Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0943/З |
Дугаар | 128/ШШ2020/0573 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2020/0573
Н ийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Л.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч О.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, Г.Сумъяа, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, иргэдийн төлөөлөгч Б.Уянга нарыг оролцуулан
Нэхэмжлэгч: О.Батсүх /РД:ЧИ66021216/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч.
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар.
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар.
Гуравдагч этгээд: З.Баясгалантөгөлдөр.
Нэхэмжлэлийн шаардлага: “... иргэн З.Баясгалантөгөлдөрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5x25 м хэмжээтэй үйлчилгээний барилгын өргөтгөл барилгыг баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дүгнэлт гаргахыг даалгах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн З.Баясгалантөгөлдөрт өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25.9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2203004596 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 10 сарын 04-ний өдрөөс өмчлөн, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн А/105 тоот захирамжаар нэгж талбарын 148004/0008 дугаар бүхий 304 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшин ашиглаж байна.
Манай барилгын залгаа урд талд буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун урд талд нэгж талбарын 8004/0012 дугаартай, 1300 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 397 тоот шийдвэрээр иргэн З.Баясгалантөгөлдөр нь эзэмшиж, Рок шугар рестораныг ажиллуулдаг. 2013 онд тус рестораны өргөтгөлийн 2 давхар барилгыг хөндлөн барьснаар миний байшингийн 2 цонхыг хааж, нар үзэхгүй болж, барилгын чанарт нөлөөлж, мөөгөнцөртөж, ажиллаж, хөдөлмөрлөхөд хүндрэл учраад байна.
Миний бие Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн З.Баясгалантөгөлдөр нь өргөтгөлийн барилга барих зөвшөөрлийн тодруулга авахад 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2/827 тоот албан бичгээр ... 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нийслэл хот байгуулалт, газрын бодлого хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, архитектур төлөвлөлтийн даалгавар 674 дугаартай бичигдэн, эскиз зураг төсөл батлагдсан байна гэсэн хариу ирсэн.
Иргэн З.Баясгалантөгөлдөр нь үйлчилгээний барилгын өргөтгөл барилгаа барихдаа Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2013/674 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын 11-т зааснаар Инженерийн шугам сүлжээний зурвас, Норм, дүрэм, стандартыг баримтлан төлөвлөх (Гадна шугам сүлжээний зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулах) гэж заасан инженерийн шугам, сүлжээнд тавигдах шаардлага хангаж хянуулаагүй зөрчсөн байдаг.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-136/1306 дугаартай зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна гэсэн 02-01/3671 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг. Үүнээс үзвэл иргэн З.Баясгалантөгөлдөрийн үйлчилгээний барилгын өргөтгөл барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг аваагүй байгаа нь Барилгын тухай хууль зөрчсөн байна.
Түүнчлэн үйлчилгээний барилгын өргөтгөл барилгыг барихдаа Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварыг зөрчиж, өргөтгөлийн барилгын нийт хэмжээг томсгон, архитектур төлөвлөлтийн даалгавар дээрх барилгажих талбайн координатыг өөрчилж зүүн тийш 25 метр зөөж барьсан байдаг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ... З.Баясгалантөгөлдөрийн зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг нурааж, миний болон орчин тойрны иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн гомдол гаргахад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас тус гомдлын хариуг ...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 397 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Баясгалантөгөлдөрт 1300 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Хүсэлтэд дурдсан асуудал нь өмч, хөрөнгөтэй холбоотой байх тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2-т заасны дагуу хууль, хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирүүлсэн.
Иймд, Барилга байгууламжийн бичиг баримтын шаардлагад нийцээгүй иргэн З.Баясгалантөгөлдөрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах үйлчилгээний барилгын өргөтгөл 2 давхар барилгын талаар дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн З.Баясгалантөгөлдөрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд барьсан 2 давхар, 5х25 м.кв хэмжээтэй, үйлчилгээний барилгад хяналт, шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж, холбогдох арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч О.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гуравдагч этгээдийн Архитектур төлөвлөлтийн даалгавартай танилцахад тухайн зурагт байхгүй хэмжээгээр барилга барьж байгаа дүр зураг харагдсан. Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл гээд бүх шатны удирдлага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргасан. Энэ үед Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухай барилга дээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төсөл юу ч байхгүй юм байна гэсэн хариу өгч байсан. Холбогдох шугам сүлжээ, эрчим хүчний байгууллагуудаас ямар ч техникийн нөхцөл аваагүй байж өргөтгөлийн барилга барьж эхэлсэн. 2, 3 жил холбогдох байгууллагад гомдол гаргаж явсан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас шаардах хуудас өгөхөөр очиход хүн байдаггүй. Хэсэг хугацаанд байхгүй байж байгаад барилгын ажлаа үргэлжлүүлээд яваад байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 онд зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилга угсралтын ажлыг зогсоох Ерөнхий архитекторын шаардах хуудсыг гуравдагч этгээдэд өгч байсан. Эрх бүхий этгээдээс шаардлага тавихаар ажил нь зогсдог. Хэсэг хугацааны дараа барилгын ажил үргэлжилсээр 2016, 2017 онд барилгаа барьж дууссан. Би холбогдох байгууллагад хандахад барилгын ажлыг зогсоохоор шаардах хуудас өглөө гэсэн хариуг өгч байсан. Сүүлд энэ асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж өөрсдөөсөө зайлуулж, улсын байцаагч нар ч зугтаад уулзах боломжгүй болсон. Иймд шүүхэд хандахаас өөр аргагүй болсон” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн З.Баясгалантөгөлдөрийн өргөтгөлийн барилга нэхэмжлэгч О.Батсүхийн барилгатай залгаа баригдсаны улмаас нар, салхийг хаасан учраас хэвийн үйл ажиллагаа явуулах, засвар авах боломжгүй болсон. Иймд холбогдох байгууллагуудад хандахад Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш барилга угсралтын үйл ажиллагаа явагдаад байсан учраас мэргэжлийн хяналтын байгууллагад албан шаардлагынхаа хэрэгжилтийг хангаж өгөөч гэж удаа дараа хандсан боловч хариуцсан байцаагч нь огт арга хэмжээ авахгүй яваад байсан. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг 2 байгууллагад гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бидний хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүллээ гэсэн хариуг өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн учраас шүүхэд хандсан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, албан шаардлага хүргүүлэх эрхтэй бөгөөд хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар албан шаардлагын биелэлтийг хангуулах үүрэгтэй. Уг үүрээ биелүүлэхгүй байгаа учраас эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3-д энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэж заасан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дүгнэлт гаргах үүрэг нь байгаа. Эдгээр үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар албан шаардлага гаргачхаад өнөөдрийг хүртэл биелэлтийг нь хангуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Албан шаардлага гаргах болсон үндэслэл нь иргэн О.Батсүхийн гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт явуулах удирдамж гарч төлөвлөгөөт бус шалгалт явагдаж албан шаардлагыг гаргасан. Албан шаардлага О.Батсүхийн хүсэлтийг хангаж хууль бус, зөрчил гарсан байгааг тогтоосон. Үүнд гомдол гаргах шаардлага байхгүй. Улсын байцаагчтай уулзаж албан шаардлагынхаа хэрэгжилтийг хангуулаач гэж уулздаг байсан. Улсын байцаагч 3, 4 удаа солигдсон. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас та бүхэн шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Үүнээс хойш 30 хоногийг тоолно. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн шийдвэр гарсан боловч давж заалдах шатны шүүхээс төрийн байгууллага иргэний гомдол, хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэсэн тохиолдолд шүүх хөндлөнгөөс өмнөх хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэх эрхгүй гэж үзсэн. Бид 2016 оны албан шаардлагыг биелүүлээч гэсэн асуудлыг ярьж байгаа. Түүнээс албан шаардлагыг хүчингүй болгох асуудлыг яриагүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахгүй. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох асуудал юм.
Төрийн байгууллагаас нотлох баримт ирүүлээд дараа нь ардаас нь яг өмнөх баримтаа үгүйсгэсэн өөр тайлбар гаргадаг. Албан шаардлагыг иргэн З.Баясгалантөгөлөдөрт гардуулаагүй гэж ярьж байна. Тухайн үед гардуулсан. Өөрсдөө хууль зөрчиж албан шаардлагыг хэрэгжүүлээгүй. 2014 онд барилгын ажил дууссан гэж байна. Гэтэл 2016 онд мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгалт явуулаад тухай барилга дуусаагүй барилга байна, баригдаж байна гэсэн дүгнэж байсан.
Уг барилга хууль тогтоомж зөрчиж барьсан барилга нь иргэн О.Батсүхийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, ашиглах эрхэд нөлөөлөөд байна. Энэ зөрчлийг арилгуулах мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан шаардлага гаргасан бөгөөд албан шаардлагын хэрэгжилтийг хангуулахгүй байгаа нь нэхэмжлэгчийг эрхийг зөрчөөд байна. Хэрэв албан шаардлагыг бүрэн хангуулсан бол эрх, ашиг нь сэргэх байсан. Гуравдагч этгээд өөрийн барилгыг инженер хангамжийн өөрийн эх үүсвэртэй гэж тайлбарладаг. Инженер хангамжийн өөрийн эх үүсвэр гэдийг хуулийн хүрээнд тодруулахад энэ нь төвийн шугам сүлжээнд холбогдоогүй барилгыг хэлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна” гэв.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бумаажав шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн О.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хот байгуулалтын хяналтын улсын байцаагчийн үйлдсэн хяналт шалгалтын 2016 оны 10 дугаар сарын 20-*ны өдрийн 02-07-136/1306 дугаар Зөрчил арилгуулах тухай баримт бичигтэй холбоотой байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх заалтад ...улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах-аар тусгагдсан байдаг тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцагчаар оролцох шаардлагагүй болно” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан шаардлагыг талаар нэхэмжлэгч тал гомдол гаргах эрхгүй. Албан шаардлагад гомдол гаргах эрх нь гуравдагч этгээд З.Баясгалантөгөлөрт байгаа. Гомдлыг 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсөн. Барилгатай холбоотойгоор манай байгууллагаас дүгнэлт гарахгүй. Энэ нь манай байгууллагын чигт үүрэгт хамааралгүй асуудал юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Мөнхтөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3, 4 удаа шүүгчийн захирамж гарч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж буцаасан байдаг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг яаж зөрчсөн юм бэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаатай албан даалгаварт гомдол гаргаж байгаа. Гэтэл уг албан даалгаварт гомдол гаргах эрх бүхий этгээд нь иргэн З.Баясгалантөгөлдөр юм. Уг албан шаардлага З.Баясгалантөгөлдөрт тавигдсан болохоос нэхэмжлэгч О.Батсүхэд тавигдаагүй. Оролцогч биш хүн гомдол гаргаж байгаа нь гомдол гаргах эрхтэй этгээд мөн үү гэж дүгнэлт хийх шаардлага гарч байна. Шаардах хуудас өгсөн гэдэг. Гэтэл иргэн З.Баясгалантөгөлдөрт өгсөн гэх шаардах хуудаст гарын үсэг байхгүй, хэн гэдэг байцаагч тавьсан тодорхойгүй, тамга байхгүй, эх хувь биш баримт байдаг. Үүний хэрэгжилтийг хангуулъя гэж байгаа нь хуульд нийцэж байгаа юм уу.
Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Яагаад хөөн хэлэлцэх хугацаанд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй асуудлыг шийдвэрлээд байна вэ. Үүнийг анхаарч үз ээ гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт, шалгалт явуулах журамд зааснаар 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл 2014, 2015, 2016 онд хариугаа авсан зүйлд одоо яагаад гомдол гаргаж байгаа юм бэ. Захиргааны ерөнхий хуульд мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан. Энэ хугацаа мөн өнгөрсөн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хугацаатай даалгавар өгч, биелэлтийг нь хангуулна гэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 151 дүгээр тогтоол яригдаж байгаа. Нэхэмжлэгч зөвшөөрөлгүй барилга барьж байна, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байна, эскиз зураг гараагүй байна гэж гомдол гаргасан. Үүний дагуу гуравдагч этгээд зураг төсөл, архитектур төлөвлөгөөний даалгавар бүх зүйлээ өгөхөд зөрчилгүй юм байна, бүх зүйл ном ёсоороо юм байна гэж үзсэн. Хэрэв хяналт шалгалтаар зөрчилтэй байсан бол зөрчлийг арилгуулах акт гарах байсан. Акт гараагүй байхад биелэлтийг нь хангуулъя гээд байх юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны фото зургаар гуравдагч этгээдийн барилга баригдаж дууссан байгаа. Барилга баригдаж дууссан байхад барилгад ямар нэгэн гомдол гаргаагүй. 2016 онд зөвшөөрөлгүй барилга барилаа гэсэн гомдол гарсан. Засгийн газрын 151 дүгээр тогтоол энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг тогтоолд иргэний барилга хамаарна гэж заасан байгаа. Иргэний барилга гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Иймд иргэний барилга гэдгээр уг тогтоолд хамрагдах үндэслэлтэй байна. Инженерийн хангамжийн өөрийн эх үүсвэртэй гэж тогтоолд заасан. Барилгын тухай хуульд өөрийн эх үүсвэр гэдгийг бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ гэж хэлдэг юм байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ гэж тухайн барилга байгууламжийн хэрэгцээг хангахад зориулан барих ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг инженерийн хангамжийн шугам сүлжээ, байгууламжийг хэлнэ гэж заасан. Бие даасан эх үүсвэртэй гэрээтэй байсан гэдэг нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын албан бичиг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн албан бичгүүдээр нотлогдоно. Барилга барьж байх үед хууль, дүрмийг зөрчөөгүй байсан байна. Барилгын өргөтгөлийн ажил хийгдэж байх үед нэхэмжлэгч О.Батсүх гомдол гаргасны дагуу албан шаардлага хүргүүлсэн байсан. Албан шаардлагаар зөвшөөрөл олгосон бичиг баримт нь байхгүй байна. Энэ баримт бичгээ үзүүл гэсэн. Үүний дагуу барилгын эскиз зураг, зөвшөөрөл, гэрээ бүх бичиг баримтаа үзүүлээд албан шаардлага хэрэгжсэн. Үзүүлж зөрчил илрээгүй учраас үүнд акт тавигдаагүй. 2016 онд нэхэмжлэгч орц, гарцын асуудлыг ярьж 20 сая төгрөг өгчих гэж байсан. Шүүхэд гомдол гаргасны дараа хуучны барилгаа 350 сая төгрөг өгөөд ав гэсэн шаардлага тавьсан. Зорилго үнэ хүргэж зарах асуудал байгаа.
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжуудыг заасан. Уг заалт болон Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг зөрчөөгүй байгаа. Ямар барилгад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах вэ гэдгийг Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно гэж заасан. Тэгэхээр барилга зөвшөөрөлгүй баригдсан байна гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас уг хариуг 2016 онд өгсөн. Зөвшилцөл 2014 онд хийгдсэн байдаг. Зөвшилцлөөр нэг талын ханыг битүү цонхгүй барихаар тохиролцсон. Барилгын тухай хуульд хэрэглэгч нь барилгын зориулалтыг өөрчлөх буюу өргөтгөх барилгын техникийн нөхцөл авах хүсэлтийг орон нутгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, урьдчилан зөвшилцсөн байх гэсэн шаардлагыг тавьдаг. Үүний дагуу орон нутгийн Засаг даргын Тамгын газарт хандаад Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан бичиг баримт байсангүй. Тэгэхээр эс үйлдэхүй байсан гэх үндэслэл алга. Албан шаардлагын дагуу цаашид зөрчил илрээгүй учраас ямар нэгэн акт тавигдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай дэд даргын тушаал хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч орц, гарц байхгүй, нар тусахгүй байна, хөгцрөөд байна, батлагдсан эскиз зураг, төлөвлөгөөгүй байна гэсэн гомдол гаргасан. Үүнд иргэн З.Баясгалантөгөлдөрийн 2003 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг байна гэсэн хариуг өгсөн байдаг.
Гуравдагч этгээд З.Баясгалантөгөлдөрийн барилгыг буулгах зорилготой гэж хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэхэд ямар дүгнэлт гаргуулах гээд байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өмнө нь хэрэг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг шүүхийн шийдвэрүүдэд хийгдэх ажиллагаануудыг заасан байгаа. Үүнийг шүүх анхаарч шийдвэрээ гаргахыг хүсье. Нэхэмжлэгчид хохироод байгаа бодит хохирол байхгүй. Нэхэмжлэгчийн барилга насжилт өндөртэй буулгах барилгын төлөвлөгөөнд орсон байгаа. Төрийн захиргааны байгууллага ямар нэгэн акт гаргаагүй байхад гомдоод байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэдийн төлөөлөгч Б.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: О.Батсүхийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцоод хоёр иргэний хоорондох маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч О.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч О.Батсүх тус шүүхэд хандаж “...миний үл хөдлөх хөрөнгийн хил залгаа баригдсан З.Баясгалантөгөлдөрийн барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас З.Баясгалантөгөлдөрийн барилгад шалгалт хийж албан шаардлага өгсөн атлаа түүний хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...би дүүргийн засаг даргын 304 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар ашигладаг ба 25,9 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, иргэн З.Баясгалантөгөлдөр 2013 онд өөрийн рестораныг өргөтгөхдөө хөндлөн байрлуулж барьснаас болж миний байшингийн цонхыг хааснаас нар үзэхгүй болж миний барилгын чанарт муугаар нөлөөлж байгаа, энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагуудад гомдол гаргасан боловч дүгнэлт гаргах үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна...” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн дээр дурдсан шаардлагын үндэслэлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрааас “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын байцаагчийн гаргасан баримт бичигтэй холбоотой маргасан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх хэсэгт Улсын байцаагч нь өөрийн гаргасан...албан шаардлагын үндэслэл нотолгооны үнэн зөвийг өөрөө хариуцах тул манай байгууллага хариуцагчаар оролцох шаардлагагүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тус газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат нь иргэн З.Баясгалантөгөлдөрт барилгын ажлыг зөвшөөрөлгүй явуулж байгаа зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн, албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгасан тул барилгын ажлаа үргэлжлүүлсэн гэж үзэж байна, манай байгууллага эс үйлдэхүй гаргаагүй, О.Батсүхэд хугацаанд нь хариу хүргүүлсэн...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч О.Батсүх нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орших 25,9 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, тус дүүргийн засаг даргын 2013 оны А/105 дугаар захирамжаар 304 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг байх ба иргэн З.Баясгалантөгөлдөр нь мөн тус хаягт орших хөрш зэргэлдээ 1300 м2 үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч, З.Баясгалантөгөлдөр нь өөрийн эзэмшлийн газарт зоогийн газрын өргөтгөл барихаар 5,0 м*25,0 м хэмжээтэй төмөр бетон араг бүтээц бүхий 2 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр авч барилгын өргөтгөлөө хийж дуусгасан үйл баримтууд тогтоогдов.
Нэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дүгнэлт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь О.Батсүх нь иргэн З.Баясгалантөгөлдөрийг “өөрийн үл хөдлөх эд хөрөнгөд өргөтгөл хийхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, инженерийн шугам сүлжээнд тавигдах шаардлагыг хангаж хянуулаагүй, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байсан” гэх асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргасан нь дараах байдлаар тогтоогдов. Тухайлбал:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж О.Батсүхээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасныг тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 07/2996 дугаар бүхий “...тус үйлчилгээний барилгын өргөтгөлийн барилгад танай газраас урьд нь хяналт шалгалт хийж албан шаардлага хүргүүлж хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа тул албан шаардлагын хэрэгжилтийг хангуулж холбогдох арга хэмжээг авч хариуг түүгээрээ өгч шийдвэрлэнэ үү” гэсэн албан бичгээр О.Батсүхийн гомдол хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн байна.
Үүнийг нэхэмжлэгч хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, түүний үндэслэлээ “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргах үүрэгтэй атал энэ үүргээ хэрэгжүүлээгүй, гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжүүлсэн нь хууль бус...” гэж тодорхойлон маргасан.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1.”хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг хэлэхээр, мөн хуулийн 4.1.2.хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; зарчмаар явуулахаар, 4.1.6.хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхээр тус тус тогтоосон байна.
Түүнчлэн уг хуулийн 5.12.Шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор улсын байцаагч тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагааг түр зогсоосон, эд хөрөнгийг битүүмжилсэн тохиолдолд дээд шатны улсын байцаагч ажлын 5 өдрийн дотор улсын байцаагчийн авсан арга хэмжээг хянан үзэж түүнийг өөрчлөх эсэх асуудлаар шийдвэр гаргаж, шалгуулагч этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж, мөн 5.13.Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэж, мөн хуулийн 10.1-д Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч...ажиллана. гэж тус тус заажээ.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хуулийн 10.9.1-д зааснаар хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих; мөн зүйлийн 10.9.7-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон...тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох... эрхтэй, харин улсын ерөнхий болон ахлах байцаагч нь хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна хуулийн 10.12 дугаар зүйлд заасан, тухайлбал 10.12.1.холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 10.12.3.энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй субьект болохыг ялгаж тодорхойлсон байна.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч О.Батсүхийн хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүлээн авсан атлаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар өөрт нь хамааруулсан үйл ажиллагааг явуулахгүйгээр, тодруулбал тухайн асуудлыг магадлах зорилгоор мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох эсэх тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхгүйгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн нь хууль бус эс үйлдэхүй гаргасан байна гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-136/1306 дугаар Улсын байцаагчийн албан шаардлагад “...З.Баясгалантөгөлдөр нь барилгын ажлыг батлагдсан зураг төсөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй мөн хуулийн 40.1.16 дахь заалтыг зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж байгаа...”-г тус тус тогтоосон, ийнхүү тогтоосноос хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь ямар нэгэн арга хэмжээ авалгүй 2 жил шахам болж байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, 5.13-д заасан арга хэмжээг авалгүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 07/2996 дугаар албан бичгээр О.Батсүхийн хүсэлтийг доод шатны захиргааны байгууллагад хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
Иймд иргэн З.Баясгалантөгөлдөрийн барилгын өргөтгөл нь барилгын зураг төсөл, техникийн бичиг баримтын шаардлага хангах эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль журамд нийцүүлэн зохих дүгнэлт гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хоёр. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас З.Баясгалантөгөлдөрийн барилгад шалгалт хийж албан шаардлага өгсөн атлаа түүний хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс уг албан шаардлагын хэрэгжилтийг хангуулаагүй эс үйлдэхүй хууль бус гэж маргаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ямар эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болох талаар тодорхой дурдаагүйн дээр хариуцагч, гуравдагч этгээдээс “уг албан шаардлагын биелэлт хангагдсан тул барилга угсралтын үйл ажиллагааг сэргээж, улмаар барьж дуусган улсын комисс хүлээж авсан...” гэж тайлбарлан маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02-03/753 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг үндэслэн нэхэмжлэгч О.Батсүхээс ирүүлсэн “...Рок шугар рестораны өргөтгөлийн барилгын талаар гаргасан” гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Ганбат үзлэг шалгалт хийж, улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-136/1306 дугаар Улсын байцаагчийн албан шаардлага үйлдсэн байна.
Түүнчлэн уг албан шаардлагад “...З.Баясгалантөгөлдөр нь барилгын ажлыг батлагдсан зураг төсөлгүй гүйцэтгэж байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт, барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй мөн хуулийн 40.1.16 дахь заалтыг зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж байгаа...”-г тогтоож, улмаар рестораны өргөтгөлийн барилгын угсралтын ажлыг зогсоож холбогдох зураг төсөл, техникийн бичиг баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор шалгуулан илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч биелэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний дотор ирүүлэхийг шаардаж, хугацаанд нь ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл...болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.52.2.Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.52.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ, мөн хуулийн 10.8.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан...албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ, хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Ганбатын гаргасан, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-136/1306 дугаар Улсын байцаагчийн албан шаардлага нь хуульд нийцсэн, уг албан шаардлагын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, нөгөө талаар хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна.
Тухайлбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлагаар иргэн З.Баясгалантөгөлдөрийг холбогдох зураг төсөл, техникийн бичиг баримтыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор шалгуулахыг шаардаж, ийнхүү шалгуулах хүртэл хугацаанд барилга угсралтын ажлыг зогсоосон, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл иргэн З.Баясгалантөгөлдөр нь барилгын холбогдох баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч О.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12, 5.13, 52.1, 10 дугаар зүйлийн10.9.7, 10.12.1. 10.12.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Батсүхээс гаргасан, “... З.Баясгалантөгөлдөрийн барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, З.Баясгалантөгөлдөрийн барилгын өргөтгөл нь барилгын баримт бичгийн шаардлагад нийцэх эсэх талаар Ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргахгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ерөнхий байцаагчийн дүгнэлтийг хууль журамд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ”Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас З.Баясгалантөгөлдөрийн барилгад шалгалт хийж албан шаардлага өгсөн атлаа түүний хэрэгжилтийг хангуулж арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР