Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгч Ө.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүүбэй овогт Өлзийдэлгэрийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 1721000000067 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1988 оны 3 сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Зүтгүүрийн 0а-2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖВ88030111/, Бүүбэй овогт Өлзийдэлгэрийн Отгонбаяр,

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь 2017 оны 8 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Зүтгүүрийн 0а-2-7 тоотод хохирогч Д.Гэрэлтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Гэрэлтуяа мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 сарын 30-ны өдөр би Отгонбаяртай утсаар ярьж хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийн талаар ярилцья, чи бага хүүгээ авчирч өгөө, цэцэрлэгийнх нь хувцасыг бэлдсэн юм уу, бэлдээгүй бол би бэлдье гэхэд манай хүү чам руу очихгүй гээд байна, чамд өгөхгүй гээд утсаар надтай эвгүй харьцаад утсаа тасалсан. Тэгэхээр нь би орой 18 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 8 дугаар баг Зүтгүүрийн 0а-2-7 тоотод байх Отгонбаярынхаас бага хүүгээ авах гээд очиход Отгонбаяр надад хүүг маань өгөхгүй гэж уурлаж загнаад “Чи манай хашаанд орж ирлээ, чи орж ирэх эрхгүй” гээд намайг боож унагаад цамцнаас татаад хашаанаасаа гаргах гээд чирсэн. Тэр үед гарахгүй хүүхдээ авч явна гэж Отгонбаяртай зууралдаж өөрийгөө хамгаалж байгаад өөрийг нь маажсан. Тухайн үед Отгонбаяр намайг гэр орноосоо хөөгөөд байхад нь “энэ хашаа хороо, байшин сав бүгд надад хамаатай, яагаад гэвэл би энэ бүхнийг байхгүй байхаас нь эхлээд чамтай хамтарч бий болгосон болохоор надад хамаатай миний гэр орон” гэдгийг хэлэхэд “чи бол мэдлэг боловсролгүй, тэнэг хүүхэн, чиний юм  гэж энд байхгүй” гэх зэргээр намайг элдвээр доромжилж байсан. Би ч бас сэтгэл тавгүй байсан болохоор адилхан өөдөөс нь өөрийг нь элдвээр хэлж бахирч, хашгирч хэрэлдсэн. Тэгтэл намайг 2-3 удаа нүүр болон толгой руу цохиж хашаанаасаа гаргахыг оролдсон. Тэр үед байшингаас Отгонбаярын хамаатных нь эгч гарч ирж болиулсан. ...Миний хувьд Отгонбаярт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 512 тоот дүгнэлтэд: “1. Д.Гэрэлтуяагийн биед зүүн хацар, хүзүүний ар болон урд хэсгийн цус хуралт, доод эрүүний буйлны салстын язрал болон цус хуралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 24/ гэжээ.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 сарын 04-ний өдрийн 521 тоот дүгнэлтэд: “1. Ө.Отгонбаярын биед цээж болон хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 28/ гэжээ.

Гэрч Д.Батчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 8 сарын 30-ны өдрийн орой 18.30 минутын орчимд нөхрийн хамт Хэрлэн сумын 8 дугаар баг Зүтгүүрийн 0а-2-7 тоотод байхад нэг эмэгтэй хашаан дотор орж ирээд гэр рүү түлхүүр хийхээр нь би нөхөртөө ороод гадаа хүн ирсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед хуучин авгай нь байна гэж гадарласан/. Манай нөхөр Отгонбаяр нь бөө юм. Тухайн үед хүн үзүүлж байсан, гэрийн гадуур хүмүүс засал ном хийлгэх гээд зөндөө байсан. Тэгээд манай нөхөр Отгонбаяр гараад очсон, тэгэхэд нөгөө эмэгтэй Отгонбаярын өөдөөс нь элдэв бусаар хараалын үгээр хэлж дайрч давшилсан. Отгонбаярыг татаж чангаагаад энгэр заамнаас нь маажиж зулгаасан, би өргөөнд нь цонхоор хараад байж байсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй намайг “янхан минь чи гараад ир, наад бусар бөгсөөрөө наад ариун өргөөндөө юу хийж байгаа юм бэ, муу гичии, янхан” гэх зэргээр хашгичаад байсан. Отгонбаяр баруун гэр рүү орж ярилцья гээд татаад байх шиг байсан, нөгөөх эмэгтэй нь тэнд хашгичаад байсан, миний хувьд цохиж зодсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Тэгсэн чинь тэр эмэгтэй өргөөнд гүйж орж ирээд намайг ална гээд над руу дайрсан. Тэгэхэд нь манай нөхөр араас нь гүйж орж ирээд чангаагаад аваад гарахад би араас нь дагаж гараад “Чи хэтэрхий даварч байна, би чамд нэг ч удаа юм хэлж үзээгүй, чи дуугуй байх тусам битгий дарамтлаад бай” гэж хэлсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

-Шүүгдэгч Ө.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь 2017 оны 8 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Зүтгүүрийн 0а-2-7 тоотод хохирогч Д.Гэрэлтуяаг зодож зүүн хацар, хүзүүний ар болон урд хэсгийн цус хуралт, доод эрүүний буйлны салстын язрал болон цус хуралт, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ө.Отгонбаярын мөрдөн байцаалтад  өгсөн “...Гэрэлтуяа миний үгэнд орохгүй намайг элдвээр хэлээд байхаар нь уурандаа би толгой руу нь гараараа нэг удаа цохиж, нэг удаа нүүр рүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө.Отгонбаяр... намайг 2-3 удаа нүүр болон толгой руу цохиж хашаанаасаа гаргахыг оролдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 521 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.Гэрэлтуяад учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ө.Отгонбаярын хохирогчийн нүүр болон толгой руу 2-3 удаа цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой байна.

Шүүгдэгч Ө.Отгонбаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ө.Отгонбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 512 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Отгонбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖВ88030111 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Бүүвэй овогт Өлзийдэлгэрийн Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийдэлгэрийн Отгонбаярыг 550 /таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу/ 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаярын орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Ө.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖВ88030111 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг түүнд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР