| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2135001180148 |
| Дугаар | 2022/ДШМ/14 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/14
Т.Ө-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Т.Ө /цахимаар/, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Ө давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох, 2135001180148 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Т-ын Ө, .. өдөр Увс аймгийн ..суманд төрсөн, . настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн .. сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .. сум.
Шүүгдэгч Т.Ө нь Увс аймгийн .. сумын .. нутаг Хотгорын уурхай гэх газарт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.К-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б ургийн овогт Т-ын Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Б ургийн овогт Т-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ө-р нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Т.Ө-аас 712.800 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-д, 447.600 төгрөгийг гаргуулж гэрч Ж.Т-д тус тус олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Т.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нөхрийн хамт бензин авах гэж байгаад ээж, охин хоёрт зодуулж, энэ талаар сумын цагдаад гомдол гарган дуудлага өгсөн. Гэтэл хохирогч миний бие гэмт хэрэгтэн болж шүүхээс 800.000 төгрөгөөр торгуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний бие маш их гомдолтой байна.
Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. Охин А.К болон түүний ээжээр зодуулж, миний биед өөрчлөлт орж тухайн үед хувийн эмнэлгийн эход үзүүлэхэд бага зэргийн таталт өгсөн, өөрийн сэтгэл санаа тавгүйгээс болж гэдэс хатуурч, өвдөлт өгсөн байдалтай байна гэж хэлсэн. Гэтэл Т.Ө намайг буруутан болгож, ял шийтгэл халдааж байгаад нь маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Т.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг учрал болсон өдөр би ээж, охин хоёроор зодуулчхаад өөрөө шүүгдэгч болчихсон байгаадаа гомдолтой байна. Би насанд хүрээгүй хохирогч А.К-ний үсийг зулгаагаагүй байхад зулгаасан гэж мэдүүлсэн ба намайг зулгаасан үсээ аваад нуучихсан гэж хэлж байсан.
Уг хэргийг нүдээр үзэж харсан гэрч байдаггүй. Би 7 сартай жирэмсэн байж, 3 хүнийг зодоод зогсох хүч чадал байхгүй. Харин ч би 3 хүнээр зодуулснаас болж төрсний дараа хүндрэл үүссэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ : “ Шүүгдэгч Т.Ө нь Увс аймгийн .. сумын .. багийн нутаг Хотгорын уурхайд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн А.К-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Т.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчүүдийг дуудан шүүх хуралдаанд оролцуулсан. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн Т.Ө-ын үйлдсэн гэмт хэрэгт хуулийн дагуу зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж прокурорын зүгээс үзэж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Шүүгдэгч Т.Ө нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 02 дугаар багийн нутаг Хотгорын уурхайд 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн А.К-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон.
Анхан шатны шүүх хуралдаан 4, 5 удаа хойшилж байж, хэрэгт ач холбогдол бүхий гэрч, шинжээч эмчийг оролцуулж байгаад үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч А.К-ний толгойн дээр илд гарсны улмаас үс нь халцарч унасан мэтээр тайлбар мэдүүлэг гаргасан. Гэтэл насанд хүрээгүй хохирогч А.К-ний толгой дээр илд гараагүй ба гэмт хэргийн улмаас үс нь халцарсан байсан. Хэрэв насанд хүрээгүй хохирогчийн толгой дээр илд гарсны улмаас үс нь халцарсан бол шарх сорвитой эдгэрэх ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч биечлэн оролцож тайлбар мэдүүлэг гаргасан бөгөөд хохирогчийн үс гэмт хэргийн улмаас зулгаагдаж унасан болох нь нотлогдон тогтоогдож байгаа.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Т.Ө-д холбогдох, 2135001180148 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Ө нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Увс ... сумын .. багийн нутаг Хотгорын уурхай гэх газарт байрлах НИК ХК-ийн салбар, шатахуун түгээх станцаас шатахуун авахаар нөхрийн хамт очихдоо, тэнд шатахуун түгээгчийн үүрэг гүйцэтгэж байсан насанд хүрээгүй А.К-тэй автомашины банкны таглааг нээх, хаах шаардлага тавьснаас, мөн шатахууны үнийн буцаалт мөнгө өгөөгүйн улмаас маргалдаж, улмаар түүний толгойн үснээс зулгааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- насанд хүрээгүй хохирогч А.К-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 40 минутын үед манай аав М.А банкиyд мөнгө тушаахаар явсны дараа портер загварын автомашин ирсэн тул бензин өгөхөөр би колонкын байрнаас гарсан. Би тэр жолоочид банкны таглааг онгойлго гэж хэлэхэд жолооч “чи өөрөө онгойлгодоггүй юм уу?” гэж хэлсэн, мөн хажууд нь сууж байсан эхнэр нь “чи онгойлгох ёстой юм биш үү” гэж хэлсэн. Жолооч эрэгтэй нь бууж ирээд өөрөө банкны тагийг онгойлгож 30 литр шатахуун авсан.
Би шатахуун хийж дууссаны дараа жолоочийн эхнэр автомашины кабинаас бууж ирээд : “ банкны таглааг чи хаах ёстой, банкны таглааг хаа” гэж надад хэлсэн. ...Тэгж байтал жолооч нь шатахууны мөнгө болох 80’000 төгрөг өгсөн бөгөөд би буцаалтад 15’500 төгрөгийг жолоочид өгөх гэсэн боловч надад хариулж өгөх задгай мөнгө байгаагүй тул аав, ээж ирэхээр өгье гэж хэлэхэд тэр эмэгтэй над руу дайрч “хурдан хариултаа авъя, муу хасаг буцаалтыг хурдан хариул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж С.С руу утсаар залгаж дуудсан. Тухайн үед миний хажууд миний эгч А.Т гараад ирчихсэн байсан. Манай ээж С.С колонк дээр нэг танихгүй эрэгтэй хүнээр хүргүүлж ирээд надаас юу болсон талаар асуусан. Би болсон явдлын талаар буюу “энэ эгч намайг муу хасаг гэж доромжилж, хариултаа авна гэж над руу дайрсан” талаар хэлсэн. Манай ээж тэр эмэгтэйд “чи яагаад хүүхдүүд дарамталж, хэл амаар доромжилж байгаа юм” гэхэд автомашины кабин дотроос манай ээжийг үсдэж газарт унагаасан юм. Ээж газарт унахад манай эгч А.Т айгаад гэр лүү орчихсон, би ээжийг босгох гээд очиход нөгөө эмэгтэй миний үснээс татаж, миний атга үс зулгааж аваад халаасандаа хийсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34/,
- гэрч С.С-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...намайг эмнэлэг рүү явж байтал миний охин А.К утсаар залгаад “ээж нэг хүн намайг зодох гээд хэл амаар доромжлоод дайраад байна” гэж хэлээд уйлсан. Тэгэхээр нь би охиндоо “ хэл үг гаргалгүй бензин өгөөд явуул гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл охин маань дахин утсаар залгаад “ ээж та хүрээд ир, над уруу дайраад зодох гээд байна “ гэж хэлсэн. Би эмнэлгийн хажуу талаас гэр лүүгээ явган алхаад улаан тоосгон дэлгүүрийн хажууд явж байтал Бөхмөрөн сумын Н /Н.Б/ гэх залуу мотоциклтой явж байхаар нь “эгчийгээ колонк дээр яаралтай хүргээд өгөөч” гэж гуйгаад түүний мотоциклд сундалдаад колонк дээр очиход нэг цэнхэр өнгийн портер автомашин зогсож байсан. Намайг мотоциклоос буугаад очиход манай охин К портер машины дэргэд уйлаад зогсож байсан, хажууд нь манай том охин Т зогсож байсан. ..Тухайн портер автомашин түгээгүүрийн хажууд зогсож байсан ба тэр эмэгтэй жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан. Уг автомашины хаалга онгорхой байхаар нь би тэр эмэгтэйн талын хаалгыг хагас хаагаад “чи ямар ичдэггүй авгай вэ, ийм хүүхэд байдаггүй юм уу, чи эмэгтэй хүн байж яагаад эмэгтэй хүүхдийг хасаг, монголоор нь дуудаж байгаа юм, наашаа буугаад ир” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй шууд миний үснээс зулгааж, доошоо дарахад би хоёр өвдгөөрөө газарт унасан бөгөөд хоёр чих дүлийрээд хачин болчихсон. Нэг мэдэхэд миний охин А.К миний үс зулгаачихлаа, зулгаачихлаа гэж хэлээд уйлж байсан, тэрнээс хойш юу болсныг мэдээгүй ухаан алдчихсан юм” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37),
- гэрч Ж.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15:00 цагийн үед манай сумын иргэн М.А утсаар залгаад “манайд ирээд эхнэрийн даралтыг үзээд өгөөч” гэж хэлсэн. Уг дуудлагын дагуу би сумын эрүүл мэндийн төвийн жолооч С.А-тэй НИК ХХК-ийн шатахуун түгээх станцын байранд амьдардаг М.А-ийн гэрт очсон. Эхнэр С-ны даралт нь ихэссэн, зүрх нь дэлсэж, өвдсөн байсан тул тайвшруулах болон даралт бууруулах эм өгсөн. Тэгээд тэдний охин А.К-ний биеийн байдлыг үзэхэд тэр уйлсан, айж сандарсан байдалтай, толгойны баруун зулай хэсэгт 4х8 см орчим хэмжээтэй талбайд үсийг нь зулгаасан байсан. Тухайн өдөр К болон С нар нь хүнээр зодуулсан гэж ярьж байсан..” гэх мэдүүлэг (хх-ийн 39/,
- гэрч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дэлгүүрийн үүдэн дээрээс мотоцикльтой хөдлөх гээд зогсож байтал колонк ажиллуулдаг С нь гар утсаараа ярингаа над уруу гараа даллаад зогсож бай гэж хэлээд хүрч ирсэн. Юу болов гэхэд С нь “ манай колонк дээр охидуудыг хүн загнаад байна гэнэ, намайг яаралтай хүргээд өгөөч” гэж хэлээд миний ард суусан. Колонк дээр ирээд зогсмогц С.С нь мотоциклоос буугаад хоёр охин дээрээ очиж казахаар юм асуучхаад, портерийн жолоочийн хажуу талын хаалгаар очиж, тэнд сууж байсан эмэгтэйг татаж буулгасан. С.С нь хоёр охинтойгоо тэр эмэгтэй рүү дайрч маргалдаад тэр гурав Т.Т-гийн эхнэрийг татаж барьцалдаад, нэгэнтэйгээ чирэлдээд маргалдаж таталцаж эхэлсэн.Тэр үед Т машинаасаа бууж тэд нарыг салгах гээд дундуур нь орж байсан. Тухайн үед миний утас дуугарч, утсаар ярьж байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42),
- гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед эмч очоод С болон охин А.К-ний биеийн байдлыг үзсэн. А.К-ний толгойн баруун талын зулай хэсгийн үс нь зулгарч унасан байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48),
- гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...намайг колонк дээр ирэхэд цэнхэр өнгийн ачааны портер машин байсан. Тэнд манай охидууд чанга дуугаар уйлсан байдалтай, манай эхнэрийн суганаас охин А.К барьчихсан зогсож байсан ба охин К надад “ааваа энийг хардаа” гэж хэлээд толгойгоо харуулахад түүний толгойн баруун хэсгийн үс нь зулгарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 х/,
- 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай, хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн : “Үзүүлэгч А.К-ний биед гэмтэл тогтоогдлоо. Баруун зулай, дух хэсгийн хуйханд 9х6 см талбайд голомтолсон үсний халцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Баруун зулай, дух хэсгийн хуйханд 9х6 см талбайд голомтолсон үсний халцрал, хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66),
-Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “ 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр А.Көгершинийг хүлээн авч үзлэг хийсэн. Үзлэгээр баруун зулай, дух хэсгийн хуйханд 9*6 см талбайд голомтолсон үсний халцралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Эдгээр нь тухайн үед шинэ гэмтэл байсан. Учир нь тус хэсгийн хуйх цайвар өнгөтэй, тэмтэхэд эмзэглэл ихтэй, хавантай, зулгаагдсан үсний сүвний амсар хэсгүүдэд олон тооны жижиг тав үүссэн, зарим тавтай хэсгийн доор ногоон саарал өнгийн идэрхэг шингэн тогтсон байсан. Иймээс дээрх хуйханд үүссэн голомтолсон үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн. А.Көгершиний хуйхны үс халцарсан хэсэгт хуучин гэмтэл гэх зүйл байгаагүй, мөн тус хэсэгт арьсны өвчин болох хайрст үлд өвчний шинж тэмдэг огтхон ч байгаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 83, 84/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч А.Көгершин, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч С.С, гэрч Ж.Т, Ж.А, Н.Б, шинжээч эмч Н.О нар тус тус оролцож, мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдтэй агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байна.
Шүүгдэгч Т.Ө нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.К-тэй маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуульд нийцжээ.
Шүүгдэгч Т.Ө-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан : “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нөхрийн хамт бензин авах гэж байгаад ээж, охин хоёрт зодуулж, энэ талаар сумын цагдаад гомдол гарган дуудлага өгсөн. Гэтэл хохирогч миний бие гэмт хэрэгтэн болж шүүхээс 800.000 төгрөгөөр торгуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие маш их гомдолтой байна.
Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан. Охин А.К болон түүний ээжээр зодуулж, миний биед өөрчлөлт орж тухайн үед хувийн эмнэлгийн эход үзүүлэхэд бага зэргийн таталт өгсөн, өөрийн сэтгэл санаа тавгүйгээс болж гэдэс хатуурч, өвдөлт өгсөн байдалтай байна гэж хэлсэн. Гэтэл намайг буруутан болгож, ял шийтгэл халдааж байгаад нь маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт : Би хохирогч А.К-ний үсийг зулгаагүй, тухайн үед тэр эмэгтэй, хоёр охинтойгоо над руу дайрч намайг цохисон. Тухайн үед би тэр эмэгтэйтэй маргалдаж нэг нэгнийгээ түлхэж байсан бөгөөд би тэр хүмүүсээс биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлсэн. Би санаатайгаар А.К-ний үсийг зулгаасан зүйл байхгүй, энэ хэргээс болж би хохирсон. Намайг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч тэрээр шатахуун түгээх станцаас шатахуун авах үедээ насанд хүрээгүй хохирогч А.К болон түүний ээж С.С нартай маргалдаж, улмаар хохирогч А.К-ний толгойн үснээс татаж зулгаасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.К-ний толгойн баруун зулай, дух хэсгийн хуйханд 9*6 см талбайд голомтолсон үсний халцралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаардаг болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Ө-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Л.АЛТАН