Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Н /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогч Ш.А /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох, 2135000000170 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Та ургийн овогт Б-ийн Н.

Шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө иргэн Ш.А-ын малаас 30 тооны хонь буюу олон тооны бог мал хулгайлж, түүнд 4,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Тайж ургийн овогт Б-ийн Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Т ургийн овогт Б-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил есөн сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нэг жил есөн сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 3 настай харлаг зүсмийн морь /700,000 төгрөгийн үнэ бүхий/-ийг хурааж, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон битүүмжлэгдсэн Хьюндай Портер загварын 27-30 УВА улсын дугаартай автомашин, эмээл, хазаар, тохом зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Н-д буцаан олгож,

эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, мөн эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний бие 2021 оны 10 сарын 03-нд хохирогч Ш.А-ын 30 тооны хонь буюу олон тооны хонь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

Энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил есөн сар хорих ялаар шийтгүүлсэн.

Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.555.000 төгрөг төлж барагдуулсан.

Манайх ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн нөхцөл байдлын хувьд эхнэр маань 3 хүүхдээ хараад гэртээ байдаг бөгөөд 0-3 насны буюу бага насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй. Би мал маллаж амьдралаа залгуулж, ар гэрээ авч явдаг. Намайг хоригдож эхэлснээс хойш ар гэрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Эхнэр маань ганцаараа 3 хүүхдээ асрахын зэрэгцээ мал ахуйгаа маллах, ар гэрээ авч явах гээд амьдрал байдал хэцүү байна.

Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдал, миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний 2-ны нэгээс багагүй буюу 1 жил хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч Ш.Ат учирсан хохирол арилгаж, гомдолгүй болгосон. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Би 0-3 насны 3 хүүхэдтэй, ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Н нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ял хүндэдсэн үндэслэлээр гомдол гаргасан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна.

Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах санкцтай. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэлбэрийн төдий хэрэглэсэн. Нэгэнт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа бол ялын доод хэмжээний хоёрны нэгийг оногдуулах боломжтой.

Б.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ар гэрийн нөхцөл байдлын хувьд 0-3 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад, малаа маллаж байгаа, хохирол төлбөрөө барагдуулсныг нь харгалзан үзэж Б.Н-гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын Прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Нгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дүгнэлт гаргаж байна.

Б.Н нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө иргэн Ш.А-ын 30 тооны хонь буюу олон тооны бог мал хулгайлж, нийт 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 176 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг жил есөн сар хорих ялыг оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн байдал болон түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж нэг жил есөн сар хорих ялыг оногдуулсан байна. Шүүгдэгч Б.Н нь давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жил хорих ял оногдуулж өгөхийг хүссэн байна. Бусдын олон тооны буюу 30 тооны бог малыг хулгайлсан үйлдэлд нэг жил хорих ял оногдуулах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолтой, 2135000000170 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч Б.Н-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Б.Н-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Н 2021 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Хээр морьт” гэх газраас хохирогч Ш.А-ын 30 тооны хонь буюу олон тооны бог мал хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн нь :

- Увс аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн  “...Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг Галт нэртэй газарт баярлах иргэн Ш.Ганболдын хонины хашаанд байсан хонинд үзлэг хийж, хохирогч Ш.А 2021 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хээр морьт гэх газраас хулгайд алдсан 20 тооны хонийг таньж заасан талаар тусгасан “ үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, уг хонийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-26 дугаар хуудас/;

- хохирогч Ш.А-ын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манайх хонио тоолоход бүрэн байсан, орой нь мал үргэхээр нь гэрээс гарч хашхирч байгаад гэртээ орсон, өглөө хонь тасарсан байхаар нь хулгай орсон байж магадгүй гэж бодоод дахин тоолоход 30 хонь дутсан, би 2021 оны 10 дугаар сарын 06-нд Давст суманд очиж Ганболд гэгч айлаас 8 хурга,12 эх хонь авсан, үлдэгдэл 10 хонио зүслэхэд 4 настай эр хонь 3,эх хонь 4, мөн 5 настай эр хонь 2, 3 настай төлөг /богзог/ 1 дутаж байгаа “...гэх мэдүүлэг/хх 51 дүгээр хуудас/;

- гэрч Г.Б-ны ” хадам ах Б.Н  2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өөрийнхөө 86835900 дугаараас залгаж яриад: Хорин тооны хонь хурга байна, 1.500.000 төгрөгт авах уу гэхээр нь авъя гэхэд 2021 оны 10 дугаар сарын 04-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ачиж ирсэн ба би 20 хонийг машинаас хашаандаа буулгаж аваад имнээд тэмдэглэсний дараа цагдаа нэг хүн дагуулж ирээд хорин хониыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх 55-59 дүгээр хуудас /;

- гэрч Э.О-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...манайх Түргэн сумын Хээр морьт гэх газар нутаглаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хонио тоолоход бүрэн байсан, тэр шөнө хонь үргэж тасарсан байхаар нь тоолж үзэхэд 30 хонь дутсаныг манай нөхөр хайж Давст сум яваад 20 хонио ачиж ирсэн, Б.Н хулгайлж аваад ах Амарболдынхоо хамт Давст сум руу машинаар уг хонийг ачиж хүргэсэн байна гэж ярьсан, одоо дутаж байгаа 10 хониноос 4 настай хар галзан хонио зүсэлж байгаа” гэх мэдүүлэг / хх 61-62дугаар хуудас/;

- гэрч А.Цогбаярын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...манайх 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хонио тоолж үзэхэд бүрэн байсан, шөнө хонь үргэж, өглөө нь хонь тасарсан байхаар нь хонио тоолоход 30 хонь дутсаныг цагдаад мэдэгдсэн, аав 10 дугаар сарын 06-нд Давст сум руу яваад 20 тооны хонь, хурга ачиж ирэхээр нь хэн хулгайлсан талаар асуухад доор байдаг Б.Н хулгайлж ачаад Давст суманд хүргэж худалдсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 64-65 дугаар хуудас/;

- гэрч Ш.А-гийн “би төрсөн ах Ш.А-ын хонь ямааг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тоолоход 1854 байсан,маргааш нь хонь хулгай авсан байж болзошгүй байна гэхээр нь дахин тоолоход 1824 болж 30 хонь дутсан, Давст сумаас Амгаланбаатар ахын ачиж ирсэн хонь тэдний хонь мөн байсан” гэх мэдүүлэг /хх 67-68 дугаар хуудас/;

- гэрч Ш.Г-ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “..манай хүргэн Б.Н мөнгөний хэрэгцээ гарлаа; 20 хонь худалдан гэхээр нь 1.500.000 төгрөгт авахаар тохиролцож; 10 дугаар сарын 04-ний шөнө өөрийнхөө машинаар ачиж ирснийг манай хүү Г.Батбуян буулгаж аваад маргааш нь гээгдэж магадгүй гээд өөрийнхөө имээр имнэж, будгаар тэмдэг тавьсан” гэх мэдүүлэг /хх 70-72 дугаар хуудас /;

- гэрч Г.Э-гийн 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 04-ний шөнө Нэргүй өөрийнхөө машинаар 20 тооны хонь,хурга ачиж ирснийг ах Г.Б буулгаж авсан гэсэн Маргааш нь Н-гийн 5800852852 тоот данс руу 20 хонины үнэд 1.500.000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх 74-75 дугаар хуудас/;

-шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох ба  бусдын 30 тооны хонь хууль бусаар авсан шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.           

Шүүгдэгч Б.Н-гийн бусдын олон тооны бог мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1.500.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 3 настай харлаг зүсмийн морь / 700.000 төгрөгийн үнэ бүхий/ -ийг хурааж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн, шүүхээс хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд: “ ..би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.555.000 төгрөг төлж барагдуулсан. Ам бүл тавуулаа, 0-3 насны 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, эхнэр ажилгүй. Одоо эхнэр маань бага насны 3 хүүхдээ асрахын зэрэгцээ мал ахуйгаа маллах, ар гэрээ авч явахад хүндрэлтэй байна. Иймд миний ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хорих болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг  хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр,ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй  ял оногдуулахаар зохицуулжээ.

Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял  оногдуулах”-аар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх Б.Н-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хорын улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил есөн сар хорих ял буюу Б.Н-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа боловч өөрөө мал аж ахуй гардан эрхэлдэг, малчдын байнгын, амаргүй хөдөлмөрийн үр дүнд мал сүргээ  өсгөдөг, дан ганц малын ашиг шим амьдралынх нь эдийн засгийн эх үүсвэр болж байдгийг маш сайн мэддэг атлаа ашиг хонжоо олох зорилгоор бусдын малыг хулгайлж буй үйлдэл нь түүний хувийн гэмт зан, шунахай байдлыг илэрхийлж байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх  боломжгүй, өөрөөр хэлбэл түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх талаарх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.            

Шүүгдэгч Б.Н-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 68 /жаран найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Н-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Н-гийн 2021 оны 12 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найман/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН