Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч С.Алтай, иргэний нэхэмжлэгч , шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1721000000041 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1984 оны 8 сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорнод аймгийн Халхгол сумын ******* .... дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:......................./, овогт Мөнхбаяр,

Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 31-ний өдөр Дорнод аймаг Халхгол сумын ******* багийн “Замын худаг” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 20.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг түүж, тээвэрлэсэн, 2017 оны 8 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Баянхошуу” хилийн боомтоор ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлд 20.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд  өгсөн мэдүүлэгтээ: “Халхгол сумын иргэн   ургамал түүж бэлтгэсэн гэдгийг сүүлд 2017 оны 09 сарын 26-ны өдөр мэдсэн. Миний бие энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Экологи эдийн засгийн  үнэлгээгээр одоогийн байдлаар 1025000 төгрөгийн  нөхөн төлбөр гарсан. Энэ үнэлгээгээр гарсан 1025000 төгрөгийг ******* гаргуулах хүсэлтэй байна. Сүүлийн  жилүүдэд бэлчээрийн талхагдалт ихээр явагдаж байгаа. Өөр нэхэмжлэх  зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах Баянхошуу боомтын гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч Н.Мөнхтөр нь ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлд хяналт шалтгалт хийх явцад тээврийн хэрэгслийн урд талын хоёр карланаас 200-300 граммаар хэсэгчлэн боосон нийтдээ 20.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг илрүүлсэн. ...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 18-ны өдрийн 08 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрхтэн болох үндэс байна. 2.Монгол Улсын Байгалийн ургамлын тухай 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтыг баталсан бөгөөд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулснаар Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын жагсаалтад орсон болно. 3.Уг ургамлын үндсийг эмийн түүхий эдийн зориулалтаар ихэвчлэн Хятад улс руу гаргаж ашигладаг. 4.БОАЖЯамны сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, 1 кг Дэрэвгэр жиргэрүү үндэс нь 50.00 мянган төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Иргэн, аж ахуй нэгж байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.4.3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох” гэж тус тус заасан. Иймд ургамлын аймагт учруулсан хохирлыг тооцвол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ Дэрэвгэр жиргэрүүгийн 1 кг тутам 50000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 20.5 кг үндэс нь 1025000х5=5125000/таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн шууд хохирлыг учруулсан байна.” гэжээ.

-Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15/

-Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16, 17/

-Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-72/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 51-52/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Халхгол сумын ******* багийн “Замын худаг” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан 20.5 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг түүж, тээвэрлэсэн, 2017 оны 8 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын “Баянхошуу” хилийн боомтоор ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлд 20.5 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 7 сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэлтэй Халхгол сумын ******* багаас ганцаараа очиж нийт 20.5 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хууль бусаар түүгээд  2017 оны 8 сарын 01-ний өдөр тухайн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг жижиг жижгээр нь багцалж боогоод өөрийн тээврийн хэрэгслийн /купот/ хамрын хоёр талд нууж нийт 20.5 кг ургамлын үндсийг хийгээд 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 14 цагийн орчим нуусан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Баянхошуу хилийн боомт руу хууль бусаар гаргах зорилготой явсан бөгөөд 15 цагийн орчим очоод Баянхошуу боомтын хяналт шалгалтын хэлтэс нууж явсан Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/, түүнийг давхар нотолсон гэрч “...******* нь өөрийн эзэмшлийн “Рекстон” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ карланы дотор талд ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг нуусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,  Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 18-ны өдрийн 08 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон иргэний нэхэмжлэгч , ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2017 оны 8 сарын 18-ны өдрийн 08 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн, хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5400 /таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5850000 /таван мянга найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.   

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 1025000 /нэг сая хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан ба энэ учирсан шууд хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс дээрх 1025000 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт /байгаль хамгаалах санд/ олгох нь зүйтэй байна.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч нь нотлох баримтаар ирсэн 20.5 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг шинжлэн судлах явцад  ашиглах боломжтой, муудаагүй байна гэж мэдүүлж байх тул уг ургамлын үндэсийг, 

мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус хураан худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 1025000 төгрөгийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр урттай, дээд бариул 20 см урттай, доод бариул 13 см урттай, 4 см өргөнтэй  1 /нэг/ ширхэг төмөр лоомыг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлж, шүүгдэгч *******ын эзэмшлээс ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн  5/17 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, .................. дугаартай гадаад паспорт, №..................... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч овогт зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн, хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5850000 /таван мянга найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5850000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1025000 /нэг сая хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газарт /байгаль хамгаалах санд/ олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 16.5 кг дэрэвгэр жиргэрүү ургамал, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хураан худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний буюу 1025000 төгрөгийг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр урттай, дээд бариул 20 см урттай, доод бариул 13 см урттай, 4 см өргөнтэй  1 /нэг/ ширхэг төмөр лоомыг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлж, шүүгдэгч *******ын эзэмшлээс ******* ДОР улсын дугаартай “Рекстон” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 сарын 01-ний өдрийн  5/17 дугаартай "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, ............... дугаартай гадаад паспорт, №........................... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР