Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

С.Б-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Цагцалмаа, шүүх хуралдааны бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Цагцалмаа нарын гаргасан давж заалдсан гомдлуудаар С.Б-д холбогдох, 2135000240193 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. сумын .. баг, .. тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-гийн Б.

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 06-нд “Бат дөлгөөн мөрөн” ХХК-д Тариалан сумын нутагт алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл гаргуулж өгнө гэж амлан 01-58 УНК улсын дугаартай, Land cruiser-100 авто машиныг 35.000.000 төгрөгөөр тооцон хахуульд авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан Нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, хоёр жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 31.850.000 төгрөгийн үнэ бүхий, JTECB01J901002513  арлын дугаартай, 01-58 УНК улсын дугаартай Ланд круйзер-100 авто машиныг хурааж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 01-58 УНК улсын дугаартай ланд круйзер-100  авто машиныг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл уг авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б-д энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ”Анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцүүлж С.Б-д хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай байх ба торгох, хорих ял оногдуулж болохоор хуульчлагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан. С.Бийн хувьд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа, тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэрэг нөхцөл байдлууд нотлогдож тогтоогдсон байна. Түүнчлэн С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан хүнд ял болох хорих ял оногдуулж буй нь эрх зүйн байдлыг дордуулж байх ба ял хүндэдсэн гэж үзэж байна. Шүүх “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-ыг хангах үүднээс С.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь зөвхөн цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр хязгаарлагдахгүй ба Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх”-д оршдог. Түүнчлэн эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилго нь зөвхөн хорих ялын хувьд хэрэгждэг ойлголт биш юм. Эрүүгийн хуульд заасан ял бүхэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж байдаг ба энэ нь тухайн этгээдийг цээрлүүлэх шинжийг агуулж байдаг.

Гэтэл шүүх эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангах үүднээс хорих ял оногдуулж шийдвэрлэлээ гэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт гэж үзэхээр байна. Аливаа хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг Эрүүгийн хуульд урьдчилан зааж хуульчилж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж буй хэлбэр бөгөөд С Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь дээрх зорилгод нийцсэн гэж үзнэ. Гэхдээ түүнд заавал хорих ял оногдуулснаар энэ зорилго хангагдана гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Иймд хавтас хэрэгт авагдсан нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “С.Б-ийн хувийн байдлын талаар: С.Б нь ам бүл-4, эхнэр, 03-18 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. С.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-нд баруун хөлийн шилбэнд буглаа үүсч мэс заслын хагалгаанд орсон, одоо хагалгаа хийгдсэн хөл нь дахин хавдаад байгаа. Мөн дэлүү нь маш том, цөс чулуутай, элэг хатуурсан, элэгний архаг үрэвсэл, цус алдах эрсдэлтэй гэх онош тогтоогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, С.Б нь хүнд оноштой байх бөгөөд хорих ял эдлэхэд цаашид амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учирч болохоор байна. Иймд С.Бийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Б давж даалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Би залуу хүн учир төрд ажиллахдаа туршлагагүй хандсандаа харамсаж байна. Сайн муу хүмүүсийн үгэнд автаж, төрийн үйл ажиллагааг тасалдуулсандаа гэмшиж байна. Би цөсний чулуутай, элэгний хатууралтай бөгөөд 2021 оны 6 дугаар сард хөлийн хагалгаанд орж байсан учир одоог хүртэл хавдартай байгаа ба хоригдож байх хугацаанд байнгын эм тариа хэрэглэж байна. Хоригдохоос өмнө эмчилгээ хийлгэж байсан ба 5 литрээс дээш зүйл өргөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Би эцэг эхээсээ тавуулаа бөгөөд 4 эмэгтэй дүүтэй, айлын том нь байгаа. Аав 2019 онд өвчний улмаас нас барсан. Ээж уушгины астамтай учир байнгын асаргаанд амьдардаг. Би эхнэр 2 хүүхэдтэй бөгөөд том охин оюутан, бага хүү маань 2 настай,  эхнэр багшаар ажилладаг. Би хоригдохоосоо өмнө хүүгээ гэрээр харж асран хамгаалдаг байсан учир надад оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Би Тээлийн боом гэх газарт 20 га газар авч хадлан тариалангийн ажил хийж гүйцэтгэдэг учир торгох ялыг төлж барагдуулах боломжтой. 30 тонн даацтай, том оврын машинтай учир газар тариалан эрхлэгчдэд шатахуун түлш зөөвөрлөж орлого олох бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах хяналтын прокурор А.Анхбаяр би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна.

Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн 06 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалган ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн ажиллагаа 2021 оны 01 дүгээр сараас эхэлж, 2021 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээж С.Бийг яллагдагчаар татсан. Уг 10 сарын хугацаанд С.Бийн зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтогдсоны дараа яллагдагчаар татагдаж, шүүхэд ирсний дараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Гэвч хорих ял эдлэх боломжгүй өвчин зовлонтой учир хорих ялыг торгуулийг ялаар сольж өгнө үү гэж байгаа нь учир дутагдалтай байна. Анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад дэмжлэг үзүүлж, үнэн бодитоор мэдүүлэг өгөөд явсан бол цаг хугацаа хэмнэх байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэх өөрчлөх боломжгүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “ Шүүгдэгч С.Б-д оногдуулсан ял хүндэдсэн гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай буюу торгох болон хорих ял оногдуулж боломжтой гэж хуульчилж өгсөн.

С.Б-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргаж, гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Уг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахаар С.Б-д хорих ял оногдуулсан гэж дүгнэсэн байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага нь цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хязгаарлагддаггүй. Зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Цээрлүүлэх зорилгыг хангахаар хорих ял оногдуулж байна гэж үзэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа ямар ч хэрэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тодорхой нэг эрхийг хязгаарлаж байдаг. Тухайн этгээдийн Үндсэн хуульд заасан эрхэд ямар нэгэн байдлаар халдаж байдаг учир цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго хэрэгжиж байгаа гэж үзэж байна. Аливаа үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, түүнд ял оногдуулахдаа ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуульд урьдчилан зааж өгч хуульчилж байгаа нөхцөл байдал нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж байна.

С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаа нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг хангаж буй ойлголт юм. Зөвхөн хорих ял эдэлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлж, цээрлүүлэх зорилго хангагдаж байна гэж үзэх боломжгүй юм. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс С.Б-д холбогдох гэмт хэргийн нөхцөл байдал, хор аюул болон гэмт хэргийн улмаас учир хохирол, төлбөр байхгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулах ёстой байсан.

Иймд С.Бийн хувийн нөхцөл байдал болон ар гэрийн нөхцөл байдал, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “Анхан шатны шүүхийн зүгээс С.Бийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

С.Бийн хувийн байдлын хувьд эхнэртэйгээ гэр бүл болоод 13 жил болсон бөгөөд ам бүл дөрвүүлээ, эхнэр 3-18 насны хүүхдүүдтэйгээ амьдардаг. С.Бийн зүүн хөлийн шилбэнд бугалаа үүссэнээр 2021 оны 6 дугаар сарын 24-ний хагалгаа хийлгэсэн боловч одоог хүртэл эдгэрээгүй, хавдартай байдаг. С.Б 2021 онд хөлийн хагалгаанд орох үед элэгний В вирустэй гэсэн шинжилгээний хариу гарч, уг В вирусийн улмаас элэгний хатууралтай болж, дэлүү томорсон, цөс чулуутай, элэгний архаг үрэвсэлтэй гэсэн онош тогтоогдсон.

С.Б-ийн хувьд хувийн байдлын талаасаа хорих ял эдлэхэд хүндрэлтэй байгаа. Түүний хөл байнгын хавдартай, элэгний өвчиндөө байнгын эм хэрэглэж байсан боловч хорих ял эдэлснээс хойш элэгний эм хэрэглэж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар С.Бийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялыг торгох ялаар солих бүрэн боломжтой гэж үзэж байна. С.Бийн биеийн байдал хүнд байгаа учир ийм байдалтай хорих ял эдэлж байгаад цус алдвал түүний эрүүл мэндэд эрсдэл учрах аюултай байгааг харгалзан үзэж, хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б холбогдох, 2135000240193 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор  ажиллаж байхдаа 2018 оны 7 дугаар сарын 06-ний өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- гэрч Б.Б-ны:  “Би 2017 оны 11 сарын үед нэг компани хайгуулын ажлын тайланг батлуулах гэж Увс аймгийн Тариалан суманд очихдоо уг сумын засаг даргын орлогч Бадамсэрээжид гэх хүнтэй танилцсан. 2018 оны 03 сарын сүүл 04 сарын эхээр нөгөө өрмийн компаниа аваад өрөмдлөг хийсэн байх. Энэ хугацаанд Бадамсэрээжидтэй байнга уулзсаар байгаад танилууд болсон. Тэгж байтал Бадамсэрээжид надад дизель ланд 105 олоод аваад өгөөч тэгвэл бичил уурхай эрхлэх зөвшөөрөл энэ тэр зохицуулчхаж болно гэж хэлж байсан. Тэгээд би Бадамсэрээжидэд баз хүргэн болох Ө.Ж-ны 35.000.000 төгрөгийн үнэтэй Ланд 105 маркийн машиныг авч өгсөн... нөгөө машины чинь мөнгөний оронд би танд Тариалан суманд бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгож өгье гэсэн болохоор нь би болчих байх гэж найдсан. Тэгсэн боловч Бадамсэрээжид нь одоог хүртэл надад бичил уурхай эрхлэх зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй.Бадамсэрээжид намайг машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих юм бол би бичил уурхай, нөхөн сэргээлтийн зөвшөөрлийг аргалаад гаргаад өгч болно. Чи ирээд ажиллаж бай гэсэн юм. Тэгэхээр нь би машины нэрийг шилжүүлээд өгчих гэж Ж-д хэлсэн. Би Тариалан сум руу очиж Бадамсэрээжидтэй уулзсан. Б нь нутгийн иргэдтэй хамт бичил уурхай руу орчих боломжтой шүү гэж надад хэлсэн нь их итгэл төрүүлсэн бас намайг бичил уурхай руу оруулах зөвшөөрөл өгнө зохицуулна гэж амлаад байхаар нь би болчих юм байна тэнд нь нэг сар гаран ажиллачихвал 150 орчим сая төгрөгийн ашиг олчих юм байна даа гэж дотроо тооцоолж байсан боловч одоог хүртэл бичил уурхайн зөвшөөрөл гаргаж өгсөн зүйл байдаггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн  25-28 /,

-гэрч Ө.Ж-ны:  “Би өөрийн баз хүргэн болох Бд 2018 оны 06 сард 35.000.000 төгрөгөөр бодож зарсан. Харин Б нь нэрээ шилжүүлж аваагүй байж байгаад 07 сард нь наадмын өмнөхөн хэн билээ нэг хүний нэр дээр шилжүүлж авч байсан юм. Би С.Бийг таних нь танина. Манай баз хүргэн Бтай холбоотой юм шиг байна лээ. Б хамт 2017 оны өвөл 11 сард билүү 12  сарын үед хайгуулын ажлын тайлан батлуулахаар Тариалан суманд очиход нь хамт очиж  Тариалан сумын Засаг даргын орлогч Бадамсэрээжид гэж хүнтэй танилцаж байсан. 2018 оны 06 сард би 01-58 УНК улсын дугаартай Ланд круйзер-105 загварын машинаа энэ Б гэж хүний аав нь гэх хүнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд хүргэж өгч байсан юм. Ямар учраас тэнд хүргэж өгсөн гэхээр Б нь миний машиныг 35.000.000 төгрөгөөр авъя гэсэн. Би машинаа зарсан чинь Б нь Зүүнхараад нөгөө Увс аймгийн Тариалан сумын Бадамсэрээжидийн аав нь гээд хүн байгаа тэр хүнд хүргээд өгчихөөрэй гэсэн. Түүнийх нь дагуу би 2018 оны 6 дугаар сарын дундуур Зүүнхараад очиход 60 орчим насны эрэгтэй хүн байсан.  2018 оны наадмын өмнөхөн машин авсан ах над руу утсаар “Машины бичиг баримтыг шилжүүлж авах талаар” яриад уулзахад миний үеийн гэмээр танихгүй залуутай ирж уулзаад бид гурав циркэд байрлах Авто тээврийн төв орж өөрийнхөө нэр дээр байсан 01-58 УНК улсын дугаартай авто машиныг тэр залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн.  Тухайн үед тэр ах энэ хүүхэд манай хамаатны хүүхэд байгаа юм.  Хөдөөний хүний нэр дээр шилжүүлэхээр дугаар нь солигдох гээд байна. Ах нь энэ дугаартай нь байлгамаар байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн  35-38/,

-гэрч Д.Б-гийн:  “Би Б-ийг танихгүй. Харин аав Сүрэн гэж нэг нутгийн хөгшин байсныг танина. Сүрэн ах намайг ах нь чиний нэр дээр нэг машин шилжүүлээд авчихъя гэсэн. Тэгэхээр нь би та яагаад өөрийнхөө нэр дээр авахгүй байгаа юм гэхэд ах нь орон нутгийн хаягтай болохоор шилжүүлж авч болохгүй байна. Чи хотын хаягтай болохоор чиний нэр дээр шилжүүлээд авчихъя гээд гуйгаад байсан юм. Над руу их олон хоног, маш олон удаа залгаж гуйсан. Би очихгүй гэсээр байгаад сүүлдээ нэг жил л чиний нэр дээр байлгаж байгаад буцаагаад шилжүүлээд авчихна гээд гуйгаад салахгүй болохоор нь очсон. Тэгээд би циркийн авто тээврийн төв дээр очоод нэг залуугаас С ахын хамт нэрийг нь шилжүүлж авсан. Цагаан өнгөтэй 105 маркийн машин байсан. Би уг машиныг унаж хэрэглэж байгаагүй, миний нэр дээр л бүртгэлтэй байдаг болохоос биш би унаж хэрэглэдэггүй. Сүүлд Б гээд байгаа С ахын хүүхэд нь Увс руу аваад явсан гэж байсан. Би тэр залууд олон удаа энэ машиныхаа нэрийг шилжүүлж аваач гэж хэлж байсан. Тэр Б-ийг би зүс мэднэ” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн  22-24/,

- Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай, С.Бийг Тариалан сумын “Засаг даргын орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай”  захирамж  /1 дүгээр хх-ийн  76/,

- Авто Тээврийн Үндэсний төвийн 01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг Ө.Ж-аас Д.Бат-Амгаланд 2018 оны 7 дугаар сарын 06-нд шилжүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар /3 дугаар хх-ийн  91/,

- Шүүгдэгч С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай  нийцсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Бийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай  захирамжаар тогтоогдсон байх ба уг албан тушаал нь хуульд зааснаар төрийн  улс төрийн албан тушаалтанд хамаарах бөгөөд  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтан байна.

Хэрэг авагдсан, С.Б-ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл  тэрээр алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл  олгох албаны  чиг үүрэггүй  байх тул  уг үйлдлийг хийх ёсгүй гэж үзнэ.

С.Б нь Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгох эрхгүй атлаа “Бат дөлгөөн мөрөн “ ХХК-д Увс аймгийн Тариалан сумын нутагт  алт олборлох бичил уурхай эрхлэх зөвшөөрөл олгоно гэж амлан,  01-58 УНК улсын дугаартай Land cruiser-100 авто машиныг хахуульд авсан байх тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан  “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн  шүүх шүүгдэгч С.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон 01-58 УНК улсын дугаартай, 31.850.000 төгрөгийн үнэ бүхий, Land cruiser-100 авто машиныг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцсэн, шүүхээс хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Цагцалмаа нар давж заалдах шатны шүүхэд: “ Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн харгалзан үзэхгүйгээр хүнд ял болох хорих ял оногдуулж байгаа нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж байх ба ял хүндэдсэн гэж үзэж байна.

С.Б нь 2021 оны 6 дугаар сард зүүн хөлийн шилбэнд буглаа үүсч мэс заслын хагалгаанд орсон ба уг хөл нь дахин сэдэрч хавдаж байгаа, мөн дэлүү том, цөс чулуутай, элэг хатуурсан, архаг үрэвсэлтэй тул хорих ял эдлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт “ ...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс хорих ялыг сонгож,  тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ буюу хоёр жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  шүүгдэгчийн  гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцсэн  байна.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тухайлбал, төрийн албан хаагчийн хувьд тэрээр олон нийтийн итгэлийг хүлээж, тэдгээрийн эрх ашиг, газар нутаг, экологийн аюулгүй байдлыг хамгаалах байтал төрийн албаны нэр хүндийг ашиглан, хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчихөөр санаархаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж буй ёс зүй, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих нь шударга ёсны зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Нөгөө талаар, шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б оногдуулсан хорих ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч  Б.Батгэрэл, Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

Шүүгдэгч С.Бийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Цагцалмаа нарын ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Бийн 2022 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ