Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2046

 

Х.Г-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг             даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 001/ХТ2018/01665 тоот тогтоолоор Х.Г- надаас 163.204.650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дахь хавтаст хэргийн 11-15 дахь талд Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 001/ХТ2018/01665 тоот тогтоолыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхийн тулд нэхэмжлэгч /төлбөр авагч/ С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар нь НШШГГ-т дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ хууль тогтоомжийн дагуу гаргасан байх бөгөөд үүний дагуу НШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх ёстой. Гэвч төлбөр авагч Л.Мөнхтулга нь дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй байхад Хан-Уул дүүргийн 178 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Дэслэгч Б.Чинзул нь хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дур мэдэн эхлүүлж Х.Г-ийн хувийн мэдээллийг хуулбарлан авч хэргийн материалд хавсаргасан. Түүнчлэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгийн мэдээллийг авч Х.Г-ийн бүх банкны харилцах данс болоод эд хөрөнгийг хууль бусаар битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргана гэж хуульчилсан дагуу ахлах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 1 дүгээр сарын 25-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл явуулж, Х.Г-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдаж байна. Хэдийгээр Х.Г- нь төлбөр төлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа боловч надтай холбоотой асуудлыг миний охин болоод эхнэрт халдаан хэрэглэж хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа явдалд гомдолтой байна. Төлбөр авагч Л.Мөнхтулгын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлтгүйгээр түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлэх тогтоолгүйгээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзулын уг үйлдэл нь шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн санкцид хамаарч байна. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалаар Х.Г-өөс 163.204.650 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 973.973 төгрөгийн хамт гаргуулж С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт  Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19290216 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Х.Г-т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулж, түүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийн мэдүүлэг авч, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, хөрөнгө, эсхүл банк эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна гэж  заасны дагуу мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 19290216/178 дугаар тогтоолоор арилжааны банкуудад хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дах хэсэгт Энэ хуулийн 86.2, 86.4 дэх хэсэгт заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 4/4381 дүгээр зүйлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсангийн гудамж, 26 дугаар байрны 13 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016358 дугаар бүртгэлтэй орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19290216/04 дугаар тогтоолоор үзлэг нэгжлэг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрчсөн тул 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхээс олгогдсон хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.3, 86 дугаар зүйлийн 86.2, 86.5, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай Х.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн    итгэмжлэгдсэн    төлөөлөгчийн    хувьд    төлбөр авагч Л.Мөнхтулгын нас барсан эсэх талаарх лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж хангахаас татгалзсан   атлаа   нэхэмжлэлийг   бүхэлд   нь   хэрэгсэхгүй   болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхийн тулд төлбөр авагч этгээд ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргасан байхыг шаардана. Гэвч шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч хүсэлт гаргаагүй байх атал дур мэдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлж өнөөдрийг хүртэл хууль бус ажиллагаа явуулсаар байна шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дур мэдэн эхлүүлсэн хууль бус үндэслэлээ төлбөр авагч Л.Мөнхтулга нас барсан гэж тайлбарладаг. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ хэмээн хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс би тус хэргийг хянан шийдвэрлэдэг өдөр гурван шүүх хурал товлогдсон байсан учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй хэмээн хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

                                                                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00709 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01665 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Х.Г-өөс 163 204 650 төгрөгийг гаргуулж С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарт олгохоор шийдвэрлэсэн ба шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна./хх-ийн 32-50/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч байгууллагаас явуулсан ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.3, 86 дугаар зүйлийн 86.2, 86.5 дах хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид байх тул тэдгээрийн хэн алин нь үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул төлбөр авагч Л.Мөнхтулгын нас барсан эсэх талаарх лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг  анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж хангахаас татгалзсан нь үндэслэлтэй. /хх-ийн 81/

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх  хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараалан хойшлогдож байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                 Н.БАТЗОРИГ