Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/02455

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** хаягт оршин суух, Н*******ын Д*******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,  Б*****д холбогдох

21,187,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******,

Хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******,

Иргэдийн төлөөлөгч Х.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Д******* миний бие 2007 оны 08 сарын 09-ний өдөр ******** тоотын 34,8 м.кв 3 өрөө орон сууц болон 12 тоотын грашийг нийт 43,000,000 төгрөгөөр иргэн У.Б*******гаас худалдан авсан.

Худалдан авахдаа 3 өрөө орон сууцыг 35,000,000 төгрөг, грашийг 8,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан юм.

Уг грашийн газрыг анх А.Э*******од 18 машины давхар граш барих зориулалтаар Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар олгож байсан бөгөөд У.Б******* ** тоот грашийг А.Э*******оос худалдан авсан гэсэн.

У.Б******* *****тай 2004 оны 07 сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байсан ба надад газар эзэмших эрхээ гэрээний дагуу шилжүүлэн өгсөн.

Би У.Б*******гаас орон сууц болон граш худалдан авсны дараагаар 3 удаа Баянзүрх дүүргийн газрын албанд хандан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргахад нэгдсэн журмаар газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлдэг байсан.

Өнгөрсөн хугацаанд буюу 2007 оны 08 сарын 07-ны өдрөөс хойш 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд грашийн төлбөрт сард 2,000 төгрөг, нийт 348,000 төгрөг төлсөн.

Гэтэл миний грашийг  ******* 2022 оны 06 сарын 16-ны өдөр хүчээр албадан буулган надад хохирол учруулаад байна.

Би 2007 оны 08 сарын 09-ний өдөр грашийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед ам доллар 1178.34 төгрөг байсан бөгөөд 6,789.21 ам доллар гэсэн үг. Грашийг маань буулгасан 2022 оны 06 сарын 16-ны өдөр ам доллар 3120.75 төгрөг байсан бөгөөд граш анх худалдан авсан 6,789.21 ам долларыг граш нураасан үеийн ам долларын ханш 3120.75 төгрөгөөр тооцоход 21,187,430 төгрөг болж байгаа.

Иймд Н.Д******* миний эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүссэн хохирол болох грашийн үнэ 21,187,430 төгрөгийг *****аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Д*******гийн Нийслэлийн засаг даргын 2022 оны 03 сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай **** дугаар захирамжаар чөлөөлөгдсөн грашийн үнэлгээний дүн 21,187,430 төгрөгийн хохирол барагдуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан.

Нийслэлийн Засаг дарга өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Д******* нь маргаан бүхий газарт байрлаж буй тухайн грашийн газрыг эзэмших эрхгүй.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-т утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2-т бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж тус тус заасан.

Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж нь захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, эерэг нөлөөлөл бүхий, зөрчил арилгах захиргааны акт юм.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

Нэхэмжлэгч Н.Д******* нь граш байрлаж байсан газрыг хуульд заасны дагуу эзэмшдэггүй, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно, 42.2 дахь хэсэгт Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нөхөн олговор нэхэмжлэх эрх нь газраа хуулийн дагуу эзэмшдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусаагүй, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хүлээн авч, Засгийн газрын шийдвэр гарсан байх зэрэг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд нөхөн олговор нэхэмжлэх эрх үүсэхээр байна.

Нэхэмжлэгч Н.Д******* газрыг хуульд заасны дагуу эзэмшдэггүй, эзэмших эрхгүй тул түүний нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Х.Х******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Газар эзэмших, ашиглах гэрээний хугацаа дууссан, дахин гэрээ байгуулаагүй байна. Мөн газар эзэмших гэрчилгээгүй. Газрын төлбөр төлөөгүй байна. 18 граш буулгасан байхад ганцаараа асуудал ярьж байгаа ба элэгдлээрээ өртгөө нөхсөн учир нийтийн эрх ашгийн төлөө нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 38 дугаартай гомдол шийдвэрлэх тогтоол, мөн шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 602 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол,

У.Б*******, Н.Д******* нарын 2007 оны 08 сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар,

Иргэн У.Б*******гийн *****тай 2004 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт,

Грашийн зургууд, Н.Д*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 26-р байр, 45 тоот орон сууцны хөрөнгийн үнэлгээний тайлан,

Н.Д*******гийн грашийн газар чөлөөлөхтэй холбоотой 2020 оны 04 сарын 30-ны өдөр ********нд гаргаж байсан хүсэлт, мэдэгдэх хуудас,

Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн дугаар захирамж, захирамжийн хавсралтын хуулбар, Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргын Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлсэн 1998 оны 09 сарын 01-ний өдрийн иргэн А.Э*******ын хүсэлтийн тухай албан тоот,

Баянзүрх дүүргийн засаг даргын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн А/175 тоот Газар албадан чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, Нийслэлийн засаг даргын 2022 оны 03 сарын 14-ний өдрийн А/388 тоот Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хуулбар,

ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-ын Н.Д******* грашийн төлбөр төлж байсан гэх 2022 оны 11 сарын 02-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагч ****** нь итгэмжлэлүүд болон хариу тайлбараа баримтаар ирүүлсэн болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Д******* нь хариуцагч ******нд холбогдуулан хохирол 21,187,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Тодруулбал: 2007.08.09 өдөр граш 8,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн үеийн долларын ханш 1178.3 төгрөг, 8,000,000 төгрөг/1178,34 төгрөг=6,789.21 ам доллар,

2022.06.16 өдөр грашийг албадан буулгасан, уг өдрийн ам долларын ханш 3120.75 төгрөг,

6,789.21 ам доллар*3120.75 төгрөг= 21,187,430 төгрөг/

2. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Н.Д******* нь иргэн У.Б*******тай 2007 оны 08 сарын 09-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 26-р байрны 45 тоотын 34,8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон мөн нутаг дэвсгэрт байршилтай, 12 тоотын 18 м.кв талбай бүхий грашийг нийт 43,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон ба мөн тэрээр худалдагч У.Б*******гаас уг грашийн газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон гэж тайлбарлалаа.

2а. Нийслэлийн засаг даргын 1997 оны 11 сарын 12-ны өдрийн тоот захирамжаар иргэн А.Э*******од Баянзүрх дүүргийн 1-р хороонд 18 машины давхар грашийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд У.Б******* уг иргэнээс 12 тоотын 18 м.кв талбай бүхий грашийг худалдан авсан гэж нэхэмжлэгч Н.Д******* тайлбарласан болно.

2б. Иргэн У.Б******* нь ****** тай 2004 оны 07 сарын 30-ны өдөр авто машины грашийн зориулалтаар 0,0018 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан нь гэрээний хуулбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Н.Д******* газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах, эзэмших эрхээ баталгаажуулахтай холбоотой Баянзүрх дүүргийн газрын албанд хандахад нэгдсэн журмаар гэрчилгээ гаргана гээд гаргаж өгөөгүй, грашийн төлбөрийг 2021 оны 12 сарын 31-ний өдөр дуустал төлсөн тул эд хөрөнгөнд учирсан хохирлоо гаргуулна гэж маргасан.

/ХХ-ийн 15-21, 26, 60-74, 78-88 дугаар тал/

3. Баянзүрх засаг даргын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн А/175 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 1-р хороо, 26-р байрны зүүн талд зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 21 ширхэг грашийн зөрчлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлөхийг ********нд үүрэг болгон албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба үүнд нэхэмжлэгч Н.Д*******гийн ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 1-р хорооны 26-р байрны зүүн талд байсан автограш хамрагдан уг грашийг 2022 оны 06 сарын 16-ны албадан буулгасан байна.

/ХХ-ийн хуудас 62-66, 77, 89-91 дүгээр тал/

Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Н.Д*******гийн ашиглаж байсан грашийг буулгасан талаар үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

4. Газрын тухай 3 дугаар зүйлийн 3.1.2газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ,

3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ,

3.1.7газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд аливаа этгээд гагцхүү эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газрыг өмчлөх, эзэмших учиртай.

4а. Нэхэмжлэгч Н.Д*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан иргэн У.Б******* нь 2004 оны 07 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албатай 0,0018 м.кв талбай бүхий газрыг авто грашийн зориулалтаар эзэмшүүлэхээр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх боловч У.Б*******гийн газар эзэмших гэрээний хугацаа 2009 оны 07 сарын 30-ны өдөр дуусгавар болсон, уг газрыг эзэмших эрх Н.Д*******д шилжээгүй, тэрээр уг газрыг эзэмших хүсэлтийг ********нд нийт 3 удаа гаргасан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.

4б. Мөн нэхэмжлэгч Н.Д******* нь 2007 оны 07 сараас 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сар бүр грашийн төлбөрт 2,000 төгрөг, нийт 348,000, төгрөг төлсөн гэж маргаж байх боловч тэрээр уг төлбөрийг ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 3-т төлж байсан ба үүнийг грашийн зориулалтаар эзэмшиж буй 18 м.кв талбай бүхий газрын төлбөрийг төлж байсан гэж үзэхгүй юм.

4в. Түүнчлэн тэрээр У.Б*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2007 оны 08 сарын 09 болон У.Б*******гийн Баянзүрх дүүргийн газрын албатай байгуулсан 0,0018 м.кв талбайтай газрыг эзэмших гэрээний хугацаа 2009 оны 07 сарын 30-ны өдөр дуусгавар болсноос хойш уг газрыг эзэмших эрхтэйгээ холбоотой холбогдох газрын албанд хандаагүй нь түүнийг эд хөрөнгөөрөө хохирсон гэж үзэх үндэслэл болохгүй.

5. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана,

38 дугаар зүйлйин 38.4Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч Н.Д******* 12 тоотын грашийг 8,000,000 төгрөгөөр худалдан авсан хэдий боловч тэрээр уг грашийн газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ зохих газарт нь гаргаж байгаагүй, энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн газрын эзэмших эрхийг өмнөх эзэмшигч гэх У.Б*******гаас шилжүүлэн авсан эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.

5а. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн нийтийн зориулалттай өмч,

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.Д*******г 0.0018 м.кв бүхий төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлтэй эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэхгүй.

/ХХ-ийн 15-21, 62-66, 75-77, 82-87, 89-92 дугаар тал/

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно,

3 дугаар зүйлийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг хэлнэ,

57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж тус тус заажээ. 

6а. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч Н.Д*******д 0.0018 м.кв газрыг чөлөөлөх мэдэгдлийг 2022 оны 04 сарын 30-ны өдөр өгсөн бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зааснаар албадан чөлөөлөх арга хэмжээг 2022 оны 06 сарын 16-ны өдөр авсан талаар талууд тайлбарлалаа.

7. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах гэж заасан нь зөвхөн хууль ёсны дагуу эзэмшиж буй газрыг тусгай хэрэгцээнд зориулан авахтай холбоотой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно гэж зааснаар гагцхүү газар өмчлөх, эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн иргэн, хуулийн этгээдээс улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөн олговор олгох зорилготой зохицуулалт юм.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Х******* нэхэмжлэгч Н.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Н.Д******* нь ****** зүүн талд байсан 0,0018 м.кв автограшийг холбогдох хуульд заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албыг нэхэмжлэгч Н.Д*******д хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох 21,187,430 төгрөг гаргуулах тухай Н.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох 21,187,430 төгрөг гаргуулах тухай Н.Д*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 267,361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Б.ЦОЛМОНГЭРЭЛ