Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 09

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ

 ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

 ШИЙДВЭР

 

2016 оны 06 сарын 10 өдөр                 Дугаар 09                                           Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

         Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Д.Гансүхийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гансүх, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат, гуравдагч этгээд Ш.Дашням, Ч.Энхбаатар, Г.Тамирбаатар, Э.Энхзаяа, Ц.Гантөмөр, Д.Гантуяа, Г.Оюун, М.Алтансувд, Ц.Тод-Эрдэнэ, Б.Ариунзул, Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаатар, гэрч А.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Гансүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын даргаар ажиллаж байна. Албан тушаалын хувьд 2016 оны сонгуулийн бэлтгэл ажиллагааг хангах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус намаас нэр дэвшүүлэх, сонгуульд намаа оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулан явуулах эрх эдэлж, үүрэг хүлээсэн ба намын бага хурлын гишүүний хувьд Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй юм.

Гэтэл Монгол ардын хувьсгалт намын гишүүн Х.Оюунцэцэг нь 2016 оны 05 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос ирж аймгийн Монгол ардын хувьсгалт намын  хорооны хурлыг зарлан хуралдуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ гэсэн атлаа өөрийгөө тус аймгийн Монгол ардын хувьсгалт намын хорооны мянгатын даргаар томилж хууль бусаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийг батлах шийдвэр гаргасан.

 

  Хуралдаанд оролцох эрхтэй Монгол ардын хувьсгалт намын хорооны орон нутаг дахь төлөөлөгчдөд хурлын зар хүргээгүй, оролцуулалгүй эрхийг зөрчсөнөөс гадна Монгол ардын хувьсгалт намын гишүүн бус өөр намын гишүүнчлэлтэй хүмүүсийг оролцуулан илээр санал хураасан явдал болсон.

Энэ нь намын дүрмийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн талаар мянгатын хурал хэлэлцэж нууцаар санал хураалт явуулна” гэсэн хэсгийг зөрчсөн, хурлыг хуралдуулах шийдвэр гаргах эрхгүй этгээд оролцсон хүчингүй хуралдаан болсон гэж үзэж байна.

Мөн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хурлыг хуралдуулсан атлаа 05 сарын 12-ны өдрөөр тогтоол гаргуулан гарын үсэг зуруулах оролдлогыг хийсэн нь Сонгуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан сонгуульд оролцох нам нэр дэвших ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж дуусгана гэснийг зөрчсөн үйлдэл гарган, Сонгуулийн хуулийн 155-р зүйлийн 155.3 дахь “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг дахь намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримталж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Иймд хууль бус хуралдсан хуралдааны талаарх өргөдөл мэдээллийг нотлох баримтын хамт гаргасаар байтал дээрх хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг үндэслэн аймгийн сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолын 3 дугаар хавсралтаар Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намыг сонгуульд оролцуулахаар бүртгэж нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Сонгуулийн хуулийн 113, 116-р зүйлийн 116.2 дахь хэсгийг үндэслэн шалгуулах хүсэлтэй байна.

Өөрийн болон нэр дэвших эрх нь зөрчигдсөн асуудлаар аймгийн сонгуулийн хороонд хандаж өргөдөл гаргасан боловч зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадаагүй тул нэхэмжлэлийг гаргав гэжээ. 

           Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Адъяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гансүх нь аймгийн Сонгуулийн хороонд Монгол ардын хувьсгалт намын мянгатын даргын ажлыг хууль бусаар авсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг хууль бусаар баталсан гэсэн гомдлыг 2015.05.15-ны өдөр гаргасан. 

Аймгийн Сонгуулийн хороо нь гомдлыг 2016.05.17-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын даргыг томилох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэх асуудал нь намын дотоод асуудал учир өргөдлийг хүлээн авахаас татгалзаж хариуг бичгээр гаргаж Д.Гансүхэд өгсөн. 

Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэхээр хуулинд заасан хугацаанд 15 хүний материалыг өгснийг аймгийн Сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн 07 тоот тогтоолын 3-р хавсралтаар 13 нэр дэвшигчийг нь Сонгуулийн хуулинд заасан шаардлагыг хангасан учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгэж авсан. 

Иймд нэхэмжлэгч Д.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гансүх нь аймгийн Сонгуулийн хороонд хандаж өргөдөл гаргасан. Өргөдөлд бичигдсэн зүйл нь аймгийн Сонгуулийн хороонд хамаарах асуудал биш байсан учраас өргөдлийг буцаасан. Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгүүдийг хавсарган хуульд заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн. Сонгуулийн хороо материалыг хүлээн аваад 1 нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангахгүй, 1 нэр дэвшигч нь өөрөө татгалзаж хүсэлтээ гаргасан тул тэр 2 нэр дэвшигчийг хасаад үлдсэн 13 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан. Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийн ямар нэгэн эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Гансүх нь намын дотоод зохион байгуулалтын асуудлаар шүүхэд хандсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

  Гуравдагч этгээд А.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол ардын гишүүнчлэлийн асуудлыг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн материал аймгийн Сонгуулийн хороонд өгсөн материалд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж буй нь миний буруу биш гэжээ. 

Гуравдагч этгээд Ш.Дашням шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Монгол ардын намын  гишүүнчлэлийн асуудлыг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэсэн материал аймгийн Сонгуулийн хороонд өгсөн материалд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж буй нь миний буруу биш. Намаас нэр дэвшүүлэх асуудал нь намын дотоод асуудал, мөн аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын улмаас нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Тод-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Гансүх нь Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооны албан ёсны дарга биш, учир нь өмнөх мянгатын дарга Ж.Энхбаатар нь өөр ажилд томилогдсонтой холбоотой Д.Гансүхэд түр тамгаа шилжүүлсэн. 2016 оны 05 дугаар сарын 06-нд намайг 13 цагт намын байранд дуудаж ирүүлээд Улаан сайд Монгол ардын нам руу орсон учир бид аймгийн Монгол ардын нам руу орохоор боллоо. Намайг орох уу гэсэнд би явахгүй ээ. Яагаад гэвэл би Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын дэргэдэх Ардчилсан шудрага ёс Монголын залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг учир миний ард хэдэн зуун залуусын ардчилсан эрх ашиг хамгаалагдаж байгаа учир би Монгол ардын нам руу явахгүй тэгээд ч би үзэл бодлоо дагаад Монгол ардын хувьсгалт намаа 2016 оны Улсын Их Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оруулна гэж хэлсэн. Миний мэдэхийн нэр бүхий хэд хэдэн гишүүнийг Монгол ардын нам руу Монгол ардын намын даргатай аман тохироо хийж тойрогт суулгасан. Тэгээд Монгол ардын хувьсгалт намын гүйцэтгэх зөвлөлийн 21 гишүүнийг хурал зарлахгүй хэл дуулгахгүй хууль бусаар хасаж 11 болгож өөрийн талд үйлчилдэг гишүүнээ үлдээж шүүмжилдэг гишүүдээ хассан байдаг. Энэ нь Монгол ардын хувьсгалт намын дүрэм болоод хяналт ёс зүйн дүрмэнд нийцэхгүй байна гэжээ. 

Гуравдагч этгээд Д.Тамирбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 10 дугаар сард энэ намд элсэн орсон. Д.Гансүх даргаар ажиллах хугацаандаа хуучин гишүүдийнхээ үгийг сонсохгүй өндөр настан эмэгтэйчүүдтэй ёс бусаар харьцаж хурал болгон дээр хэрүүл өдөж хүндэлж харьцдаггүй байсан. Гишүүд дэмжигчид үүнд ихэд эсэргүүцэж гарах нэг нь гарсан. Төв Монгол ардын хувьсгалт намын хорооноос томилогдсон Монгол ардын хувьсгалт намын бага чуулганы гишүүн Х.Оюунцэцэгийг Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын хорооны даргаар оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж буйг үгүйсгэж байгаа нь хуульд харш болно гэжээ. 

Гуравдагч этгээд Б.Ариунзул шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Ариунзул миний бие 2016 оны 05 дугаар сарын 08-нд Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намд бага чуулганы хуралдааны үеэр элссэн болно. Улмаар уг чуулганаар Монгол ардын хувьсгалт намаас 2016 оны сонгуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших гишүүдийг сонгох санал хураалт болсон. Уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлсэн тул хүлээн зөвшөөрч өрсөлдөхөөр болсон. Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооноос 2016.05.17-ны өдрийн 07 тоот тогтоолын 3-р хавсралтаар Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан тул нэхэмжлэгч Д.Гансүхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

Гуравдагч этгээд Г.Бямбадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр Монгол ардын хувьсгалт намаас аймгийн иргэдийн хурлын сонгуульд нэрээ дэвшүүлсэн билээ. Миний сонгогдох эрхийг иргэн Гансүх хааж боогдуулж байгаа нь зохимжгүй учир үнэнд нийцэх шийдвэрийг гаргаж миний эрхийг эдлүүлж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд М.Алтансувд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Алтансувд би нь 2016 оны 04 дүгээр сарын 23-нд Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намд бага чуулганы хуралдааны үеэр элссэн. Улмаар уг чуулганаар Монгол ардын хувьсгалт намаас 2016 оны сонгуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших гишүүдийг сонгох санал хураалт болсон. Уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлсэн тул хүлээн зөвшөөрч өрсөлдөхөөр болсон. Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооноос 2016.05.17-ны өдрийн 07 тоот тогтоолын 3-р хавсралтаар Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан тул нэхэмжлэгч Д.Гансүхийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Гуравдагч этгээд А.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гансүхийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооны 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Хурал дэгийн дагуу зохион байгуулагдсан учир хууль бус хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Д.Гантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол ардын хувьсгалт намын гишүүн Д.Гантуяа миний бие 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан бага чуулганыг намын дотоод журмын дагуу зөв болсон гэж үзэж байна. Учир нь бага чуулганд Монгол ардын хувьсгалт намын гишүүд дэмжигчид нийт 60 гаруй гишүүд цуглаж хуралдаанаар Д.Гансүхийг намын даргыг удирдан хийх чадамжгүй мөн мянгатын даргыг албан ёсоор аваагүй, намын гишүүдийг дотор нь хагалан бутаргадаг гэх мэт шалтгаанаар халж, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Х.Оюунцэцэгийг аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын даргаар бүх гишүүдийн 100 хувийн саналаар гар өргөн томилсон. Энэхүү чуулганд оролцсон гишүүд дэмжигчид хурлыг хууль, намын дотоод дүрэм журмын дагуу явуулж дүгнэлт гаргасан гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны сонгуулийн үед МАХН, МҮАН, шудрага ёс эвсэл хамтарч байх үед Д.Гансүх нь дэд даргаар ажиллаж байсныг мэднэ. Албан ёсны мянгатын дарга байсныг миний хувьд мэдэхгүй. Миний хувьд Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж Монгол ардын хувьсгалт намын хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж байна гэжээ. 

Гуравдагч этгээд Э.Энхзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэр дэвшигч Э.Энхзаяа нь 2016 оны 02 дугаар сарын 29-нд Монгол ардын хувьсгалт намын гишүүнээр орсон. Монгол ардын хувьсгалт намын бага чуулган 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болж нийт 65 гишүүн дэмжигч ирсэн бөгөөд хотоос Монгол ардын хувьсгалт намын гишүүн Х.Оюунцэцэг, ёс зүйн хорооны гишүүн Батбаатар, орон нутаг хариуцсан Алтантуяа нар намын эмх замбараагүй байдлыг жигдрүүлэх үүрэгтэй ирсэн. Төв Монгол ардын хувьсгалт намын хорооноос томилогдсон бага чуулганы гишүүн Х.Оюунцэцэгийг Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын хорооны даргаар хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар сонгож намын тамгыг Х.Оюунцэцэгт албан ёсоор шилжүүлсэн. Д.Гансүх нь намын дүрмийн 5.2.7-д заасан “намын ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлж, ялангуяа намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх” гэж заасныг зөрчиж намын эв нэгдлийг бусниулж, нэр дэвшигчдийн нэр хүнд, эрх ашгийг зөрчиж байгаад намын гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Гантөмөр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үед МАХН-МҮАН шударга ёс эвсэл хамтарч ажиллаж байхад Д.Гансүхийг дэд даргаар томилон ажиллуулж байсан нь үнэн болно. 2012 оноос хойш мянгатын хорооноос зохион байгуулсан арга хэмжээ болон хурал цуглаанд миний бие оролцоогүй, надад хэл хүргэсэн юм байхгүй. Миний хувьд Д.Гансүхийг аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын албан ёсны дарга гэж үзэхгүй харин дэд даргын хувьд түр үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байна. Намын дүрмийн 5.2.7-д заасныг зөрчиж байгаад гишүүд дэмжигчид эсэргүүцэж байна гэжээ. 

Гуравдагч этгээд Г.Оюун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймагт үүссэн улс төрийн нөхцөл байдлын улмаас Төв намаас Монгол ардын хувьсгалт намын гишүүн Х.Оюунцэцэг, орон нутаг хариуцсан улс төрийн ажилтан Алтантуяа, ёс зүйн хорооны гишүүн Батбаатар нар хүрэлцэн ирж аймгийн намын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулсан. Энэ хурлаар 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд тус аймагт нэр дэвших гишүүнийг сонгох, мөн зохион байгуулалтын асуудлыг бага чуулганаар хэлэлцсэн. Д.Гансүх нь намын дүрмийн 5.2.7-д заасан Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэр хүнд, эрх ашгийг зөрчиж байгаад намын гишүүн, нэр дэвшигч би гүнээ эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна гэжээ. 

Гэрч А.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монгол ардын хувьсгалт намын мянгатын хуралдаанд миний бие дэмжигчээр оролцсон нь үнэн. Гэхдээ санал хураалтад оролцоогүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гансүх нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сонгуулийн тухай хуулиар нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, нэр дэвшүүлэх нийтлэг журам, нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийг хавсарган Сүхбаатар аймгийн сонгуулийн хороонд хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар албан бичиг /2-р хх-ийн 23 дугаарт/, Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хурлын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “2016 оны Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох тухай” 05 дугаар тогтоол /2-р хх-ийн 24 дүгээрт/, 8082001017 улсын бүртгэлийн дугаартай, 8489084 регистрийн дугаар бүхий Монгол ардын хувьсгалт намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 27 дугаарт/, Монгол ардын хувьсгалт намын орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр /2-р хх-ийн 32-38 дугаарт/, сонгуулийн штабд ажиллах бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, утасны дугаар, сонгуулийн байгууллагатай харилцах гурван хүний овог, нэр, утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл /2-р хх-ийн 25-26 дугаарт/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ нь Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ”, 153.2-т заасан “Сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна.” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.  

 

Мөн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар нэр дэвшигчээр бүртгэгдсэн Монгол ардын хувьсгалт намын 13 нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас гадна хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгүүд, нэр дэвшигч нь албан татварын хугацаа хэтэрсэн болон аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн  өр төлбөргүй болохыг тодорхойлсон баримтууд, ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон, цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн цэргийн алба хаах үүргээ биелүүлснийг тодорхойлсон эрх бүхий байгууллагаас аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн бичмэл баримтуудаар /1-р хх-ийн 41-249, 2-р хх-ийн 1-18 дугаарт/ давхар нотлогдож байна. 

 

Монгол ардын хувьсгалт намын мянгатын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан “нэр дэвшүүлсэн тухай шийдвэр, нэр дэвшигчдийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар” гэсэн баримт бичгүүдийг аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт заасан “...нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэт эсэхийг нягтлан шалгана” мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт заасан “...нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 07 дугаар тогтоол гарган Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооноос нэр дэвшигчдийг тогтоолын 3 дугаар хавсралтаар бүртгэж шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна. 

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...тухайн намаас 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн намын хуралдаан нь Монгол ардын хувьсгалт намын дүрмийг зөрчсөн, хүчингүй хуралдаан болсон, намайг хууль бусаар мянгатын даргаас чөлөөлсөн” гэж тайлбарлан маргажээ.

 

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ”,

 

Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ.”,

 

Мөн хуулийн 11 дүгээр зүйлд “...тухайн намын өөрийн тодорхойлолт, намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбаа, гишүүний эрх, үүрэг, анхан шатны байгууллагыг байгуулах тухай, намын Их болон бусад хуралд төлөөлөгч сонгох, оролцох, удирдах болон хяналтын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам, намыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай журам, дэг, сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчим, санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журам гэх нийтлэг зүйлийг намын дүрэмд тусгана” гэж тус тус заажээ.  

 

Хуулийн дээрх заалтаас үзвэл сонгуульд нэр дэвшүүлэх асуудал нь тухайн намын салбар байгууллагын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээний асуудал байх тул үүнд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд Сүхбаатар аймгийн Монгол ардын хувьсгалт намын мянгатын хорооноос нэр дэвшигчдийг бүртгэсэн аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт нь үндэслэлтэй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Д.Гансүхийн хуулиар олгогдсон ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг, CD-д бичсэн бичлэг нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй учир шүүхээс үнэлээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 157.2, 157.9 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” 07 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий иргэн Д.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНХАНД