| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00340/И |
| Дугаар | 130/ШШ2024/00361 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00361
| 2024 04 09 | 130/ШШ2024/00361 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***************-т оршин суудаг, утас:*******, Б овогт Д.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***************-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***** дугаартай, Б аймгийн Н хэлтэс (дарга М.А, утас **********)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтэст тэтгэврийн байцаагч Е.С-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.С шүүхэд анх гаргасан хүсэлтийн шаардлага Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлаа тогтоолгох хүссэн.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг багасгаж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлаа тогтоолгохыг хүсэж хүсэлтийн шаардлага тодруулсан байна. Хүсэлт гаргагч Д.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гарагч Д.С-н хувьд Улаанхус сумын 2-р багт оршин суудаг, насаараа мал маллаж байсан малчин, одоо 62 нас хүрсэн өндөр настай хүн юм. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан байна. 1984 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд шууд Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тарах хүртэл 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байна.
1.2.Хүсэлт гарагч Д.С хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь байхгүй, архиваас олдоогүй тул нийгэм даатгалын байгууллага шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн байна.
1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Сн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас 1978, 1979, 1984, 1987, 1988, 1989, 1990, 1991 оны ажилласан жилийн хөлсний баримт зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 434 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №374 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Д.С, түүний эхнэр хүүхдийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Д.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хүсэлт гарагч Д.Сн хувьд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан байна. 1984 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд шууд Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тарах хүртэл 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байна. Тэрээр хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь байхгүй, архиваас олдоогүй тул нийгэм даатгалын байгууллага шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн тул шүүхэд хүсэлт гаргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1978 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 31-д С 1978 оны 02 дугаар сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-01);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1979 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 22-т С 1979 оны 04, 08, 10, 11 дугаар сард цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-01);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1984 оны цалин хөлсний баримтад С 1984 онд цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-04);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1985 оны цалин хөлсний баримтад С 1985 оны 01дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1987 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 21-т С 1987 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-09);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1988 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 64-т С 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-09);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1989 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 1-т С 1989 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-09);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1990 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 97-т С 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-10);
Мөн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтын 145-т С 1991 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-10);
6.2.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргаж авсан Батлан хамгаалах төв архивын “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-нд Д (Д)-ний С (С) БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдөр 427103 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.(сх-1, хн-910, 1139, ху-556,62 ар)
6.3.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 374 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Д.С 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн “БНМАУ-ын хүн амын регистрийн карт №066” буюу ХААТР-1 (А) маягтын 14-д ажилладаг байгууллага гэдэгт: Алтайн хөгжил нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1978 он; эрхэлдэг ажил гэдэгт: малчин; оршин суудаг сум: Улаанхус гэж бүртгэгдсэн байна.
Хүсэлт гаргагчийн 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү С.С-ын “Төрсний бүртгэлийн анкет №0250” буюу ХААТР-11 (А) маягтын 11-д эцгийн овог нэр Дүкений С, ажилладаг байгууллага гэдэгт: Алтайн хөгжил нэгдэлд; Эрхэлсэн ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.
Мөн хүсэлт гаргагчийн 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Н-ийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн “БНМАУ-ын хүн амын регистрийн карт №069” буюу ХААТР-1 (А) маягтын 17-д эцэг Дүкений С, нийгмийн бүлэг хоршоолсон ард гэж бүртгэгдсэн байна.
Мөн хүсэлт гаргагчийн 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Е-ын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн “БНМАУ-ын хүн амын регистрийн карт №068” буюу ХААТР-1 (А) маягтын 17-д эцэг Д-ий С, нийгмийн бүлэг хоршоолсон ард гэж бүртгэгдсэн байна.
7.Хүсэлт гаргагч Д.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.С Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Б овогт Д-ий С Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Д.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК