| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 181/2019/02392/и |
| Дугаар | 2045 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2045
Д.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02003 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ү-2203031710 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20 дүгээр хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/3003 дугаартай шүүхийн шийдвэрээр П.Солонго, Д.М- нараас 46.249.138 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 389.195 төгрөг нийт 46.638.333 төгрөгийг гаргуулж “Прогресс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар төлбөрт хураан авч үүний дагуу шинжээч томилж, үнэлгээчний тогтоосон үнэлгээний талаарх мэдэгдлийг Д.М-, П.Солонго нарт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч Д.М-ын зүгээс үнэлгээ, хөрөнгийн тайланг хэрхэн яаж үнэлээд дүгнээд 268.002.800 төгрөгөөр үнэлж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзэж байгаа. Ийм учраас энэхүү үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.М-, П.Солонго нар нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хувийн сууц газарт үнийн санал өгөхөөс татгалзсан. Иймд төлбөр авагч “Прогресс капитал ББСБ” ХХК-иас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 231 тоот шинжээч томилж, “Хөрөнгө эстимэйт” ХХК-иас 268.002.800 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4/18013 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийт 268.002.800 төгрөгөөр үнэлсэн атал анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээчээр Б.Батзаяа нь байшинг 268.002.800 төгрөгөөр, газрыг 5.949.400 төгрөгөөр үнэлсэн, байшингийн үнэлгээнд газрын үнэлгээ орсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ба газрын үнэлгээ болох 5.949.400 төгрөгийг нэмж газар болон байшингийн үнэлгээг гаргах боломжтой гэж үзэж байна. Мөн үнэлгээчний зүгээс үнэлгээнд үл хөдлөх хөрөнгийн цахим хуудсанд байршуулсан зурагтай харьцуулж үнэлгээ тогтоож байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 240 дүгээр магадлал, УДШ-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 878 дугаар тогтоолоор төлбөр төлөгч П.Солонго, Д.М- нараас 46 638 303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32018/08141 дүгээр шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 45/, уг захирамжийн дагуу бичигдсэн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 181/ГХ2018/00683 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх-ийн 38/, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18280979 дүгээр тогтоолоор /хх-ийн 47/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн 37/
Төлбөр төлөгч П.Солонго, Д.М- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул П.Солонгын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 156/08 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан /хх-ийн 7, 54, 55, 59, 60/.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 6, 66, 68-82/
Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01/80 дугаар дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 268.002.800 төгрөгөөр тодорхойлсон, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 187.601.960 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна. /хх-1, 5, 87, 92, 93/
Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч шүүх хуралдаанд оролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд газрын үнэлгээ багтаж байгаа болохыг тайлбарласан, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн үндэслэлээ тодорхой тайлбарласан байна. /хх-ийн 116-118/
2 давхар хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газрыг хэт бага үнэлсэн гэх тайлбараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 187.601.960 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Н.БАТЗОРИГ