Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00087

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Ж.*******ад холбогдох "1360000 төгрөг гаргуулах тухай" Ч.*******ийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар оршин суух *******ы ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2016 оны 04 сарын 21-ний өдөр надаас 4360000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч 7 хоногийн дараа 1360000 төгрөг өгсөн. 2016 оны 11 сард 2.0 сая төгрөг өгч нийт 3360000 төгрөгийг надад төлсөн. Үлдэгдэл 1000000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Би уг мөнгийг зээлэхдээ Хаан банкнаас зээл авч өгсөн. Одоо уг зээлийн хүү нь 360000 төгрөг болсон. Анх надаас мөнгө зээлж авахдаа хүүтэй нь буцааж төлнө гэж хэлсэн. Үүнээс хойш Ж.*******тай ярихад өнөөдөр, маргааш өгнө гэж худал хэлж, сүүлдээ бүр утсаа ч авахаа больсон. Иймээс Ж.*******аас үлдэгдэл 1360000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух *******н ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Ч.*******оос 4360000 төгрөг зээлж авсан нь үнэн, 3360000 төгрөгийг эргүүлж өгсөн нь ч үнэн. Одоогоор надад мөнгийг нь эргүүлж өгөх боломжгүй, санхүүгийн хүнд байдалд байна. Бид бичгийн гэрээ байгуулаагүй, гэхдээ 2017 оны 2 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжилж буй 1360000 төгрөгийг төлөхөөр ярилцаж тохирсон учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Ж.*******ад холбогдуулан 1360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийхэд хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч *******н ******* 1360000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36710 төгрөгийн тал хувь 18355 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 18355 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 18355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ