Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

          Н.Д-д холбогдох эрүүгийн
            хэргийн тухай


 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор                                                        С.Б
        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 В.У
        Шүүгдэгч                                                         Н.Д
        Нарийн бичгийн дарга              Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Дид холбогдох 2112000000349 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ....................... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Д

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 05-08 тоот хашааны гаднаас хохирогч Н.Гийн эзэмшлийн улаан өнгийн Super Dayun маркийн мотоцикл хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан, 
мөн тухайн цаг хугацаандаа хулгайлсан мотоциклоо унаж ашиглан тус сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт байх хохирогч Ч.Бы Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, МФ тоглуулагч, Рэдми нөүт-8 маркийн гар утас зэрэг хулгайлж, 295.000 төгрөгийн хохирол учруулсан, 
мөн тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газраас хохирогч Ч.Бы эзэмшлийн 1 тооны хонийг мотоцикл ашиглан хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 Архангай аймгийн Прокурорын газраас Н.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.Д-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт,  мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Н.Дийг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийн үнэ болох 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,  Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Н.Д нь холбогдсон гэмт хэргээ сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэгт холбогдож  хорих ял авч байгаа, түүний хувийн байдлын хувьд сэтгэцийн хөнгөн  хэлбэрийн хомсдол өвчтэй, бага байхдаа мориноос унаж гараа бэртээсэн, одоогоор группт байдаг. Түүний ээж, төрсөн дүү нар нь мөн сэтгэцийн өвчний улмаас эмчийн хяналтад байдаг. Хэдийгээр Н.Дид харгалзан дэмжигч томилогдоогүй боловч Н.Дийн төрсөн ах С.Д-даа амьдардаг бөгөөд түүнийг дагуулж явдаг ба бие дааж нийгмийн харилцаанд оролцох чадваргүй байдаг. Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэж  гарсан хэдий ч өөрөө бие даан шийдвэр гаргах, энгийн насанд хүрсэн хүний хэмжээнд сэтгэх чадваргүй байдаг. Цагдан хоригдсоноос хойш байнгын өвчин намдаах эм, нойрны эм ууж байгаа. Н.Дийн өвчин хавар, намартаа сэдэрдэг бөгөөд өвчин нь сэдэрсэн үедээ гэр орондоо тогтохгүй, дэмий тэнэдэг ба тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ өвчин нь сэдэрсэн байдаг. Энэ талаар түүний төрсөн ах С.Д нь анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой мэдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс буюу түүнийг гэмт хэрэгт холбогдсоны дараа ах С.Д нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд ирэн авч явж, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц, мэдрэлийн тасагт хэвтүүлсэн байдаг. Мэдрэлийн эмчийн хяналтдаа одоо ч байдаг. Иймд түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралд оролцож тайлбар гаргана гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт ажиллагаа дутуу хийсэн асуудал байгаа. Н.Дийн хувийн байдлыг бүрэн тогтоож орж ирэх ёстой. Нотолбол зохих асуудлын нэг юм. Хэргийг хангалттай бүрэн тогтоогоогүй байна. Миний үйлчлүүлэгч хоёулаа явсан гэдгийг хэлдэг. Оюуны хомсдолтой өвчинтэй хүн болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлдэг. Шинжээч мөн адил энэ талаар хэлж байсан. Тэгэхээр хоёулаа явж байсан гэж хэлсэн нь үндэслэлтэй байх магадлалтай. Мөн хамт явсан хүнийг нь олж тогтоох ажиллагаа хийсэн баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр энэ ажиллагааг хийгээгүй дутуу орхигдуулсан байна. Мөн прокурор гэм буруу дээрээ маргасан гэдэг асуудлыг ярьж байна. Миний үйлчлүүлэгч хулгай хийсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийг нэмж гаргуулъя гэдэг хүсэлт тавьсан асуудал маань гэм буруу дээрээ маргасан асуудал биш юм. Бид бүгд хуульчид учраас үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Өнөөдөр өмгөөлөгч нар өөр байр суурьтай оролцож гэм буруугаа хүлээгээгүй байна гэдэг байдлаар дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх энэ талаар холбогдох санал, хүсэлтээ гаргаж тавих эрхтэй. Өмгөөлөгч, шүүгдэгч нь хоёр өөр эрх, үүрэгтэй хэргийн оролцогч юм. Хуульд өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт байхгүй. Иймд Н.Дийн гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, шинжээч томилох, мөн хамт хулгай хийсэн гэх хүнийг олж тогтоолгох нэмэлт ажиллаагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаалгах саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хонхорын 05-08 тоот хашааны гаднаас хохирогч Н.Гийн эзэмшлийн улаан өнгийн Super Dayun маркийн мотоцикл хулгайлж, 850.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайн цаг хугацаандаа хулгайлсан мотоциклоо унаж ашиглан тус сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт байх хохирогч Ч.Бы Монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, МФ тоглуулагч, Рэдми нөүт-8 маркийн гар утас зэрэг хулгайлж, 295.000 төгрөгийн хохирол учруулсан,  2021 оны 11 дүгээр сарын 10-ны орой 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газраас хохирогч Ч.Бы эзэмшлийн 1 тооны хонийг мотоцикл ашиглан хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Н.Дийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,  мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч... Миний үйлчлүүлэгч мэдрэлийн эмчийн хяналтдаа одоо ч байдаг. Иймд түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Н.Д нь сэтгэцийн хувьд буюу оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй боловч сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлт, энэ талаар өгсөн шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдлүүлэхэд саад болох өвчтэй тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт гараагүй учир хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.  
 
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу томилогдсон эмч нар оролцож, хуульд заасан журмыг баримтлан гаргасан, дээрх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй асуудал байхгүй тул дахин дүгнэлт гаргах гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй ба анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хоёулаа явсан гэж мэдүүлдэг ч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нэрлэж заагаагүй, тухайн үед ганцаараа явж байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна. 

Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Н.Д  нь 52 хоног цагдан хоригдсон байх тул түүний хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

                  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
                                                  
                                                            ТОГТООХ нь:

            1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                                 Т.ДАВААСҮРЭН

                                                                                            Н.ЭНХМАА


.