| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 1912005610343 |
| Дугаар | 2022/ДШМ/14 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ДШМ/14
Ж.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч Ж.Б
Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Бт холбогдох 1912005610343 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ..................... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Ж.Б
Шүүгдэгч Ж.Б нь БТСГ-т нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “НТ” ХХК-ийн захирал С.А-тай “Биеийн тамир, спортын газрын өрөө засварлах ажлын гэрээ”-г байгуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БТСГ-ын данснаас “НТ” ХХК-ийн Хаан банк дахь 5135058496 дугаарын данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн Хаан банкны дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлүүлэн авч, уг засварын ажлыг “НТ” ХХК-аар бус өөрийн нөхөр С.Э-аар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг С.Э-аас гаргуулалгүй, харин “ӨЦ” ХХК-аас БТСГ-т нийлүүлсэн бараа, материалыг ашиглан хийлгүүлж, өөртөө болон С.Э-т давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000/ зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгохоор гомдол гаргаж байна. Миний бие Ж.Б нь тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Давж заалдах гомдлын агуулга, үндэслэл: Миний бие Ж.Б нь энэ хэрэг үйлдэгдсэн гэх тухайн цаг үед буюу 2018 оны 05, 06 дугаар саруудад БТСГ-т нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд миний ажиллаж байсан уг ажлын байр нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн нэр томьёо, ангилалд багтахгүй, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гээд, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж тус тус зааж өгсөн байгаагаас үзвэл дээр дурдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т тус тус заасан:
- Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,
- Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Учир нь миний бие тухайн үед төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагч байсан бөгөөд намайг уг ажил, албан тушаалд авч байсан эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр үүнийг гэрчилнэ. Энэхүү тушаалын хуулбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан зохицуулалтын хүрээнд энэхүү гомдолд хавсарган өгч байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хамт дүгнэлт, саналаа хэлэхдээ ашиглах болно.
Дээр дурдсан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу уг шийтгэх тогтоолын 13 дугаар нүүрний доод хэсэгт ““Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан”” гэж хуулийн зүйл, заалтыг дурдаад, уг шийтгэх тогтоолын 14 дүгээр нүүрний эхнээсээ 2 дахь догол мөрөнд “Иймд шүүгдэгч Ж.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж хууль зүйн дүгнэлт, үндэслэлээ гаргаж бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн энэ зүйл нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...” гэж тодорхой заасан диспозитив хэм хэмжээтэй билээ.
Миний бие тухайн үед Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “... төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн ажлын байр, албан тушаал дээр ажиллаж байгаагүй гэдгээ дээр дурдсан, мөн байгууллагын ерөнхий, ахлах нягтлан бодогч гэсэн хууль, эрх зүйн статустайгаар ажиллаж байгаагүй болно.
Ж.Б надад эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулсан дээр дурдсан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүү байвал” гэсэн зохицуулалтад, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэдэг зохицуулалтад тус тус хамаарч байна гэж үзэж байна.
Иймд анхнаасаа хууль зөрчиж гарсан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Жич: 1. Тухайн үед Ж.Б намайг ажилд авсан тушаалын хуулбарыг дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасан зохицуулалтын хүрээнд энэхүү гомдолд хавсарган гарган өгч байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн хамт дүгнэлт, саналаа хэлэхдээ ашиглах болно.
2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие өөрийн өмгөөлөгч В.Гэрэлт-Одын хамт биечлэн оролцох болно гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Бт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдаан явуулахаар тогтоосон. Уг шүүх хуралдааны товыг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г-д 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 58 минутад түүний 80100331 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өмгөөлөгч өөрөө оролцох талаар хүсэлт бичгээр ирүүлээгүй харин шүүгдэгч өвчтэй учир шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангах талаар хүсэлт ирүүлсэн.
2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт гаргаж, түүнийхээ нотлох баримтыг хавсарган шүүхэд ирүүлсэн тул шүүх түүний хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна...гэж, 2 дахь хэсэгт...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй...гэж тус тус хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутад болох хурлын товыг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Г-д 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 13 цаг 55 минутад түүний 80100331 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлээгүй, утсаар мэдэгдээгүй, улмаар шүүх хуралдаанд ирээгүй болно.
Мөн шүүгдэгч өмгөөлөгчтэйгөө холбогдож чадахгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх талаар хүсэлт гаргасан боловч уг хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч утсаар залгахад утсыг нь авахгүй, эсхүл холбогдохгүй байгаа талаарх баримт, утсанд нь зурвас илгээхэд хариу ирүүлэхгүй байгаа эсэх, ажилдаа ирэхгүй болсон шалтгааныг тодруулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн өмгөөлөгч В.Г шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд хүсэлт бичгээр ирүүлээгүй, өмнөх шүүх хуралдаанд зөвхөн шүүгдэгчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангах талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж байсан тул шүүгдэгчийн гаргасан өмгөөлөгч В.Г-ыг шүүх хуралдаанд оролцуулах талаарх хүсэлт нь хуульд заасан шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл болохгүй тул хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн прокурорт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаанд прокурор оролцуулалгүй хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Б нь БТСГ-т нягтлан бодогчоор ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “НТ” ХХК-ийн захирал С.А-тай “БТСГ-ын өрөө засварлах ажлын гэрээ”-г байгуулан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Биеийн тамир, спортын газрын данснаас “НТ” ХХК-ийн Хаан банк дахь 5135058496 дугаарын данс руу 9.950.000 төгрөгийг шилжүүлж, улмаар мөн өдрөө өөрийн Хаан банкны дансаар 8.650.000 төгрөгийг буцаан шилжүүлүүжин авч, уг засварын ажлыг “НТ” ХХК-аар бус өөрийн нөхөр С.Э-аар гүйцэтгүүлсэн бөгөөд засварын ажилд зарцуулагдах 4.684.400 төгрөгийн бараа материалыг С.Э-аас гаргуулалгүй, харин “ӨЦ” ХХК-аас БТСГ-т нийлүүлсэн бараа, материалыг ашиглан хийлгүүлж, өөртөө болон С.Э-т давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 4.684.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, гэрч Б.М, Э.Лундаажанцан, Р.Б, Д.Б, С.А Д.Б, А.Б, Ж.Ө, М.Б, Т.Ц, шинжээч С.Х нарын мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ж.Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б...Миний бие тухайн үед Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “... төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн ажлын байр, албан тушаал дээр ажиллаж байгаагүй, мөн байгууллагын ерөнхий, ахлах нягтлан бодогч гэсэн хууль, эрх зүйн статустайгаар ажиллаж байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т тус тус заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна...гэж давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Засгийн Газрын 276 дугаартай тогтоолын 5-д...Ерөнхий нягтлан бодогч нь ТҮ-8 албан тушаалын зэрэглэлтэй байна... гэж, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 4.3-т...Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нь энэ журмын 4.1, 4.2-д заасан үүргийг хэрэгжүүлэхдээ дараах эрхийг эдэлнэ...гэж, уг журмын 4.3.4-т санхүүгийн баримт мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурах эрхтэй ...гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь БТСГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын зэрэглэлийг дээрх тогтоолоор ТҮ-8 байхаар тогтоосон ба шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолтод түүний албан тушаалын зэрэглэлийг ТҮ-8 гэж заасан нь түүнийг БТСГ-ын ерөнхий нягтлан бодогч гэж үзэх үндэслэлтэй.
Мөн БТСГ-ын баримт мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурдаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Быг ерөнхий, ахлах нягтлан бодогч гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.
Иймд шүүгдэгч Ж.Быг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Н.ЭНХМАА