| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 182/2019/02650/и |
| Дугаар | 2048 |
| Огноо | 2019-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2048
“А” ХХК, “ААК” ХХК-уудын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А” ХХК, “ААК” ХХК-уудын нэхэмжлэлтэй, хариуцагч “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох
“ХБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч, газар эзэмших эрхийн эзэмшигч болохыг тогтоолгон өмчлөл, эзэмшлийг буцаан шилжүүлж авах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“ХБ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 18623307803299 дугаар бүхий газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “ХБ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “А” ХХК-ийн эзэмшилд байгаа нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг “ХБ” ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “ААК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “А” ХХК, “ААК” ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон “ААК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “ХБ” ХХК болон “А” ХХК, ААК нарын хооронд №1/2-1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдсан. Дээрхи гэрээний 1.1.а дэх хэсэгт “А” ХХК-ийн “ХБ” ХХК-тай 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 45 тоот зээлийн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 46 тоот зээлийн шугамын гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.816.069.781,74 төгрөг, мөн гэрээний 1.1.б дэх хэсэгт “Говь повер” ХХК-ийн “Монгол шуудан банк” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/96 тоот зээлийн гэрээ, 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан НЗГ/01 тоот нэмэлт зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.973.517.583,69 төгрөгийн тус тус зээлийн өр төлбөртэй болохыг баталж, уг зээлийн өрийг хаах зорилгоор барьцаа болон батлан даалтын гэрээн дэх хөрөнгүүдийг нийт дүнгээр нь тооцож шилжүүлэхээр тохиролцож, “А” ХХК-ийн эзэмшлийн 10.000 м кв газраас бусад эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг банкны нэр дээр шилжүүлэн өгсөн.
Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Гэрээний 2.1-д заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэж заасны дагуу 2.1-д заасан нөхцөл биелэгдэж, бид зээл, хүүгээ бүрэн төлж банктай үүссэн өр төлбөрийн харилцааг бүрэн дуусгавар болгосон. Талуудын хооронд 1/2-1159 тоот гэрээ байгуулах үед банкны зүгээс танай барьцаа хөрөнгөөр чинь зээлийг чинь бүрэн хаана. Гэхдээ та нар 2013 оны 12 дугаар сарын 31-ний дотор бэлэн мөнгө төлөөд хөрөнгөө буцааж шилжүүлэн авч болно. Банкны хувьд одоогоор энэ хөрөнгийг шууд зарж чадахгүй байна гэсний дагуу бид зөвшөөрч ХБны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газруудыг буцаан худалдан авах зорилгоор 2011 оны 6 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар дуусах хүртэлх хугацаанд нийт 4.479.719.606,08 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа хүлээн зөвшөөрдөг. Банк дээрх эд хөрөнгийг өөрийн өмчлөх бусад үндсэн хөрөнгийн дансандаа бүртгэн авсан. Эд хөрөнгөтэй холбогдон гарах шууд зардлыг бүрэн хариуцаад эд хөрөнгүүдийг эзэмшилдээ байлгаач гэж хүссэний дагуу бид өнөөдрийг хүртэл бүх зардлыг хариуцан эзэмшилдээ байлгаж байна. Хариуцагч нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 121/03 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6.075.024.864,94 төгрөгийн зээл олгосон, энэ зээлийн үлдэгдлээ төл гэдэг тайлбар хийдэг. Энэхүү зээлийг нэхэмжлэгч “А” ХХК нь авч ашиглаагүй бөгөөд банк өөрөө авч ашигласан байдаг.
Эд хөрөнгөө буцаан авахаар 4.479.719.606,08 төгрөгийг төлсөн тул үүндээ дүйцүүлж, “ААК” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, “А” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмшил, “Баяваа” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшил, “ААК” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн өгнө үү. Тухайн үед барьцааны гэрээ байгуулж байхад үйлдвэр 2.200.000.000 төгрөг, 15.870 м.кв газрын эзэмшил 300.000.000 төгрөг, 10.000 м.кв болон 100.000 м.кв газрын эзэмшил тус бүр 350.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “ХБ” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт заасны дагуу “ХБ” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авч, Банкны эрх хүлээн авагчаас “ХБ” ХХК-ийн чанаргүй активыг төлүүлэх, төрд учирсан хохирлын төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байна. “А” ХХК нь “ХБ” ХХК-аас дараахь зээлийг авсан. Үүнд: 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 45 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 4.620.000.000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650.000.000 төгрөгийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан. “А” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөрт нь “А” ХХК болон “ХБ” ХХК-ийн хооронд 45 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ (Ипотекийн гэрээ)-г байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Мөн “ХБ” ХХК болон “ААК” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, хөдлөх эд хөрөнгүүдийн хамт барьцаалсан. “Говь повер” ХХК нь Монгол шуудан банкнаас 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээр 1.200.000.000 төгрөгийг сарын 1.2 жилийн 14.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлдэн авсан ба 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр авсан мөнгийг 460.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. “Говь повер” ХХК-ийн дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьект, улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг тус тус барьцаалсан байна. Монгол шуудан банк 2010 оны 3 дугаар сард “ХБ” ХХК-д нэгдсэн. “А” ХХК-ийн зээлийн өр 5.816.069.781,74 төгрөг, “Говь повер” ХХК-ийн зээлийн өр 1.973.517.583,2 төгрөг, нийт 7.789.587.364,94 төгрөгийн зээлийн өрийг барагдуулах зорилгоор Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Гэрээгээр нийт 7.789.587.364,94 төгрөгийн өр төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, тэр хүртэл хугацаанд нэхэмжлэгч нарын барьцаа, батлан даалтын гэрээгээр барьцаанд байсан “А” ХХК-ийн асфальт бетон хольцын үйлдвэр, тус үйлдвэрийн байрлаж буй 10.000 м.кв газрын эзэмших эрх, “ААК” ХХК-ийн өмчлөл эзэмшлийн бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 100.000 м.кв газар эзэмших эрхийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлнэ, эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн нөхцөл биелсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно, хэрэв төлбөр төлөгч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, төлбөр төлөгч үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авна, төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацааны тухайн барилга, байгууламжийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардал, хэрэглээний зардлыг бүрэн хариуцна гэж тохиролцсон юм. “А” ХХК нь урьд шүүхэд 2013 онд Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж, үүнээсээ татгалзаж шийдвэрлэгдэж байсан.
Дээрх хөрөнгүүдийг “ХБ” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж 2011 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ “ХБ” ХХК-ийн нэр дээр гарсан. Хөрөнгийг банкны өмчлөх бусад эд хөрөнгийн дансанд бүртгэсэн. Нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдийг манайд бүрмөсөн шилжүүлээд өр төлбөрөө хаасан, одоо буцаан худалдан авч байна гэж байна. Энэ нь тийм биш. 3 жилийн хугацаанд төлбөрөө төл, энэ хүртэл хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд авна гэсэн ба тэдний зээлийг бүрмөсөн хаасан биш. Хэрэв тэгсэн бол хөрөнгийг бид өөр дансанд бүртгэх байсан. Хөрөнгүүдийг энэ хооронд зарагдвал төлбөрт нь тооцох байсан. Нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийн үлдэгдэл одоо 3.595.305.259 төгрөг байна. Хөрөнгөө буцаан авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Банкны эрх хүлээн авагчаас “А” ХХК-д удаа дараа өр төлбөрийг төлөх, хөрөнгийн эзэмшлийг хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, урьдчилан өгсөн мэдэгдлийн дагуу томилогдсон ажлын хэсэг үйлдвэрийн эзэмшлийг шилжүүлэн авахаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны 11:00 цагт үйлдвэр дээр очиход хамгаалалтын компани хөлслөн ажлын хэсгийг дотогш оруулаагүй. Амины орон сууцны зориулалттай /100.000 м кв/ газрын тухайд “А” ХХК нь тус газар дээр харуул буулган өөрийн эзэмшилд байлгаж байна. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ “ХБ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлээгүй байна. Иймд манай өмчлөл, эзэмшилд шилжсэн 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон 100.000 м.кв газрыг А ХХК-ийн эзэмшлээс, 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг /Асфальтын үйлдвэрийн газар/ хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг А ХХК-д даалгуулах шаардлагуудыг сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн хувьд, “ХБ” ХХК нь Банкны тухай хууль-аар хориглосон үйл ажиллагааг эрхэлж барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар гэрээ байгуулан, өмчлөл, эзэмшилдээ шилжүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ байх тул “ХБ” ХХК тухайн эд хөрөнгүүдийг хууль ёсоор өмчилж, эзэмших эрхгүй. Төлбөр төлөгчийн зүгээс төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд нийт 4.479.719.606,08 төгрөг төлсөн боловч “ХБ” ХХК нь барьцаалсан хөрөнгүүдээс нэг ч төгрөг болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлж, буцаан өмчлөл, эзэмшлийг шилжүүлээгүй. “А” ХХК, “Баяваа” ХХК, “ААК” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхүүдийг “ХБ” ХХК нь хуульд заасны дагуу манай компаний өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй атал тухайн обьектуудыг албадан чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул “А” ХХК, “ААК” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “ААК” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн гудамж 65 хаягтай бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 8029/5015 дугаар бүхий 100.000 м.кв, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, уг хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагч “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалган, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8023/0003 дугаар бүхий 15.870 м.кв газар, Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 10.000 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай асфальт, бетон хольцын үйлдвэр зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын үйлдвэр болон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100.000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлж, Баянгол дүүрэг, 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 тоот хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг “А” ХХК-д даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 22.837.348,21 төгрөгөөс 16.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12.907.950 төгрөгийг, улсаас 6.679.398,21 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч Д.Гантөмөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэрээний талуудын хооронд үүссэн 3 төрлийн харилцааг зохицуулсан "Нийлмэл гэрээ" гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний харилцааг талууд өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үүргийн өр төлбөрийг нэгтгэн дүгнэсэн. Зээлийн өр төлбөрийг барагдуулж дуусгах тухай тохиролцоо, Зээлдэгч зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ХБинд шилжүүлэх, ХБ зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцон өмчлөх эрхийг шилжүүлэн авах харилцаа, Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах харилцааг Иргэний хуулийн 260-264 дүгээр зүйлээр зохицуулсан. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авагч Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй ба хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн төлсөн 4.479.719.606,08 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байхад шүүх гэрээг буруу дүгнэсний улмаас хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлпйн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хэдийгээр "...түүнээс хойш зээлийн төлбөрт мөнгөөр 4.479.719.606,08 төгрөг төлөгдсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хииж, хөрөнгө худалдан авахаар төлсөн мөнгөн хөрөнгө биш болохыг тогтоож, ундэслэх хэсэгтээ дурдсан байх боловч, тогтоох хэсэгтээ тус дүгнэлтээс өөрөөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдаагүй, хамааралгүй харилцаанд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал зохигчид “ХБ” ХХК, “А” ХХК, “Говь повер” ХХК-ийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 1/2-1159 дугаартай "Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" гэрээний дагуу өмчлөх, эзэмших эрх шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэх талаар маргаагүй. Гэтэл шүүх тус гэрээг “...тодорхой шийдвэрлэсэн зүйлгүй гэрээ байна. ...дээрх хөрөнгийг банк өөрийн өмчлөл, эзэмшилд авсан нь үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт зааснаар шүүх төвийг сахисан байх, талууд нэхэмжлэлийн талаарх тайлбараа өөрсдөө гаргаж, үндэслэлээ тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор мэтгэлцэх зарчмын агуулгыг тусгаж өгсөн байдаг. Үүнийг бид шүүхийн практикт байж болшгүй алдаатай шийдвэр гэж үзэж байна. Шүүх хүчин төгөлдөр "Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" байсаар байхад тус гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлснийг үндэслэлгүй тэж үзсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй. Төлбөр барагдуулах гэрээгээр талууд хоорондын нийт өр төлборийн хэмжээг тогтоож, төлбөрийн хуваарь тохирсон бөгөөд ийнхүү гэрээ байгуулснаар банк зээлийн гэрээний дагуу нэмж хүү гооцохоо зогсоосон байдаг. Мөн зээлийн өр төлбөрийг төлүүлэх зорилгоор харилцан тохиролцож, тус гэрээнд заасан эд хөрөнгийг банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн байдаг. Гэрээг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг "...тодорхой шийдвэрлэсэн зүйлгүй гэрээ" гэж хэт хялбарчилж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хорөнгийн өмчлөх эрхийг шилжүү'лэх талаар зохицуулсан байна. Энд өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үүргийн хэлцэл байх шаардлагатай бөгөөд энэ нь ямар ч төрлийн хэлцэл байж болохоор зохицуулсан байдаг. Эндээс харахад талууд хуульд заасны дагуу харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Гэтэл шүүх ямар нэгэн үндэслэлгүйгээр талууд байгуулсан гэрээндээ заасанд үүргээ биелүүлснийг буруутган, хийсэн үйлдлийг нь буцаахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад шүүх уг гэрээний хэрэгжилтэд саад учруулан, гэрээний талуудын дундуур орж, гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулан, гэрээгээр тохирсон нөхцлийн буруу, зөвийн талаар байр сууриа илэрхийлсэн нь шүүх төвийг сахисан, хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ шийдвэрийн улмаас бид барыдаа хөрөнгөгүй болж, энэ зээлийн өр төлбөрийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч Банкны эрх хүлээн авагчийн барагдуулахаар ажиллаж буй төрд учирсан хохирол дээр нэмж хохирол учирч байна. Шүүх ийнхүү хөрөнгө буцаан шилжүүлэхдээ хөрөнгийн үнэлгээг огт дурдаагүй, дүгнэлт өгөөгүй байгаа нь аль хөрөнгийг ямар хэмжээний төлбөрт тооцож шилжүүлж байгаа тухай тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК, “ААК” ХХК нар нь хариуцагч “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулж улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “ААК” ХХК-ийг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр “ААК” ХХК-ийг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмшигчээр “А” ХХК-ийг, “Баяваа” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшигчээр “А” ХХК-ийг тус тус тогтоож, тэдгээрийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “ХБ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй 200 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “ХБ” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18623307803299 дугаар бүхий 100.000 м кв талбайтай газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “ХБ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, 500 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ААК ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, “А” ХХК-ийн эзэмшилд байгаа нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг “ХБ” ХХК-д шилжүүлэхийг “А” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь “ХБ” ХХК-аас 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 45 тоот зээлийн гэрээгээр 4.620.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 46 дугаартай Зээлийн шугам нээх гэрээгээр 650.000.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар тус тус зээлдэн авсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5.816.069.781,74 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй, мөн “Говь повер” ХХК нь Монгол шуудан банкнаас 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 1.200.000.000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар, 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 460.000.000 төгрөгийг мөн нөхцөлөөр тус тус зээлдэн авсан ба 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төгрөгийн 1.973.517.583,69 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-27, 66-72/
“ХБ” ХХК болон “А” ХХК, “ААК” ХХК, “Говь повер” ХХК нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1/2-1159 тоот Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “А” ХХК-ийн 5.816.069.781,74 төгрөгийн, “Говь повер” ХХК-ийн 1.973.517.583,69 төгрөгийн, нийт 7.789.587.364,94 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон “А” ХХК нь 45 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай үйлдвэрлэлийн зориулалттай 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрлэлийн зориулалттай 10.000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт, нэмж төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон “ААК” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100.000 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг, “Говь повер” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон 2010 оны НБГ/02 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьектыг тус тус банкны өмчлөлд болон эзэмшилд “Говь повер” ХХК болон “А” ХХК-иуд нь 7.790.000.000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний хооронд “ХБ” ХХК-д төлж барагдуулах хүртэл хугацаагаар шилжүүлэхээр тохиролцжээ.
Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу “А” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м.кв газрын эзэмших эрхийг ХБинд шилжүүлээгүй, харин улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийн өмчлөх эрх, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100.000 м.кв талбайтай газар эзэмших эрх, улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн обьектын өмчлөх эрх, “Баяваа” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газар эзэмших эрх тус тус “ХБ” ХХК-д шилжсэн, “ХБ” ХХК-д нэхэмжлэгч нар нь 7.790.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 4.479.719.606,08 төгрөгийг төлсөн, 3.595.305.259 төгрөг төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, эдгээр үнийн баримтын талаар зохигчид маргаагүй.
Дээрх гэрээний 2.2-т “хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлсэн нөхцөл биелсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно” 3.2.1-т “төлбөр төлөгч үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлсөн, зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлж авна” гэж тус тус заасан гэрээний агуулга болон гэрээний хэрэгжсэн байдлаас үзэхэд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх зээлийн гэрээний үүргийг эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээг үндсэн гэрээ болох зээлийн барьцаа, батлан даалтын гэрээнүүдээс салгаж ойлгох боломжгүй гэж үзсэн нь зөв боловч тодорхой шийдвэрлэсэн зүйлгүй гэрээ байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээнд “А” ХХК, “ААК” ХХК, “Говь повер” ХХК нар оролцсон бөгөөд Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлдүүдэд заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид, хамтран үүрэг гүйцэтгэгчид болох тул “Говь повер” ХХК-ийг заавал нэхэмжлэгчээр оролцуулах шаардлагагүй болно.
Талууд гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж тогтоосон байх бөгөөд Монгол Банкны Ерөнхийлөгч 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216 дугаар тушаалуудаар “ХБ” ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, эрх хүлээн авагчийг томилж, албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “А” ХХК-д мэдэгдэл хүргүүлж байсан зэргээс үзэхэд зохигчдын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Түүнчлэн талууд гэрээгээр 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаа тогтоосноос гадна Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй” гэж заасан болно.
Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжих тул нэхэмжлэгч нь төлсөн 4.479.719.606,08 төгрөгт тооцон хариуцагчийн өмчлөл эзэмшилд шилжүүлсэн зарим хөрөнгийн эзэмших өмчлөх эрхийг буцаан шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ААК” ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2205032958 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, сонсголонгийн гудамж 65 хаягтай, бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 500 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших амины орон сууцын зориулалттай 100.000 м.кв газрын эзэмшигчээр тус тус тогтоож, эдгээр хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Харин “А” ХХК нь Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмших эрхээ ХБинд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байсан ба хариуцагчийн өмчлөлд үлдэж байгаа улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэр нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд уг газар дээр байрлаж байгаа тул энэ газрын эзэмшигчээр тогтоолгон эзэмшлийг шилжүүлж авах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь “Баяваа” ХХК-ийн эзэмшлээс ХБинд шилжсэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших үйлдвэрлэлийн зориулалттай 15.870 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгон, эзэмшлийг шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Анхан шатны шүүх хариуцагч зээлийн барьцаа болон батлан даалтын гэрээнийхээ дагуу зээлдэгч нараар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Талууд өмнөх зээлийн гэрээний үүргийг солихоор тохиролцож төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээнээс татгалзаагүй, уг гэрээ хүчин төгөлдөр гэрээний дагуу талууд харилцан шаардах эрхтэй тул хариуцагч “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар “ХБ” ХХК-д 3.595.305.259 төгрөг төлөөгүй, хариуцагчийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбайтай асфальт бетон хольцын иж бүрэн үйлдвэрийг үлдээж байгаа, уг үйлдвэрийн байрлаж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м кв газрын эзэмших эрхийг хариуцагч нь гэрээний дагуу шаардах эрхтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
Харин үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100.000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 265 дугаар зүйлийн 265.1” гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 265 дугаар зүйлийн 265.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс /16101/ гудамжны 66 хаягтай, асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг, мөн хаягт байрлах, нэгж талбарын 8023/5017 дугаарт бүртгэгдсэн 10.000 м.кв газар эзэмших эрхийг хариуцагч “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг тус тус нэхэмжлэгч “А” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 100.000 м.кв газрыг “А” ХХК-ийн эзэмшлээс, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам гудамж 65 тоот хаягт байрлах 500 м.кв талбайтай бетон зуурмагийн үйлдвэрийг “ААК” ХХК-ийн эзэмшлээс тус тус чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.15-т зааснаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Т.ТУЯА
Н.БАТЗОРИГ