Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00362

 

 

 

 

 

 

 

 

 

                 2024          04            09  

                              130/ШШ2024/00362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын *** дүгээр багт оршин суух, утас *******, И овогт М.С;

Хүсэлтийн шаардлага: Ители даулет овогт Масаламын С нь Ханкелди овогт Сын Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэж гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч М.Сы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч М.С нь С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэж гэр бүл болсон байдлаа тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч М.С нь 1990 онд А сумын иргэн Ш.Мтэй гэр бүл болж гэрлэлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. Гэтэл Ш.М 1992 онд Казахстан улс руу бүрмөсөн нүүгээд явсан, одоо Казахстан улсад амьдарч байна.

1.2.Казахстан улсаас Ш.М ирээгүй учир М.С 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А сумын иргэн Сын Дтай гэр бүл болж, 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Е, 2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүү О, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүү Х нар төрсөн.

1.3.Хүсэлт гаргагч М.С нь С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэсэн гэрлэлтээ бүртгүүлье гэхэд хүсэлт гаргагч М.С нь анхны гэрлэлтээ цуцлуулаагүй тул тэнд гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй байдал үүссэн байна.Тэд хамтран 25 жил эхнэр нөхөр болж хамт амьдарч байгаад С.Д нь 2023 оны 01 дүгээр сард өвчний учир нас барсан байна. Одоо М.С нь ганцаараа Б аймгийн А сумын 4 дүгээр багт амьдарч байна.

1.4.Саяхан Казахстан Улсад байгаа Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.М, М.С нарын гэрлэлтийг захиргааны журмаар цуцалж мэдээллийн сангаас хасалт хийсэн тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст М.С нь С.Дтай гэрлэсэн байдлаа бүртгүүлэх гэхэд нөхөж бүртгэхгүй, С.Д нас барсан байна, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг санал болгосон байна.

Иймд  холбогдох нотлох баримтуудыг үндэслэн М.С нь С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр гэрлэж гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн А сумын 4-р багийн засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 359/20 дугаартай тодорхойлолт, Д.Еийн Г№07 дугаартай Төрсний гэрчилгээ, хүсэлт гаргагчийн хүүхдүүд болох Д.Оын №********** дугаартай “Төрсний гэрчилгээ”, ИБД************** дугаартай “Нас барсны гэрчилгээ”, М.С, С.Д нарын Монгол Улсын Иргэний үнэмлэх-ийн хуулбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Дугаар *************** дугаартай “Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа” зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 437 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 370 дугаар албан бичгээр М.С, С.Д, Д.Е, Д.О, Ш.М нарын ХААТР маягтууд, мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар албан бичгийг тус тус шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч М.Сы С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэж гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч М.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хүсэлт гаргагч М.С нь 1990 онд А сумын иргэн Ш.Мтэй гэр бүл болж гэрлэлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн ба Ш.М нь Казахстан улс руу яваад ирээгүй учир М.С 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А сумын иргэн Сын Дтай гэр бүл болсон. Хүсэлт гаргагч М.С нь С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэсэн гэрлэлтээ бүртгүүлье гэхэд хүсэлт гаргагч М.С нь анхны гэрлэлтээ цуцлуулаагүй тул тэнд гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй байдал үүссэн тул шүүхэд С.Дтай гэрлэж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн А сумын 4-р багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 359/20 дугаартай тодорхойлолтоор А сумын 4 дүгээр багийн иргэд Сын Д, Масаламын С нар 1993 оны 01 дүгээр сард гэрлэсэн ба 3 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Хүүхдүүд нь Дын Е 2008.08.28; Дын О 2003.03.28; Дын Х 2006.06.28. М.С, С.Д нар 25 жил хамт амьдарч байсан нь үнэн гэсэн байна.

Мөн М.С, С.Д нарын дундаас 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр охин Е төрсөн болох нь түүний ***** дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, мөн 2003 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин О төрсөн болох нь түүний №************ дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр тус тус нотлогдож байна.

7.2.Б аймгийн А сумын улсын бүртгэгчээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон ИБД:************* дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ээр  Ханкелди овогт Сын Д нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болох нь нотлогдож байна.

2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн “Нас барсны бүртгэл” буюу ИУБ18 (А) маягт-ын 12.Гэр бүлийн байдал гэдэгт: Х овогт Сын Д нь огт гэрлээгүй гэж тэмдэглэсэн (чакталсан) байна.

Мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 417 дугаар албан бичигт: Иргэн С.Дын гэрлэлт А сумын 1998-2002 он хүртэлх гэрлэлт бүртгэлийн журналаас шүүн үзэхэд гараагүй, мөн гэрлэлт цуцлах эсэх талаарх бүртгэлийг цахим архивын сангаас шүүн үзэхэд гэрлэлт дуусгавар болсон бүртгэл бүртгэгдээгүй гэсэн байна.

7.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 370 дугаар албан бичгээр хүргүүлсэн М.Сы 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн “Гэрлэлтийг бүртгэх анкет №0029” буюу ХААТР-15 (А) маягтад Масалам С нь Шолтай Мтэй 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1-д “ Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”, 7.2-т “Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар хүсэлт гаргагч М.С, Ш.М нар гэрлэлтээ хууль ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тэдний хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүссэн байна.

7.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн “Гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас №01”-нд М.С, Ш.М нарын гэрлэлтийг зан харьцаа таараагүй гэх шалтгаанаар тэдний гэрлэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийг цуцалсан гэсэн байна.

Мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Дугаар **************** дугаартай “Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа”-аар М.С, Ш.М нарын гэрлэлтийг захиргааны журмаар цуцалсныг 2024 оны 03 дугар сарын 01-ний өдөр бүртгэв гэсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно” гэж заасан тул хүсэлт гаргагч М.С, Ш.М нарын гэрлэлтийг захиргааны журмаар цуцалснаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон байна.

8.Дээрх нотлох баримтаар хүсэлт гаргагч М.С нь Ш.Мтэй 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрлэж, гэрлэлтээ улсын бүртгэлд 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн ба тэдний гэрлэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр захиргааны журмаар цуцалсан болох нь нотлогдож байна.

9.Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна” гэж зааснаар хүсэлт гаргагч М.Сы 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ш.Мтэй гэрлэсэн анхны хууль ёсны гэрлэлт нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан байна.

10.Хүсэлт гаргагч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдолтой бүхий үйл явдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

11.Хүсэлт гаргагч М.С нь С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хамт хамтран амьдарч, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тогтоогдож байгаа боловч энэ хугацаанд хүсэлт гаргагчийн анхны гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол 2 дахь удаа гэрлэхэд харшлах шалгаан болдог тул  хүсэлт гаргагч М.Сы С.Дтай 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр гэрлэж гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118  дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-г баримтлан хүсэлт гаргагч И овогт М.С-ы Х овогт С.Д-тай 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр гэрлэж гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч М.С-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК