Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Л.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Лхагвасүрэнгийн Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 1721000000095 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 12 сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 19-419А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЧК76121717 регистрийн дугаартай, Жалайр овогт Лхагвасүрэнгийн Амгаланбаатар.

 

Шүүгдэгч Л.Амгаланбаатар нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зүүн талд хохирогч Г.Пүрэв-Очирыг цахилгааны утсаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна

Хохирогч Г.Пүрэв-Очир мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд ажил дээрээ бага зэрэг уусан байдалтай очиход манай аавын дүүгийн нөхөр болох хадам ах Л.Амгаланбаатар нь намайг загнасан. Түүнээс болж бид хоёр маргалдсан, ингээд намайг Амгаа ах зодсон. Ямар учраас зодсон юм бол гэж би сүүлд нь бодоход би өөрөө согтуу очиж хэл амаар доромжлоод агсам согтуу тавьснаас болж анх асуудал үүссэн юм шиг байна. Амгаланбаатар ах намайг цахилгааны утсаар нуруу болон гар руу ороолгож, мөн нүүр рүү гараараа цохьсон. Мөн хөл рүү өшиглөсөн байх, гэхдээ одоо миний бие зүгээр байна. ...Надад Амгаланбаатар ахад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Гэрч Б.Мөнхсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 05-ны өдөр Г.Пүрэв-Очир...шал согтуу ирээд ах руугаа агсам тавиад “буугаад ир алнаа чамайг” гээд байсан. Тэгэхээр нь ах нь болон бид нар чи одоо унт гэж аргадсан боловч ах руугаа орилоод ална гээд жоотуу бариад газар цохиод байхаар нь Амгаланбаатар бууж ирээд бөгс рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл газраас гөлмөн төмөр аваад алнаа үзье гээд орилоод байсан. Тэр үед Амгаланбаатар уурлаад газраас цахилгааны утасны тасархай авч нуруу руу нь 5-6 удаа ороолгож цохисон. Тэр үед нэг нь цагдаа дуудсан юм шиг байгаа юм, тэгтэл цагдаа нар машинтай ирэх үед Пүрэв-Очир машинд ороод нуугдчихсан байсан. Тэгээд  цагдаа буцаад яваад өгсөн. Амгаланбаатар гараараа цохихыг хараагүй, ямар ч байсан 2 удаа өгзөг рүү нь өшиглөж, тасархай утсаар нуруу руу нь хэд хэдэн удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 589 тоот дүгнэлтэд: "1. Г.Пүрэв-Очирын биед эрүүний зулгаралт, цээжний урд болон ар талд цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 18/

-Гэрч Ц.Отгонбаярын мэдүүлэг  /хх-ийн 16/

-Шүүгдэгч Л.Амгаланбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч Л.Амгаланбаатар нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зүүн талд хохирогч Г.Пүрэв-Очирыг цахилгааны утсаар зодож, эрүүний зулгаралт, цээжний урд болон ар талд цус хуралт, баруун шууны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Л.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Г.Пүрэв-Очир ...зүгээр байхгүй хэл амаар идэж, агсам согтуу тавиад байхаар нь цахилгааны урт, шар өнгийн утсаар нуруу, гар руу нь хэд хэдэн удаа ороолгосон. Мөн зүүн гараараа Пүрэв-Очирын баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон...“ гэж /хх-ийн 22/, түүнийг давхар нотолсон хохирогч Г.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...Амгаланбаатар ах намайг цахилгааны утсаар нуруу болон гар руу ороолгож, мөн нүүр рүү гараараа цохьсон. Мөн хөл рүү өшиглөсөн...” гэж /хх-ийн 9-10/, гэрч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн “......Тэр үед Амгаланбаатар уурлаад газраас цахилгааны утасны тасархай авч нуруу руу нь 5-6 удаа ороолгож цохисон...” /хх-ийн 14/ гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 589 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Амгаланбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Л.Амгаланбаатар нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар Л.Амгаланбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 метр 67 сантиметр урттай шаргал өнгийн цахилгааны утсыг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Амгаланбаатарын ЧК76121717 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Жалайр овогт Лхагвасүрэнгийн Амгаланбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Амгаланбаатарт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, Л.Амгаланбаатарт оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 метр 67 сантиметр урттай шаргал өнгийн цахилгааны утсыг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлж, энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Амгаланбаатарын ЧК76121717 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.

5.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Амгаланбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР