна. Та өгчих би таны мөнгийг хүүтэй нь буцааж өгнө гэхээр нь би Өсөх-Ундрах дэлгүүрт 3.360.000 төгрөгийг нь өгсөн. Саранчимэг бид хоёрын дунд гэрээ хийгдээгүй. Надаас өмнө нь  бараа аваад буцааж мөнгө төгрөгөө өгөөд байдаг байсан болохоор би итгээд 3.360.000 төгрөгийн сүү авч явуулсан юм. Ингээд 2017 оны 5 сараас удаа дараа мөнгөө нэхсэн боловч  ... гэх мэдүүлэг /хх-3 /,  

 

  - Гэрч Б.С-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ...Би 2017 оны 4 сард танил эгч болох Т.Сүндалайтай утсаар дүүд нь Өсөх-Ундрах дэлгүүр сүү өгөхгүй байна та аваад өгөөч дүү нь сүүнийхээ мөнгийг өгөөд  ашгаа өөрөө авах гэсэн юм гэж хэлээд Өсөх-Ундрах дэлгүүрээс 3.360.000 төгрөгийн 480 ширхэг сүү авуулсан. Би уг сүүгээ 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн 4 сарын дуустал 3.800.000 төгрөг болгосон юм. 2017 оны 05 сард Т.Сүндалай эгч над руу залгаад Өсөх-Ундрах дэлгүүрээс мөнгө нэхээд байна сүүний мөнгө өгчих гэхээр нь дүү нь одоохондоо боломж муутай байна та өгчих таны мөнгийг хүүтэй нь бодож өгнө  гэсэн. Тэгээд Т.Сүндалай эгч зөвшөөрсөн. Харин би 2.000.000 төгрөгөнд Улаанбаатар хотоос борц, ааруул авч Хятад улс руу гаргахаар авч яваад Хятад улсын гааль дээр хураалгаад ямар ч мөнгөгүй болсон... гэх мэдүүлэг / хх-5 /,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2017.09.29-ний өдрийн 173000098 дугаартай тогтоол

   - Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2017.10.06-ны өдрийн 02/240 дугаартай тодорхойлолт /хх-15/

   -  Б.С-йн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/ 

   -  Б.С-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/

- Хохирогч Т.Сүндалайн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай 2017.10.18-ны өдрийн хүсэлт / хх-н 26 х /

   - Шүүгдэгч Б.С-ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.10.18-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-24 / 

   - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.10.20-ны өдрийн 5/13 дугаартай Прокурорын тогтоол /хх- 28/

   - Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаархи прокурорын 2017.10.20-ны өдрийн 13 дугаартай санал /хх-29/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Саранчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч Б.С нь 2017.04.10-ны өдөр хохирогч Т.Сүндалайтай гар утсаар “ Өсөх-Ундрах дэлгүүр сүү өгөхгүй байна “ гэж  хуурч, Т.Сүндалайгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд байх “Өсөх-Ундрах” дэлгүүрээс 480 ширхэг GOLD MILK нэртэй хуурай сүүг зээлээр авхуулан бусдад 3.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Саранчимэгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Сүндалай мэдүүлж нотлогдож байна.

Б.Саранчимэгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.С нь “ Өсөх-Ундрах ” дэлгүүр сүү өгөхгүй байна гэж хуурч өөрийн багш Т.Сүндалайгаар уг дэлгүүрээс 3.360.000 төгрөгийн үнэ бүхий GOLD MILK  нэртэй хуурай сүүг зээлээр авахуулж төлбөрийг төлөөгүй, Т.Сүндалай нь төлбөрийг төлсөн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь түүний болон хохирогч Т.Сүндалайгийн “ Би Өсөх-Ундрах дэлгүүрээс сүү авч борлуулдаг юм. 2017 оны 04 сарын 10-ны өдөр над руу 99804251 дугаараас манай шавь Б.С залгаад багшаа надад Өсөх-Ундрах дэлгүүр сүү өгөхгүй байна. Та захиалаад аваад өгчих гэхээр нь амьдрах гэж зүтгэж яваа хүнд тус болох хэрэгтэй гэж бодоод 3.360.000 төгрөгийн 480 ширхэг сүүг Өсөх-Ундрах дэлгүүрээс захиалж авч өгсөн. 2017 оны 5 сард Өсөх-Ундрах дэлгүүр надаас сүүний мөнгөө нэхсэн. Тэгээд би С-ээс сүүний мөнгө асуухад дүү нь одоохондоо боломж муутай байна. Та өгчих би таны мөнгийг хүүтэй нь буцааж өгнө гэхээр нь би Өсөх-Ундрах дэлгүүрт 3.360.000 төгрөгийг нь өгсөн. С бид хоёрын дунд гэрээ хийгдээгүй. Надаас өмнө нь  бараа аваад буцааж мөнгө төгрөгөө өгөөд байдаг байсан болохоор би итгээд 3.360.000 төгрөгийн сүү авч явуулсан юм. Ингээд 2017 оны 5 сараас удаа дараа мөнгөө нэхсэн боловч өгөөгүй “ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

Б.С гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр “ Өсөх-Ундрах ” дэлгүүрээс сүү авахаар хандсан нь хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд харин “ Өсөх-Ундрах ” дэлгүүр өөрт нь сүү өгөхгүй байна гэх зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөн багш шавийн харилцаа, зээлээр бараа авч байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Т.Сүндалайг хуурч бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан хийгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, зориуд үйлдэж хохирогчид хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотолж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан 3.360.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Б.С нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

    Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 3.360.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Т.Сүндалай нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хатиган овогт Б.С-ийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.   

  3. Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 3.360.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Т.Сүндалай нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай. 

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Саранчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН