Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0889/З |
Дугаар | 128/ШШ2023/0929 |
Огноо | 2023-12-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0929
2023 12 05 128/ШШ2023/0929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Энхтуяа
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын нэг удаагийн тэтгэмжийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чулуунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.Энхтуяа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1639 тоотоор тэтгэмжийн зөрүү 63.180.000 төгрөгийг олгохгүй байгаас эм үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч З.Энхтуяаг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 167 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гарсан байна. /х.х-н 5/
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч З.Энхтуяад 97.200.000 /ерэн долоон сая хоёр зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. /х.х-н 27-28/
4.Үүний дараа нэхэмжлэгч З.Энхтуяа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Тэтгэмжийн зөрүү 63,180,000 /жаран гурван сая нэг зуун наян мянган / төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8462 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /х.х-н 6-9/
5.Улмаар З.Энхтуяа нэг удаагийн буцалтгүй тусламж олгож буй уг шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү тэтгэмжийн зөрүү олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан.
6.Нэхэмжлэгч З.Энхтуяа шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: “Миний бие Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж өөрөө хүсэлтээ гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. Ингээд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 тоот тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар нэг удаагийн тэтгэмжийг авсан бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь тэтгэмжийг олгохдоо анхан шатны шүүхийн шүүгчийн сарын үндсэн цалингийн хэмжээгээр тооцож, 97.200.000 төгрөгийг олгосон.
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ", 47 дугаар зүйлийн 47.9-д "шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж тус тус зааснаас үзэхэд нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцон 36 сарын тэтгэмж олгогдохоор ойлгогдож байна.
Шүүгчийн цалин хөлсийг Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2- т. дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 192 дугаар тушаалын хавсралтаар баталсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.3-т "цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно" гэж, 1.4.2-т “...нэмэгдэлд ажилласан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн..." цалинг цалин хөлсний бүрэлдэхүүнд орохыг тус тус тодорхойлж өгчээ. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын үндсэн цалин сарын 2.700.000 төгрөг, Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Шүүн таслах ажиллагааны онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь буюу 1.080.000 төгрөг, 2 дугаар хавсралтаар баталсан шүүгчийн төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл буюу 675.000 төгрөгийн цалин хөлсийг хуульд заасны дагуу авч байсан.
Дээрх хуулиудад зааснаар өөрийн цалингийн дунджийг тооцоход 4.455.000 төгрөг болж байх бөгөөд 36 сарын тэтгэмж 160.380.000 төгрөг болж байна. Үүнээс үндсэн цалингаар тооцож олгосон 97.200.000 төгрөгийн тэтгэмжийг хасаж бодоход 63.180.000 төгрөг дутуу олгогдсон гэж үзэж байгаа.
Хариуцагч нь нэг удаагийн тэтгэмж олгосон шийдвэртээ Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг буюу нэг удаагийн тэтгэмжийг цалингийн дундаж хэмжээгээр тооцож олгох заалтыг баримталсан атлаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тусламж олгох журам"-ын 2 дахь заалт зэргийг үндэслэн сарын үндсэн цалингаар тооцож шийдвэрлэсэн нь өндөр насны тэтгэвэрт гарч байгаа бидний эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ гэж үзэж байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Дээрх журмын 2 дахь заалт нь шүүгчийг тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх зохицуулалт биш, харин Төрийн албаны тухай Хуулиар тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад тэтгэмж олгох зохицуулалт байна.
Харин дээрх журмын 4.4-т "хэрэв төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэж зааснаар төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмжийг олгох илүү сонголттой нарийвчилсан заалт нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан зохицуулалт байна.
Иймд аль илүүг сонгох эрхээ эдэлж нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож 36 сарын тэтгэмж авах эрхтэй гэж үзэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлд тэтгэмжийн зөрүүг олгох тухай гомдлыг гаргасан болно. Гэтэл хариуцагч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга нь Шүүхийн тухай хууль болон төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг зөрчин тэтгэмжийг зөрүүг олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс хариуцагч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1639 тоотоор тэтгэмжийн зөрүү 63.180.000 төгрөгийг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тэтгэмжийн зөрүүг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэг. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн З.Энхтуяагаас “тэтгэмжийн зөрүү 63.180.000 төгрөг”-ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.
1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж" гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. 1.1. Албан тушаалын цалин гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
1.2. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. 1.2.1.Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд:
-УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.
1.2.2. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн “...авч байсан сарын дундаж цалин...” нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны” нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.
Хоёр. "Иргэн З.Энхтуяад нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ШЕЗ-ийн даргын тогтоол илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон.
Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм.
Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувь хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон ШЕЗ-ийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:
1. Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд тус тус заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
2. Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан.
3. Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан.
4. Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал Шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд Шүүхийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Шүүхийн тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Шүүхийн тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч З.Энхтуяа нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгджээ./х.х-н 5/
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан З.Энхтуяад нэг удаагийн буцалтгүй тусламж 97.200.000 төгрөгийг олгосон байна. /х.х-н 27-28/
4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.” гэж заажээ.
5. Нэхэмжлэгч З.Энхтуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр 63.180.000 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэж няцаан тайлбарлаж байна.
6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан “сарын дундаж цалингийн хэмжээ” гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.
7. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
8. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 дэх хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 дэх хэсэгт нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл “сарын дундаж цалингийн хэмжээ”-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.
9. Түүнчлэн шүүхээс Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг гаргуулан авч судлан үзэхэд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан “сарын дундаж цалингийн хэмжээ” гэсэн томьёоллоор хуульд тусгагдаж, өөрчлөгдөөгүй байна.
10. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож, нэхэмжлэгчийн хувьд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй, улмаар зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан З.Энхтуяагийн нийгмийн баталгаа зөрчигдөхөд хүрсэн байна.
11. Иймд нэхэмжлэгч З.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1.080.000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 675.000 төгрөг, нийт 1.755.000×36=63.180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэхэмжлэгчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч З.Энхтуяад 63.180.000 /жаран гурван сая нэг зуун наян мянган/ төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ