Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2017/0506

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр             Дугаар 221/МА2017/0506           Улаанбаатар хот

 

Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай                                                                                    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулан хийж, Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй, Төмөр зам дах Цагдаагийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 361 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Түвшинбаярын “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны 361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан ёс зүйн зөрчилд байгууллагын даргын Б/91 тоот тушаалаар "Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан"-ыг шийтгэлийн хувьд хүндэдсэн гэж үзэж байна. Байгууллагын даргын шийдвэрээр "албаны шалгалт" явагдсан ба иргэнд гэмтэл, хохирол учруулаагүй, байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй нь тогтоогдсон. Тийм ч учраас албаны шалгалт явуулсан албан тушаалтан оногдуулах сахилгын шийтгэлийн талаар санал гаргасан болно. Цагдаагийн байгууллагын сахилгын дүрмийн 12.12-т заахдаа Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаа асуудалд хариуцлагагүй хандсан бол сануулах, үг үйлдлийн улмаас хор үршиг учирсан бол албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах эсхүл тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна, гэж заасан байдаг. Төмөр зам дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батсайхан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6/91 тоот тушаалаараа бусадтай зүй бус харьцсан гэж энэ шийдвэрийг гаргасан хэдий ч би ийм үйлдэл гаргаагүй, энэ үйлдлийг цагдаагийн байгууллага нотолж тогтоогоогүй байхад даргын дэргэдэх зөвлөлийн хуралд шууд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн, нотолж батлаагүй байхад шууд халах шийдвэр гаргасан. 2. “Уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол" гэж заасан байдаг. Би цахилгаанчин Баттөмөрт цахилгааны мөнгөө төлсөөр байтал яагаад манай   цахилгааныг  тасалж  байгаа юм бэ? гэж  өдөржин  гэрэл цахилгаангүй байсандаа бухимдан үг хэлсэн ба тухайн хүний биед нь халдаж зодож гэмтэл учруулаагүй, хэл амаар доромжлоогүй. Мөн бусдыг айлган сүрдүүлсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл болоогүй. Цагдаагийн албан хаагч иргэн хүнийхээ хувьд шаардлага тавьж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. 3. Төв аймгийн цагдаагийн байгууллагын албан хаагч нар (д\а Батбаатар, д\а Мандал)-ыг эсэргүүцэж зүй бус авирлаагүй. Худал гүтгэлгийн чанартай зүйлийг ярьж хэлсэнд гомдолтой байна. Намайг амарч байхад тухайн өдрийн орой 19 цагийн үед тэд гэрт дайрч орж ирээд та хүн зодсон байна дагаад яв гэсэн. Уг 2 цагдаад тийм зүйл болоогүй гэж хэлэхэд цагдаагийн газрын жижүүрт очоод тайлбараа өг гээд гэрээс аваад явсан. Би асуудлыг шийдвэрлэх гээд цагдаагийн байгууллага дээр очиход надад зодуулж "хохирсон хохирогч" гэх хүн тэнд байгаагүй атал "хохирогч гомдолтой гэсэн" гээд шууд л эрүүлжүүлсэн. Энэ үед үнэхээр биеэ авч явах чадваргүй согтуу байсан гэдгийг нотлоогүй, хүнийг зодож бэртээсэн, хохирол учруулсан гэдгийг тогтоогоогүй мөртлөө ажлын бус, амралтын цагаар орон гэрээс минь шууд эрүүлжүүлсэн нь СУХХЭАЭТХуулийг маш бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, намайг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа мэтээр тайлбарлаж маргааш нь үргэлжлүүлэн хууль бусаар 48 цаг албадан саатуулсан. Хохирогч гэх цахилгаанчин Баттөмөр нь цагдаагийн байгууллагад өөрөө гомдол гаргаагүй, байцаагчид өгсөн тайлбартаа гомдолгүй гэж, мөн түүнчлэн бичгээр гомдолгүй хэмээн мэдүүлсэн байхад энэ тухайд даргын дэргэдэх зөвлөл болон Захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Иргэн Б.Түвшинбаяр би өөрийгөө захиргааны зөрчил үйлдээгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байна.

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр “... би Төмөр замын цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар 2016 оны 02 дугаар сард ажилд орсон ... сахилгын зөрчил гаргаж байгаагүй ... ээлжийн амралттай байх хугацаандаа ... архидан согтуурч захиргааны зөрчилд холбогдсон ... Гэтэл Төв аймгийн цагдаагийн газраас ... 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалаараа намайг “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8.1, 8.3,  8.6, 12.12 дахь заалтуудаар ажлын бус цагаар ээлжийн амралттай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн саатуулагдаж, бусадтай зүй бус харьцан цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас хууль бусаар халсан ... төрийн тусгай албан хаагчийн хувиар албаны ямар нэг үүрэг гүйцэтгээгүй байсан ... нэг зөрчилд 3 удаа шийтгэл хүлээсэн ... Албаны шалгалт хийгээд зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнээд Зөвлөлийн хуралдаанд гаргасан санал нь “Албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах”-аар танилцуулж гарын үсэг зуруулсан байтал Газрын даргын саналаар ажлаас халсан ...” гэх үндэслэлээр “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

             Анхан шатны шүүх “...Б.Түвшинбаяр нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн сахилгын зөрчил гаргасныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга ...шалгалт явуулах шийдвэрийн дагуу ...явуулсан шалгалтаар тогтоосон ...зөрчлийг ...даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ...нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан нь ... хууль дүрэмд нийцсэн байна...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн албан хаагчид ял шийтгэл ногдуулахааргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж хуульчилжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг тусгай журмаар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3-т цагдаагийн алба хаагчийн сахилга нь энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг сахиж биелүүлснээр илэрхийлэгдэнэ”, 1.6-д “цагдаагийн алба хаагч бүр сахилгын дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, 2 дахь хэсгийн 2.3-т “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзвэл цагдаагийн алба хаагч нь хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, тэгш байдлыг хангах, нийгмийн дэг журмыг хангаж, хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох онцгой үүрэг бүхий төрийн тусгай алба болох хуулийг сахиулах байгууллагын ажилтны хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үед болон ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг хүндэтгэж сахин биелүүлэх, биеэ зүй зохистой авч явах тусгай шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, цагдаагийн албан хаагчийн хувьд биеэ зөв авч явах, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүргээ зөрчин 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэн бусадтай маргалдан танхайрсан, дуудлагаар очсон цагдаагийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж, Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулагдан ёс зүйн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Албаны шалгалт явуулах тухай шийдвэр[1], зөвлөмж, Тус Газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бирваагийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “... Б.Түвшинбаяр нь ээлжийн амралттай байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэн бусадтай маргалдан танхайрч, саатуулагдсан гэх асуудалд албаны шалгалт явуулж ... даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд оруулсан” гэх “Албаны шалгалтын танилцуулга[2]”, Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 24 дүгээр хурлын тэмдэглэл, Тус газрын 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Хоногийн мэдээ” гэх илтгэх хуудас гэх илтгэх хуудас[3] зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

Хариуцагч нь Төв аймаг дахь Цагдаагийн газраас тус газрын Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Түвшинбаярын талаар “амралттай байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэн бусадтай маргалдан саатуулагдсан гэх зөрчлийн тухай мэдээлэл ирүүлснийг хүлээн авч албаны шалгалт явуулахаар шийдвэрлэж, албаны шалгалтын танилцуулгыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нэхэмжлэгч Б.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаж, иргэнтэй болон цагдаагийн алба хаагчидтай зүй бус харьцсан, энэ байдал нь бусдадаа муу нөлөөтэй, урьд нь удаа дараа зөрчил гаргасан, цагдаагийн алба хаагчийн хувьд хариуцлагагүй, цагдаагийн байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлж ажиллаж чадахгүй, цагдаагийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан байдал нь зөрчсөн гэж үзэж маргаан бүхий Б/91 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Түвшинбаярт “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д алба хаагч энэ дүрэмд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-т “алба хаагч сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Цагдаагийн төв байгууллага, харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан нь шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулж болно”, 8.3-т “Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, албадын болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулна”, 8.6-д Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг байгууллагын дарга сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Хэрэгт авагдсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Бирваагийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...ээлжийн амралттай байх хугацаанд ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагаар очсон цахилгаанчин Д.Баттөмөртэй маргаан үүсгэж, цахилгаанчныг заналхийлж, заамдан хоолойг нь боож зүй бус харьцаа үүсгэсэн, цахилгаанчин Д.Баттөмөрийн дуудлагын дагуу очсон Цагдаагийн дэд ахлагч М.Мандал, Ч.Батбаатар нартай зүй бус харьцсан, цагдаагийн албан хаагч нарыг гэрээсээ хөөж, зүй бус үйлдэл гарган эсэргүүцэл үзүүлсэн тул тус аймгийн цагдаагийн газарт саатуулагдсан...” үйлдэл нь Сахилгын дүрмийн 1.9, Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийн 2.4-т заасан үүргээ биелүүлээгүй, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон” талаар бичигдсэн “Шалгалтын танилцуулга”-д нэхэмжлэгч Б.Түвшинбаяр “Албаны шалгалт хийсэн материалтай танилцлаа. Гаргасан шийдвэрт татгалзах зүйл үгүй” гэж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан, түүнчлэн Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 24 дүгээр хурлын тэмдэглэлээс үзвэл тэрээр тус хуралдаанд оролцсон, зөрчил тогтоогдоогүй гэж үзсэн бол энэ талаар саналаа гаргах боломжтой байжээ. Иймд нэхэмжлэгчийн “... бусадтай зүй бус харьцсан ... гэх үйлдэл гаргаагүй, энэ үйлдлийг цагдаагийн байгууллага нотолж тогтоогоогүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “... нэг зөрчилд 3 шийтгэл ногдуулсан нь нэг зөрчилд нэг шийтгэл ногдуулах зарчмыг зөрчсөн ...” гэж тайлбарлан маргасан бөгөөд танхайрсан үйлдэлд нь 10,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл[4]-ийг ногдуулсан, нэхэмжлэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэж, нийгмийн хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүлжүүлэхээр Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулсан нь түүний захиргааны журам зөрчсөн гэх үйлдэлд нь харьяа цагдаагийн байгууллагаас авсан арга хэмжээ байх бөгөөд цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын холбогдох дүрэм, журмыг  зөрчсөн гэх үндэслэлээр Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 дүгээр тушаал[5]-аар цагдаагийн албан хаагчийнх нь хувьд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Түвшинбаярын тухайн үед гаргасан захиргааны зөрчилд нь эрх бүхий этгээдээс захиргааны арга хэмжээ авсан, харин ийнхүү захиргааны арга хэмжээ авагдсантай нь холбогдуулан сахилгын, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж цагдаагийн албан хаагчийнх нь хувьд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актад нь захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх тул захиргааны арга хэмжээ авагдсантай холбоотой асуудалд нь үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгчийн “... ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол халах шийтгэл ногдуулна ...хор уршиг учруулаагүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар үндэслэлгүй байна.

Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дэх хэсгийн 4.1.6-д “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Сахилгын зөрчлийн улмаас бусдад  хохирол учирсан, албаны үйл ажиллагаа удааширч саатсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол  учирсан бол зөрчлийн хор уршиг, гэм буруугийн шинж байдлыг харгалзан сахилгын  шийтгэлийг хүндрүүлж ногдуулна” гэж тус тус журамласнаас үзвэл нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаанчин Д.Баттөмөрийг заналхийлж, заамдан хоолойг нь боож зүй бус харьцсан, мэргэжил нэгт цагдаагийн албан хаагч нартай зүй бусаар харьцсан зэргийг Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргаагүй, албаны нэр хүндэд ноцтой хохирол учраагүй гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан Б.Түвшинбаярын мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн бүртгэл[6]-ээс үзвэл нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үедээ  бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албаны эрх мэдлээ урвуулж, ашиглан саатуулагдсан 21 тээврийн хэрэгслийг дур мэдэн явуулсны улмаас 3 сар хүртэл цалингийн 20 хувиар хасуулсан,  2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр автомашин саатуулж асуудлыг шуурхай шийдвэрлээгүй гэх зөрчил гаргаж 3 сар цалингийн 20 хувиар хасуулсан,  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр тушаалаар ажлын байрны зорилго зорилтыг хангаагүй захиргааны зөрчлийн 23 материалыг хянан шалгах ажиллагааг явуулаагүй, захиргааны материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэх зөрчлөөр нэг жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр архи ууж танхайран эрүүлжүүлэгдэж байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн “урьд нь удаа дараа зөрчил гаргаж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй. 

Маргаан бүхий захиргааны акт болох Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Б.Түвшинбаярыг албанаас халах тухай” Б/91 дүгээр тушаал[7] нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцсэн, хууль бус гэх нөхцөл үндэслэл тогтоогдохгүй байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Түвшинбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                     

 

 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР                              

                     ШҮҮГЧ                                    Ц.ЦОГТ

          ШҮҮГЧ                                   Н.ХОНИНХҮҮ