Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

С.Л, Б.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын давж заалдах журмаар гаргасан эсэргүүцлийг үндэслэн С.Л, Б.Б нарт холбогдох, 2135000710101 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн .. багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 2017 онд Алтан гадас одонгоор  шагнагдаж байсан, А овогт С-ийн Л.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн ... суманд төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн инженер, технологич мэргэжилтэй, Увс аймгийн .., ам бүл-3,  2 хүүхдийн хамт Увс аймгийн .. дугаар баг ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Б-гийн Б.

Шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Д-д "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Л-гийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3- д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон,

- Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.А-ийн ирүүлсэн "Зоогийн газар нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Даваадоржид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Ладмаагийн нэр дээр бүртгэлтэй "Түшиг хангай" ХХК-нд "Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх" төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14- ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3- д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн

- Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/107 дугаартай захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн, иргэн Х.Алтангэрэлийн ирүүлсэн “Зоогийн газар нийтийн караоке” нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож бусдад давуу байдал бий болгон улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Увс аймгийн Ерөнхий Прокурорын орлогч А.Турдыбекээс: шүүгдэгч А овогт С-гийн Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт, Ц овогт Б-гийн Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц овогт Б-гийн Б-д Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгаж,

шүүгдэгч А овогт С-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан  нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л-д 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч С.Л, Б.Б нар  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Л-гийн Увс аймгийн Баруунтуруун сумын 2-р багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууц тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Л-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.  

Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хүлээн авах, төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын товыг гишүүдэд мэдэгдэх, зөвлөлийн хуралдаанд санал өгөх эрхтэй оролцох, хурлын тэмдэглэл хөтлөх чиг үүрэгтэй байдаг.

Хэрэгт авагдсан гэрч Т.Д-ийн: “...Тухайн үед би уг төслийг бичиж Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б-д өгсөн. Ямар ч л байсан хурал болсны дараа Б.Б над руу яриад "Чиний бичсэн төсөл дэмжигдсэн, чи сумын Засаг даргатай гэрээгээ байгуулаарай" гэж хэлсэн. Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Л-тэй гэрээ байгуулсан ба удалгүй төслийн мөнгө болох 6.0 сая төгрөг миний эзэмшлийн Хаан банкны 5801058909 дугаарын дансанд орж ирсэн ...” гэх мэдүүлэг, 

гэрч Х.А-ийн : “...Би "Зоогийн газар, нийтийн караоке" нэртэй 15.0 сая төгрөгийн төрөл бичиж 2020 оны 9 дүгээр сарын үед сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бд өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Л-ийн: "...жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б надад таны төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гарсан. Та гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Тэгээд би сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээг сумын Засаг дарга С.Лтэй байгуулсан ..." гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар иргэн Т.Д, Х.А, Ш.Л нараас ирүүлсэн сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн төслийн материалыг сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Б.Б нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хуралдаан зохион байгуулаагүй, дээрх төслүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Л-гийн "холбогдох материалыг бүрдүүлээрэй", "хурал хийх шаардлагагүй" гэснээр сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөл хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь төслийн зээлийн талаар асуувал хурал болсон гэж хэлээрэй гэж хэлж байсан болох нь гэрч Ж.Ө-гийн мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн Б.Б "...тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг би өөрөө бичсэн. Надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байгаагүй. Гэхдээ сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгээс “ би эхнэрийн компанид трактор авмаар байна. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй болчихлоо, би зөвлөлийн хүмүүст ерөнхийдөө ярьж хэлж байгаа. Сум хөгжүүлэх сангаас бага хувийн хүүтэй зээл авмаар байна, одоо тэтгэвэрт гарлаа, газар тариалангийн ажилдаа идэвхтэй орно, чи зээлийн материалыг бүрдүүл гэж хэлж байсан. Харин Х.А надад манай суманд зоогийн газар, караоке хэрэгтэй байна гэж хэлж байсан удаатай. Тэд намайг дарамталсан байдлаар харьцаагүй. Тухайн тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлын өрөөнд бичиж байсан...” гэж,

шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт "...тухайн үед зөвлөлийн хурал хуралдах боломжгүй гэдгийг би Засаг даргад хэлж байсан, өрсөлдөх төсөл байгаагүй учраас Засаг дарга энэ төслүүдийг санхүүжүүлсэн байсан. Үүний дараа холбогдох материалаа бүрдүүлэхийг надад үүрэг болгосны дагуу би тэмдэглэл хөтөлж материалд хавсаргасан...” гэж тус тус мэдүүлсэн.

Үүнээс үзэхэд С.Б нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу төслийг сонгон шалгаруулаагүй гэдгийг мэдэж байсан мөртлөө хурал болсон мэтээр материал бүрдүүлж, төсөл өгсөн иргэдтэй утсаар ярьж гэрээ байгуулаарай гэж дуудаж зээл олгох боломжоор хангаж байгаа нь энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн үйлдэл юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г цагаатгах үндэслэлдээ зөвхөн шүүгдэгч Б.Б, С.Л нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг үндэслэж үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлсэн нь үндэслэл муутай, яллах талын нотлох баримтыг өөр ямар төрлийн нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт     нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялтай боловч шүүгдэгч С.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял хэрэглээгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Б, С.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг үндэслэн оролцож байна.

Анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгч Б.Б-г урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж цагаатгасан. Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баасандоржийн мэдүүлэг, гэрч Өнөрхүүгийн мэдүүлэг, гэрч П, Б, Д, Ц, Г, А, Ш.Л, А, Н нарын мэдүүлэг, нэр бүхий 3 иргэний ирүүлсэн төслийн материалууд зэрэг нотлох баримтуудаар Б.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байдаг.

Зээл авахыг хүссэн нэр бүхий 3 иргэн сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Б.Б-д бичиг баримтуудаа хүлээлгэн өгсөн байдаг. Уг баримтуудыг Б.Б хүлээн авсан гэдгээ мэдүүлсэн. Тус сумын Засаг даргын зүгээс хурал хийх шаардлага байхгүй учир материалаа бүрдүүл гэж хэлсэн үүрэг чиглэлийн дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн ба тухайн өдөр зөвлөлийн хурал хуралдаагүй байсан. Б.Б-гийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг би тухайн өдөр ажлын байрандаа бичсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “тухайн өдөр тэмдэглэл хөтлөхгүй гэж бодож байсан боловч тэмдэглэл хөтөлж материал бүрдүүлэхгүй бол зээл авах боломжгүй байсан учир хуралдаан болж зөвлөлийн гишүүд санал үзэл бодлоо хэлсэн мэтээр тэмдэглэл хөтөлсөн гэдгээ мэдүүлсэн.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр Б.Б уг хэрэгт дэмжлэг үзүүлэн оролцсон болох нь нотлогдож байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгч бусад нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яллах талын нотлох баримтыг бусад ямар нотлох баримтуудаар үгүйсгэж буй талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдаж өгөөгүй.

Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэхээр хуульчилсан байтал нэмэгдэл ялыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаар захирамжийг үндэслэн Түшиг хангай ХХК-д 20.000.000 төгрөг, Алтангэрэлд 15.000.000 төгрөг, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаар захирамжийг үндэслэн иргэн Даваадоржид 6.000.000 төгрөгийн зээл олгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл хэрэгжүүлэхгүй байснаар өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон үйлдэл байхыг шаардаж байдаг. Тус сумын Засаг даргын захирамж гарч зээл олгож шийдвэрлэснээр уг гэмт хэрэг төгсөж байгаа гэж үзэж байна. Б.Б-г тус сумын зөвлөлийн хуралдаан болоогүй байхад хуралдаан болсон мэтээр хурлын тэмдэглэлийг бичсэн гэж яллаж байна. Зөвлөлийн хурлын тэмдэглэл бичсэнээр уг тэмдэглэл нь хэн нэгэнд эрх олгож, бусдад давуу байдал бий болгож буй нөхцөл байдал биш юм. Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Уг тэмдэглэлийг Аудитын байгууллагаас шаардаж байсан ба Засаг дарга сум хөгжүүлэх сангийн зээлийг олгож шийдвэрлэсэн учир тэмдэглэлийг өөрийн өрөөнд нөхөж бичсэн” гэж мэдүүлсэн байдаг.

Маргаан бүхий асуудалтай холбоотой тус сумын Засаг даргын захирамж гарснаар уг гэмт хэрэг төгссөн. Нотлох баримт шинжлэн судлах шатанд төлбөрийн хүсэлтүүд шинжлэн судалсан. Тухайн төлбөрийн хүсэлтүүд нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаар захирамж болон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаар захирамжийг тус тус үндэслэн зээл олгогдсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Төрийн сангийн гүйлгээ хийхэд зөвлөлийн тэмдэглэл шаардлагатай байсан, уг зөвлөлийн тэмдэглэлийг үндэслэн зээл олгогдож байгаа юу гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрх олгосон тус сумын Засаг даргын захирамжийг үндэслэн сум хөгжүүлэх сангаас зээл олгогдсон гэдэг нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна. Б.Б-г улсын яллагчийн зүгээс яллахдаа уг гэмт хэрэгт урьдчилсан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж ялладаг. Б.Б нь ямар зүйлийг урьдчилан амласан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд 18 нотлох баримтыг нэрлэн зааж, уг нотлох баримтуудаар Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон гэж ял сонсгож яллах дүгнэлтээ үйлдсэн байдаг.

 Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 18 нотлох баримтуудад  Б.Б-гийн гэмт буруутай үйлдлийг нотолж, тогтоосон баримт байдаггүй. 1 дүгээр хавтаст хэргийн 21-р хуудаст хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэгт : “сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулж зээл олгосон үед 1 дүгээр гарын үсгийг тус сумын Засаг дарга, 2 дугаар гарын үсгийг санхүү албаны дарга нар зурж зээл олгодог. Сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөл хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан тохиолдолд Засаг даргын зүгээс шалгарсан иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж зээл олгодог” гэж мэдүүлсэн байдаг.  

Уг гэрээг тус сумын Засаг даргын зүгээс шалгарсан төсөл бичсэн иргэнтэй байгуулдаг. Тус сумын Засаг даргын захирамж гарч байж зээл олгох, зээл авах эрх үүсдэг ба нөгөө талаас төсөл бичсэн иргэдтэй тус сумын Засаг дарга гэрээ байгуулж ажилласан. Дээрх дүгнэлтээс үзвэл Б.Б бусдад давуу байдал олгосон ямар нэгэн үйлдэл гаргаагүй байдаг ба тэмдэглэл хуурамчаар бичсэн үйл баримттай хэн нэгэн маргахгүй байгаа. Тэмдэглэл бичсэнээр уг гэмт хэрэг гарсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Б урьдчилан амласан нөхцөл байдал тогтоогдсон гэдэг боловч гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл уг төслийг дэмжүүлэхээр бусдаас шаардсан зүйл байхгүй ба бусдын зүгээс дэмжлэг үзүүлэхээр амласан зүйл байхгүй гэж мэдүүлсэн учир урьдчилан амласан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүхийн зүгээс Б.Бгийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Л, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч С.Л-г Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 41 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Б-г Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 41 сая төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 Анхан шатны шүүх С.Л, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Цагаагчууд овогт Бямбаагийн Байгалмаад Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-г цагаатгаж,

-шүүгдэгч А овогт С-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 11.000 /арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж  тус тус шийдвэрлэсэн байна.

 Прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: Шүүх шүүгдэгч Б.Б-г цагаатгах үндэслэлдээ зөвхөн шүүгдэгч Б.Б, С.Л нарын шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгийг үндэслэж, үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлсэн нь үндэслэл муутай, яллах талын нотлох баримтыг өөр ямар төрлийн нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялтай бөгөөд шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү” бичжээ.    

Шүүгдэгч С.Л, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах ,мэргэжлийн үйл ажиллагаа явуулах,эсхүл бусад тодорхой эрхийг 1 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэж тодорхойлон зааж,  уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хамааруулан нэмэгдэл ялын шинжтэй хэрэглэхээр, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-т : Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус зохицуулжээ.

 Шүүгдэгч С.Л-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  : нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй буюу хуульд заасан нэмэгдэл ял хэрэглээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.    

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

 Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч Б.Бг үндэслэлгүй цагаатгасан талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаартай “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг хүлээн авч, шүүгдэгч С.Л, Б.Б нарт холбогдох, 2135000710101 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч С.Л, Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН