Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 51

 

Ц.Л-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалтай, Ц.Л-т холбогдох 1819001810094 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ын Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгөх”, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ц.Л-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн материалд Ц.Л-аас гэрчийн мэдүүлэг авсан гэх эрх бүхий албан тушаалтнаас тухайн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг аваагүй, Ц үхэр авсныг хэн, хэзээ илрүүлсэн, үхэр хулгайлсан гэх Ц.Л-т нөлөөлсөн эсэх зэрэг ажиллагаа гүйцэд хийгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Л гомдол, мэдээллийн  шатанд худал мэдээлсэн байсныг анхаарч үзээгүй. Шүүгдэгч Ц.Л нь хоёр тооны үхэр алдагдсан, хоёр тооны үхэр олсон гэх мэдээллийг гаргаж байхад нэгийг нь гомдол мэдээллээр хүлээн авч, нөгөөг нь гэрчийн мэдүүлэг болгон авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дугаар зүйлийг зөрчсөн. Шүүгдэгчийн өгсөн зөрүүтэй мэдээллийг өөрөөс нь тайлбараар тодруулан зөрүүг нь арилгах боломжтой байсан. Ц.Л “надаас мэдүүлэг авахдаа ямар эрх үүрэгтэй оролцох талаар танилцуулан тайлбарлаж өгөөгүй, гарын үсэг л зуруулж авсан гэж мэдүүлдэг. Ц.Л-ын үхэрт байсан хоёр тооны үхрийг хулгайлан авсан гэх Ц нь хохирогч нарын мөнгийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дансаар нь шилжүүлсэн байдаг. Ц нь уг мөнгийг хэний тушаал, заавраар өгөх болсон шалтгааныг ч тодруулах шаардлагатай. Ц.Л- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хоёр тооны үхэр алдагдсан гэх мэдээллийг эрх бүхий албан тушаалтанд гаргадаг бөгөөд гаргаж буй мэдээлэлтэй нь холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг сануулж, гомдол, мэдээллийг хүлээн авсан байдаг. Харин Ц.Л нь алдагдсан хоёр тооны үхрээ олсон гэх мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдө өгөхөд гэрчийн мэдүүлэг болгон авч, хэрэг үүсгэхээс татгалзаж хэргийг хаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, ... нөхцөл байдал тогтоогдсон бол прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзана” гэж зааснаас үзэхэд шүүгдэгчийн хоёр тооны үхрээ олсон гэх мэдээллийг гомдол, мэдээллээр хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаах нөхцөл байдал харагдаад байна.Шүүгдэгч хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж буй хэрэгт бус гомдол, мэдээллийн шатанд шалгагдаж буй хэрэгт худал мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Л-ын үйлдэл эрүүгийн хэрэг гэхээс илүү захиргааны зөрчилд хамаарагдахаар байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ц.Л-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өөрөөр хэлбэл нотлох баримт хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, худал мэдүүлэх өгөх гэх хоёр зүйл ангиар шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх дээрх хоёр зүйл ангийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэх хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нь нотлох баримт гаргаж өгөх эрх бүхий этгээд биш, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй, мөн нотлох баримтад тооцуулах шийдвэр гараагүй байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үгүйсгэсэн байгаа. Мөн шүүх шийтгэх тогтоолдоо 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацааны дотор торгууль төлөгдөх ёстой. Өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан хэлэхэд гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шүүгдэгч Ц.Л 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн газарт өөрийн биеэр очиж, Зөрчлийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар худал мэдүүлээгүй гэж хууль сануулж, гарын үсэг зуруулсан. Гэмт хэрэг гэж яригдаж байгаа зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч худал мэдүүлэг өгсөн гэж гэм буруугийн асуудал яригдсан. Ц.Л-т 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хууль сануулж, гэрчээр мэдүүлэг өгөхдөө хулгайд 2 үхрээ алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл 4 хоногийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хулгайлсан этгээд Цэрэнбатын гуйлтаар худал мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлэг өгснөөс үүдэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах прокурорын шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгахдаа гэрч, хохирогчоор байцаан шинжээч томилж, мэдүүлэг авахаар зохицуулагдсан. Ц.Л нь худал мэдүүлэг өгсөн болох нь нотлогдсон. Шүүх 2 үхрийн зургийг гэрчээр худал мэдүүлэг өгөхдөө хавсаргасан зүйл гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг хэргийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн зааснаар шийдвэрлэх ёстой. Харин торгуулийг хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Л-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Л-ыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн зүгээс хулгайд алдагдсан үхрээ олсон тухай худал мэдүүлэг өгч мэдүүлгээ батлах зорилгоор мөрдөгчид 2 ширхэг гэрэл зураг гаргаж өгсөн үйлдлийг дангаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэн худал мэдүүлэх гэмт хэрэгт нь нэгтгэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Л-ыг нотлох баримт гаргаж өгөх эрх бүхий этгээд бус гэж шүүх үзсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг гэрэл зургийг тэмдэглэл үйлдэж бэхжүүлэн аваагүй тул нотлох баримт бус гэж дүгнэжээ.

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаар явуулж байгаа эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл бүх ажиллагааг хэрэг бүртгэлт гэж хуульд тодорхойлсон. Иймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө гомдол, мэдээллийг шалгах үед хийгдсэн үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах, гэрчээс мэдүүлэг авах, мөнгө, эд зүйлийг хурааж авах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мөн хамаарна.

Хоёр үхэр алдагдсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон  Ц.Л нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулах эрхтэй бөгөөд хэргийн талаар өгсөн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгт тооцогддог. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн шүүгдэгч хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж буй хэрэгт бус гомдол, мэдээллийн шатанд шалгагдаж буй хэрэгт худал мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэхүү үйлдэл нь эрүүгийн хэрэг бус захиргааны зөрчилд хамаарах тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.Л-ын мөрдөгчид гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зургийг  Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтад хамаарахгүй гэсэн шүүхийн алдаатай дүгнэлт нь “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн диспозицид буй нотлох баримт гэх ойлголтын тухайн тохиолдолд илтгэж буй хууль зүйн агуулгыг эс анхааран хэл зүйн адилтгах хандлагаар өрөөсгөл тайлбар хийсэнтэй холбоотой байна.

Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг гэмт хэрэгт тооцсон байх бөгөөд 2 дахь хэсэгт тийм эрхтэй оролцогч буюу хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн зүйлийн 1 дэх хэсэгт томъёологдсон нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт сэлт, мэдээлэл хамаарахаар байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул ийм нөхцөлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байхаар байна.

Шүүгдэгч Ц.Л нь хулгайд алдсан үхрээ биет байдлаар олсон хэмээн худал мэдүүлснээс гадна өөр үхрийн зургийг авч, худал мэдүүлгээ батлах зорилгоор хуурамч болохыг мэдсээр байж мөрдөгчид гэрэл зураг нотлох баримтаар гаргаж өгсөн нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5/16 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол гаргах үндэслэл болжээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгчийн гаргаж өгсөн гэрэл зураг нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт мөн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан уг гэрэл зурагт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Л-ын өөр үхрийн зургийг гаргаж өгсөн үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт өгөх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгох ялыг биелүүлэх 3 сарын хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоох нь шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр ялыг биелүүлэх боломж олгож буй шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Гэтэл энэ зохицуулалтыг зорилгод нь нийцэхгүй байдлаар хэрэглэж торгох ялыг биелүүлэх хугацааг богиносгон тогтоож буйг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан гэж үзэхээр байна. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л-т оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэсэн шүүгдэгчийн гомдлыг үндэслэл бүхий гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх үед анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн болон гаргасан бусад зөрчлийг зөвтгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Л-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Л-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН