| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00323/И |
| Дугаар | 130/ШШ2024/00364 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00364
| 2024 04 09 | 130/ШШ2024/00364 |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суух, Б овогт Х-ын Ш;
Хүсэлтийн шаардлага: Б овогт Х-ын Ш нь С овогт Х-ы Хтай 1953 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Шы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Ш нь С овогт Хы Хтай 1953 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Х.Ш нь 1953 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х.Хтай гэр бүл болсон, 11 хүүхэд төрүүлж өсгөж, бүгдийг нь тустаа айл болгон гаргасан. Гэрлэгч Х.Ш, Х.Х нар нь 61 жил хамт амьдарч байгаад Х.Х нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан.
1.2.Миний эцэг Х.Х, эх Х.Ш нар гэрэлтээ бүртгүүлээгүй болохыг Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа авах гэхэд мэдсэн. Тийм учраас эцэг, эхийн маань гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Тухайн үед ямар учраас гэрлэлтээ бүртгүүлээгүй байгааг би мэдэхгүй.
1.3.Хүсэлт гаргагч Х.Ш, Х.Х нарын хүүхдүүд улсаас мөнгө авах гэж байгаа тул гэрлэлтийн баталгааны шаардлага гарсан. Гэхдээ дээрх үеийн бичиг баримт болох улаан паспортод гэр бүл мөн болсон талаар тодорхой бичигдсэн байгаа. Иргэний бүртгэлийн төвөөс зөвхөн гэрлэлтийн баталгаа шаардаж байна.
1.4.Тэгээд оруулж өгөхийг хүсэж улсын бүртгэлийн байгууллагад хандахад Х.Х нас барсан тул Х.Шы хүсэлтээр шууд мэдээллийн санд оруулах боломжгүй, гэрлэлт бүртгүүлсэн гэр бүл болсон байдлаа шүүхээр тогтоолго гэсэн чиглэл өгсөн.
1.5.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Ш нь С овогт Хы Хтай 1953 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Х.Ш, Х.Х нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, №0000115689 (№05) дугаартай “Нас барсны гэрчилгээ”, Х.Шы БӨ№ ********** дугаартай БНМАУ-ын Иргэний Паспортын хуулбар, Х.Хы БӨ№ ********** дугаартай БНМАУ-ын Иргэний Паспортын хуулбар, Х.Аы №06 дугаартай Төрсний гэрчилгээ, Х.Сы №56 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Х.Мы №32 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Х.Мы №34 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Х.Бы №183 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон ********** дугаартай “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”, Б аймгийн Б сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 03/17 дугаартай албан бичиг, Х.Шы 1975 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон №22727 дугаартай “Алдарт эх”-ийн 1-р одонгийн үнэмлэх, мөн 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №50741 дугаартай “Алдарт эх”-ийн 2-р одонгийн үнэмлэх, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №296 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, О.М, Т.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 436 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаар албан бичгээр Х.Ш, Х.Х, хүүхдүүд нь болох Х.Б, Х.Раузан, Х.Аяужан нарын ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Х.Ш дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хүсэлт гаргагч Х.Ш нь 1953 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Х.Хтай гэр бүл болсон, 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэтэл улсын бүртгэлийн санд гэрлэлтийн бүртгэл бүртгэгдээгүй учраас Х.Хтай гэр бүл болсон байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Хүсэлт гаргагч Х.Шы БӨ№ ********** дугаартай БНМАУ-ын Иргэний Паспортын 7 дугаар хуудсанд 10.Гэрлэлтийн байдал, эхнэр нөхрийн гэдэгт: нөхөр Хы Х 1930 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн, гэрчилгээний дугаар №26, 1953 оны 09 сарын 20-ны өдөр гэж,
Х.Хы БӨ№ ********** дугаартай БНМАУ-ын Иргэний Паспортын 7 дугаар хуудсанд 10.Гэрлэлтийн байдал, эхнэр нөхрийн гэдэгт: эхнэр Х Ш 1936 оны 04 сарын 05-ны өдөр төрсөн, гэрчилгээний дугаар №26, 1953 оны 09 сарын 23-ны өдөр гэж тус тус бичигдсэн байна.
6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаар албан бичгээр хүргүүлсэн Х.Шы 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдөр бүртгэсэн “БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №283” буюу ХААТР-1(А) маягт 10-д Гэр бүлийн байдал гэдэгт: Гэрлэсэн, 1 дэх гэрлэлт, 1953 он, гэрчилгээний дугаар №26; 17-д Эцэг эх, эхнэр (нөхөр) гэдэгт: нөхөр Х Х гэж бичигдсэн байна.
Мөн Х.Хы 1988 оны 06 дугаар сарын 20-ний өдөр бүртгэсэн “БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №282” буюу ХААТР-1(А) маягт 10-д Гэр бүлийн байдал гэдэгт: Гэрлэсэн, 1 дэх гэрлэлт, 1953 он, гэрчилгээний дугаар №26; 17-д Эцэг эх, эхнэр (нөхөр) гэдэгт: эхнэр Х Ш гэж бичигдсэн байна.
Мөн Х.Хы 1980 оны 10 дугаар сарын 16-ний өдөр бүртгэсэн “Иргэний хаягийн хуудас №07” маягт эхнэр Х Ш 1936 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн эмэгтэй, 1953 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэсэн гэрчилгээний дугаар №26 гэж бичигдсэн байна.
6.3.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 369 дугаар албан бичгээр хүргүүлсэн Х.Шы 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн “Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл”-ийн 12. Эхнэр нөхөр, 16 хүртэлх хүүхэд гэдэгт: нөхөр Хы Х, гэрчилгээний дугаар №26 гэж бүртгэгдсэн байна.
Х.Хы 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн “Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл”-ийн 12. Эхнэр нөхөр, 16 хүртэлх хүүхэд гэдэгт: эхнэр Хын Ш, гэрчилгээний дугаар №26 гэж бүртгэгдсэн байна.
6.4.Гэрлэгч Х.Ш, Х.Х нарын дундаас 1958 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Х.М төрсөн нь түүний №32 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, 1960 оны 05 дугаар сарын 27-ны өдөр охин Х.А төрсөн нь түүний №60 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, 1968 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү Х.С төрсөн нь түүний №56 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, 1970 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Х.Б төрсөн нь түүний №186 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, 1973 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Х.М төрсөн нь түүний №34 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Х.Раузан, 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин Х.Аяужан нар төрсөн болох нь тэдний ХААТР-1(А), ХААТР-21(А), ИУБ-31(А) маягт-аар тус тус нотлогдож байна.
6.5.Хүсэлт гаргагч Х.Шы нөхөр Х.Х Б аймгийн Б сумын 3-р багт гэртээ өвчнөөр 84 насанд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь Б аймгийн Б сумын Улсын бүртгэгчээс 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон №******* (№***) дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ээр нотлогдож байна.
6.6.Б аймгийн Б сумын 3-р багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 03/17 дугаартай албан бичигт: Иргэн Х овогтой Х нь Х овогтой Штай 1953 онд гэр бүл болж, 2014 он хүртэл 61 жил Б сумын 3-р багт насаараа амьдарсан. Нөхөр нь Х.Х 2014 онд нас барсан, эхнэр Х.Ш нь одоо тус багт хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа гэсэн байна.
6.7.Хүсэлт гаргагч Х.Шы гэрлэлтийн талаар О.М (РД:***********)-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “Миний ах болох Х.Х, бэргэн эгч Х.Ш нар 1958 оны намар одоогийн Б аймгийн Б сумын Сайхан багийн “Ах жар” гэдэгт газарт хурим хийж гэрлэсэн нь үнэн. Тэр үед миний бие 11 настай 2 дугаар ангийн сурагч байсан болохоор бүх болсон явдлыг сайн санаж байна. Ах маань 2014 онд нас барсан, тэд 61 жил хамт амьдарсан 11 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн...” гэсэн байна.
Мөн Т.М (РД:************)-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: “Миний бие Х.Х, Х.Ш нарыг бага байхаас сайн мэднэ. Б аймгийн Б сумын Сайхан багийн “Ах жар” гэдэгт газарт 1953 онд хуримаа хийсэн нь үнэн. Тухайн үед Б сумыг “Хужирт” сум гэж нэрлэдэг байсан. Х.Х, Х.Ш нар гэр бүл болоод 61 жил хамт амьдарсан, Х.Х 2014 онд нас барсан, тэд 11 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн зарим нь Монгол Улсад, зарим нь Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа. Х.Штай хамт Х.Р, Х.Ж нар хамт амьдарч байгаа...гэсэн байна.
7.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №296 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: Х.Шы тус хэлтэс гэрлэснийг тогтоолгох тухай өргөдлийг хүлээн авч шалгахад гэрлэснийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай эх нотлох баримт бүртгэлгүй, гэрлэсний гэрчилгээгүй, нөхөр болох Хы Х 2014 онд нас барсан байх тул Хяналтын улсын байцаагч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрлэсний бүртгэлийг тогтоосон тухай дүгнэлт гаргах боломжгүй байна. Иймд бусад эх нотлох баримтыг үндэслэн шүүхэд хандаж гэрлэснийг тогтоолгох боломжтой гэсэн байна.
8.Хүсэлт гаргагч Х.Шы гаргаж өгсөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон ********** дугаартай “Үрчилсний бүртгэлийн лавлагаа”, 1975 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон №22727 дугаартай “Алдарт эх”-ийн 1-р одонгийн үнэмлэх, мөн 1967 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон №50741 дугаартай “Алдарт эх”-ийн 2-р одонгийн үнэмлэх нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
9.Хүсэлт гаргагч Х.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.3-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэрлэлт бүртгүүлсэн байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон ХААТР маягтууд дахь бүртгэлийн тус тус үндэслэн хүсэлт гаргагч Х.Ш нь С овогт Хы Хтай 1953 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-г баримтлан хүсэлт гаргагч Б овогт Х-ын Ш нь С овогт Х-ы Х-тай 1953 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Ш-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК